Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 62

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч  “Дархан ойн нөхөрлөлүүдийн холбоо” ТББ болон “Цогт Манхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолын хүчингүй болгуулах” -ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч “Цогт Манхан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                М.Болорцэцэг

Нэхэмжлэгч “Дархан ойн нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн                    Н.Лхагвасүрэн

Нэхэмжлэгч “Дархан ойн нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-ын өмгөөлөгч          Л.Оюунсувд

Хариуцагч                                                                                                             Н.Ганбаатар

Харицагчийн өмгөөлөгч                                                                                        Д.Оюунчимэг

Гуравдагч этгээд “Домогт шарын гол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч     З.Оюунтуяа

Гуравдагч этгээд “Элбэг шарын гол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        Б.Батсүх

Гуравдагч этгээд “Тэгш цацралт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч    Б.Болд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дархан ойн нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Манай төрийн бус байгууллага нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Ойгоос мод бэлтгэх хуваарь батлах” хурлын ажиллагаанд ойн нөхөрлөлүүдийг оролцуулж ойгоос мод бэлтгэх хуваарийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийх, ойн менежментийн төлөвлөгөөг ойн нөхөрлөлүүдийг оролцуулж баталж, санал хүсэлтийг сонсох гэсэн үндэслэлээр  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцохоор хүсэлтээ 2017 оны  09 дүгээр сарын 11-ний өдрийн 12 тоот албан тоотоор Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ганбаатарт хүргүүлсэн.

Гэтэл Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж 23 тоот тогтоолоор “Ойгоос мод бэлтгэх хуваарь”-г бидний хүсэлтийг харгалзан үзэлгүй хууль зөрчин баталжээ. Тогтоол гаргахдаа Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасныг зөрчсөн, ойн мэргэжлийн байгууллага нь ойн менежментийн төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан байх, тэр төлөвлөгөөг хэлэлцэж байж шийдвэр гаргах ёстой байсан. Мөн хуулийн 4.12-д зааснаар мод бэлтгэх, ойн баялгийг ашиглахдаа ойн санг хамгаалах зардлыг ойн нөхөрлөлүүдэд төлөх үүрэгтэй, энэ талаар тогтоолдоо зааж өгөөгүй. Ойн тухай хуулийн 32.3-д сумын Хурал ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг тогтоох ёстой. Гэтэл Хурлын Тэргүүлэгчид энэ асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргасан, Хурлын 27 төлөөлөгч шийдвэрлэх асуудлыг Тэргүүлэгчид шийдвэрлэсэн нь хууль  бус, хууль зөрчсөн.

Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 23 тоот тогтоол нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасан “хуульд нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй, урьдчилан мэдэгдэх, хүсэлт гаргасан иргэдийн оролцоог хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй. Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид модны төрөл тоо, хэмжээний дээд хязгаарыг тогтоож өгсөн 80 дугаар тогтоол гаргасан, түүний 3-р заалтад ойн мэргэжлийн байгууллагыг сонгохдоо ойн менежментийн төлөвлөгөөтэй байх шалгуурыг тавьсан, үүнийг биелүүлээгүй ойн мэргэжлийн байгууллагыг хуваарьт оруулсан. Ойн тухай хуулийн 3.1.6-д заасан ойн менежментийн төлөвлөгөөг цогц байдлаар, тодорхой үе шаттайгаар тусгах ёстой, тийм төлөвлөгөө алга.Энэ төлөвлөгөөг Хурлаар шийдвэрлэж батлах байсан гэж үзэж бид 2017 оны 09 дүгээр сарын 11-нд хүсэлт хүргүүлсэн юм.

Ийм учраас дээрх Хонгор сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Цогт Манхан” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангид 2017 оны хэрэглээний мод бэлтгэх хуваарьт орох хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг уламжилж, Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан боловч иргэдийн Хурлын Тэргүүлэгчид нь ямар ч үндэслэлгүйгээр хэрэглээний мод бэлтгэх хуваарьт оруулаагүй нь компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчсөн гэж үзэж шүүхэд хандаж байна. Улмаар 2016 оны хэрэглээний модны хуваарьт яг энэ байдлаар хандаж олгоогүй. Үндэслэлийг нь асуухаар бид мэдэхгүй гэдэг. Төрийн ажлыг иймэрхүү хуйвалдааныг ашиг сонирхлын шинжтэй явуулж байгаа нь хууль зөрчиж байна. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дахин давтан хууль зөрчсөн тогтоолуудыг гаргаж байна. Хувийн ашиг сонирхолтойгоор, 1 талыг дэмжсэн, Хурал нь үйл ажиллагааныхаа зарчмаа мартсан шийдвэрүүд гаргаж байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 23-р тогтоол  нь илт хууль бус тул хуулийн 48 дугаар зүйлд зааснаар хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Тогтоол гаргахаас өмнө сонсгох ажиллагаа явуулаагүй. Ард түмнээс сонгогдсон бидний эрх ашгийг хамгаалах Хурлын төлөөлөгч нарыг хуралдаанд оруулаагүй, зөвхөн Тэргүүлэгчид шийдвэрлэж хурлын дэг журмыг зөрчсөн.

2016 оны хуваарьт оруулаагүй асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад эвлэрэх саналыг тавьж бусад ой мэргэжлийн байгууллагуудтай аман гэрээ байгуулж, “Элбэг шарын гол” ХХК, “Домогт шарын гол” ХХК, “Тэгш цацралт” ХХК-иудтай тохирч 50, 50 м3  хэрэглээний модны хуваарийг өгнө гэсэн боловч бүгд хууран мэхэлсэн. Дахин энэ жилийн хуваарь дээр хүсэлт гаргахад хувийн ашиг сонирхлын зөрчлийн улмаас дахин хуваарьт оруулсангүй. Мөн түүнчлэн татгалзсан үндэслэлээ өөрсдийн гаргасан тогтоолдоо тусгаагүй байгаа нь хууль зөрчсөн байна. Иймд хуулийн дагуу асуудлыг үнэн зөвөөр шийдэж манай компанийн эрх ашгийг хамгаалж, тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.7-д зааснаар Хурлын чөлөөт цагт Тэргүүлэгчид шийдвэрлэх журмын дагуу  Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан асуудлыг Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэсэн, урьд өмнө ч ингэж шийдвэрлэж ирсэн.

“Дархан ойн нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-аас ирүүлсэн хүсэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлага хангаагүй, мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан итгэмжлэл байхгүй, хүсэлтэд гарын үсэг байхгүй, хүсэлтийг 9 дүгээр сарын 11-нд бичсэн боловч 9 дүгээр сарын 12-нд бүртгэж авсан байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид  9 дүгээр сарын 13-нд хуралдахаар төлөвлөсөн байсан учир хуралдааныг хойшлуулах боломжгүй байсан. Энэ өдрийн хуралдаанаар ойн мэргэжлийн байгууллагуудад мод бэлтгэх хуваарийг баталсан, Тэргүүлэгчид модны төрөл, тоо, хэмжээг баталдаг, хаанаас, яаж мод бэлтгэх, огтлохыг  Ойн анги хариуцдаг. Нэхэмжлэгч ойн бүтцэд хохирол учруулсан тухай ярьж байна, энэ талаар Хурал шийдвэрлэх боломжгүй мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргадаг журамтай.

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  ойн сангаас ойд цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний мод бэлтгэх Ойн нөхөрөлөлүүдийн хуваарийг баталсан тогтоол гаргасан. Ойн нөхөрлөлүүдээс тухайн тогтоолд эрх ашиг хөндөгдсөн гэж гомдол гаргаагүй, энэ хуралдаанд ТББ-аас Лхагвасүрэн, Энхжаргал нар оролцсон.

“Цогт Манхан” ХХК-ийн хувьд 2016 онд эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр асуудлыг шийдвэрлэсэн боловч эвлэрлийн гэрээг хангах асуудлаар над дээр гомдол гаргаж ирээгүй. “Цогт Манхан” ХХК нь  сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулаагүй, компани нь хаана байрладаг болох нь тодорхойгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь солигдсон гэсэн мэдээлэлтэй байсан учир модны хуваарьт оруулаагүй хасагдсан. Гэхдээ энэ асуудлыг би дангаар шийдвэрлээгүй, Тэргүүлэгчдийн олонхийн саналаар шийдвэрлэдэг.

Хурлын Тэргүүлэгчид хуралдаанаар шийдвэрлэх асуудлыг зарын самбарт байршуулж мэдэгдсэн. Мөн захиргааны акт гарсны дараа самбарт байршуулсан. “Цогт Манхан” ХХК-д хурлын шийдвэрийг  талаар мэдэгдсэн нь Тэргүүлэгчдийн тогтоолыг хуулбарлаж өгсөн баримтаар мэдэгдэнэ. Харин энэ асуудлаар сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2,28.1.3-т зааснаар нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай, хүсэлтийг ханган шийдвэрлэсэн гэж үзсэн. Мод бэлтгэх асуудал нь 12 дугаар сарын 20 гээд хаагддаг. Мөн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн гэж үзээд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д зааснаар цаг үеийн тулгамдсан асуудал байсан учир эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэсэн  Мөн сумын ойн менежментийн төлөвлөгөөг Хурал боловсруулдаггүй, Ойн анги боловсруулдаг юм.

Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл шаардлага байхгүй байна гэж үзэж байна гэв.

 

Гуравдагч этгээд “Элбэг шарын гол” ХХК-ийн шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:- Энэ тогтоолоор манай компани арчилгааны болон цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэх хуваарьт байсан. Хонгор сумын ИТХ-ын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж 23 тоот тогтоолоороо “Ойгоос мод бэлтгэх хуваарийг бидний хүсэлтийг харгалзан үзэлгүй хууль зөрчиж баталжээ” гэсэн гомдол гаргажээ. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоол нь ойн тухай хуулийн заалтуудыг зөрчөөгүй бөгөөд энэ хуулинд мод бэлтгэх хуваарь батлахад ойн нөхөрлөлүүдийн холбооны саналыг авч хэлэлцэнэ гэсэн нэг ч гэсэн өгүүлбэр байхгүй байна. Мөн Ойн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн зүйл ч харагдахгүй байна. Ойн тухай хуулийн 4.12-т заасан зардал төлөх талаар Засгийн газраас журам гарах ёстой, тэр журам нь батлагдаагүй байгаа.

Урьд өмнө нь мод бэлтгэхтэй холбоотой асуудлыг сумын Хурлын Тэргүүлэгчид гаргаж байсан, одоо Хурал гаргах ёстой гэж байна, үүний учрыг олохгүй байна. Ойн менежментийн төлөвлөгөө ойн мэргэжлийн байгууллагад байхгүй, ойн сан байхгүй учир Ойн нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг.

“Цогт Манхан” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн талаар 2016 оны хуваарьт оруулаагүй асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад эвлэрэх санал тавьж аман гэрээ байгуулж “Элбэг шарын гол” ХХК 50 м.куб хэрэглээний модны хуваарийг “Цогт Манхан” ХХК-д өгүүлэхээр болсон боловч хууран мэхэлсэн гэж байна. Манай компани 50 шоо метр модоо ав гэсэн боловч “Цогт Манхан” ХХК-ийн М.Болорцэцэг нь бүтээгдэхүүн нэхдэг юм.

 

Гуравдагч этгээд “Домогт Шарын гол” ХХК-иас шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Байгаль Орчин Аялал жуучлалын сайдын 2016 оны 1-111 дүгээр тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх дээд хязгаар батлах тухай”, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 80 дугаар тогтоол, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоолоор тус компанид ойгоос мод бэлтгэх хуваарийн дагуу арчилгаа хийх замаар мод бэлтгэх эрх олгогдсон болно.

“Домогт Шарын гол” ХХК нь анх 1996 онд “Домогт” ББН нэртэйгээр байгаль хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх, мод үржүүлэг, мод бэлтгэлийн чиглэлээр байгуулагдан одоог хүртэл ойн салбарт тогтвортой ажиллаж байна. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоолыг анхан шатны шүүхээс түдгэлзүүлсэн нь аж ахуй нэгжүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Бид “Дархан ойн нөхөрлөлүүдийн холбоо” ТББ болон “Цогт Манхан” ХХК-тай хоорондын маргаан байхгүй.Бид бүгд нэг л зорилготой байдаг. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дээрх 23 дугаар тогтоол нь хуулийн дагуу шийдвэрлэсэн, ойн нөхөрлөлүүдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэж байна.

“Цогт Манхан” ХХК-д 2016 онд 50м3 мод өгөхийг зөвшөөрсөн, бид бүтээгдэхүүн өгөх эрхгүй, 50м3 мод авах талаар Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоо шинээр гаргаад ир гэхээр тогтоолд өөрчлөлт ороогүй учир бидэнд мод өгөх боломжгүй байсан, Болорцэцэг өөрийнхөө төлөө явах ёстой байсан.Хурлын шийдвэр гаргаад ирвэл мод өгөх бололцоотой байсан гэв.

 

Гуравдагч этгээд “Тэгш цацралт” ХХК-ийн шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- “Тэгш цацралт” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн шийдвэрээр байгуулагдаж Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны А/281 дүгээр тушаалаар мод үржүүлэх, ойжуулах ойн нөхөн сэргээх, мөн сайдын 2014 оны А/335 дугаар тушаалаар ойд арчилгаа цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллага юм.

Хонгор сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 23 дугаар тогтоолоор “Тэгш цацрал” ХХК нь ойн мэргэжлийн байгууллагад арчилгааны огтлолоор 300 м.куб, цэвэрлэгээний огтлолоор 300 м.куб мод бэлтгэх хуваарь батлагдсан боловч Дархан-Уул аймгийн ойн нөхөрлөлүүдийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тус тогтоолын хэрэгжилтийг хангуулахгүй манай байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогсож эдийн засгийн хохирол учирч байна.

“Цогт Манхан” ХХК-д 2016 оны мод бэлтгэх хуваариар 50 м3 мод өгөхөөр тохирсон нь үнэн, гэвч Болорцэцэг бүтээгдэхүүн нэхдэг, уг нь өөрсдөө модоо бэлтгэж авах ёстой. Энэ асуудлыг зөвшилцөөд шийдвэрлэх боломжтой л байх шиг байх юм, Ойн мэргэжлийн байгууллагууд ажилгүй хэцүү байна, ажилчид маань цалин мөнгөгүй зогсож байна гэв.

 

Гуравдагч этгээд “Зорголт хавчуу” ЗГБХ-ын нөхөрлөл шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- Тус байгууллага нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоолоор Арчилгаа, цэвэрлэгээний огтлолоор 300 м/куб мод бэлтгэх эрх олгогдсон юм. Мод бэлтгэлийн ажил эхлээгүй байсан. Мөн манай байгууллагын хувьд өөрийн нөхөрлөлийн ойн сангаас модоо бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд ямар нэгэн нөхөрлөлийн эрх ашиг хөндөөгүй учир уг шүүхийн хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

 

Гуравдагч этгээд “Шивэрт” ойн нөхөрлөл шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар сарын 22-ны өдрийн 11 тоот тогтоолоор  Дархан-Уул аймгийн Хонгор сумын ойн сангаас Шивэрт нөхөрлөлийн газар нутаг дээр цэвэрлэгээ хийх талбай тусгаарлуулан цэвэрлэгээ хийж мод бэлтгэх гэрээний үндсэн дээр ойн мэргэжлийн байгууллага “Домогт Шарын гол” ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийж үйл ажиллагаа явуулахаар болсон.

Шарын гол суманд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2011 онд Баялаг ХХК, 2012 онд Элбэг шарын гол ХХК, 2015 онд Домогт шарын гол ХХК-иудтай тус тус хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан ба хамтран ажиллаж явцад үл ойлголцох маргаантай асуудал үүсэж байгаагүй учир дээрх ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахад татгалзах зүйлгүй.

Захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр дуудагдан тайлбар бичиж өгсөн бөгөөд хөдөө орон нутагт ээлжээр ажилладаг тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй учир тухай шүүх хурлыг миний оролцоогүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэгч “Дархан ойн нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч “Цогт Манхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Дархан Ойн нөхөрлөлүүдийн холбоо”ТББ нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3/-д “гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллагыг” гэж  зааснаар гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд тус байгууллага нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч нь гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Дархан ойн нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-ын дүрмийн 6.1-д заасан үйл ажиллагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000127281 тоот гэрчилгээ зэргээс үзэхэд Төрийн бус байгууллага нь байгуулагдаад 1 жил болоогүй, нэхэмжлэлийн шаардлага нь дүрмийн зорилготой нийцээгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгуулллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж заасан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагыг хангаагүй байх тул хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “ ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасныг баримтлан “Дархан ойн нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Цогт Манхан” ХХК-ийн нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолын хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг баримтлан Хонгор сумын ойн сангаас ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний мод бэлтгэх ойн мэргэжлийн байгууллагуудын хуваарийг 1 дүгээр, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний мод бэлтгэх “Шивэрт” ойн нөхөрлөлийн хуваарийг 2 дугаар хавсралтаар  баталж  23 тоот тогтоолыг гаргасан болох нь маргаан бүхий 23 тоот тогтоол, уг тогтоолын хавсралт, Тэргүүлэгчдийн хурлын 08 тоот хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс “Ард түмнээс сонгогдсон Хурлын төлөөлөгчдийг бүрэн оролцуулахгүйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх асуудлыг  Тэргүүлэгчид шийдвэрлэсэн” гэх тайлбарын тухайд:

Нэхэмжлэгчийн дээрх үндэслэлд хариуцагч  Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.”е”, 18.1.1.”ж”, 18.1.2.”г”, 18.1.2.”ж”, 18.1.2.”з”, 18.1.3.”в”, 18.1.3.”г”, 18.1.3.”ж”, 18.1.3.”з”, 18.1.3.”к”, 18.1.3.”л”, 18.1.3.”н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж тус тус зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэх эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь маргаан бүхий захиргааны актад дурдсан  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялгийн нөөцийн хэмжээг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тогтоох” гэж заасан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх,  Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг дараах байдлаар тогтооно” гэж заасантай нийцэхгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д ойн сангаас бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг тогтоох  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрлэх бүрэн эрхийг тус тус  хууль тогтоомжоор  зааглан тогтоож өгсөн байхад  хариуцагч Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль бус байх тул Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д зааснаар “тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримт Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 5.1.12-т “ Ойгоос хэрэглээний мод бэлтгэх хуваарь батлах” гэсэн арга хэмжээг оны эхнээс төлөвлөж төлөвлөгөөндөө тусгаж өгсөн нь нэн даруй шийдвэрлэх тулгамдсан асуудал байсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж байна.

Мөн хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүсэлт гаргасан оролцогчийг оролцуулах, тэдгээрт тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэрлэснээ хуулийн 28-р зүйлийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол”, 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэж заасны дагуу сонсох ажиллагаа явуулахгүй хийсэн гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

Гуравдагч этгээдээр татагдсан “Зорголт хавчуу” ойн мэргэжлийн байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана” гэж заасны дагуу хүсэлтээ ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ   нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “Дархан ойн нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-аас  шүүхэд гаргасан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолын хүчингүй болгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар “Цогт Манхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэгч “Дархан ойн нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэгч “Цогт манхан” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Цогт Манхан” ХХК-д олгосугай.

4. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  200 дугаар шүүгчийн  захирамж нь  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргасан тохиолдолд эцсийн шийдвэр гартал хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           З.ЭНХТУЯА