Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 450

 

 

   2020        06          10                                   2020/ШЦТ/450

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр , 

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Б.Мөнхтөр,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Д.Б д холбогдох эрүүгийн 2011005130405 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овгийн Д.Б , 1969 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 20-20 тоотод оршин суух /Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 75 дугаар байр 226 тоотод оршин суух албан ёсны хаягтай/,

Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 300.000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 8 жилийн хугацаагаар хорих ял тус шийтгүүлж, 2014 оны 2 сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төв дотор гар утасны худалдаа эрхэлдэг хохирогч Б.Мөнхтөрөөс “2 хүүхэд дээ авч өгөх гэсэн юм, 7 хоногийн дараа төлбөрийг нь өгнө” гэж хуурч, Самсунг Нөт-9 /Samsung note 9/ загварын, Ай фоне Экс /I-phone X 256gb/ загварын 256 гигабайт багтаамж бүхий гар утаснуудыг залилж нийт 2.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би залилаагүй. Санаандгүй л үйл явдал болсон, Энхжаргал надад өртэй байсан. Би Энхжаргалын нөхрийн данс руу 1 сая гаран төгрөг хийсэн. Би тухайн үед мөнгийг өгнө гэж бодсон боловч өгч чадаагүй өдийг хүрлээ. Тухайн утсыг зараад мөнгийг нь эмчилгээндээ зарцуулсан. Би хохирогчийг залилах санаа зорилгогүй байсан. Хохирлыг буцаагаад өгнө...” гэв.

Хохирогч Б.Мөнхтөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…миний танил Ч.Сувд-Эрдэнэ гэх эмэгтэй байдаг. Тэр манай утасны лангуунаас хэд хэдэн удаа утас зээлээр авч байсан. Ч.Сувд-эрдэнэ над руу утсаар яриад Л.Энхжаргал гэж хүн очино, зээлээр утас авах юм, мөнгийг нь хэд хоногоос өгчих болохоор зээлээр утас өгчхөөрэй гэж ярьсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим  Л.Энхжаргалын хамт Болормаа гэх эгч ирсэн. Л.Энхжаргал нь утас үзээд авч байтал Д.Б  гэх эгч нь би бас хүүхэд дээ утас авъя гээд 2 утас зээлж авсан. Өөрийгөө замын компанитай тул надад итгэж болно гэж хэлсэн. Мөн 100 сая төгрөг дансаар орж гарч байдаг гэхээр нь би итгээд хоёр ширхэг гар утас зээлээр өгсөн. Би мөнгөө авах гээд залгахад Л.Энхжаргал Д.Б гаас асуу гэдэг, Д.Б  руу залгахад Л.Энхжаргал мэднэ гэдэг. Бие бие рүүгээ чихсээр байгаад сүүлдээ намайг залгахаар бүгдээрээ утсаа авахаа байсан. Мөнгөө нэхэх бүрд ямар нэгэн арга хэлж хугацаа хойшлуулж байсан. Би сүүлдээ утсаа буцаагаад авъя гэхэд удахгүй мөнгийг нь өгий ш дээ гэдэг байсан. Л.Энхжаргал энэ 2 хамт ажил хийдэг гэж хэлж байсан. Гэхдээ Л.Энхжаргал нь бол надаас авсан утасныхаа мөнгийг өгсөн. Би Болормаад цагдаагийн байгууллагад хандах тухайгаа хэлсэн. Тэрнээс хойш намайг хохиролгүй болгоно санаа зоволтгүй гэж хэлээд хохирол барагдуулаагүй. Би мөнгө, утас алийг нь ч хамаагүй авч хохиролгүй болмоор байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/,

Хохирогч Б.Мөнхтөр шүүгдэгч Д.Б  нарын хоорондоо харилцсан зурвас /хх 84-115/,

Хохирогч Б.Мөнхтөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр намайг гар утасны лангуун дээрээ байхад Ч.Сувдбилэгийн найз гэх Л.Энхжаргал гэх эмэгтэй хажуудаа бас нэг настай эмэгтэй болох Д.Б  гэх эмэгтэйн хамт ирсэн. ...Энхжаргалтай тухайн үед хамт явж байсан Д.Б  гэх эмэгтэй нь Л.Энхжаргалыг надаас дээрх гар утсыг авч байхад хажуугаас орж ирээд би бас утас авъя гэж хэлсэн. Тэгээд надаас Д.Б  нь мөн шинэ Хонг Конг улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсаар дамжуулан 2019 оны 8 дугаар сард оруулж ирсэн Samsung note 9 маркийн хар хөх өнгийн 1.150.000 төгрөгийн 1 ширхэг гар утас, дээрээс нь нэмж I-phone X 256gb загварын 256 гигабайт багтаамжтай цагаан өнгийн 1.700.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг, нийт 2 ширхэг гар утас авсан. ...Д.Б  нь бас тухайн үед би Л.Энхжаргалтай цуг ажил хийдэг, би өөрөө замын компанитай ба удахгүй компанийн ажлын мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлсэн. Би Д.Б гаас мөнгөө өгөхгүй бол гар утсыг минь аваад ир гэхэд хүүхэд дээ гар утсыг чинь бариулсан байгаа, аваачиж өгч чадахгүй гэж хэлсэн. Би Энхжаргалаас утасны мөнгөө төлүүлж авсан харин Д.Б  нь гар утасныхаа мөнгийг огт төлөөгүй ба маргааш өгнө, нөгөөдөр агна гэж хэлээд явж байгаа ба түүний 99118684 дугаарын утас руу бичсэн мессежийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 14-15/,

Гэрч Ч.Сувдбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Мөнхтөр над руу холбогдоод Энхээ гээд хүнтэй хамт ирсэн Болороо гээд хүн нь гар утасныхаа мөнгийг өгөхгүй байна, Энхээ нь бас мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд чи яагаад надад хэлэлгүй өөр хүнд үнэтэй гар утас өгсөн юм бэ гэхэд Мөнхтөр харин тиймээ өгчихөөр найдвартай харагдахаар нь би итгээд өгсөн талаараа хэлсэн юм...” гэх мэдүүлэг/хх 18-19/,

Гэрч Л.Энхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэди төвийн гадна Болормаа эгчтэй таарсан. Тэгээд зүгээр л юм яриад хамтдаа дээшээ гартал Болормаа эгч зүгээр л дагаад явсан юм. Тэгээд Мөнхтөр дээр ирээд миний хувьд 500.000 төгрөгийн үнэтэй л нэг утас авах гэж очсон. Тэгтэл хажуугаас Болормаа эгч “эгчийнх нь мөнгө удахгүй ороод ирчих юм чинь чи нэг авч байгаагийнх гайгүй утас авчхаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нээрээ ч тийм юм уу гэж бодоод Samsung S10 маркийн гар утас авсан юм. Тухайн үеийн үнэ нь 1.350.000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Тэгтэл хажуугаас Болормаа эгч “эгч нь бас хоёр хүүхэд дээ утас авчихъя, мөнгө ороод ирэхээр бүх тооцоог нь би хийчихье” гэж хэлсэн. Тэгээд Болормаа эгч Мөнхтөртэй уулзаад удахгүй мөнгө ороод ирэхээр нь өгчихье гэж хэлсэн юм. ...Миний хувьд Болормаа эгч төлбөр төлчихнө гэж хэлсэн болохоор нь л би зөвшөөрөөд өгчихсөн байх гэж бодоод л яваад байсан юм...” гэх мэдүүлэг /хх 20-21/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЧД1-20-171 дугаар үнэлгээний тайланд: “...2019 оны 8 дугаар сард Хонконг улсаас худалдан авч худалдан борлуулж байсан Samsung note 9 маркийн гар утас 1 ширхэг 1.380.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сард Хонконг улсаас худалдан авч худалдан борлуулж байсан Iphone X256-тай маркийн гар утас 1 ширхэг 1.590.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 25-26/,

Шүүгдэгч Д.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэр залуугаас Samsung note 9, Iphone X256-тай маркийн гар утсыг аваад удахгүй мөнгийг нь өгнө гэж хэлээд 7 хоногийн дараа Монтел гар утасны худалдааны төвийн гадна гар утас зардаг хүмүүст 2 гар утсыг зарсан. ...Одоо зарсан хүнээ танихгүй. Мөнгийг нь бэлнээр аваад өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх 32-33/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37/, шүүгдэгч Д.Б д холбогдох шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 71-72, 73-80/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төв дотор гар утасны худалдаа эрхэлдэг Б.Мөнхтөрөөс “Самсунг Нөт-9 /Samsung note 9/ загварын, Ай фоне Экс /I-phone X 256gb/ загварын 256 гигабайт багтаамж бүхий гар утаснуудыг 2 хүүхэд дээ авч өгөх гэсэн юм, 7 хоногийн дараа төлбөрийг нь өгнө” гэж хуурч, залилж нийт 2.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, хохирогч Б.Мөнхтөр шүүгдэгч Д.Б  нарын хоорондоо гар утасны мессежээр харилцсан зурвас /хх 84-115/, хохирогч Б.Мөнхтөрийн “...Д.Б  нь мөн шинэ Хонг Конг улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсаар дамжуулан 2019 оны 8 дугаар сард оруулж ирсэн Samsung note 9 маркийн хар хөх өнгийн 1.150.000 төгрөгийн 1 ширхэг гар утас, дээрээс нь нэмж I-phone X 256gb загварын 256 гигабайт багтаамжтай цагаан өнгийн 1.700.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг, нийт 2 ширхэг гар утас авсан. Би Д.Б гаас мөнгөө өгөхгүй бол гар утсыг минь аваад ир гэхэд хүүхэд дээ гар утсыг чинь бариулсан байгаа, аваачиж өгч чадахгүй гэж хэлсэн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 14-15/, гэрч Ч.Сувдбилэгийн “...Мөнхтөр над руу холбогдоод Энхээ гээд хүнтэй хамт ирсэн Болороо гээд хүн нь гар утасныхаа мөнгийг өгөхгүй байна, Энхээ нь бас мөнгөө өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд чи яагаад надад хэлэлгүй өөр хүнд үнэтэй гар утас өгсөн юм бэ гэхэд Мөнхтөр харин тиймээ өгчихөөр найдвартай харагдахаар нь би итгээд өгсөн талаараа хэлсэн юм...” гэх мэдүүлэг/хх 18-19/, гэрч Л.Энхжаргалын “...Тэди төвийн гадна Д.Б  эгчтэй таарсан. Тэгээд зүгээр л юм яриад хамтдаа дээшээ гартал Болормаа эгч зүгээр л дагаад явсан юм. Мөнхтөр дээр ирээд миний хувьд 500.000 төгрөгийн үнэтэй л нэг утас авах гэж очсон. Тэгтэл хажуугаас Болормаа эгч “эгчийнх нь мөнгө удахгүй ороод ирчих юм чинь чи нэг авч байгаагийнх гайгүй утас авчхаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нээрээ ч тийм юм уу гэж бодоод Samsung S10 маркийн гар утас авсан юм. Тухайн үеийн үнэ нь 1.350.000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Тэгтэл Болормаа эгч “эгч нь бас хоёр хүүхэд дээ утас авчихъя, мөнгө ороод ирэхээр бүх тооцоог нь би хийчихье” гэж хэлсэн. Тэгээд Болормаа эгч Мөнхтөртэй уулзаад удахгүй мөнгө ороод ирэхээр нь өгчихье гэж хэлсэн юм. ...Миний хувьд Болормаа эгч төлбөр төлчихнө гэж хэлсэн болохоор нь л би зөвшөөрөөд өгчихсөн байх гэж бодоод л яваад байсан юм...” гэх мэдүүлэг /хх 20-21/, дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ЧД1-20-171 дугаар үнэлгээний тайлан /хх 25-26/, шүүгдэгч Д.Б гийн “...Тэр залуугаас Samsung note 9, Iphone X256-тай маркийн гар утсыг аваад удахгүй мөнгийг нь өгнө гэж хэлээд 7 хоногийн дараа Монтел гар утасны худалдааны төвийн гадна гар утас зардаг хүмүүст 2 гар утсыг зарсан. ...Одоо зарсан хүнээ танихгүй. Мөнгийг нь бэлнээр аваад өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх 32-33/ болон шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “...залилах гэмт хэргийн үйлдлийн бүрэлдэхүүнгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв. Учир нь:

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр үйлдэгддэг.

Дээрх хэргийн хувьд шүүгдэгч Д.Б  нь “хоёр хүүхэд дээ гар утас авна” гэж зориуд худал хэлж Б.Мөнхтөрөөс хоёр ширхэг гар утсыг авч, уг утсаа зарж, зарсан мөнгөө өөрийн хэрэгцээнд ашигласан нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна. 

Иймд шүүгдэгч Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч Самсунг Нөт-9, Ай фоне Экс 256 гигабайт багтаамж бүхий гар утаснуудыг залилж нийт 2.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнхтөрд 2.970.000 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгч Д.Б гаас гаргуулан хохирогчид олгуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.Б д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч Самсунг Нөт-9, Ай фоне Экс 256 гигабайт багтаамж бүхий гар утаснуудыг залилж нийт 2.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б гаас 2.970.000 /хоёр сая есөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 3 дугаар хороо 1-38 тоотод оршин суух Боржигин Их Мэнгэт овгийн Баатарчулууны Мөнхтөрд /РД: зю78081313/-т олгосугай. 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН