Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 18

 

 

     Б.О-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Эсэн,

            нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяатын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 872 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эсэнгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.О-д холбогдох 1710000000018 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б-ны О, 19.. оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Т...” ресторанд заал зохион байгуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн 11 дүгээр хороо, .... хотхоны ... байрны 1 тоотод оршин суух,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ....../;

Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 21-ноос 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т....” ресторанд Д.Б-ыг зодож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.О-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байх боловч уг санал болон хэрэг бүртгэлт, прокурорын шатанд хавтаст хэргийг хохирогч Д.Б-т огт танилцуулаагүй, мөн "Д.. Э.. Э.." ХХК-аас "Т.. О.. Э…" ХХК нь писаурын мэдрэгч, суултуурын үнэнд 1.945.000 төгрөгийг төлөх нэхэмжлэх, "Д.. Э.. Э.." ХХК-иас "Т.. О.. Э.." ХХК-д 3.958.978 төгрөг төлсөн цахим гүйлгээний баримтаар яллагдагч Б.О-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан "гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн" гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ зүйл хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй байх тул шүүх хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд яллагдагч Б.О нь уг хохирлыг төлсөн төлбөрийн талаар хагалсан жорлон болон хохирогч Д.Б-ын эмчилгээний зардалд төлсөн гэж мэдүүлсэн бөгөөд бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэн Б.О-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 872 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хоёр өөр хэлбэрээр явагдахаар хуульчилсан.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялын дээд хэмжээг 8 жилээс доош хэмжээгээр оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж болохоор,

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд тус зүйлд шууд заасан 16 төрлийн гэмт хэргийг яллагдагч хүсэлт гаргах шаардлагагүйгээр шууд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр заасан ба дээрх заалтуудыг хангасан тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хоёр хэлбэрээр, яллагдагчийн эрх хоёр өөр байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, гэм буруугийн хувьд маргаангүй, хохирол нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд дээрх нөхцөл байдлаас үл хамаарч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан. Б.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийг зөрчиж, хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт "Шүүхийн тогтоол нь цагаатгах эсхүл шийтгэх хэлбэртэй байна" гэж хуульчилсан байхад хуульд байхгүй шүүгчийн "Захирамж" гаргаж хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 872 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

                                                                   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.О-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон гарсан үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгайлан заахдаа Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн” нөхцөл байдал хангагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь буруу бөгөөд үйлчилгээний болон үйлчлүүлсэн аж ахуйн нэгжүүдийн хооронд бие биедээ төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэхүүд нь яллагдагч Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхэд ач холбогдолтой эсэхэд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй.    

Иймд прокурор Г.Эсэнгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.