Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 283

 

  Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                                                 хэрэгсэхгүй болгох тухай                                                                    

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би С.Болормаагийн нэхэмжлэлтэй Т.Эрдэнэзулд холбогдох 468600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11-р  сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,

                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Сафир-Эрдэнэс ХХК-ийн захирал С.Болормаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2016-05-18-нд Т.Эрдэнэзулд 284000 төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаанд зээлдүүлсэн. 2016-06-18-ны өдөр зээлж авсан мөнгөө хүүний хамт төлөх байсан боловч одоог хүртэл төлөөгүй. Иймд Т.Эрдэнэзулаас анх зээлдүүлсэн 284000 төгрөг, 1 сарын хүү 42600 төгрөг, 284000 төгрөгний 50 хувьтай тэнцэх алданги 142000 төгрөгний хамт 468600 төгрөгийг гаргуулаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б.Эрдэнэзултай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас 168600 төгрөгийг хасч 300000 төгрөг дээр эвлэрлэсэн гэжээ. 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг, 48-25 тоотод оршин суух, РД:СЩ 71020102, Олныхон овогт Төмөрийн Эрдэнэзулаас шүүхэд гаргасан тайлбартаа: 2016-05-18-нд Сафир-Эрдэнэс ХХК-иас сарын 15 хувийн хүүтэй 200000 төгрөг зээлсэн. 84000 төгрөг нь урд зээлийн алданги өгч чадаагүйн улмаас үргэжлүүлэн зээлсэн юм. 2016-06-18-нд 200000 төгрөгний хүү 30000 төгрөг өгсөнөөс хойш төлөлт хийгээгүй нь үнэн. Манай нөхөр бие муутай, хүүхэд оюутан, миний цалин банкны зээлээс илүү гардаггүй. Нэхэмжлэгчтэй тохиролцсоны үүднээс 2016-12-31-ний өмнө 300000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэжээ.

 Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Сафир-Эрдэнэс ХХК-ийн захирал С.Болормаа нь хариуцагч Т.Эрдэнэзулаас 468600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Сафир-Эрдэнэс ХХК-ийн захирал С.Болормаа, хариуцагч Т.Эрдэнэзул нар нь нэхэмжлэлийн шаардлага 468600 төгрөгнөөс 300000 төгрөгний хэмжээнд эвлэрсэн байна. Нэхэмжлэгч Сафир-Эрдэнэс ХХК-ийн захирал С.Болормаа нь 468600 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 168600 төгрөгийг хасч, 300000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Т.Эрдэнэзул нь 300000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаангүй болно. Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 300000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 9650 төгрөгний тал хувь 4825 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Т.Эрдэнэзулаас 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сафир-Эрдэнэс ХХКомпанид олгож, нэхэмжлэгчээс татгалзсан 168600 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 5058 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

 зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага 468600 төгрөгнөөс зохигч талууд нь 300000 төгрөг дээр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14708 төгрөгнөөс 4825 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Т.Эрдэнэзулаас 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сафир-Эрдэнэс ХХК-нд олгож, 5058 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА