Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 525

 

  2020       07          01                                   2020/ШЦТ/525

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Г.Ууганбаатар,

            шүүгдэгч М.А  , түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

шүүгдэгч Б.Ж , түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Ж , Бэсүд овгийн М.А   нарт холбогдох эрүүгийн 1911017520900 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Б.Ж , 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 14-247Б тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар. 

 Бэсүд овгийн М.А  , 2000 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 10-589 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Ж  нь ганцаараа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны гадна 2019 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Д.Энхтуулыг гэртээ орох гэж явахад нь гар цүнхийг нь хүч хэрэглэн дээрэмдэн цүнхэнд байсан Хаан банкны картнаас 2.500.000 төгрөг, гар утас зэргийг авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Ж , М.А   нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн Н.Азжаргалын Самсунг галакси эс-8 загварын гар утас, мөнгөн ээмэг, гинж, кулон, эмэгтэй хүний цамц, веб камер, сэлфиний гэрэл, уруулын будаг зэрэг эд зүйлсийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 1.238.244 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж  нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аззаяа нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 8, 73/.

Хохирогч Д.Энхтуул нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 13:30 минутын орчимд гэрээсээ гарсан. Цэвээнсүрэнгийн гэрээс 21 цагийн үед найз Дэлгэрбаяр, Цэвээнсүрэн нарын хамт гараад “Винсвэй” гэх нэртэй пабад орсон. Пабад ороод гуравуулаа 1 литрийн Хар сувд гэх нэртэй архи пиццаны хамтаар захиалсан тэрнээс хойш дахин юу захиалсанаа санахгүй байна. Тооцоо нь 140.000 төгрөг гарсан байсан манай найз Цэвээнсүрэн та хоёр нэг хүний 20.000 төгрөг гаргачих үлдсэн тооцоог би хийе гэж хэлсэн тэгээд би тооцоогоо хийхдээ картаа уншуулсан кодоо би өөрөө хийсэн. Тэгээд Цэвэлсүрэн, Дэлгэрбаяр нарт явлаа гэж хэлэлгүй гараад гэрлүүгээ явсан байсан. Тэндээс яаж гарч явсан, ямар унаанд хаанаас сууснаа санахгүй байна гэрийн гадаа ирээд гэртээ орох гэж байтал нэг хүн түлхэж унаган миний цүнхийг аваад зугтаасан би босоод араас нь орилоод гүйтэл тэр хүн зүүн зүг рүү гүйсэн. Миний цүнхэн дотор түрийвч дотор нь хаан банкнь карт, задгай мөнгө байсан арын жижиг өрөөнд самсунг А-6 загварын гар утас байсан, гоо сайхны хэрэгсэл, эмнүүд байсан өөр эд зүйл байгаагүй. Тэгээд би гэртээ ороод Хаан банкны олон улсын картаа аваад буцаад гараад Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн замын урд талд байрлах бэлэн мөнгөний машин дээр ирж картнаасаа 100.000 төгрөг авлаа гэж бодсон чинь 50.000 төгрөг авсан байсан тэндээс гараад 2 залуутай тааралдсан тэр хоёр залууд би юу болсон явдлын талаар хэлээд “намайг хүргээд өг” гэж хэлсэн тэгсэн тэр хоёр залуу “хүргээд өгий” гэж хэлсэн. Тэгээд би картанд хэдэн төгрөг байснаа үзээгүй байсан учир дахин бэлэн мөнгөний машин дээр очиж үлдэгдлээ үзэхэд 7.000 төгрөгний үлдэгдэлтэй байсан би итгэхгүй 2-3 удаа шалгасан тэр залуу “7.000 төгрөг байсан” гэсэн тэгэхээр нь “2.600.000 орчим төгрөг байх ёстой” гэхэд тэр залуу “намайг авсан гэх байх” цагдаагийн газар очсон нь дээр байх гэж хэлсэн тэгээд тэр залуу хамт цагдаагийн газар ирсэн тэгээд би цагдаагийн газар ирээд согтуу байсан учраас цагдаагийн алаг тэргээр хүргүүлээд харьсан...” гэх мэдүүлэг /1-р хх 31/,

Хохирогч Д.Энхтуул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр надад бэлэн мөнгө байгаагүй учраас тооцоо хийхээр Элбэг их дэлгүүрийн доод талын Хаан банкны АТМ дээр зогсоод цүнхнээсээ банкны картаа аваад данснаасаа 10.000 төгрөг авснаа санаж байна. Намайг буух үед жолоооч эрэгтэй хамт буугаад эргээд хамт суусан. Тэгээд гэнэт сэрэх үед би гэрийнхээ хажууд алхаж байсан. Тэгтэл араас нэг хүн баруун мөрөндөө үүрсэн байсан цүнхийг татахаар нь өгөхгүй гээд татах үед миний баруун хавирга орчимд гараараа нэг удаа цохиод миний цүнхийг аваад гүйхдээ намайг түлхэж унагаасан. Тэгээд би араас нь гүйх гэсэн боловч босч чадаагүй. Сүүлд намайг энд ирэх үед нэг залуу байсан би тэрийг хараад байсан чинь надаас миний юмнуудыг авсан таксины жолооч хүүхэд мөн байсан. ...Алдсан мөнгөө буцаан авмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх 27/,

Хохирогч Д.Энхтуулийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 11/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 18-20/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх 12/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /1-р хх 74-76/,

Хохирогч Н.Азжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 5 дугаар сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Асе” нэртэй цахим тоглоомын газар тоглож байгаад шөнө 03 цаг 05 минутын орчимд гарч хорооллын Бургер кинг хоолны газрын урдаас такси барих гээд зам дээр гараа өргөөд зогсож байтал саарал өнгийн приус 20 маркийн авто машинтай, жолоочийн хажуу талд нь 20 орчим насны эмэгтэй суучихсан байхаар нь би эмэгтэй хүн байгаа юм чинь гайгүй байх гэж бодоод уг таксинд суусан. Таксинд суугаад явж байх үед гэмтлийн эмнэлэг орчимд явж байтал жолоочийн хажуу талд сууж байсан эмэгтэй гар утсаа өгч байгаач утсаар чинь ганц ярьчихья гэхээр нь би дээрх охинд гар утсаа өгсөн. Тэгтэл таксины жолооч гэмтлийн эмнэлгийн автобусны буудал өнгөрөөд гэр хорооллын замаар ороод явчихсан би тухайн үед тэгэхээр нь би гар утсаа өгсөн жолоочийн хажуу талд сууж байсан эмэгтэйгээс би гар утсаа авья гэж хэлтэл байж бай чи ямар сүртэй юм бэ гэж хэлэхээр нь гар утсаа дээрх эмэгтэйгээс булаагаад авчихсан чинь тэр охин урд талын сандлаас шууд хойд талын сандал руу орж ирээд миний үснээс зулгааж доош нь дараад наад гар утсаа өгөөдөх гэхээр нь би утсаа өгөхгүй тэр охинтой зууралдаад хэсэг хугацаанд явж байтал машин нь гэнэт зогсоод таксины жолооч нь бууж ирээд чи яагаад байгаа юм бэ утас чинь хаана байна гээд намайг заналхийлсэн байдлаар яриад мөн нөгөө эмэгтэй миний нүүрэн тус газар болон толгойны орой хэсэг рүү гараараа хоёр гурван удаа цохьсон тэгэхээр нь би дээрх хүмүүсээс айгаад гар утсаа гаргаж өгсөн. Гар утсаа гаргаад өгтөл жолооч нь хаалгаа түгжээд маш хурдтай гэр хорооллын шороон замаар явж байгаад жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй нь “чамд биед чинь юу байна зүгээр эвтэйхэн ярьж байхад юмаа өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь айсандаа түрийвчинд байсан 20.000 төгрөг, 5 америк доллар, гар утас, мөнгөн ээмэг, гинж, кулон, дотуураа өмсөж байсан хар өнгийн силкен цамц, веб камер 1 ширхэг, сэлфий гэрэл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг би нөгөө эмэгтэйд өгсний дараа хэсэг явж байгаад “чи цагдаад хэлвэл чамайг хаанаас л бол хаанаас олно чимээгүй байгаарай” гэж заналхийлээд намайг гэр хорооллын харанхуй гудамжинд буулгачихсан. Тэгээд би тэндээс эргэн тойрноо хартал Содон хороолол их тод харагдсан ба тухайн үед гэгээ орж үүр цайж байсан бөгөөд би гэртээ харьсан. Тэгээд өглөө нь цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдлөө гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх 86/,

Хохирогч Н.Азжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...тэгсэн нөгөө 2 цүнхэнд чинь юу байна гэхээр нь би гэрэл, буцалсан ус байгаа гэж хэлсэн чинь чи чинь одоо юу вэ тэнэг хүн хуураад байгаа юм уу гээд байсан. Тэгээд түрийвчээ гарга гэхээр нь би гартаа барьчихсан байна гэсэн чинь худлаа яриад бай гэхээр нь би итгэхгүй бол харахгүй юу гээд жижиг түрийвчээ харуулсан юм. Урд талд сууж байсан залуу наад цүнхэнд нь камер байгаа юм уу наадах чинь бичдэг юм биш үү сайн үзээрэй гээд эмэгтэйдээ хэлээд байсан. Тэгээд нөгөө жолооч эрэгтэй миний цүнхнээс камер, гэрэл хоёрыг авчихсан. Тэгээд нилээн явж байсан чинь эмэгтэй нь намайг хүслээ хэл гэхээр нь би утастайгаа буумаар байна гэсэн чинь юу яриад байгаа юм бэ чамайг юу гэж утастай чинь буулгаж байдаг юм бэ эсвэл чи шалдан буу тэгвэл утсыг чинь өгье гэхээр нь үнэхээр та 2 өгнө гэвэл би шалдан буучихья гэж хэлсэн. ...Миний үснээс зулгааж толгой болон нүүр рүү тухайн эмэгтэй нь гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 89-90/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /1-р хх 112, 119/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 138, 152/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 128, 146/, шүүгдэгч Б.Ж гийн хувийн байдлыг тодорхойлох баримт /1-р хх 129-134, 242/, шүүгдэгч М.А  гийн хувийн байдлыг тодорхойлох баримт /1-р хх 147-151, 240-241/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3/10371 тоот албан бичиг /2-р хх 20/, хохирогч Д.Энхтуулийн гомдол, саналгүй гэх хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ж  нь ганцаараа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны гадна 2019 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Д.Энхтуулыг гэртээ орох гэж явахад нь гар цүнхийг нь хүч хэрэглэн дээрэмдэн цүнхэнд байсан Хаан банкны картнаас 2.500.000 төгрөг, гар утас зэргийг авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Ж , М.А   нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн Н.Азжаргалын Самсунг галакси эс-8 загварын гар утас, мөнгөн ээмэг, гинж, кулон, эмэгтэй хүний цамц, веб камер, сэлфиний гэрэл, уруулын будаг зэрэг эд зүйлсийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 1.238.244 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 8, 73/, хохирогч Д.Энхтуулын гэрчээр өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 13:30 минутын орчимд гэрээсээ гарсан. Цэвээнсүрэнгийн гэрээс 21 цагийн үед найз Дэлгэрбаяр, Цэвээнсүрэн нарын хамт гараад “Винсвэй” гэх нэртэй пабад орсон. Пабад ороод гуравуулаа 1 литрийн Хар сувд гэх нэртэй архи пиццаны хамтаар захиалсан тэрнээс хойш дахин юу захиалсанаа санахгүй байна. Тооцоо нь 140.000 төгрөг гарсан байсан манай найз Цэвээнсүрэн та хоёр нэг хүний 20.000 төгрөг гаргачих үлдсэн тооцоог би хийе гэж хэлсэн тэгээд би тооцоогоо хийхдээ картаа уншуулсан кодоо би өөрөө хийсэн. Тэгээд Цэвэлсүрэн, Дэлгэрбаяр нарт явлаа гэж хэлэлгүй гараад гэрлүүгээ явсан байсан. Тэндээс яаж гарч явсан, ямар унаанд хаанаас сууснаа санахгүй байна гэрийн гадаа ирээд гэртээ орох гэж байтал нэг хүн түлхэж унаган миний цүнхийг аваад зугтаасан би босоод араас нь орилоод гүйтэл тэр хүн зүүн зүг рүү гүйсэн. Миний цүнхэн дотор түрийвч дотор нь хаан банкнь карт, задгай мөнгө байсан арын жижиг өрөөнд самсунг А-6 загварын гар утас байсан, гоо сайхны хэрэгсэл, эмнүүд байсан өөр эд зүйл байгаагүй. Тэгээд би гэртээ ороод Хаан банкны олон улсын картаа аваад буцаад гараад Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн замын урд талд байрлах бэлэн мөнгөний машин дээр ирж картнаасаа 100.000 төгрөг авлаа гэж бодсон чинь 50.000 төгрөг авсан байсан тэндээс гараад 2 залуутай тааралдсан тэр хоёр залууд би юу болсон явдлын талаар хэлээд “намайг хүргээд өг” гэж хэлсэн тэгсэн тэр хоёр залуу “хүргээд өгий” гэж хэлсэн. Тэгээд би картанд хэдэн төгрөг байснаа үзээгүй байсан учир дахин бэлэн мөнгөний машин дээр очиж үлдэгдлээ үзэхэд 7.000 төгрөгний үлдэгдэлтэй байсан би итгэхгүй 2-3 удаа шалгасан тэр залуу “7.000 төгрөг байсан” гэсэн тэгэхээр нь “2.600.000 орчим төгрөг байх ёстой” гэхэд тэр залуу “намайг авсан гэх байх” цагдаагийн газар очсон нь дээр байх гэж хэлсэн тэгээд тэр залуу хамт цагдаагийн газар ирсэн тэгээд би цагдаагийн газар ирээд согтуу байсан учраас цагдаагийн алаг тэргээр хүргүүлээд харьсан...” гэх мэдүүлэг /1-р хх 31/, хохирогч Д.Энхтуулын “...Тухайн өдөр надад бэлэн мөнгө байгаагүй учраас тооцоо хийхээр Элбэг их дэлгүүрийн доод талын Хаан банкны АТМ дээр зогсоод цүнхнээсээ банкны картаа аваад данснаасаа 10.000 төгрөг авснаа санаж байна. Намайг буух үед жолоооч эрэгтэй хамт буугаад эргээд хамт суусан. Тэгээд гэнэт сэрэх үед би гэрийнхээ хажууд алхаж байсан. Тэгтэл араас нэг хүн баруун мөрөндөө үүрсэн байсан цүнхийг татахаар нь өгөхгүй гээд татах үед миний баруун хавирга орчимд гараараа нэг удаа цохиод миний цүнхийг аваад гүйхдээ намайг түлхэж унагаасан. Тэгээд би араас нь гүйх гэсэн боловч босч чадаагүй. Сүүлд намайг энд ирэх үед нэг залуу байсан би тэрийг хараад байсан чинь надаас миний юмнуудыг авсан таксины жолооч хүүхэд мөн байсан. ...Алдсан мөнгөө буцаан авмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх 27/, хохирогч Д.Энхтуулын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 11/, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 18-20/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх 12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /1-р хх 74-76/, хохирогч Н.Азжаргалын  “...2019 оны 5 дугаар сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Асе” нэртэй цахим тоглоомын газар тоглож байгаад шөнө 03 цаг 05 минутын орчимд гарч хорооллын Бургер кинг хоолны газрын урдаас такси барих гээд зам дээр гараа өргөөд зогсож байтал саарал өнгийн приус 20 маркийн авто машинтай, жолоочийн хажуу талд нь 20 орчим насны эмэгтэй суучихсан байхаар нь би эмэгтэй хүн байгаа юм чинь гайгүй байх гэж бодоод уг таксинд суусан. Таксинд суугаад явж байх үед гэмтлийн эмнэлэг орчимд явж байтал жолоочийн хажуу талд сууж байсан эмэгтэй гар утсаа өгч байгаач утсаар чинь ганц ярьчихъя гэхээр нь би дээрх охинд гар утсаа өгсөн. Тэгтэл таксины жолооч гэмтлийн эмнэлгийн автобусны буудал өнгөрөөд гэр хорооллын замаар ороод явчихсан би тухайн үед тэгэхээр нь би гар утсаа өгсөн жолоочийн хажуу талд сууж байсан эмэгтэйгээс би гар утсаа авъя гэж хэлтэл байж бай чи ямар сүртэй юм бэ гэж хэлэхээр нь гар утсаа дээрх эмэгтэйгээс булаагаад авчихсан чинь тэр охин урд талын сандлаас шууд хойд талын сандал руу орж ирээд миний үснээс зулгааж доош нь дараад наад гар утсаа өгөөдөх гэхээр нь би утсаа өгөхгүй тэр охинтой зууралдаад хэсэг хугацаанд явж байтал машин нь гэнэт зогсоод таксины жолооч нь бууж ирээд чи яагаад байгаа юм бэ утас чинь хаана байна гээд намайг заналхийлсэн байдлаар яриад мөн нөгөө эмэгтэй миний нүүрэн тус газар болон толгойны орой хэсэг рүү гараараа хоёр гурван удаа цохисон тэгэхээр нь би дээрх хүмүүсээс айгаад гар утсаа гаргаж өгсөн. Гар утсаа гаргаад өгтөл жолооч нь хаалгаа түгжээд маш хурдтай гэр хорооллын шороон замаар явж байгаад жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй нь “чамд биед чинь юу байна зүгээр эвтэйхэн ярьж байхад юмаа өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь айсандаа түрийвчинд байсан 20.000 төгрөг, 5 америк доллар, гар утас, мөнгөн ээмэг, гинж, кулон, дотуураа өмсөж байсан хар өнгийн силкен цамц, веб камер 1 ширхэг, сэлфий гэрэл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг би нөгөө эмэгтэйд өгсний дараа хэсэг явж байгаад “чи цагдаад хэлбэл чамайг хаанаас л бол хаанаас олно чимээгүй байгаарай” гэж заналхийлээд намайг гэр хорооллын харанхуй гудамжинд буулгачихсан. Тэгээд би тэндээс эргэн тойрноо хартал Содон хороолол их тод харагдсан ба тухайн үед гэгээ орж үүр цайж байсан бөгөөд би гэртээ харьсан. Тэгээд өглөө нь цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдлөө гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хх 86/, хохирогч Н.Азжаргалын гэрчээр өгсөн “...тэгсэн нөгөө 2 цүнхэнд чинь юу байна гэхээр нь би гэрэл, буцалсан ус байгаа гэж хэлсэн чинь чи чинь одоо юу вэ тэнэг хүн хуураад байгаа юм уу гээд байсан. Тэгээд түрийвчээ гарга гэхээр нь би гартаа барьчихсан байна гэсэн чинь худлаа яриад бай гэхээр нь би итгэхгүй бол харахгүй юу гээд жижиг түрийвчээ харуулсан юм. Урд талд сууж байсан залуу наад цүнхэнд нь камер байгаа юм уу наадах чинь бичдэг юм биш үү сайн үзээрэй гээд эмэгтэйдээ хэлээд байсан. Тэгээд нөгөө жолооч эрэгтэй миний цүнхнээс камер, гэрэл хоёрыг авчихсан. Тэгээд нэлээн явж байсан чинь эмэгтэй нь намайг хүслээ хэл гэхээр нь би утастайгаа буумаар байна гэсэн чинь юу яриад байгаа юм бэ чамайг юу гэж утастай чинь буулгаж байдаг юм бэ эсвэл чи шалдан буу тэгвэл утсыг чинь өгье гэхээр нь үнэхээр та 2 өгнө гэвэл би шалдан буучихъя гэж хэлсэн. ...Миний үснээс зулгааж толгой болон нүүр рүү тухайн эмэгтэй нь гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 89-90/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /1-р хх 112, 119/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б.Ж , М.А   нар нь гэм буруугийн талаар, тэдгээрийн өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Ж г ганцаараа болон бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн, шүүгдэгч М.А  г бусадтай бүлэглэн  хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд зүйлсийг авахаар довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Энхтуул, Н.Азжаргал нар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Б.Ж , М.А   нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгч М.А   нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх, шүүгдэгч Б.Ж , М.А   нарт ял шийтгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан

шүүгдэгч Б.Ж д хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно...” гэж заасныг үндэслэн шүүгдэгч М.А  д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхэд нь даалгаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Ж  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 450.000 төгрөгийг торгох ял шийтгүүлсэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3/10371 тоот албан бичигт “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Б.Ж г 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн гэх гүйцэтгэх баримт бичиг тус газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна...” гэх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 450.000 төгрөгийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор /450.000:15=30 хоног/ тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ж гийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 3 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.А   нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Ж г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ганцаараа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар байрны гадна 2019 оны 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Д.Энхтуулыг гэртээ орох гэж явахад нь гар цүнхийг нь хүч хэрэглэн дээрэмдэн цүнхэнд байсан Хаан банкны картаас 2.500.000 төгрөг, гар утас зэргийг авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч М.А  тай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө иргэн Н.Азжаргалын Самсунг галакси эс-8 загварын гар утас, мөнгөн ээмэг, гинж, кулон, эмэгтэй хүний цамц, веб камер, сэлфиний гэрэл, уруулын будаг зэрэг эд зүйлсийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 1.238.244 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

шүүгдэгч Бэсүд овгийн М.А  г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч Б.Ж тэй бүлэглэн  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө иргэн Н.Азжаргалын Самсунг галакси эс-8 загварын гар утас, мөнгөн ээмэг, гинж, кулон, эмэгтэй хүний цамц, веб камер, сэлфиний гэрэл, уруулын будаг зэрэг эд зүйлсийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 1.238.244 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ж д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 450.000 төгрөгийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А  д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхэд нь даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж гийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 3 /гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шүүгдэгч М.А   нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ж , М.А   нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А  д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Ж д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН