Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 581

 

 

 

 

 

 

 

 

 

2020           06          17                                    2020/ШЦТ/581  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гд холбогдох эрүүгийн 2009011760587 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловролтой, барилгын завсарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр баг 6 айл тоотод оршин суух, урьд:

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ял эдэлж дууссан,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Т.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын задгай тоот гэртээ хамтран амьдрагч Л.Нарангэрэлийг “эрүүл мэндээ бодохгүй архи хэтрүүлэн хэрэглэж байна гэх шаардлагыг хүлээн авахгүй урдаас хэрэлдэж эсэргүүцлээ” гэсэн шалтгааны улмаас Л.Нарангэрэлийн нүүрэн тус газар нь цохисноос хойшоо унахдаа буйдангийн булан хэсгийг зүүн талын чихний хэсгээр мөргөж эрүүл мэндэд нь тархины зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эд болон мөгөөрсөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009011760587дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Т.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр таньдаг Жагаа гэх эмэгтэй таараад бид гурав Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын задгайд архи уусан. Жагаа Нарангэрэлийг “чи архи боль” гэж хэлээд яваад өгсөн. Нарангэрэл бид хоёр үлдсэн. Би Нарангэрэлд “чи архи уухаа боль, биеэ бод” гэхэд өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь баруун гараараа Нарангэрэлийн хацар хэсэгт алгадсан. Баруун талаараа унахдаа орны модыг мөргөсөн. Тэгээд Нарангэрэлийн зүүн чих хавдаад цус гарч байсан. Нарангэрэлийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

Хохирогч Л.Нарангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гансаруул архи уух болгондоо намайг зоддог байсан. Бие хөнгөн гэмтэхээр нь тоохгүй байдаг байсан. 2020 оны 01 дүгээр сарын сүүлчээр өдрийг нь санахгүй байна. Гансаруул согтуу намайг зодоод тухайн үед миний нүд толгой хавдаад бие хэсэг нэлээд гэмтсэн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын дундуур байх би он сарыг нь санахгүй байна. Манай хажуу талын Жагаа таараад бид нар манай 1 шил архи хувааж уусан. Жагаа “гэртээ харина” гээд яваад Гансаруул бид хоёр үлдсэн. Гансаруул намайг зодсон. Чихнээс цус гараад болохгүй болохоор нь би эмнэлгийн байгууллагад хандсан. Миний биед учирсан тархины зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн цус харвалт зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эд болон мөгөөрсөн эдийн няцрал гэмтлүүдийг Гансаруул гараараа цохих үед би унахдаа буйдангийн булан хэсгийг цохисон. Шуунд түлэгдсэн шархыг би согтуу үед галаа түлэх гэж байгаад өөрөө өөртөө учруулсан. Хамар яс, ухархайн ханын хуучин хугарал миний хуучин гэмтэл Гансаруулд ямар ч хамаагүй, хиймэл хамар байгаа юм. Эмчилгээ хийлгээд надад 1 сая гаруй төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Батаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...өнгөрсөн 4 дэх өдөр манай хүргэн ах дүү Нарангэрэлийн гэрт нь очсон. Нарангэрэлийн зүүн чих нь дэлдийсэн байхаар нь “яасан юм” гэж асуухад “халтирч унаад ширээ мөргөсөн” гэж хэлсэн байсан. Орой ажлаа тараад очиж цай уучихаад гэр руугаа аваад явсан. Гэртээ оруулаад хамаг хувцсыг нь тайлаад “усанд ор” гэсэн чинь орохгүй байсан. Би толгой тархийг нь угааж өгөхөд ярьж чадахгүй, мангар хүн шиг болсон байсан. Ирснээсээ хойш юу ч идэхгүй байсан. Нарангэрэлийн үсийг угаахад унаад байсан. Баруун мөр нь тэр чигээрээ хөх няц, зүүн чих нь хавдсан байсан. Би “яасан юм, Саруул чинь зодсон уу, намайг ойлгож байвал нүдээ хөдөлгө” гэхэд нүдээ хөдөлгөсөн. Эмчид тархины зургийг нь аваад үзүүлэхэд шууд хэвт гэсэн. Хагалгаанд орно гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4794 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Л.Нарангэрэлийн биед тархины зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, шуунд түлэгдсэн шарх, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эд болон мөгөөрсөн эдийн няцрал, хамар яс, ухархайн ханын хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, төгсгөлөөс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..." гэжээ /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 26-35 дугаар хуудас/,

 

Шинжээч Н.Туяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Нарангэрэлийн биед үзлэг хийхэд баруун шууны гадна дээд хэсэгт 5x4 см талбайд улаан хүрэн өнгийн тав тогтсон, захаасаа эдгэрч буй түлэгдсэн шархтай, толгойн зүүн зулайн чамархай хэсэгт мэс заслын эдгэрч буй шархтай, зүүн чихний дэлбэнгийн урд 3x0,1 см үрчгэр цайвар өнгийн сорвитой орчиндоо хавантай, өвчний түүхээс үзэхэд уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нарангэрэлийн биед учирсан тархины зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эд болон мөгөөрсөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн цус харвалт гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 63-67 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Г нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын задгай тоот гэртээ хамтран амьдрагч Л.Нарангэрэлийг “эрүүл мэндээ бодохгүй архи хэтрүүлэн хэрэглэж байна гэх шаардлагыг хүлээн авахгүй урдаас хэрэлдэж эсэргүүцлээ” гэсэн шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь цохисноос Л.Нарангэрэл нь хойшоо унахдаа буйдангийн булан хэсгийг зүүн талын чихний хэсгээр мөргөж түүний эрүүл мэндэд “тархины зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эд болон мөгөөрсөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч Л.Нарангэрэлийн “...Гансаруул гараараа цохих үед би унахдаа буйдангийн булан хэсгийг цохисон. Чихнээс цус гараад болохгүй болохоор нь эмнэлгийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Гын “...баруун гараараа Нарангэрэлийн хацар хэсэгт алгадсан. Баруун талаараа унахдаа орны модыг мөргөсөн. Тэгээд Нарангэрэлийн зүүн чих хавдаад цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Л.Батаагийн “...Би “яасан юм, Саруул чинь зодсон уу, намайг ойлгож байвал нүдээ хөдөлгө” гэхэд нүдээ хөдөлгөсөн. Эмчид тархины зургийг нь аваад үзүүлэхэд шууд хэвт гэсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4794 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Л.Нарангэрэлийн биед тархины зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, шуунд түлэгдсэн шарх, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эд болон мөгөөрсөн эдийн няцрал, хамар яс, ухархайн ханын хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Шинжээч Н.Туяагийн “...Нарангэрэлийн биед учирсан тархины зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эд болон мөгөөрсөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Л.Нарангэрэлийн биед гэмтэл учруулснаа хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Гын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал Т.Гаас хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож Л.Нарангэрэлийн хацар хэсэгт алгадах үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас түүнд хүнд гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Нарангэрэлээс “...Хохиролд 1.700.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс баримтаар 725.523 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Т.Гас уг төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч Л.Нарангэрэлийн нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон төлбөр, цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Т.Гаас нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Т.Гыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж шүүгдэгчид оногдуулах хорих ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Учир нь шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн боловч хохирогчид хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй хор уршгийг арилгах арга хэмжээ аваагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх үндэслэл болохгүй.  

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчоос нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдлууд нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Гг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Т.Гаас 725.523 /долоон зуун хорин таван мянга таван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Нарангэрэлд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН