Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 451

 

 

2020        06          10                                    2020/ШЦТ/451

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Д.Жаргал,

хохирогч Ч.Лхагвадорж,

шүүгдэгч О.Х  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн О.Х д холбогдох эрүүгийн 1911012760331  дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Чонос овгийн О.Х , 1961 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 14-424 тоотод оршин суудаг,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 536 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Х  нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Алтжин” бөмбөгөр худалдааны төв дотор иргэн Д.Жаргалыг “сүлжээнд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 525.000 төгрөгийг залилан авсан,

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 шарга худалдааны төвийн орчим “мөнгийг чинь 3-6 дахин өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ч.Лхагвадоржоос 33.630.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.                   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Х  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би одоо хорих ангидаа 3 сар орчим суугаад гарах юм. Шоронд хоригдоно гэдэг бол үнэхээр хүнд байдаг. Миний эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа, хохирогч нарын хохирлыг төлнө. Миний нэр дээр байдаг газар байгаа. Би түүнийг зарчихвал хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулах боломжтой. Торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Жаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг Бөмбөгөр худалдааны төвд байхад 3 хоногийн дараа өгнө гээд мөнгө авсан. Дараа нь 300.000 төгрөг өгчих юм бол мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Утсаар ярих бүрд хөдөө орон нутагт байна гэж хэлж байсан. Би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...”

Хохирогч Ч.Лхагвадорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...33.000.000 төгрөг сүлжээний бизнест оруулна гэж авсан.  Дараа нь газар зараад мөнгийг минь өгнө гэж хэлсэн боловч барагдуулаагүй. Одоо хохирлоо авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...”

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 11/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 78/,

Интернэт орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17/,

Хохирогч Д.Жаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Бөмбөгөр худалдааны төв дээр ажлаа хийгээд байж байхад зүс таних Хонгорзул гэх 50 орчим насны эмэгтэй манай лангуун дээр ирээд надад 3 хоногийн хугацаатай 225.000 төгрөгийг 516390174 дугаартай Тулга гэх хүний данс руу шилжүүлчих 3 хоногийн дотор 500.000 төгрөг болгож өгнө гэсэн. Шинээр гарч ирж байгаа сүлжээ гэсэн. ...3 хоногийн дараа миний утаснаас Хонгорзул гэх эмэгтэй 99682348 дугаартай утаснаас залгаад 300.000 төгрөг нэмээд өгчихвөл яаралтайгаар 1.000.000 төгрөг гаргаж өгөх гээд байна гэсэн. Тэгээд би Алтжин бөмбөгөрийн үүдэнд байдаг Хаан банкны АТМ-ээс өөрийнхөө 5019159792 данснаас 300.000 төгрөгийг 5163090174 данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчхээд Хонгорзул гэх эмэгтэй рүү залгаад мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд таны гар утсан дээр одоо код очно. Та тэрийг хэлээд өгөөрэй гэсэн. Тэгээд тэрнээс хойш тухайн эмэгтэй сураг ажиг байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх 20-23/,

Хохирогч Ч.Лхагвадорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын эхээр урьд нь сүлжээний бизнес хийж байх үед танилцаж байсан О.Х  гэж эмэгтэйтэй уулзаад ярилцахад та урьд сүлжээнд ороод мөнгөө алдаж байсан юм чинь одоо таны мөнгийг өсгөж өгөх боломж байна, таны өгсөн мөнгийг 7 хоногийн дотор 6 нугалж өгнө, байг гэхэд 3 нугалж өгнө, 3 нугалах нь бол найдвартай гэхээр нь би итгэсэн. Ингээд би 33.630.000 төгрөг өгөөд 3 нугалж 7 хоногийн дараа авахаар О.Х тай тохироод өөрийн найз Бат-Отгоноос 33.630.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлээр авахаар болж 8 шарга худалдааны төв дээр О.Х ыг дагуулж ирээд найзаасаа 33.630.000 төгрөг бэлнээр зээлж аваад тэр дор нь Ганболдын нүдэн дээр О.Х д тоолж бэлнээр өгсөн юм. Гэтэл О.Х  7 хоног болонгуут маргааш өгнө, 2 хоногийн дараа өгөх гэж байна, газар зараад 60.000.000 төгрөгийг чинь эхлээд өгөх гэж байна, надад орж ирэх мөнгө орж ирэхгүй байна гэх зэргээр худал хэлээд дандаа утсаар яриад байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх 84-87/,

Гэрч Б.Бат-Отгон нь мөрдөн шалгах үед мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр намайг 8 шарга худалдааны төв дээр ажлын байран дээрээ байхад Ч.Лхагвадорж ирээд мөнгөний хэрэг гарлаа удаахгүй мөнгийг чинь буцаагаад өгчихнө гэж хэлээд 33.630.000 төгрөгийг бэлнээр тоолж авсан. Мөнгө авах үедээ Хонгорзул гэж эмэгтэйн хамт ирсэн. Ч.Лхагвадорж нь уг эмэгтэйд надаас авсан мөнгийг зээлж авч өгч байсан юм. Миний нүдэн дээр миний тоолж өгсөн мөнгийг тэр Хонгорзул гэж эмэгтэйд өгсөн. Ингээд уг эмэгтэй нь өөрийн гараар иргэний үнэмлэхийн зурагтай лавлагааны ард талд нь мөнгө хүлээж авсан талаар тэмдэглэл бичиж өгч байсан. Үүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Лхагвадоржоос мөнгө нэхэхэд нөгөө эмэгтэй нь мөнгө өгөхгүй байна гэж гэсэн. Нэг сар гарангын дараа надаас авсан 33.630.000 төгрөгийг Лхагвадорж бэлнээр надад өгсөн. Одоо бидний дунд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй, харин Лхагвадорж нөгөө эмэгтэйгээсээ мөнгө авч чадаагүй гэж өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг г/хх 90/,

Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 51, 151/,

Мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтууд /хх 146-149/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46, 98/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41/, шүүгдэгч О.Х д холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 156-172/, хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх 34/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад дараах байдлыг шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч О.Х  нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Алтжин” бөмбөгөр худалдааны төв дотор иргэн Д.Жаргалыг “сүлжээнд оруулж өгнө, 225.000 төгрөг шилжүүлчих 3 хоногийн дотор 500.000 төгрөг болгож өгнө, 300.000 төгрөг нэмээд өгчихвөл 1 сая төгрөг гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 525.000 төгрөгийг залилан авсан, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 шарга худалдааны төвийн орчим “сүлжээнд ороод одоо мөнгөө өсгөх боломж байна. Таны өгсөн мөнгийг 7 хоногийн дотор 6 нугалж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ч.Лхагвадоржоос 33.630.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 34.155.000 төгрөгийн хохирол учрал учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн интернэт орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17/, хохирогч Д.Жаргалын “...би 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Бөмбөгөр худалдааны төв дээр ажлаа хийгээд байж байхад зүс таних Хонгорзул гэх 50 орчим насны эмэгтэй манай лангуун дээр ирээд надад 3 хоногийн хугацаатай 225.000 төгрөгийг 516390174 дугаартай Тулга гэх хүний данс руу шилжүүлчих 3 хоногийн дотор 500.000 төгрөг болгож өгнө гэсэн. Шинээр гарч ирж байгаа сүлжээ гэсэн. ...3 хоногийн дараа миний утаснаас Хонгорзул гэх эмэгтэй 99682348 дугаартай утаснаас залгаад 300.000 төгрөг нэмээд өгчихвөл яаралтайгаар 1.000.000 төгрөг гаргаж өгөх гээд байна гэсэн. Тэгээд би Алтжин бөмбөгөрийн үүдэнд байдаг Хаан банкны АТМ-ээс өөрийнхөө 5019159792 данснаас 300.000 төгрөгийг 5163090174 данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчхээд Хонгорзул гэх эмэгтэй рүү залгаад мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд таны гар утсан дээр одоо код очно. Та тэрийг хэлээд өгөөрэй гэсэн. Тэгээд тэрнээс хойш тухайн эмэгтэй сураг ажиг байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх 20-23/, хохирогч Ч.Лхагвадоржийн “...2019 оны 4 дүгээр сарын эхээр урьд нь сүлжээний бизнес хийж байх үед танилцаж байсан О.Х  гэж эмэгтэйтэй уулзаад ярилцахад та урьд сүлжээнд ороод мөнгөө алдаж байсан юм чинь одоо таны мөнгийг өсгөж өгөх боломж байна, таны өгсөн мөнгийг 7 хоногийн дотор 6 нугалж өгнө, байг гэхэд 3 нугалж өгнө, 3 нугалах нь бол найдвартай гэхээр нь би итгэсэн. Ингээд би 33.630.000 төгрөг өгөөд 3 нугалж 7 хоногийн дараа авахаар О.Х тай тохироод өөрийн найз Бат-Отгоноос 33.630.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлээр авахаар болж 8 шарга худалдааны төв дээр О.Х ыг дагуулж ирээд найзаасаа 33.630.000 төгрөг бэлнээр зээлж аваад тэр дор нь Ганболдын нүдэн дээр О.Х д тоолж бэлнээр өгсөн юм. Гэтэл О.Х  7 хоног болонгуут маргааш өгнө, 2 хоногийн дараа өгөх гэж байна, газар зараад 60.000.000 төгрөгийг чинь эхлээд өгөх гэж байна, надад орж ирэх мөнгө орж ирэхгүй байна гэх зэргээр худал хэлээд дандаа утсаар яриад байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх 84-87/, гэрч Б.Бат-Отгоны “...Ч.Лхагвадорж ирээд мөнгөний хэрэг гарлаа удаахгүй мөнгийг чинь буцаагаад өгчихнө гэж хэлээд 33.630.000 төгрөгийг бэлнээр тоолж авсан. Мөнгө авах үедээ Хонгорзул гэж эмэгтэйн хамт ирсэн. Ч.Лхагвадорж нь уг эмэгтэйд надаас авсан мөнгийг зээлж авч өгч байсан юм...” гэх мэдүүлэг г/хх 90/, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 51, 151/, мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтууд /хх 146-149/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад нийт 34.155.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Х  нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч О.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүгдэгч О.Х д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч О.Х  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 536 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар ял шийтгүүлсэн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял буюу 7 сар 3 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол буюу 34.155.000 /гучин дөрвөн сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч О.Х аас гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 2-06 тоотод оршин суух Шарнууд овгийн Дагийсүрэнгийн Жаргал / ЦЗ56031869/-д 525.000 /таван зуун хорих таван мянга/ төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум 9-р баг 4 дүгээр хороолол 1 дүгээр байр 164 тоотод оршин суух Занги овгийн Чимэдийн Лхагвадорж /ФД62042519/-д 33.630.000 /гучин гурван сая зургаан зуун гучин мянга/ төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч О.Х  нь энэ хэрэгт 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 51 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овгийн О.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад 34.155.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х д 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Х д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 536 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 3 /гурав/ хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 3 /гурав/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х аас 34.155.000 /гучин дөрвөн сая нэг зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 2-06 тоотод оршин суух Шарнууд овгийн Дагийсүрэнгийн Жаргал / ЦЗ56031869/-д 525.000 /таван зуун хорих таван мянга/ төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум 9-р баг 4 дүгээр хороолол 1 дүгээр байр 164 тоотод оршин суух Занги овгийн Чимэдийн Лхагвадорж /ФД62042519/-д 33.630.000 /гучин гурван сая зургаан зуун гучин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Х ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 51 /тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН