| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0435/Э |
| Дугаар | 455 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 455
2020 06 10 2020/ШЦТ/455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Т.Б т холбогдох эрүүгийн 2011000000461 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол овгийн Т.Б , 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 28 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Төрөл бүрийн барааны дэлгүүрийн байранд түр оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум, 5 дугаар баг, Туяа/,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Т.Б нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрөл бүрийн барааны дэлгүүрийн байранд иргэн М.Гончигжамбатай архи ууж, улмаар шалтаг шалтгаангүйгээр түүний зүүн гар руу нь олон удаа, нуруу руу нь олон удаа сандлаар цохих, гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 7/,
Хохирогч М.Гончигжамба нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүчит шонхор” захын урд талын төрөл бүрийн барааны дэлгүүрийн манаач Батзориг гэх хүнтэй харуулын байранд нь Экс нэртэй 0.75 литр савлагаатай архи хувааж ууж байсан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний 00 цагийн үед гэнэт Батзориг намайг модон сандлаар зодож байсан, тэгээд би зүүн гараараа хаасан, намайг нэлээн цохиж байгаад унтаад өгсөн, би тэгээд унтаж байгаад 02 цаг 30 минутын үед Батзоригийг сэргээгээд “...Чи намайг сандлаар зодчихлоо...” гэхэд Батзориг “...Өө уучлаарай, манай даргад битгий хэлээрэй...” гэсэн. Тэгээд намайг гаргаад явуулсан. 2020 оны 4 дүгээр сарын 21-ний 20 цагийн үед миний гар өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл гар маань хугарсан байсан. Батзориг миний зүүн гар луу 5-6 удаа, нуруу руу маань 2-3 удаа цохисон. Би 16 цагийн үед архи уугаад унтсан болохоор гайгүй байсан, би бүх зүйлийг санаж байна...” гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч Д.Батдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны 00 цаг 30 минутын үед захирал Болороо эгч залгаад “...Батзориг хүн зодсон байна, чи хүрээд ир...” гэхээр нь би яваад очтол зодуулсан гэх хүн нь байгаагүй. Тэгээд би буцаан гэрлүүгээ явсан. Гончигжамба 2020 оны 4 дүгээр сарын 20-ний 18 цагийн үед согтуу унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны 4945 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...М.Гончигжамбын биед шуу ясны хугарал, зүүн бугалганы цус хуралт, зүүн далны зулгаралт, нурууны цус хуралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шуу ясны гандан хэсгийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад зүүн бугалганы цус хуралт, зүүн далны зулгаралт, нурууны цус хуралт, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 20-21/,
Шүүгдэгч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагын үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Хүчит шонхор захын урд талын төрөл бүрийн барааны дэлгүүрын эзэнтэйгээ газар ухаж байтал Гончингоо гэх даргыг таньдаг ах ирсэн Чончигоо ах зогсож байгаад гадаа хүйтэн байна ганц юм уучихуу гэтэл манай захирал Ганаа ах өөрөө мэдэхгүй юу гэтэл Чончигоо ах өөрөө урд талын дэлгүүр ороод Экс гэх нэртэй 0.5 литрийн савалгаатай архи нэгийг авч ирээд бид гурав хувааж уусан Гончигоо ах муудаад унтаад өгсөн тэгээд орой 18 цагийн үед сэрээд бид хоёр хамт бие засах газар ортол Гончигоо ах одоо ах нь ганц юм уучаад харилаа гээд дахиж дэлгүүр ороод 0.5 литрийн савалгаатай Хараа гэх нэртэй архи авч ирээд бид хоёр галлагааны өрөөнд оруулж тавьчаад би ажилаа хийж байгаад орой 21 цагийн үед орж ирээд бид хоёр архиа хувааж уусан тэгээд Гончигоо ах галын өрөөнд галын хажууд газар унтаад байсан тэгэхээр нь шөнө 00 цагийн үед би агаа босоорой гэтэл надруу уурлаад мангар бацаан минь чамд ямар хамаатай юм гээд миний хувцасруу шүлсээ хаяхаар нь та яагаад байгаан гэтэл надруу дайраад барьцалдаад авсан тэгэхээр нь миний уур хүрээд хажууд байсан модон сандал аваад зүүн гарлуу нь 2 удаа цохисон тэгээд гайгүй болохоор нь би цаашаа өрөөрүүгээ ороод хоол хийж идчээд унтаад өгсөн. 2020.04.21-ны 02 цагийн үед намайг сэрээгээд чи миний гарлуу цохичихлоо адилхан уусан юм чинь хавдартай байна хаалга онгойлгоод өг гэхээр нь би хаалга онгойлгож өгөөд унтсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/,
Хохирогч М.Гончигжамбын гарын зураг /хх 29/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/, шүүгдэгч Т.Б т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 37-41/, хохирогч М.Гончигжамбын гомдол саналгүй гэх хүсэлт /хх 59/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрөл бүрийн барааны дэлгүүрийн байранд иргэн М.Гончигжамбатай архи ууж, улмаар шалтаг шалтгаангүйгээр түүний зүүн гар руу нь олон удаа, нуруу руу нь олон удаа сандлаар цохих, гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 7/, хохирогч М.Гончигжамбын “...2020 оны 4 дүгээр сарын 21-ний 00 цагийн үед гэнэт Батзориг намайг модон сандлаар зодож байсан, тэгээд би зүүн гараараа хаасан, намайг нэлээн цохиж байгаад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 12/, гэрч Д.Батдоржийн “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны 00 цаг 30 минутын үед захирал Болороо эгч залгаад “...Батзориг хүн зодсон байна, чи хүрээд ир...” гэхээр нь би яваад очтол зодуулсан гэх хүн нь байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 17-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны 4945 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 20-21/, шүүгдэгч Т.Б ийн “...Гончигоо ах галын өрөөнд галын хажууд газар унтаад байсан тэгэхээр нь шөнө 00 цагийн үед би агаа босоорой гэтэл над руу уурлаад мангар бацаан минь чамд ямар хамаатай юм гээд миний хувцас руу шүлсээ хаяхаар нь та яагаад байгаан гэтэл над руу дайраад барьцалдаад авсан тэгэхээр нь миний уур хүрээд хажууд байсан модон сандал аваад зүүн гар руу нь 2 удаа цохисон тэгээд гайгүй болохоор нь би цаашаа өрөөрүүгээ ороод хоол хийж идчихээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 27-28/, хохирогч М.Гончигжамбын гарын зураг /хх 29/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Хохирогч М.Гончигжамба нь “...гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Т.Б ийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Мөн шүүхээс шүүгдэгч Т.Б т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овгийн Т.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Т.Б т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН