Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 218

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00037/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар /утас: 7037 7631/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 18-08 тоотод оршин суух Чонод овгийн Ганболдын Ууганбаяр /РД: ТБ89112513, утас: 9505 4434/-т холбогдох

“960.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжин, хариуцагч Г.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөнгөн хөөс угаалгын газрын өргөтгөлийн барилгын ажил аюулгүй ажиллагааны шаардлага  хангахгүй байгаа талаар аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн дээр яригдсаны дагуу очиж үйл ажиллагааг нь түр хориглон зогсоож зөрчлийг танилцуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгсөн. гэтэл 11 дүгээр сарын 02-ны өдөр дахин очиход зөрчлийг арилгаагүй байсан тул 960,000 төгрөгийн торгууль ногдуулсан байгаа. Гэхдээ хариуцагчтай тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа” гэв. 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

“Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжин, хариуцагч Г.Ууганбаяр бид нэхэмжлэлийн шаардлага болох 960,000 төгрөгийг дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

            2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 320,000 төгрөгийг

            2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 320,000 төгрөгийг

            2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 320,000 төгрөгийг Төрийн сан банкны 100 190 000 982 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь хариуцагч Г.Ууганбаяраас 960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу эвлэрэн хэлэлцэж хариуцагч Г.Ууганбаяр Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт төлөх 960,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 320,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 320,000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 320,000 төгрөгийг тус тус Төрийн сан банкны 100 190 000 982 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч хариуцагч Г.Ууганбаяр Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт төлөх 960,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 320,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 320,000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 320,000 төгрөгийг тус тус Төрийн сан банкны 100 190 000 982 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6–д зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 144 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 27.590 төгрөг гаргуулж Төрийн сангийн 100 190 000 941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ч.БАТЧИМЭГ