Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 548

 

 

2020          06         10                                   2020/ШЦТ/548    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Э.Намуун,  

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн 2003002600160 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1972 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-285 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19 цаг 58 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн цагаан худагийн автобусны буудлын хойно байрлах “Тэнүүн тамир” хүнсний дэлгүүрийн урд замд “Тоёота Приус” маркийн 57-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Өлзийбаярыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эхнэрийн биеийн байдлыг үзүүлэхэд “биеийн байдал нь хүнд байна” гэж хэлсэн. Ингээд оройны 20 цагийн үед цайны газраа хаагаад харих гээд зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан. Тухайн үед харанхуй машины гэрэл гялбаж байсан учир урдуур хүн гарсныг мэдээгүй мөргөсөн. Тэгээд цагдаа болон түргэн тусламж дуудахад түргэн ирээд хохирогчийг үзэхэд нас барсан тухай хэлсэн. Миний санамсар болгоомжгүй байдлаас болж хүний амь нас эрсдсэн явдалд гэмшиж байна...” гэв.

Эрүүгийн 2003002600160 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Цагаан худгийн автобусны буудлын ойролцоо явж байгаад эсрэг урсгалд явж байсан автомашинуудын гэрлийн гялбаанд орох үедээ хүн мөргөсөн. Тухайн осол болсон зам нь гэрэлтүүлэггүй байсан. Гэрлийн гялбаанд ороод хүн мөргөсөн. Хүн зүүн гар талаас орж ирсэн, хүн орж ирэхийг би хараагүй. Түс тас хийгээд юм мөргөх шиг болохоор нь зогсоод харахад замын хажууд хүн хэвтэж байсан. Би хохиролд 3.000.000 төгрөг өгсөн. Надад ямар нэгэн маргаан байхгүй, хохирлыг бүрэн барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 217-218 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Жамбалнямбуу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед над руу “аав нь автобуснаас буух гэж байна, санаа зоволтгүй” гэж хамгийн сүүлд ярьсан. Дамдиндорж хохиролд бэлнээр 3.000.000 төгрөг өгсөн. Гомдолтой байна. Гарсан зардлыг нөхөн төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147-150 дугаар хуудас/,

Гэрч У.Бадмаагарав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 3 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед нөхрийн төрсөн дүү Дамдиндоржийн Prius-41  маркийн 57-39 УБЗ улсын дугаартай автомашинтай Чингэлтэй дүүргийн 5 буудал руу хөдөлсөн. Машинд суугаад би унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь автомашин зогссон, машины хаалга онгойж байсан. Юу болсон талаар Дамдиндоржоос асуухад “зам хөндлөн гарч явсан хүнийг мөргөсөн” гэж хэлсэн. Осол болох үед би унтаж явсан. Яг юу болсныг би хараагүй. Ослын дараа машинаас буугаад харахад явган зорчигч замын хажууд замаас гарсан шороон хэсэг дээр атрилдаад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 155 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Гэрэлтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Аавын түрээсэлж байгаа цайны газраас 2020 оны 03 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед аав Дамдиндорж, бэр эгч Бадмаагарав нартай гэр рүүгээ Т.Приус-41 маркийн 57-39 УБЗ улсын дугаартай автомашинтай явсан. Машинд суугаад гар утсаараа тоглоод явсан. Гэнэт автомашин юм мөргөх чимээ гараад машин зогсоод аав буусан. Аавыг буухын өмнө ааваас “яасан бэ” гэхэд аав “хүн мөргөчихлөө” гэж хэлээд буугаад мөргөсөн хүн дээр очоод эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 157-158 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн алба, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...Prius-41 маркийн 57-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Дашдэлэг овогтой Дамдиндоржийг драйгер багаж ашиглан шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

Амь хохирогч Ц.Өлзийбаярын өмсөж явсан хувцасыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Тэнүүн тамир” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн ослын бичлэгийг хуулсан цэнхэр өнгийн CD-ийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 35 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэгт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 36-37 дугаар хуудас/,  

Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Д.Доос 3.000.000 төгрөг хураан авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Жамбалнямбууд хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 38 дугаар хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 40-89 дүгээр хуудас/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №14534 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгахад урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүүний идэвхжилийн хэмжилтүүд зогсоолын тоормосны идэвхжил, дугуйн хээний гүний хэмжээсүүд, гэрлийн тусгалын чадлууд стандартын шаардлага хангасан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.
  2. Салхины шил баруун гар талын шил арчигч резиний дээд хэсэгт цацарч цуурсан, капотны урд үзүүрт нугаралт үүсэж дунд хэсэгтээ том хонхойж нилэхүйдээ хойшоо гажилт үүссэн, урд буферийн голд байрлах эмблем /лого/ унаж нүүрний хаалт сетка хагарч улсын дугаарын дээд хэсгээр цуурч урагдалт үүссэн, урд улсын дугаар суурьтайгаа тахийсан, зүүн гар талын хойд гэрлийн бүрхүүл хагарч скочоор наасан, баруун гар талын урд оврын болон хойд улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.
  3. Тоёота маркийн приус-41 загварын тээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр үзлэг хийж шалгахад тоормосны систем хэвийн ажиллагаатай зогссон.
  4. Тоёота маркийн приус-41 загварын автотээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй ба уг автотээврийн хэрэгслийг жолоодлого хийн урд авахуулж байгаад тоормос гишгэхэд зам дээр ABS бүхий тоормосны систем ажиллаж тоормосны тасалдсан мөр үүснэ.
  5. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 182-186 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шинжээчийн №791 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархи, цээжний хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл буюу зүүн чамархай, суурь ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, их тархины баруун, зүүн чамархай, бага тархины аалзан хальсан дор цус харвалт, тархины эдийн няцрал, цус харвалт, баруун хацар ясны хугарал, баруун 2, 3, 4, 5, зүүн 2, 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины эдийн няцрал, цус хуралт, зүүн шаант, тахилзуур ясны хугарал, эрүүнд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, эрүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүссэн шинэ гэмтэл байна.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үед үүсгэгдэх боломжтой.
  3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаач нь дээрх амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
  5. Талийгаач нь O /I/ бүлгийн цустай ба цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй байна...” гэжээ /хх-ийн 195-199 дүгээр хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн №226 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Toyota Prius-41 маркийн 57-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд: 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Ц.Өлзийбаяр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: Тав. Явган зорчигчийн үүрэг: 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-ийн 207-208 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 169 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 170 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 171 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Дийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 117-145 дугаар хуудас/, гэрч Л.Гунгаабуугийн мэдүүлэг /хх-ийн 160 дугаар хуудас/, гэрч П.Болдхуягийн мэдүүлэг /хх-ийн 162 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөртэй холбоотой 17 хуудас баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19 цаг 58 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн цагаан худагийн автобусны буудлын хойно байрлах “Тэнүүн тамир” хүнсний дэлгүүрийн урд замд “Тоёота Приус” маркийн 57-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Өлзийбаярыг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

              -Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

              - Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

              - Гэрч У.Бадмаагарав мэдүүлэг,

             

  -Насанд хүрээгүй гэрч Д.Гэрэлтуяагийн мэдүүлэг,

 

              - Ам хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Жамбалнямбуугийн мэдүүлэг,

 

              - Шүүгдэгч Д.Дийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,

 

              - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №791 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

              - Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын шинжээчийн №226 дугаартай дүгнэлт,

 

              - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

 

              - Камерын бичлэгт үзлэгт хийсэн тухай тэмдэглэл,

 

              - “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

             

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэгт тусгагдаж, Д.Д жолоодон явсан “Toyota Prius-41” маркийн 57-39 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Ц.Өлзийбаярыг мөргөсөн болохыг гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр, амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтэл, авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой болохыг тогтоосон нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр, шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг техникийн шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д нь харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан заалтыг зөрчиж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал замын хөдөлгөөнд автомашин жолоодон оролцохдоо Ц.Өлзийбаярыг мөргөж амь нас нь аврагдах боломжгүй гэмтэл учруулан хүний амь насыг хохироосон зам тээврийн осол гаргасан болох нь нотлогджээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Дийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн гэм буруутай шууд үйлдэл байхаас гадна гэмт хэрэг гарахад амь хохирогчоос явган хүний гарц гарамгүй хэсгээр зорчсон нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Жамбалнямбуугаас “... 2020 оны 06 сарын 08-ны өдөр Д.Доос сэтгэл санаа, гэм хорын хохиролд 15 сая төгрөг хүлээн авч харилцан тохиролцсон, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, түүний өмгөөлөгч Ч.Энхжингээс “...оршуулгын зардалд 11.750.318 төгрөг төлсөн, сэтгэл санаа, гэм хорын хохиролд 15.000.000 төгрөг төлсөн...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг тус тус илэрхийлж үүнийг нотлох эвлэрлийн гэрээ хоорондоо хийж баталгаажуулсан баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Дийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Дид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн төлбөрийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн гэмт үйлдэл болон /амь хохирогчоос Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасныг зөрчсөн байдал/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэх зүйлгүй, тухайлан гаргах санал хүсэлтгүй байдал/, түүний хүний хувийн байдал /өөртөө дүгнэлт хийж буй байдал, гэр бүлийн гишүүн өвчтэй байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт хураан авсан Д.Дг №14303 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Д.Доос замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал, нөгөө талаас хохирогчийн хайхрамж, болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Дг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Д.Дид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, мөн хууль, зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Хэрэгт хураан авсан Д.Д-ийн №14303 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН