Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 419

 

 2020        06          02                                   2020/ШЦТ/419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

  шүүгдэгч Б.О  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ханхөхий овгийн Б.О т холбогдох эрүүгийн 2011000000531 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ханхөхий овгийн Б.О , 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Индастриал сервис бюро” ХХК-нд замчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 449 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.О  нь 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсны талбай дээр хохирогч Ж.Долгионтой “сагс тоглохдоо алдаа гаргасан, гаргаагүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эрүүн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “эрүүний ясны далд хугарал, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал, уруул орчимд зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

Насанд  хүрээгүй хохирогч Ж.Долгион  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 5 дугаар сарын 5-ны орой гэрийнхээ ойролцоо гудамжинд байрладаг сагсны талбай дээр найзууд болох Отгонбаяр, Санчир, Эрдэнэцэрэн нар болон өөр танихгүй хүүхдүүдийн хамт сагс тоглосон. Эхнээсээ хасагдаж яваад хамгийн сүүлд Отгонбаяр бид хоёр үлдээд хоорондоо тоглож байх үедээ бид хоёр алдаа гаргасан, гаргаагүй гээд маргалдсан ба бид хоёр хоорондоо барилцаж аваад нэгнийгээ заамдсан. Заамдаад барилцсан байх үед Отгонбаяр миний зүүн шанаа, эрүү орчимд 2-3 удаа цохисон. Тэр үед найз Санчир, Эрдэнэцэрэн нар бид хоёрыг ирээд салгаж болиулсан. Тэгэхэд миний эрүү эвгүй болчихоор нь Санчирт миний эрүү эвгүй болоод зуураад байна гэж хэлэхэд Санчир харчихаад хавдчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэрлүүгээ яваад өгсөн. Тэр өдрөө гэртээ хоносон ба маргааш орой нь манай гэрийнхэн гэртээ ирээд намайг цагдаа руу дагуулж явсан ба би тэр үед айгаад болсон явдлын талаар хэлээгүй худлаа хэлчихсэн юм. Ийм зүйл болсон бөгөөд би өөр ямар нэгэн хүнд зодуулсан, хүнтэй зодолдсон зүйл байхгүй. Би найзыгаа хэрэгт орчих байх гэж бодоод худлаа хэлчихсэн байсан юм. Бид хоёрын хооронд урдны ямар ч асуудал байхгүй, тухайн үед тоглоомноосоо болж маргалдаад л хоорондоо зодолдоод ийм зүйл болчихлоо. Түүнээс бид хоёр олон жил найзлаж байгаа сайн найзууд байгаа юм. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Энэ гэмтлүүдийг Отгонбаяр учруулсан. Би өөр ямар нэгэн хүнтэй зодоон цохион хийсэн зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 12-14/, 

Насанд хүрээгүй гэрч М.Санчир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 23 цагийн орчимын үед найзуудынхаа хамт гэрийн ойролцоо байдаг сагсны талбай дээр сагс тоглож байсан юм. Хамгийн сүүлд найз Долгион, Отгонбаяр хоёр хоорондоо тоглож байгаад алдаа хийсэн, хийгээгүй гээд хоорондоо маргалдаж байгаад тэр хоёр заамдалцаж барилцаж байгаад Долгионоог Отгонбаяр шанаа хавьд нь л цохичих шиг болсон. Тэгэхээр нь Эрдэнэцэрэн бид хоёр тэр хоёрыг салгаж болиулсан ба удалгүй Долгионоо яваад өгсөн. Бид нар тараад гэртээ харьцгаасан. Долгионыг Отгонбаяр нэг л удаа гараараа шанаа орчим нь цохисон. Өөр зодоон цохион болсон зүйл байхгүй. Отгонбаяр, Долгион хоёр бол сайн найзууд бөгөөд урд нь хоорондоо хэрэлдэж, зодолдож байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5551 дугаар дүгнэлтэд: “...Ж.Долгионы биед эрүүний ясны далд хугарал, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал, уруул орчимд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 15-16/,

Шүүгдэгч Б.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 5-ны орой 23 цагийн орчим найзууд болох Долгион, Санчир, Эрдэнэцэрэн нар болон өөр үл таних 3-4 хүүхдүүдтэй Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсны талбай дээр сагс тоглосон. Бид нар нэг нэгээрээ болоод хасагдаад тоглож байсан ба хамгийн сүүлд Долгион бид хоёр үлдээд хоорондоо тоглосон. Тоглож байх үедээ бид хоёр алдаа гарсан, алдаа гаргаагүй гэснээс болж маргалдсан ба бид хоёр барилцаж аваад харилцан нэгнийгээ заамдалцаж байгаад би баруун гараараа түүний зүүн эрүү орчим нь хоёр удаа цохисон. Тэр үед найз Санчир, Эрдэнэцэрэн нар бид хоёрыг хоёр тийш нь болгож салгасан. Тэгээд Долгион удалгүй тэндээсээ яваад өгсөн юм. Салсны дараа бол надтай ямар нэгэн зүйл яриагүй. Маргааш нь уулзахад эрүү нь хавдчихсан байсан ба дараа нь эмнэлэгт үзүүлэхэд эрүү нь хугарчихсан байсан юм. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг миний бие учруулсан нь үнэн. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 21-22/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 27/, гэрч Т.Уранчимэгийн мэдүүлэг /хх 29/, шүүгдэгч Б.О ын ажлын газрын тодорхойлолт /хх 30/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 138 дугаар тогтоол /хх 36/, шүүгдэгч Б.О ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 34/, хохирогч Ж.Долгионы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 33/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.О  нь 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсны талбай дээр хохирогч Ж.Долгионтой “сагс тоглохдоо алдаа гаргасан, гаргаагүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эрүүн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “эрүүний ясны далд хугарал, зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал, уруул орчимд зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн насанд  хүрээгүй хохирогч Ж.Долгионы “...Отгонбаяр миний зүүн шанаа, эрүү орчимд 2-3 удаа цохисон. Тэр үед найз Санчир, Эрдэнэцэрэн нар бид хоёрыг ирээд салгаж болиулсан. Тэгэхэд миний эрүү эвгүй болчихоор нь Санчирт миний эрүү эвгүй болоод зуураад байна гэж хэлэхэд Санчир харчихаад хавдчихсан байна гэж хэлсэн. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 12-14/, насанд хүрээгүй гэрч М.Санчирын “...Долгион, Отгонбаяр хоёр хоорондоо тоглож байгаад алдаа хийсэн, хийгээгүй гээд хоорондоо маргалдаж байгаад тэр хоёр заамдалцаж барилцаж байгаад Долгионоог Отгонбаяр шанаа хавьд нь л цохичих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх 13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5551 дугаар дүгнэлт /хх 15-16/, шүүгдэгч Б.О ын “...бид хоёр барилцаж аваад харилцан нэгнийгээ заамдалцаж байгаад би баруун гараараа түүний зүүн эрүү орчим нь хоёр удаа цохисон. Тэр үед найз Санчир, Эрдэнэцэрэн нар бид хоёрыг хоёр тийш нь болгож салгасан. ...Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг миний бие учруулсан нь үнэн. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 21-22/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Насанд хүрээгүй хохирогч Ж.Долгион, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.О ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ханхөхий овгийн Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.О  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН