Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 572

 

 

 

2020           06           16                                 2020/ШЦТ/572   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,  

            Шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 200901170701 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 хэсэг стадион оргил, 90 байх 17 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 3 дугаар сарын 20-ноос 2020 оны 3 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Номын сангийн автобусны буудлын орчим хохирогч Б.Энхжаргалтай “таксины төлбөр төл эсхүл буу” гэх шалтгааны улмаас маргалдан цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009012170701 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 20-ны шөнө Дүнжингарав худалдааны төвийн гэрлэн дохиотой уулзварын урд талаас такси бариад Улаанбаатар Сувилалын урд талд цуг явж байсан хүнээ буулагчихаад “Энхтайваны гүүр даваад бууя” гэж хэлээд явсан. Таксины жолооч Энхтайваны гүүр даваад зогсохгүйгээр Төв номын сан өнгөрөөд хойд талд нь зогссон. Би “хэд гарсан юм бэ” гэхэд “7000 төгрөг гарсан” гэсэн. Интернэт банкаар шилжүүлэх хооронд намайг хэл амаар доромжлоод “би цуг яваа хүүхнийг чинь танина, чи ширэн цүнх барчихаад надад мөнгө өгч чадахгүй” гээд байсан. Тэгээд маргаан эхэлсэн. Таксины жолооч бууж ирээд хаалга онгойлгоод намайг заамдаад татсан. Тэгэхээр нь би түлхэхэд таксины жолооч эргээд суусан. Би бичлэг хийгээд “дансны дугаараа хэлчих” гэхэд “би чамд хэлэхгүй, чи гуйлгачин юугаа өгдөг юм бэ” гээд байсан. Би “чи юу гээд гуйлагчин гээд байгаа юм бэ” гээд хүзүү хэсгээс нь татсан. Тэгээд маргаан болоод машинаас буугаад нэг харанхуй буланд очоод бид 2 барилцаж аваад тэр залуу миний утсыг аваад өгөхгүй байсан. Би “хамт яваад АТМ ороё” гэж хэлэхэд “гар утас чинь надад байж байг” гэж хэлсэн. Би гар утсаа авах гээд гарнаасаа барьтал жижиг хар өнгөтэй поронцос түлхүүрээр миний гар руу 2 удаа цохисон. Би хаяаад явах гэснээ болиод бид 2 хоорондоо ярилцаад АТМ ороод мөнгө аваад мөнгийг нь өгөөд “одоо ингээд явлаа” гэсэн чинь “явуулахгүй” гээд намайг залхаагаад миний утсыг аваад бичлэг устгасан. Би гар утсаа хаяаад явсан чинь араас хүрч ирээд миний утсыг өгөөд “уучлаарай хөгшөөн” гээд яваад өгсөн. Би дунд зэргийн согтолттой байсан. Би тухайн залуутай ноцолдож барьцалдаж авч байгаад тухайн гэмтлүүдийг учруулсан байх гэж бодож байна. Бусдаар бид хоёр зодолдсон асуудал байхгүй. Би тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Энхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 20-ны 22 цагийн орчим Хан-Уул дүүрэгт байрлах Хурд рапид хорооллоос гарч яваад Дүнжингарав худалдааны төвийн замын эсрэг талаас эрэгтэй эмэгтэй 2 хүн гар өргөхөөр нь таксинд явах гэж суулгасан. Тухайн суусан эмэгтэй “Улаанбаатар сувилал орно” гэсэн. Имартын гэрлэн дохиогоор зүүн эргээд явж байтал ард сууж явсан эрэгтэй нь “чи яаж яваад байгаа юм” гээд уурлаад байсан.  UB town өнгөрөөд тухайн эмэгтэй буусан. Эрэгтэй нь үлдээд “энд буух юм уу цаашаа явах юм уу” гэхэд тухайн эрэгтэй “Оргил орно” гэсэн. Би “Оргил дээр ирчихлээ” гэхэд тухайн эрэгтэй гар утсаа оролдож байгаад “120 орчих” гэсэн. “120 дээр ирчлээ” гэхэд “Энхтайвны гүүр даваад бууна” гэхээр нь би чигээрээ яваад Энхтайвны гүүр давсан. Тухайн хүн дугарахгүй байхаар нь би чигээрээ яваад байх юм бодоод чигээрээ яваад номын сангийн автобусны буудал дээр ирсэн. Тэр эрэгтэй “гүүр даваад буух байсан, чи яагаад энэ хүртэл явж байгаа юм” гээд хэлэхээр нь би тэр эрэгтэйд “та гүүр даваад явчих гэснээс гүүр даваад зогсчих гэж хэлээгүй” гэхэд тэр эрэгтэй намайг “чи муу аалз хүнтэй яаж харьцаад байгаа юм, чамайг ална шүү аалз минь” гэхээр нь би тэр хүнд “та ингэж болохгүй таксины хүн гэхээр энгэж харьцаж болохгүй хүн ална гэдэг чинь хуультай байдаг шүү” гэсэн. Араас “ална, чамайг алцан байхад яадаг юм” гээд дайраад араас цамцнаас татаад миний өмсөж явсан цамц куртикны цахилгаануудыг мулт татаад эвдсэн. Тэр хүнд “таксины мөнгө болох 7500 төгрөгөө төлөөд буу эсвэл би таниас мөнгө авахгүй одоо буу” гэсэн. Тэр согтуу залуу намайг чирээд харанхуй гудамж руу дагуулж ороод бүх хувцасаа тайлаад “алалцая” гээд намайг цамцаар боосон. Би ухаан алдах гээд доошоо сууж байхад гарт нэг зүйл тааралдахаар нь тухайн хүний гар дээр цохих үед тэр хүн цамцаар боож байснаа больсон... “би чамайг ална” гээд гүйж ирээд намагй тохойгоороо шанаадах үед би хойшоо болоход тэр эрэгтэй миний зүүн хөл рүү өшиглөсөн. Цамцаар боогоод байхаар нь арай хийж мултарсан. Тэр үед хүзүү улаасан бас гар маажсан. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 10-13 дугаар хуудас/,

 

“Натур эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3876 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №527 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. ШШҮХ-ийн шинжээчийн 2020.03.21-ний 3876 тоот дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Б.Энхжаргал нь тухайн үед шинжилгээ дутуу байсан учир гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байжээ.

3. 2020.03.21 өдрийн шилбэний зургийг ГССҮТ-н үзлэгт тахилзуур ясны хугарал гэж оношилсон бөгөөд нарийн мэргэжлийн эмч нар эрс зөрүүтэй уншиж байгаа тул шилбэний гэмтлийн талаар дүгнэлт гаргах боломжгүй байна.

4. 2020.03.21-ний өдөр гэмтсэн гэж ГССҮТ-д үзүүлсэн бичиг байна.

5. 2020.03.21-ний өдөр үзүүлсэн гэх 3876 дүгнэлтэнд зүүн хөлийн шилбэнд гөлтгөнөн боолт хийгдсэн, хүзүүний баруун зүүн хэсэгт хөндлөн улаан ягаан цоохортсон цус хуралттай, баруун завжинд шархтай, зүүн гарын дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдсон байна.

6. Дээрх биеийн ил хэсгийн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

           

Шинжээч С.Одончимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...өмнөх дүгнэлтээр “ясны хугарал” гэсэн ГССҮТ-ийн бичиг байгаа нь зүгээр нүдээр үзэж дүгнэсэн ямар нэгэн КТГ зурагт үндэслээгүй бичиг байгаа тул энэ нь зургаар батлагдаагүй гэсэн үг. Иймд Энхжаргалын биед шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл байхгүй. CD, зураг /ренген/ зэрэгт хугарал байгаагүй. Хүзүүний гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Завжны шарх нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, 

 

Шүүгдэгч Ц.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/,  хохирогчийн хүсэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 3 дугаар сарын 20-ноос 2020 оны 3 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Номын сангийн автобусны буудлын орчим хохирогч Б.Энхжаргалын автомашинаар үйлчлүүлж байхдаа “таксины төлбөр төл эсхүл буу” гэсэн шаардлагыг хүлээн авалгүй маргалдаж түүний биед хүч хэрэглэж эрүүл мэндэд “хүзүүний баруун зүүн хэсэгт хөндлөн улаан ягаан цоохортсон цус хуралттай, баруун завжинд шархтай, зүүн гарын дээд хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энхжаргалын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №527 дугаартай дүгнэлт, шинжээч С.Одончимэгийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Энхжаргалын биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Бийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчтой эвлэрсэн, төлөх төлбөргүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхжаргалаас “...өөрийн биеэр ирж уучлалт гуйж эвлэрсэн...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 64 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН