Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0671

 

 

 

 

 

 

 

    Д.Бийн нэхэмжлэлтэй

         захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, цахимаар нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-Э, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мйгийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Бийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр:

“...1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Д.Бийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Д.Бийг урьд эрхэлж байсан Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 88 хоногийн олговор 4.666,541 /дөрвөн сая зургаан зуун жаран зургаан мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагчийн өмгөөлөгч Д.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Нэхэмжлэгч эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр төсвийн мөнгийг өөрт ашигтай байдлаар захиран зарцуулсан тухайд:

Нэхэмжлэгч Д.Б эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр ажлын үр дүнгээ үнэлүүлээгүй атлаа хууль зөрчиж, дур мэдэн төсвийн мөнгийг хууль бусаар ашигласан, өөрөөр хэлбэл өөртөө мөнгөн урамшуулал, ур чадварын нэмэгдэл 228.024 төгрөг, урамшуулал 410.444 төгрөг, цалин 1.778.589 төгрөг авсан, энэ нь гэрч А.Энхмандахын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх талд /дээд талаас 3 дахь догол мөрөнд/ “...Шүүх дээрх нөхцөл байдал дүгнэлт хийж захирамж, шийдвэргүйгээр 2020 оны 12 дугаар сард үр дунгийн урамшуулал авсан нь нотлогдож байх боловч албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй байгаа гэх байдал нь тогтоогдохгүй байх тул....” гээд захиргааны актыг зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь маргаан бүхий захиргааны акт энэ тохиолдолд 2 үндэслэлээр гарсан байна. Эхний үндэслэл нь тогтоогдож байгаа бол энэ захиргааны акт хүчинтэй байх ёстой. Зэрэгцээ 2 үндэслэл төдийгүй албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагатай холбоотой буюу хоорондоо холбоотой 2 үндэслэлээс 1 үндэслэлийг нь хүчингүй гээд актыг бүхэлд нь хүчингүй болгох ёсгүй байсан. Шүүх хууль зөрчиж өөртөө урамшуулал авсан нь яагаад ямар хуулиар зөвтгөгдөж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй.

2.Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй тухайд:

2018 оны  6 дугаар сарын 21-ний өдөр Боловсролын тухай хуульд өөрчлөлт орсноор Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг аймгийн бус сумын Засаг дарга томилж, чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай болсон. Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/77 дугаар тушаалаар сумдын Засаг дарга нарт БШУС-ийн баталсан үлгэрчилсэн тодорхойлолтыг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгосон.

Ийнхүү А/33 захирамжаар албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх тайлбар гаргадаг хэрнээ яг аль зүйл, заалт нь Д.Бийн эрх зүйн байдлыг дордуулсан талаар баримт бүү хэл тайлбар ч хэлж чадаагүй. Харин шүүх “...аль шаардлагыг хангаагүй нь тодорхойгүй” гэх үндэслэл бичдэг. /шүүхийн шийдвэрийн 8 дахь талд/.

Хариуцагч албан тушаалын тодорхойлолтын 3-т “Албан тушаалд тавигдах шаардлагаас байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэлийг дүгнэх, тайлагнах, албан үүргээ хууль тогтоомж, ёс зүйн зарчимд нийцүүлэх, хувийн зохион байгуулалт цаг ашиглалт сайтай байх, заах арга зүйн нэгдэлд ажилласан туршлагагүй, батлагдсан хэмжээнд цалин хөлс авах эдгээр болон бусад шаардлагуудыг хангахгүй байна. Мөн төсвийн шууд захирагчийн хувьд Аудитын байгууллагаас дүгнэлт ирсэн учраас чөлөөлсөн хэмээн хариуцагч маргасан.

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч болон аудитын байгууллагаас дээрхийг тодруулах зорилгоор нотлох баримт цуглуулах боломжтой байсан, гэвч шүүх нотлох зарчмыг хангалттай хэрэгжүүлээгүй атлаа зөвхөн хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд шүүхэд гаргасан тайлбар, татгалзал зэргээ нотлох үүрэгтэй, өөрөөр хэлбэл ажлын цагийн үеэр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эсэх, мөн үндсэн цалин, урамшуулах зэргийг зохих журмын дагуу олгосон эсэх, заах арга зүйн нэгдэлд хэзээ, хэрхэн ажиллаж байсан туршлагатай гэдгээ тус тус нотлох шаардлагатай байсан боловч шүүх эдгээр эдгээр нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж үзэж байна.

3. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад нэхэмжлэл гаргаагүй асуудлаар шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл хэлэлцэгдээгүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгож гаргасан тухайд:

Нэхэмжлэгч 4.666.541 төгрөг нэхэмжлээгүй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчид 4.666.541 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь эргэлзээтэй. 

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч мөнгөн дүн нэхэмжилсэн тохиолдолд дүн нь тодорхой байх ёстой. Харин оролцогчдын аль аль тал нь 4.666.541 төгрөг нэхэмжилсэн асуудлыг мэдэхгүй, тодруулбал хоорондоо энэ асуудлаар мэтгэлцээгүй байхад шүүх шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй. “Энэ мөнгөн дүн үнэн зөв үү” гэдэг дээр талууд мэтгэлцэх ёстой байсан. Шүүх нэхэмжлэлийн үнийн дүн буюу шаардлагыг тодорхойлдоггүй, гагцхүү нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            Нэхэмжлэгч Д.Бийн тухайд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны Б/115 дугаар захирамжаар Цээл сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл захирлын үүрэг гүйцэтгэгчээр, улмаар сонгон шалгаруулалтад тэнцсэнтэй холбогдуулан 2018 оны Б/23 дугаар захирамжаар тус сургуулийн захирлаар жинхлэн томилогдсон төрийн албан хаагч байна.

1.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны Б/03 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлах зөвшөөрлийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын мөн оны А/177 дугаар тушаалаар сумдын Засаг дарга нарт олгосон, иймд энэхүү үлгэрчилсэн тодорхойлолтыг Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн /цаашид ЕБС гэж товчлох/ нийт 445 сурагчдын тоотой харьцуулан үзэхэд 1200-аас доош сурагчтай сургуулийн захирлын тухайд дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй, багш мэргэжилтэй, ЕБС-д 5-аас доошгүй жил багшилсан, заах аргач зэрэгтэй, ЕБС-ийн үндсэн орон тоонд 3-аас доошгүй жил багшилсан, мөн 3-аас доошгүй жил ЕБС-д удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан туршлагатай байх шаардлага тавьсан байхад Цээл сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/33 дугаар захирамжаар баталсан тус сумын ЕБС-ийн захирлын албан тушаалын тодорхойлолтод боловсролын зэргийг бакалавр бус магистр болон түүнээс дээш байхаар, ЕБС-ийн үндсэн орон тоонд 3-аас доошгүй жил багшилсан байхыг 8-аас доошгүй жил, ЕБС-д 3-аас доошгүй жил удирдах албан тушаал эрхэлсэн байхыг 5-аас доошгүй жил байхаар тус тус өөрчлөн тогтоосон байх тул үлгэрчилсэн тодорхойлолтоос давсан шаардлагыг нэхэмжлэгчээс шаардаж буй нь хууль бус болно.

Д.Бийн тухайд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн, 2006 оноос хойш Цээл сумын ЕБС-д биеийн тамирын багшаар 10 жил ажилласан, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн захирлын үүрэг гүйцэтгэгч, захирлаар 4.5 жилийн хугацаанд ажилласан байгаагаас тус тус дүгнэхэд албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байна.

            Түүнчлэн аймгийн хэмжээнд ЕБС-ийн 2019 оны ажлын үнэлгээгээр 78.38 хувь буюу нийт 29 сургуулиас 12 дугаарт эрэмбэлэгдсэн, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын тушаалуудаар 2020 онд сар бүр ур чадварын нэмэгдэл олгосон зэрэг нь албан тушаалын тодорхойлолтод тавьсан шаардлагыг хангаж байсны нотолгоо.

            Мөн “…тушаал, шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдэл 228.024 төгрөг авсан…” гэх давж заалдах гомдол дээрх байдлаар үгүйсгэгдэж байна.

            Түүнчлэн гомдолд дурдсан албан тушаалд тавигдах шаардлагуудыг хангаагүй гэдгийг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл энэ талаарх нөхцөл байдлыг хариуцагчаас хангалттай тогтоолгүйгээр захирамж гаргажээ.

            Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас анх шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад аудитын дүгнэлтийг тушаалын үндэслэл болгосон талаар огт дурдаагүй, хэрэгт тэрхүү аудитын дүгнэлт нотлох баримтаар авагдаагүй байх тул гомдлын энэ хэсэг үндэслэлгүй.

            2.2020 оны 12 дугаар сард Засаг даргын шийдвэргүйгээр үр дүнгийн урамшуулал авсан нь нэхэмжлэгчийн хувьд буруутай үйлдэл бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт зөв дүгнэсэн, гэвч 2020 оны 12 сард олгогдсон урамшууллыг зөвхөн Д.Бд бус сургуулийн нийт багш, алба хаагч нарт олгосон төдийгүй энэ нь түүнийг захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх хэмжээний зөрчилд үл хамаарна.

            Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан “хуульд заасан бусад үндэслэл”-ээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.

            Харин нэхэмжлэгчийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн албан тушаалаас нь чөлөөлөх байдлаар хариуцлага хүлээлгэсэн байгаа гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан “...зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзэх...” зарчим мөрдөгдөх учиртай.

Цаг хугацааны хувьд хариуцагч ЕБС-ийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталснаас хойш буюу 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэгчтэй 2021 оны хамтран ажиллах гэрээ байгуулж, түүндээ гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн атлаа албан үүргээ хэрэгжүүлэх боломж олголгүйгээр маргаан бүхий захирамж гаргасан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

            Нэхэмжлэлийн шаардлагад ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахыг хүссэн, энэ хүрээнд шүүхээс нөхөн олговрын дүнг тооцож тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН