| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 157/2016/00259/И |
| Дугаар | 269 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Төв аймгийн Баянзүрх суманд 1966 оны 02-р сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, бэхэлгээчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 49-р байрны 40 тоотод оршин суух, РД:НХ66022817 Боржигин овогт Ширнэнгийн Хуягтбаатарын хүсэлттэй хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Хуягтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Хүсэлт гаргагч Ш.Хуягтбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1974 онд сургуульд орж, 1982 онд илгээлтийн эзнээр Цэнхэрмандал суманд байрлах Модотын цагаан тугалганы үйлдвэрт бункирчнаар ажилд орж ажиллаж байгаад 1983 онд Унгар улс руу сургуульд явсан. 1991 оноос 2016 он хүртэл Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт бэхэлгээчнээр ажиллаж байна. Улсад нийт 34 жил ажилласан. Намайг төрүүлсэн ээжийг Ж.Чимэдцэрэн гэдэг, төрөнгүүт ээж намайг өөрийн ах Ширнэндээ өргүүлсэн. Төрсний гэрчилгээнээс бусад нь аав Ширнэнгээр овоглосон байдаг, Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэрийг олгохдоо ээж Чимэдцэрэнгийн нэрээр бичиж өгөөд засварласан байсан. Иргэний үнэмлэхийг олгохдоо эцэг Ж.Ширнэнгээр овоглосны улмаас дээрх бичиг баримтууд маань овог, нэрийн зөрчилтэй болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний 1982, 1995 онд нээлгэсэн дэвтэрүүдийн овог засвартай байна. Иймд 1982-6-20-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, 1995-2-15-ны өдөр олгогдсон 246445-р Нийгмийн даатгалын дэвтэрийн эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Хүсэлт гаргагч Т.Хуягтбаатар нь 1982-6-20-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, 1995-2-15-ны өдөр олгогдсон 246445-р Нийгмийн даатгалын дэвтэрийн эзэмшигч болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Модотын цагаан тугалганы үйлдвэрээс 1982-6-20-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс олгосон 1995-2-15-ны өдөр олгогдсон 246445-р Нийгмийн даатгалын дэвтэрийн эзэмшигч Ширнэнгийн Хуягтбаатар мөн болох нь Улсын бүртгэлийн төв архиваас олгосон Төрсний бүртгэлийн лавлагаа, ХЭ №1420167 Иргэний паспортын хуулбар, гэрч Ш.Билэгмаа, Ч.Сэвжидмаа нарын мэдүүлэгээр нотлогдож байх тул хүсэлтийг бүхэлд хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1; 116; 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэхь хэсэгт зааснаар Модотын цагаан тугалганы үйлдвэрээс 1982-6-20-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс олгосон 1995-2-15-ны өдөр олгогдсон 246445-р Нийгмийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигч Ширнэнгийн Хуягтбаатар болохыг тогтоосугай.
2. Улсын тэмтэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдюэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар Ш.Хуягтбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА