Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00708

 

С.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03520 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 132 дугаар магадлалтай,

                                                                                                                       

С.Ч-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох

Хууль бусаар барьсан хашааг буулгуулах, бохирын худаг, дулааны шугамыг зайлуулж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Ч- нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 сарын 30-ны өдрийн А/975 дугаар шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 410 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшдэг. Уг газрыг барилга байгууламж барих болзолтойгоор 2 жилийн хугацаагаар олгосон ба Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 сарын 25-ны өдрийн А/245 тоот захирамжаар 5 жилийн хугацаагаар сунгасан. Гэрээний дагуу эзэмшлийн газрынхаа 70 хувьд барилга барихаар тусгагдсан бөгөөд орон сууцны зориулалтаар барилга барихаар зураг төслөө гүйцэтгүүлэн ажлаа эхлүүлэх гэсэн боловч “С” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлээс шалтгаалан хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. “С” ХХК-д Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нэхэмжлэгч миний эзэмшлийн газрын зүүн талд 4000 м.кв газрыг ашиглуулахаар эрх олгосон байдаг. Гэтэл “С” ХХК нь гэрээгээр олгогдсон газраасаа хэтрүүлэн Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж тус тус заасныг зөрчин миний эзэмшлийн газраас 20 м.кв талбайд нь зөвшөөрөлгүй хашаа барьсан. Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ гэж заасныг болон Иргэний хуулийн хөршийн эрхтэй холбоотой заалтуудыг тус тус зөрчин Сакура хотхоныхоо гадна ус хангамж, ариутгах татуургын 3 ширхэг бохирын худаг, дулааны шугамаа зөвшөөрөлгүйгээр миний эзэмшлийн газрын доогуур татсан. Дээрх хууль зөрчсөн үйлдлийн улмаас миний эзэмшлийн газарт барилга барих боломжтой талбай нь 70 хувь биш 30-40 хувьд ч хүрэхээргүй болон багасч, улмаар Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан гэрээний дагуу зураг төслөө гүйцэтгүүлсэн барилгаа барьж чадахгүй байдалтай байна. Дээрх зөрчлийг арилгуулахаар хариуцагч талд удаа дараа хандаж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан тул зөрчлийг шалгуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт гомдол гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 09 сарын 05-ны өдрийн 02-10/-2739 тоот дүгнэлтээр “С” ХХК нь Газрын тухай хууль болон Иргэний хуулийн заалтуудыг зөрчсөн талаар тогтоосон. Дээрх дүгнэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газар, “С” ХХК-д тус тус хүргүүлсэн болно. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны газар ашиглалт хариуцсан хяналтын мэргэжилтэн Ч.Бум-Эрдэнэ нь гомдлыг шалгаад бусдын эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй хашаа, бохирын худаг барьж, дулааны шугам татсан болохыг тогтоож, тус газрыг чөлөөлөхийг “С” ХХК-д даалгасан. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй барьсан хашаагаа 2014 оны 02 сарын 15-ны дотор буулгаж, бусдын эзэмшлийн газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч “С” ХХК-ийн зүгээс төрийн байгууллагуудын хуулийн дагуу гаргасан дээрх шаардлагыг биелүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй болно. “С” ХХК нь дээрх мэдэгдлүүдийн дагуу дулааны шугамыг өөрсдийн барилга дотор оруулан татах, бохирын худгийг зөөвөрлөх болохоо албан бичгээр 2014 оны 03 сарын 14-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт мэдэгдсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч надад ч мөн дээрх хариуг өгсөөр өнөөдрийг хүрсэн ч амлалтандаа хүрэлгүй 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Иймд хариуцагчийн хууль бусаар барьсан хашаа, бохирын худаг, дулааны шугамыг зайлуулж газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 сарын 19-ний өдрийн 678 дугаар захирамжаар “С” ХХК-д Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газар эзэмших эрх олгогдсон. Энэ газар Сакура вилла амины орон сууцыг барьж 2013 оны 10 сарын 08-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн. Тус амины орон сууцны хотхоны гадна ус хангамж, ариутгах татуургын зураг төслийг тусгай зөвшөөрөл бүхий ЦНТ ХХК-аар 2012 онд гүйцэтгүүлж, Ус сувгийн удирдах газрын 200/09 тоот техникийн нөхцлийн үндсэн дээр цэвэр, бохир ус, дулааны шугам угсралтын ажлыг хийлгэсэн. Амины орон сууцны хотхоныг улсын комисс хүлээн авсан, амины орон сууц тус бүр нь хууль ёсны өмчлөгчтэй болсон тул тухайн хотхоны ус хангамж, ариутгах татуургын нэгдсэн шугам сүлжээ нь тухайн орон сууцны өмчлөгч нарын эзэмшлийн шугам сүлжээ юм. Түүнчлэн гадна ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх явцад аливаа иргэн хуулийн этгээдээс эзэмшлийн газар дээр шугам сүлжээний ажил гүйцэтгэлээ гэж гомдол санал гаргаж байгаагүй, төрийн захиргааны байгууллагаас гадна ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлын зураг төслийг болон хотхоны байнгын ашиглалтанд хүлээн авахдаа хөрш зэргэлдээ байгаа газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн, бусдын хууль ёсоор эзэмшиж байгаа газар дээр шугам сүлжээ байгуулсан талаар дүгнэлт хийгээгүй, шаардлага тавьж байгаагүй. “С” ХХК-ийн барьсан амины орон сууцны хотхон нь төвлөрсөн цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнээс алслагдсан бөгөөд хотхоны оршин байгаа газрын эргэн тойрон бусдын эзэмшил газраар хүрээлэгдсэн байна. Үүний учир Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д эзэмшил газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан хий усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байгуулах эрхтэй хэмээн заасны дагуу тус шугам хоолойг тавих эрхтэй. Тус газрууд нь төвлөрсөн цэвэр, бохир ус, дулааны шугамаас алслагдсан бөгөөд төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийхдээ барилгын дэд бүтэц дамжин өнгөрөх зурвас гаргаагүйн улмаас маргаан үүсч байна. Энэ нь талуудын харилцан ойлголцлын үр дүнд шийдэгдэх ёстой. Тэр ч үүднээсээ “С” ХХК-ийн зүгээс орон сууцны зориулалтаар газрыг эзэмшиж байгаа эзэмшигчид болох нэхэмжлэгч болон зэргэлдээ орших газрын эзэмшигч Т.Одбаяр нарт уг шугам хоолойг хэвээр үлдээж харин бодит зардлыг хуваан төлж өөрийн газар дээр барилгын цэвэр, бохир ус, дулааны шугамыг шууд салаалан авахыг санал болгосон. Т.Одбаяр тус саналыг хүлээн зөвшөөрч хамтран ажиллахаар болсон. Харин нэхэмжлэгч нь зөвшөөрөөгүй бөгөөд ийнхүү маргаан үүсч нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03520 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ч-ийн эзэмшлийн 20 м.кв газарт баригдсан хашаа, бохир усны 3 худаг, бохир усны шугамыг зайлуулж, газар чөлөөлөхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ч-т олгож шийдвэрлэжээ.

                                               

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 132 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/03520 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 132 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба талуудын хоорондын харилцааг буруу дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Магадлалын Хянавал хэсэгт “Хөршийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн газарт барилга байгууламж барих үйлдлийг санаатай хийсэн тохиолдолд Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасан хамгаалалтыг буруутай этгээд авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагаар тодорхойлуулсан эсхүл эрх бүхий байгууллагад буруу мэдээлэл өгсний үндсэн дээр болгоомжгүйгээр хөршийн хил зөрчсөн тохиолдолд хуулийн хамгаалалтыг хөршийн хил зөрчигч хуулиар олж авах, газар эзэмшигч уг зөрчлийг хүлээх үүрэгтэй болох юм”, “газар эзэмших эрхийг иргэн С.Ч-т шилжүүлсэн нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх тодорхойгүй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч "С” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар, давж заалдах шатны гомдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх тодорхойгүй байсан гэх тайлбар бус "С” ХХК нь барилга барих, бохирын худаг, бохирын болон дулааны шугамын зураг төсөл боловсруулах, батлуулах, барьж байгуулах үед тухайн газар нь эзэмшигч этгээдтэй нь тодорхойгүй байсан буюу өөрөөр хэлбэл тухайн газар нь хоосон, тэмдэг тэмдэглэгээ байхгүй, газар эзэмшигчтэй гэх шинжгүй байсан юм. “С” ХХК-ийн барьсан Сакура вилла хотхон нь нийтийн шугам сүлжээнд шууд холбогдох боломжгүй байсан тул бохирын болон дулааны шугамыг нийтийн шугам, сүлжээнд холбох шаардлагатай байсан. Нийтийн шугам сүлжээнд холбогдохын тулд эрх бүхий байгууллага болох “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Ус сувгийн удирдах газар”-аас тус тус техникийн нөхцөл авсан. Улмаар техникийн нөхцөлийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий “ЦНТ” ХХК-иар тус бохирын худаг, бохирын болон дулааны шугамын зураг төслийг боловсруулсан. Барилгын бохирын худаг, бохирын болон дулааны шугамын зураг төслийг хянуулан батлуулахаар Барилгын хөгжлийн төвд өгсөн бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс 2013 оны 08 сарын 08-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн 829/2013 дугаартай “Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт” гаргаж зураг төслийг баталсан. “С” ХХК нь санаатайгаар иргэн С.Ч-ийн газар дээгүүр бохирын худаг, бохирын болон дулааны шугам барьж байгуулаагүй. Харин иргэн С.Ч- нь эзэмшлийн газартаа хашаа татаагүй, тэмдэг тэмдэглэгээ тавиагүйн улмаас тухайн газар нь эзэмшигч этгээдтэй гэх шинжгүй байсан тул “С” ХХК нь нийтийн шугам сүлжээнд холбогдохоор эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөл авч, тусгай зөвшөөрөл бүхий компаниар зураг төсөл боловсруулан, Барилгын хөгжлийн төвөөр хянан батлуулж, барилга барих зөвшөөрлийн үндсэн дээр тухайн газар нь эзэмшигч этгээдгүй гэж ойлгож болгоомжгүйгээр бохирын худаг, бохирын болон дулааны шугамыг барьж байгуулсан. Иймд давж заалдах шатны шүүхээс “С” ХХК нь иргэн С.Ч-ийн эзэмшлийн газрыг мэдсээр байж санаатайгаар бохирын худаг, бохирын болон дулааны шугамыг барьж байгуулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд иргэн С.Ч- нь тухайн бохирын худаг, бохирын болон дулааны шугамыг барьж байгуулах явцад гомдол, шаардлага гаргаж байгаагүй учир Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т заасны дагуу “С” ХХК-ийн үйлдлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй байна.

Магадлалын Хянавал хэсэгт “нэхэмжлэгч С.Ч-ийн газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүргийг түүний хөрш газрыг ашиглах эрх бүхий хариуцагч “С” ХХК хүлээх ба тэрээр аливаа үйлдлээр хөршийн газрын эрхийг зөрчихгүй байх бүхий л нөхцлийг өөрөө бүрдүүлэх үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулах учиртай” гэж дүгнэсэн байдаг. “С” ХХК нь бохирын усны 3 худаг, бохирын усны шугам, дулааны шугамыг барьж байгуулахдаа өөрийн зүгээс авах ёстой бүхий л арга хэмжээг авсан байдаг. Үүнд: “С” ХХК нь тухайн газар нь хоосон байсан, тухайн барилга байгууламжийг барьж эхлэхээс дуусах хүртэл газрын эзэмшигч гэх хүн ирж байгаагүй тул эзэмшигчтэй гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар гэдгийг мэдээгүй тул эхлээд зохих байгууллага болох “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК, Ус сувгийн удирдах газраас тус тус техникийн нөхцөл авсан. Техникийн нөхцлийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий “ЦНТ” ХХК-иар тус бохирын худаг, бохирын болон дулааны шугамын зураг төслийг боловсруулсан. Бохирын худаг, бохирын болон дулааны шугамын зураг төслийг барилгын хөгжлийн төвөөр батлуулж, 2013 оны 08 сарын 08-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн 829/2013 дугаартай “Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт”-ийг гаргуулан авсан байдаг. 2013 оны 10 сарын 08-ны өдөр 2013/259 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар барилга байгуулж, бохирын худаг, бохирын болон дулааны шугамыг улсын комисс хүлээн авсан байдаг. Дээр дурдсанаар хариуцагч “С” ХХК бохирын худаг, бохирын болон дулааны шугамыг барьж байгуулахдаа өөрсдийн зүгээс авч болох хуульд заасан бүхий л арга хэмжээг авсан. Тус зураг төслийг баталсан Барилгын хөгжлийн төв нь тухайн бохирын худаг байрлах болон бохирын шугам, дулааны шугам дамжин өнгөрөх газрыг эзэмшигчтэй эсэх, эзэмшигч байгаа тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүднээс шийдвэрлэх ёстой байсан.

Барилгын хөгжлийн төвөөс боловсруулсан зураг төслийг баталсан, мөн газрын эзэмшигч гэж аливаа этгээд шаардлага гаргаж байгаагүй учир манай компани олгосон зөвшөөрлийн дагуу барилгыг барьж гүйцэтгэсэн. Иймд “С” ХХК нь нийтийн шугам сүлжээнд холбогдохын тулд өөрийн авч болох бүхий л арга хэмжээ буюу техникийн нөхцөл авч, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаа зураг төсөл боловсруулан, Барилгын хөгжлийн төвөөр батлуулж, барилга барих зөвшөөрлийн үндсэн дээр тухайн бохирын худаг, бохирын болон дулааны шугамыг барьж өөрийн зүгээс хууль ёсны бүхий л нөхцлийг бүрдүүлсэн.

“С” ХХК-ийн бохирын худаг, бохирын болон дулааны шугам барьсан үйлдэл нь хууль ёсны эсэх талаар: Барилгын хөгжлийн төв нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.3-т заасны дагуу, харин “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Ус сувгийн удирдах газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.4-т заасны дагуу тус тус захиргааны байгууллага юм. “С” ХХК нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл авч, Барилгын хөгжлийн төвөөр зураг төслөө батлуулж, барилгын ажил явуулах зөвшөөрөл авсан бөгөөд тухайн техникийн нөхцөл, “Зураг төслийн баримт бичгийн ерөнхий магадлал”, барилга барих зөвшөөрлийн хууль бус талаар ямар нэгэн гомдол гараагүй, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа юм. Иргэний хэргийн шүүхээс Захиргааны байгууллагын гаргасан шийдвэр, актыг хууль бус гэж үзэх эрх байхгүй бөгөөд Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, актыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг Захиргааны хэргийн шүүхээс тогтоох юм. Иймд иргэн С.Ч-т газар эзэмших эрх олгосон шийдвэр, “С” ХХК-д олгосон техникийн нөхцөл, Зураг төслийн баримт бичгийн ерөнхий магадлал, барилга барих зөвшөөрлийн аль алиныг нь шууд хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул Захиргааны хэргийн шүүхээс аль нэг захиргааны актыг хууль бус талаар шийдвэр гараагүй байхад “С” ХХК-ийн бохирын худаг, бохирын болон дулааны шугам барьсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрхээс дүгнэвэл “С” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу бохирын худаг, бохирын болон дулааны шугамыг барьж байгуулсан учир санаатайгаар бус болгоомжгүйгээр иргэн С.Ч-ийн эзэмшлийн газар гэдгийг мэдээгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасны дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч С.Ч- нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан хууль бусаар барьсан хашаа, бохирын худаг, дулааны шугамыг зайлуулж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр зураг төсөл гаргуулан барьж гүйцэтгүүлсэн, улсын комисс хүлээн авсан, мөн түүний газар төвлөрсөн шугам сүлжээнээс алслагдсан, бусдын эзэмшил газраар хүрээлэгдсэн тул нэхэмжлэгчийн газраар дамжин өнгөрөх шугам хоолойг тавих эрхтэй гэж маргажээ.

Иргэн Ж.Бат-Солонготой 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч С.Ч- нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд байршилтай 410 м.кв орон сууцны зориулалттай газрыг  Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамж, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж байгаад энэ болон гэрээ, гэрчилгээний хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 2 жилээр, 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 5 жилийн хугацаагаар сунгасан тухай баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгчийг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.  

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 678 дугаар захирамжаар хариуцагч “С” ХХК-д Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд 4 000 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр хариуцагч нь уг газарт 9 айлын амины орон сууц барьж, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтад оруулсан, дээрх газрын зарим хэсгийг орон сууцны өмчлөгч нарт шилжүүлж өгснөөр одоогоор 367 м.кв газрыг ашиглаж байгаа болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, холбогдох баримт хэрэгт авагдсан байна. 

Нэхэмжлэгч С.Ч-ийн болон хариуцагч “С” ХХК-ийн эзэмшлийн газар давхцаагүй, “С” ХХК нь С.Ч-ийн эзэмшлийн газрын 20 м.кв талбайд хашаа, бохирын худаг, дулааны шугам барьсан нь хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчөөгүй.

Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзэх ба хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын эзэмшилд байгаа газар нь хөрш залгаа байршилтай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2 дахь хэсэгт нийцсэн байна.  

Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй гэж Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан ба хариуцагч нь өөрийн газрыг төвлөрсөн шугам сүлжээнээс алслагдсан, бусдын эзэмшил газраар хүрээлэгдсэн буюу нэхэмжлэгчийн газарт дайран өнгөрөх шугам сүлжээ барих зайлшгүй шаардлагатай гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж, мөн 48.3-т “газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ” гэж тус тус заасан байна.

Газрын тухай хуульд зааснаар хариуцагч тухайн шугам сүлжээг барих үед нэхэмжлэгчийн газрын хил, зааг тодорхой байсан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчээс газрыг нь хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардаж байсан баримт байхгүй, нэхэмжлэгчтэй хэлэлцэн тохиролцож, газрыг нь хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх хариуцагчид үүссэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д зааснаар “зөрчлийг хүлээн зөвшөөрөх” үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газраас хариуцагч “С” ХХК-д явуулсан газар чөлөөлөх мэдэгдлийг өгч байсан боловч хариуцагч шаардлагыг биелүүлээгүй, түүнчлэн хариуцагч нь тус компанийн газрын баруун талыг газар эзэмшигч иргэн С.Ч-тэй зөвшилцөн “Сакура вилла” хотхоны баруун талын бохирын худгийг зөөвөрлөх талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/06 дугаар мэдэгдэл хүргүүлж байсан тухай байна. / I-хх-24,28/

Нэхэмжлэгч С.Ч-ийн эзэмшлийн 20 м.кв газарт бохир усны 3 худаг, бохир усны шугам, хашаа барин эзэмшиж буй хариуцагч “С” ХХК-ийн эзэмшлийг хууль ёсных гэж үзэх үндэслэлгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай, тухайн зохицуулалт зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралгүй юм.

Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч С.Ч-ийн эзэмшлийн 20 м.кв газарт бохир усны 3 худаг, бохир усны шугам, хашаа барин эзэмшиж байгаа, тухайн газар нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшилд байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх бөгөөд хариуцагчийг шударга бус эзэмшигч гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар хариуцагчаас газраа чөлөөлөхийг шаардах эрхтэй гэж дүгнэн хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт “...хашаа, бохир усны 3 худаг, бохир усны шугамыг зайлуулж,” гэснийг найруулгын хувьд өөрчилнө. Учир нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага нь өөрийн эзэмшлийн 20 м.кв газраа чөлөөлүүлэх болохоос биш, харин яаж чөлөөлөх аргын тухай биш байна. Түүнчлэн тухайн газар дээр шийдвэрт дурдсанаас гадна хариуцагчийн өөр бусад обьект бий болсон байхыг үгүйсгэхгүй тул газар чөлөөлөх аргыг биш харин газар чөлөөлөхийг хариуцагчид даалгах нь зөв болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 132 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ч-ийн эзэмшлийн 20 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч “С” ХХК-д даалгасугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч “С” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

                            ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН