Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 472

 

2020        06          15                                   2020/ШЦТ/472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч Б.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Харчу овгийн Б.Б д холбогдох эрүүгийн 2011000000560 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчу овгийн Б.Б , 1975 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 31-70 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б  нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 31 дүгээр байрны гадаа хохирогч Ш.Энхзаяаг ажилд оруулж өгнө гэж худал ярилаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зүүн чих орчим нь модоор цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

Эрүүгийн офицер, цагдаагийн ахмад Ш.Анхбаярын илтгэх хуудас /хх 54/,

Хохирогч Ш.Энхзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрлүүгээ орох гээд Баавгайтай цэцэрлэгийн хажуугаар гараад явж байхад Батжаргал дуудаад чи ажилд оруулж өгнө гэж яриад байсан юу болсон бэ?, Чи дандаа худлаа ярих юмаа, чамайг ахтай чинь нийлүүлж байгаад ална шүү гэхээр нь дургүй хүрээд Батжаргалын хамар руу нэг удаа цохитол хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Гэрлүүгээ орж угаагаад ирье гээд явсан, удалгүй буцаж гарч ирээд хаанаас авсныг мэдэхгүй мод барьж ирээд миний зүүн чих рүү нэг удаа цохитол миний чих сэтэрсэн...” гэх мэдүүлэг /хх 12-13/,

Гэрч Г.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлгээс гарч ирээд гэрийнхээ хажууд явж байхад Энхзаяатай таарч уулзахад зүүн чихэндээ оёо тавиулсан байхаар нь яасан юм гэхэд Батжаргалтай муудалцаад Батжаргалд цохиулчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5516 дугаар дүгнэлтэнд: “...Ш.Энхзаяагийн биед зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 30-31/,

Шүүгдэгч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энхзаяа намайг цохихоор нь уурандаа газар байсан модыг аваад Ш.Энхзаяагийн чих рүү цохиж түүнд хөнгөн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх 37-39/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 41/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 152 дугаар тогтоол /хх 62/, шүүгдэгч Б.Б ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 59/, хохирогч Ш.Энхзаяагийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 60/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б  нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 31 дүгээр байрны гадаа хохирогч Ш.Энхзаяаг ажилд оруулж өгнө гэж худал ярилаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зүүн чих орчим нь модоор цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, эрүүгийн офицер, цагдаагийн ахмад Ш.Анхбаярын илтгэх хуудас /хх 54/, хохирогч Ш.Энхзаяагийн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрлүүгээ орох гээд Баавгайтай цэцэрлэгийн хажуугаар гараад явж байхад Батжаргал дуудаад чи ажилд оруулж өгнө гэж яриад байсан юу болсон бэ?, Чи дандаа худлаа ярих юмаа, чамайг ахтай чинь нийлүүлж байгаад ална шүү гэхээр нь дургүй хүрээд Батжаргалын хамар руу нэг удаа цохитол хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Гэрлүүгээ орж угаагаад ирье гээд явсан, удалгүй буцаж гарч ирээд хаанаас авсныг мэдэхгүй мод барьж ирээд миний зүүн чих рүү нэг удаа цохитол миний чих сэтэрсэн...” гэх мэдүүлэг /хх 12-13/, гэрч Г.Баттулгын “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлгээс гарч ирээд гэрийнхээ хажууд явж байхад Энхзаяатай таарч уулзахад зүүн чихэндээ оёо тавиулсан байхаар нь яасан юм гэхэд Батжаргалтай муудалцаад Батжаргалд цохиулчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 24-25/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5516 дугаар дүгнэлтэнд: “...Ш.Энхзаяагийн биед зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 30-31/, шүүгдэгч Б.Б ын “...Энхзаяа намайг цохихоор нь уурандаа газар байсан модыг аваад Ш.Энхзаяагийн чих рүү цохиж түүнд хөнгөн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх 37-39/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Ш.Энхзаяа нь “...бид 2 сайн дураар эвлэрч хохирлын маргаангүй болсон...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Б  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овгийн Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН