Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 440

 

2020        06          04                                   2020/ШЦТ/440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

  шүүгдэгч Г.Х  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Элжигэн овгийн Г.Х т холбогдох эрүүгийн 2011000000449 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Элжигэн овгийн Г.Х , 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эх, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 3-29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Х  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, зурагтын 147 дугаар худгийн хажууд Г.Ганхуягтай маргалдан чулуугаар толгойн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Х  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

Хохирогч Г.Ганхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн орчимд найз Г.Х тай 13 дугаар хороололд уулзаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зурагтын 147 дугаар худгийн хажууд Экс нэртэй 0.75 литрийн архийг бид 2 хувааж уусан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд миний толгой руу газраас чулуу аваад 2-3 удаа цохисон. Тэгээд би 06 цагт 102 дугаарт дуудлага өгөөд цагдаа ирээд намайг гэмтэл согог үндэсний төвд үзүүл гээд явуулсан. Би гэмтэл дээр толгойдоо 4 оёо тавиулсан...” гэх мэдүүлэг /хх 8-9/, 

Гэрч Д.Нямсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...эргээд хартал Ганхуяг, Хөхөөбаатар хоёр зодолдоод Ганхуяг газар уначихсан толгойгоо бариад хэвтэж байхаар нь очиж салгаад Хөхөөбаатарыг цааш автал Ганхуяг толгойноосоо цус гоожуулчихсан босоод ирсэн. Тэгээд цагдаа дуудсан байх удалгүй цагдаа нар ирсэн. Өөр болсон зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх 13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4753 дугаар дүгнэлтэд: “...Г.Ганхуягийн биед зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 17-18/,

Шүүгдэгч Г.Х  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би очоод Ганхуягт яагаад намайг хаяад явж байгаа юм бэ гэтэл чи муу давраад байгаарай ингэх болоогүй шүү гээд намайг заамдаж аваад миний толгой хэсэгт цохисон. Тэгэхээр нь би газраас чулуу аваад Ганхуягийн толгой руу 1-2 удаа цохиод толгойг нь хагалсан...” гэх мэдүүлэг /хх 14/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 27/, хохирогч Г.Ганхуягийн эрүүл мэндийг тодорхойлох баримт /хх 21-24/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаар тогтоол /хх 36/, шүүгдэгч Г.Х ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 48/, хохирогч Г.Ганхуягийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 47/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Г.Х  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, зурагтын 147 дугаар худгийн хажууд Г.Ганхуягтай маргалдан чулуугаар толгойн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Ганхуягийн “...Нэг мэдэхэд миний толгой руу газраас чулуу аваад 2-3 удаа цохисон. Тэгээд би 06 цагт 102 дугаарт дуудлага өгөөд цагдаа ирээд намайг гэмтэл согог үндэсний төвд үзүүл гээд явуулсан. Би гэмтэл дээр толгойдоо 4 оёо тавиулсан...” гэх мэдүүлэг /хх 8-9/, гэрч Д.Нямсүрэнгийн “...эргээд хартал Ганхуяг, Хөхөөбаатар хоёр зодолдоод Ганхуяг газар уначихсан толгойгоо бариад хэвтэж байхаар нь очиж салгаад Хөхөөбаатарыг цааш автал Ганхуяг толгойноосоо цус гоожуулчихсан босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх 13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4753 дугаар дүгнэлт /хх 17-18/, шүүгдэгч Г.Х ын “...би газраас чулуу аваад Ганхуягийн толгой руу 1-2 удаа цохиод толгойг нь хагалсан...” гэх мэдүүлэг /хх 14/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Ж.Долгион нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.Х ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Г.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Г.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Элжигэн овгийн Г.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Х  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН