| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0418/Э |
| Дугаар | 461 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 461
2020 06 11 2020/ШЦТ/461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Хулан,
хохирогч О.Болор-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Нансалмаа,
шүүгдэгч О.А , түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн О.А д холбогдох эрүүгийн 2011000000436 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигин овгийн О.А , 1976 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, дүү, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 2-18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.А нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үржих жаргал” хүнсний дэлгүүрийн гадна зогсож байсан 80-27 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор О.Болор-Эрдэнэтэй маргалдаж, улмаар цаасны хутгаар түүний хүзүү орчимд зүсэж эрүүл мэндэд нь хүзүүнд зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би тухайн өдөр 11-12 цагийн үед хүний машин засчхаад байж байтал манай үйлчлүүлэгч надад 100 грамм архи авч өгсөн. 17 цагийн үед тамхи авахаар явж байгаад хохирогчтой таарсан. Түүний машин дотор О.Энхмөнх сууж байсан. О.Энхмөнх надад би тамхи аваад өгье суучих гээд намайг машинд суулгасан. Машины урд Болор-Эрдэнэ сууж байсан. Би түүнийг юу байна миний дүү гэтэл намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж чи бид хоёр хэзээ ах дүү байсан юм, надад ийм ах байхгүй гэж маш ихээр доромжилсон. Би цагийн дараа тамхиа аваад дэлгүүр орчхоод гараад иртэл үүдэнд машинтайгаа сууж байсан. Би уураа барьж чадалгүй ийм зүйл хийсэн. Миний энгэрийн халаасанд машин засахдаа ашигладаг цаасны хутга байсан. Айлгах гэж тэр хутгыг ашигласан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч О.Болор-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би машин дотроо хүнтэй ажил төрөл яриад сууж байтал О.А 17 цагийн орчим таарсан. Тэгээд машинд орж ирж суугаад намайг архинаасаа хийгээд өг гэсэн. Би хүнтэй ажил ярьж байна. Машинаас буу гэтэл тэр буухгүй гээд архи уух гээд суугаад байсан. Намайг ахын дүү гэхээр нь би надад ийм ах байхгүй гэсэн. Бид маргалдсан. Тэгээд машинаас буухдаа намайг ална даа гээд заналхийлээд буусан. Нэг цаг орчмын дараа дэлгүүрээс гарч явахдаа миний машины хаалгыг татсан. Би зодолдох гэж байгаа юм байх гэж бодтол энгэрийн халааснаасаа том хар иштэй, урт хутга гаргаад намайг хутгалах гэхэд нь би сандраад гараараа хаасан. Хэрэв би хаагаагүй байсан бол амь нас ч эрсдэх боломжтой байсан. Намайг эмчилсэн эмч артерийн судасны хажуугаар хутга зүссэн, маш ойрхон байна, та ус уух хувьтай хүн байна гэж хэлсэн. Одоо О.А цаасны хутгаар зүссэн гэж байна, би хар иштэй, их урт хутга гаргаж ирсэн гэж харсан. Мөрдөн байцаалтын шатанд надад хэргийн материал танилцуулаагүй, зөвхөн миний мэдүүлгийг надад уншуулсан. Тийм учраас би өнөөдөр шүүх хурал дээр л цаасны хутганы талаар мэдлээ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 10-11/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-21/,
Хохирогч О.Болор-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр өөрийн найз Энхмөнхийн хамтаар нэг шил 0.500 граммын архи хувааж уучхаад Энхмөнхийн эхнэр Энхцэцэгийн ажил дээрээс нь очиж авсан тэгээд тэр хоёр намайг гэрт маань хүргэж өгөх болоод бид гурав манай гэрийн ойролцоо түр машиндаа сууцгааж байсан чинь зүс таних Анхтуул гэнэт манай машины урдуур өнгөрч яваад намайг харснаа манай машины арын суудал дээр орж ирээд “Архинаасаа хийчхээч” гэхээр нь би “би энд хүнтэй ажил ярьж байна, яагаад би чамд архи өгдөг юм” гэсэн чинь Анхтуул намайг ахын дүү гэхээр нь уур хүрээд “хоёулаа хэзээ ах, дүү нар байсан юм, чам шиг ах надад байхгүй” гэсэн чинь уурлаад машинаас буухдаа Анхтуул “ална даа чамайг” гээд буусан. Тухайн үед нээх их юм бодоогүй тэгээд Энхмөнх, Энхцэцэг бид 3 Үржих жаргал хүнсний дэлгүүрийн гадна зогсоол зогсоод дахин 0.500 граммын архи аваад уух гээд байж байтал Анхтуул тус дэлгүүрээс гарч ирж байгаа харагдсан. Би машины ард сууж явсан Энхмөнхтэй эргэж хараад юм яриад сууж байтал Анхтуул миний сууж явсан талын машины хаалгыг онгойлгоод маш урт хутгаар хүзүү рүү цохих шиг болсон тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна...”, “...одоогоор надад баримттай нийт 1.527.020 төгрөг байна, цаашид 500.000 төгрөг хэрэгтэй байна. Тийм учраас Анхтуулаас 2.027.020 төгрөг эмчилгээний мөнгө нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх 24-26/,
Гэрч Э.Энхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...урд талын суудал дээр сууж байсан Болор-Эрдэнийн хаалгыг онгойлгоод “ална шүү” гээд энгэрээ уудалж байгаад хар өнгийн иштэй урт хутга гаргаж ирээд буцаагаад далд хийх шиг болохоор нь тоохгүй сууж байтал Болор-Эрдэнийн дуу гарахгүй, хүзүүгээ бариад байхаар нь харсан чинь хүзүүнээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх 29-31/,
Гэрч Э.Энхмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай эхнэр Энхцэцэг “юун цус вэ” гээд орилохоор нь харсан чинь Болор-Эрдэнийн хоолой хэсгээс нь цус гарсан байсан... миний харснаар Болор-Эрдэнийг Анхтуул тэврээд авах үед баруун гартаа нэг хээтэй, урт ир үзүүртэй зүйл барьсан байсан би тухайн үед бодохдоо хутга байна л гэж бодсон, яг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 37-38/,
Гэрч З.Одхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би юу болсон талаар анзаараагүй мэдээгүй дараа нь хяналтын камераа ухрааж үзтэл зогсоол дээр зогсож байсан приус 20 маркийн машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод хутгалж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх 35-36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4770 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...О.Болор-Эрдэнэ-н биед хүзүүнд зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 40-41/,
Шүүгдэгч О.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Гэртээ орж тамхины мөнгө хайгаад олохгүй байхаар нь “Үржих жаргал” дэлгүүр орж зээлээр тамхи авахаар явсан юм. Тэгээд иргэний үнэмлэхээ барьцаанд тавиад 200 граммын Хараа архи авчхаад дэлгүүрээс гарсан чинь Болор-Эрдэнийн сууж явсан приус 20 маркийн машин байхаар нь жолоочийн эсрэг талд сууж явсан Болор-Эрдэнийн хаалгыг онгойлгоод “Чи түрүүн юу гээд байсан бэ? гараад ир” гэсэн чинь Болор-Эрдэнэ “Юу гэнээ лалраа” гэхээр нь энгэрт байсан цаасны хутга гаргаж ирээд айлгах гээд “Зүгээр байгаарай төрлөө мэдээрэй” гээд мөрөн дээр нь цохиод хаалгыг нь саваад цааш алхаж байсан чинь жолоочийн хүрдэн дээр сууж байсан эмэгтэй гарч ирээд “Хүн хутгалчихлаа шдээ” гээд орилохоор нь эргээд харсан чинь Болор-Эрдэнийн зүүн хүзүү хэсэг нь цус болчихсон байхаар тухайн үед айгаад зугтаачихсан юм. ...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би санал нийлж байгаа... би О.Болор-Эрдэнийн биед цаасны хутгаар гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх 53-55/,
“Үржих жаргал” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г “Эд мөрийн баримтаар тооцох тогтоол”, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-10, 13-21/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65/, шүүгдэгч О.А ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 63-64/, Хаан банкны дансны хуулга /хх 66-71/, хохирогч О.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирлын баримт /хх 81-85/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.А нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үржих жаргал” хүнсний дэлгүүрийн гадна зогсож байсан 80-27 УНТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор О.Болор-Эрдэнэтэй маргалдаж, улмаар цаасны хутгаар түүний хүзүү орчимд зүсэж эрүүл мэндэд нь хүзүүнд зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 10-11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-21/, хохирогч О.Болор-Эрдэнийн “...Тухайн өдөр өөрийн найз Энхмөнхийн хамтаар нэг шил 0.500 граммын архи хувааж уучхаад Энхмөнхийн эхнэр Энхцэцэгийг ажил дээрээс нь очиж авсан тэгээд тэр хоёр намайг гэрт маань хүргэж өгөх болоод бид гурав манай гэрийн ойролцоо түр машиндаа сууцгааж байсан чинь зүс таних Анхтуул гэнэт манай машины урдуур өнгөрч яваад намайг харснаа манай машины арын суудал дээр орж ирээд “Архинаасаа хийчхээч” гэхээр нь би “би энд хүнтэй ажил ярьж байна, яагаад би чамд архи өгдөг юм” гэсэн чинь Анхтуул намайг ахын дүү гэхээр нь уур хүрээд “хоёулаа хэзээ ах, дүү нар байсан юм, чам шиг ах надад байхгүй” гэсэн чинь уурлаад машинаас буухдаа Анхтуул “ална даа чамайг” гээд буусан. Тухайн үед нээх их юм бодоогүй тэгээд Энхмөнх, Энхцэцэг бид 3 Үржих жаргал хүнсний дэлгүүрийн гадна зогсоол зогсоод дахин 0.500 граммын архи аваад уух гээд байж байтал Анхтуул тус дэлгүүрээс гарч ирж байгаа харагдсан. Би машины ард сууж явсан Энхмөнхтэй эргэж хараад юм яриад сууж байтал Анхтуул миний сууж явсан талын машины хаалгыг онгойлгоод маш урт хутгаар хүзүү рүү цохих шиг болсон тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 24-26/, гэрч Э.Энхцэцэгийн “...урд талын суудал дээр сууж байсан Болор-Эрдэнийн хаалгыг онгойлгоод “ална шүү” гээд энгэрээ уудалж байгаад хар өнгийн иштэй урт хутга гаргаж ирээд буцаагаад далд хийх шиг болохоор нь тоохгүй сууж байтал Болор-Эрдэнийн дуу гарахгүй, хүзүүгээ бариад байхаар нь харсан чинь хүзүүнээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх 29-31/, гэрч Э.Энхмөнхийн “...манай эхнэр Энхцэцэг “юун цус вэ” гээд орилохоор нь харсан чинь Болор-Эрдэнийн хоолой хэсгээс нь цус гарсан байсан... миний харснаар Болор-Эрдэнийг Анхтуул тэврээд авах үед баруун гартаа нэг хээтэй, урт ир үзүүртэй зүйл барьсан байсан би тухайн үед бодохдоо хутга байна л гэж бодсон, яг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 37-38/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4770 дугаар “...О.Болор-Эрдэнийн биед хүзүүнд зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 40-41/, шүүгдэгч О.А ын “...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би санал нийлж байгаа... би О.Болор-Эрдэнийн биед цаасны хутгаар гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх 53-55/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч О.А нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Хохирогч О.Болор-Эрдэнэ нь эмчилгээний болон бусад зардалд 2.034.568 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, 2 сарын ажилгүй байсан хугацааны цалин 2.200.000 төгрөг нийт 4.734.568 төгрөг нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргаж өгсөн баримтуудаас дүгнэхэд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд түүнд учирсан гэмтэл хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй талаар шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин баримтаар нэхэмжилсэн эмчилгээний болон өмгөөлөгчийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож 2.534.568 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.А нь хохирогчид нийт 1.343.000 төгрөгийг төлсөн байх тул нийт хохирлоос үлдэх 1.191.568 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүхээс шүүгдэгч О.А д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч О.А нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А ын цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, нэг ширхэг цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овгийн О.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А аас 1.191.568 төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, сурагчийн 1-2 тоотод оршин суух Одлохбатын Болор-Эрдэнэ /ЧР87012314/-т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 2.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.А нь хохирогчид 1.343.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН