| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0561/Э |
| Дугаар | 594 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 594
2020 06 19 2020/ШЦТ/594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Хохирогч Х.Мандахбаяр,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Золзаяа,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э, Н.Б нарт холбогдох эрүүгийн 1909045540143 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Татварын ерөнхий газарт хураагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, шарга морьт гудамж 665 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар байрны 23 тоотод оршин суух,
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зочид буудлын удирдлага мэргэжилтэй, Интер стандарт Брьюри ХХК-нд үйл ажиллагаа хариуцсан менежер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо рашаан 16 дугаар гудамж 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 51 дүгээр байрны 33 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Э, Н.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 2019 оны 11 дүгээр сарын 17-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс баарны хашаанд үйл ажиллагаа явуулдаг караоке, баарыг хаасан байхад гадаа нь цугларсан хүмүүсийг тараах, тус баар, караокег хаасныг шалгах зэрэг үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүл хамгаалалтын офицер Х.Мандахбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө буюу 5 дахь өдрийн шөнийн 00 цагийн үед ажлаа тараад Билгүүний ажил болох Шангрилла орчимд очсон. Тухайн үед Билгүүн бид 2 тус бүр гурван пиво уучихаад харих зорилготой гараад төв зам руу явж байсан. Тэгээд “Титан” караокенд орох гэхэд гэрэл нь асаалттай байсан учир очсон. Караокены гадна 5-6 хүн байхаар нь онгорхой байна уу гэхэд нэг эмэгтэй “онгорхой байгаа, би дотор утсаа орхисон, орж юм аа авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд байж байтал цаанаас цагдаа ирсэн. Нөгөө эмэгтэй цагдаад хандаж “би эндээс утсаа авмаар байна, онгойлгоод өг” гэхэд цагдаа “чи яах гээд байгаа юм эндээс яв, тэр чинь надад ямар хамаатай юм” гээд нилээн захирангуй хэлсэн. Тэгж хэлэхэд Билгүүн “төрийн албан хаагч ингэж ёс зүйгүй, муухай харьцаж болдог юм уу, аятайхан хэлчихэж болдоггүй юм уу” гэхэд цагдаа “чи муу далдага бацаан юу гээд байгаа юм бэ” гээд наашаа дөхөж ирсэн. Дөхөж ирэх үед Билгүүн утсаа гаргаж ирээд өөдөөс нь бичлэг хийгээд “та нар ингэж харьцаж болохгүй шүү дээ” гэж хэлэхэд цагдаа эргээд алхаад явсан. Энэ явцад Билгүүний хийсэн бичлэг үргэлжилж байсан. Цагдаа хэдэн минутын дараа хоёулаа болоод ирсэн. Ирэнгүүтээ “чи муу бацаан” гээд нөгөө цагдаадаа хандаж хэлээд нэг цагдаа нь ирж Билгүүний утсыг шүүрч аваад цааш явсан. Билгүүн араас нь би утсаа авъя гэхэд Билгүүний цээж хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд Билгүүн над дээр ирээд “намайг цохьчихлоо чи харсан биз дээ, дахиад бичлэг хийчих” гэхэд би зөвшөөрөөд би утсаа гаргаж ирээд үргэлжлүүлж бичлэг хийгээд араас нь алхсан. Алхаад явж байхад нэг цагдаа над руу дөхөж ирээд намайг “боль” гэх зэргээр хэлэлгүйгээр шууд намайг өчиж газарт унагаагаад утсыг булааж аваад дээшээ машин дээр босгоод гавлаад аваад явсан. Машинд суулгаад эрүүлжүүлэхийн гадаа очсон. Тэгэхэд би нэг цагдаад хандаж “миний гар өвдөөд байна, гаваа тайлуулж болох уу, өөрөө алхаад оръё” гэхэд түлхүүрээ олъё гэж хэлсэн. Тэгж хэлэх үед Билгүүнийг нөгөө цагдаа аваад эрүүлжүүлэх рүү явж байсан. Тэгээд гаваа тайлаад алхаад явах үед Билгүүнийг газарт унагааж дээрээс нь өвдөглөсөн байдалтай байсан. Ингээд эрүүлжүүлэх дотор сууж байхад Билгүүний тухайн хэсэгт шалбарсан байдалтай гаднаас орж ирсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих Энхбаяр найз над дээр ирсэн. Бид хоёр өмнө нь Америкид 3 жил хамт байж байгаад уулзаагүй тэр өдөр уулзсан. Ингээд бид хоёр манай ажил дээр шөнийн 04 цагийн үед хүний гурван пиво уучихаад гараад алхаж явахад “Титан” гэх караокены гадна олон хүмүүс бужигнаж байхаар нь ажиллаж байгаа юм бол уу гэж бодоод бид хоёр орсон. Ингээд Баттүвшин цагдаа ирээд надтай хууль ёсны харьцаа үүсгээгүй. Тэнд нэг эмэгтэй “миний цүнх утас байхгүй болчихлоо, авмаар байна” гэхэд цагдаа “наад чинь надад ямар хамаатай юм, одоо эндээс яв, үхсэнээ хийгээд байдаг юм” гэх зэргээр бүдүүлгээр хэлсэн. Би хажууд нь зогсоод “та одоо боль доо, утсаа авъя гэж байна шүү дээ” гэхэд “чи хэн юм, юу юм битгийн далдаганаад бай, эндээс яв” гэхээр нь би төрийн алба хаагч, үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа биздээ гэхэд би чамд үйлчилдэггүй чи хэн юм гэх байдлаар надтай харьцсан. Тэгээд би камераа гаргаж ирээд “танай байдлыг өөрт чинь харуулъя л даа гэхэд камер хараад шаал өөр хүн шиг болонгуут “аан заа заа” гээд цааш явсан. Би тэнд байсан хүмүүсд “бид яагаачгүй байхад яагаад биднийг загинаад байгаа юм бэ” гээд ярихдаа бичлэг хийж байсан. Тэгтэл Баттүвшин цагдаа тэр хавиар эргэлдээд холоос “чи муу бацаан” гэх зэргээр үгээр идээд байсан. Төд удалгүй ахмад ирэнгүүт “тэрээр согтуу бацаан агсан тавиад” гэхэд “би уучлаарай, агсан тавиагүй” гэж хэлсэн. Надад ямар ч шаардлага тавиагүй шууд утсыг булааж авсан. Яагаад миний утсыг булааж авч байгаа юм гээд очиход Мандахбаяр миний цээж хэсэг рүү “холдооч яах гээд байгаа юм” гээд цохисон. Үүнийг би Энхбаярт хэлээд тэрээр бичлэг хийсэн. Би утсаа авъя гэж хэлэхэд Мандахбаяр манай найзад ямар ч шаардлага тавиагүй, миний нүдэн дээр юу ч хэлэлгүйгээр газарт унагаасан. Би цагдаа нарт хараалын үг хэлээ, доромжилсон нэг ч үг хэлээгүй. Би ямар хуулийн үндэслэлээр ингэж байгаа юм бэ, тайлбарлаад өг гэхэд манай найзыг машин дээр гавласан. Намайг гавлаагүй. Машин дотор орж ирээд Мандахбаяр утас дээрээ бичлэг хийхэд би “үйлчилгээний байгууллага гэж буруу зөрүү хэлсэн байж магадгүй, гэхдээ бид хоёр хуулийн юуг зөрчсөн юм бэ, ямар асуудал гаргасан юм бэ” гэж асуухад Мандахбаяр “чамд тайлбарлах шаардлагагүй далдага бацаан минь” гэж хэлсэн. Тэгээд машинтай эрүүлжүүлэхийн гадаа очиход намайг улаан нүүрээр цасан дээр унагааж тохойдоод гавлаад дотогш оруулсан. Ингээд би хохирогч болсон. Камерын бичлэгийг бид хоёр өөрсдөө хөөцөлдөж авсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Мандахбаяр мэдүүлэхдээ “...Цагдаагийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч нийтийн эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналтад авах зорилгоор тогтоосон бүсэд байгаа бүлэг хүмүүсийг даруй тарахыг шаардана” гэж заасан. Тухайн газарт 40-50 орчим залуу хүмүүс байхад Энхбаяр, Билгүүн нар дунд нь хашгираад “хөөе цагдаа чи ажлаа хий, баараа онгойлго, энэ охин утсаа алдсан байна” гээд орилоод дайраад байсан. Шүүгдэгч нар гуравхан пиво уусан гэж байна. Шөнийн 04 цаг хүртэл гуравхан пиво уусан гэхэд итгэхгүй байна. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ” гэж заасанд “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн” гэдгийг хамруулдаг. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1 дэх хэсэгт “цагдаагийн алба хаагч, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон” гэж зааснаар тэдгээр нь машин тэрэг рүү дайраад байхаар нь би хамгаалж нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж гавласан. Шүүгдэгч нар маш их согтуу байсан. Тэнд байсан хүмүүсийг өдөөн турхирч пизда гэх зэргээр доромжилсон. Одоо гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909045540143 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-46 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Бий мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-56 дугаар хуудас/,
Хохирогч Х.Мандахбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 04 цагийн үед цагдаагийн ахлах ахлагч Э.Баттүвшингийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Лакс, Мийтинг нэртэй бар, Титан караокег шалгах гээд 2 салаад явсан. Тэгтэл удалгүй Баттүвшин над руу залгаад “Титан караокены гадаа нэг хүүхэн гар утсаа алдсан гээд байна, тэгтэл хажууд нь зогсож байсан 2 залуу хэл амаар доромжлоод байна” гэж хэлсэн. Тэгээд яваад очих үед нэг залуу гар утсаараа бичлэг хийсэн “та нар миний татварын мөнгөөр цалинждаг, та нар гар утсыг нь олж өг, та нар наад баараа хаалга пизда нар минь” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би бичлэг хийгээд байгаа залуу бичлэг хийхээ боль гэж шаардлага тавьсан. Тэр бичлэг хийгээд байсан. Билгүүн гэх залууд шаардлага тавин “хамт явъя” гэхэд явахгүй автомашины зогсоол дээр байсан приус машины хамар дээр хэвтээд шил арчигчаас нь бариад тавихгүй байсан. Тэр үед Билгүүн гэдэг залуу “Энхбаяраа бичлэг хийгээрэй” гэж хэлсэн. Тэр үед Билгүүн гэх залууг газар татаж унаган гарыг нь ард нь гавласан. Ингээд Энхбаяр гээд бичлэг хийгээд эхэлсэн залуу дээр очоод “ямар учраас бичлэг хийгээд байгаа юм бэ, бичлэг хийхээ боль” гэж хэлсэн. Энхбаяр гэдэг залуу “чамд ямар хамаатай юм, чи татвар төлөгчийн мөнгөөр цалинждаг биз дээ” гээд бичлэгээ үргэлжлүүлээд байхаар нь бичлэг хийхийг болиулах гээд гар утсыг нь авах гэхэд Энхбаяр гэх залуу хоёр удаа миний шилбэ рүү өшиглөсөн. Гүнт 120-ын үүдэнд Билгүүнийг эрүүлжүүлэх байр руу оруулах үед орохгүй гэж намайг 2 удаа цээж хэсэгт цохиж тухайн үед ноцолдож гавлах үед зүүн гарын ядам хурууг мушгиж гэмтээсэн одоо хавдаж хөндүүртэй байна...уг 2 хүнд хууль ёсны шаардлагыг биелүүлэх талаар удаа дараа үгээр хэлсэн. Гэтэл авч хэлэлцэхгүй урдаас хэл амаар доромжлон бичлэг хийгээд байсан учир би бичлэгээ болих талаар хэлсэн. Тэр үед эхлээд шууд миний биед халдаж өшиглөн, цохисон тийм учир энэ 2 хүнд биеийн хүч хэрэглэн тусгай хэрэгсэл хэрэглэхээс өөр аргагүй байсан учир хэрэглэх болсон...Уг нь тухайн барны гадаа байх үед “та нар харьж амар, одоо үйл ажиллагаа явуулах ямар нэг газар байхгүй” гэж хэлсэн тэгтэл бичлэг хийгээд хэл амаар доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 151-152 дугаар хуудас/,
Гэрч Э.Баттүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 03-04 цагийн орчим миний бие цагдаагийн ахмад Х.Мандахбаярын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс баарны хашаанд орж машинаа байрлуулаад би “Титан” нэртэй караоке, “Лакс” нэртэй диско баарыг харин Мандахбаяр “Мийтинг” нэртэй баарыг хаалгах гээд 2 салсан. Хүмүүс дотроос эрүүлжүүлэхэд орсон нүдний шилтэй залуу надад хандаж “та нар бид нарын татварын мөнгөөр амьдарч байж, би татварын байцаагч байна ажлаа хийхгүй байна, чи утсыг нь олж өгөх ёстой” гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд нүүр рүү тулгаад миний нэр болон хувийн дугаарыг чанга хэлээд байсан. Би юм дугарахгүй буцаад машин руу энгэрийн камераа авах гээд очтол Мандахбаяр ахмад машин дээр ирчихсэн байсан. Мандахбаярт болсон явдлын талаар хэлээд буцаад очсон. Нөгөө Билгүүн гэх залуу надад хандаж хэлж байсан үгээ дахин дахин хэлж бичлэгээ үргэлжлүүлээд байсан. “Бичлэгээ хийхээ боль” гэж удаа дараа хэлэхэд тоохгүй бичлэг хийгээд байсан. Би Билгүүн гэх залуугийн утсыг гарнаас нь аваад “явъя” гээд гарнаас татахад явахгүй байсан. Гэтэл цаана нь нүдний шилтэй залуу Мандахбаяр ахмадын хөл хэсэгт 2 удаа өшиглөсөн. Мандахбаяр ахмад нүдний шилтэй залууг барьж аваад гавлах гэтэл тэнд зогсож байсан машины хамар дээр хэвтээд байсан. Тэгэхээр нь татаж буулгаад газар хэвтүүлж байгаад гавласан. Гүнт 120-н гадаа очоод би гавласан нүдний шилтэй залууг авч орох үед нөгөө гавгүй явж байсан Билгүүн гэх залуу эрүүлжүүлэх рүү орохгүй гээд Мандахбаяр ахмадын цээж хэсэгт 2 удаа цохисон. Тэгэхээр нь Мандахбаяр ахмад гавлах гэтэл гавлуулахгүй ноцолдож байгаад газарт унагааж гавлаад эрүүлжүүлсэн. Миний биед халдсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Г.Эрдэнэзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...үл таних 2 залуу баарны үүдэнд ирээд зогсоод байхаар нь би очоод баар хаасан гэж хэлэхэд “хэзээ танайх хаадаг болцын” гээд явахгүй зогсоод Титан караокены үүдэнд очоод зогсоод хаалгаа онгойлго гээд байсан....үл таних 2 залуу эргүүлийн 2 цагдаад “та нар энэ газрыг онгойлго та нар хэн бэ чамайг хэн гэдэг юм та нар татварын мөнгөөр татвар төлөгчдийн мөнгөө амьдарч байгаа” гээд цагдааг хоргоогоод утсаараа бичлэг хийгээд дагаад байсан. Нөгөө цагдаа хаяад явах гэтэл нөгөө бичлэг хийж байгаа араас утсаараа бичлэг хийгээд дагаад “чамайг хэн гэдгийн чи хэн юм бэ” гээд томроод байсан. “Дүү нар боль манайх хаацан байна асуудал гаргахгүй яв” гэхэд намайг тоохгүй байсан. нөгөө залуучууд та нар татварын мөнгөөр цалинждаг бид та нарыг цалинжуулдаг гэх мэтээр дахин дахин яриад хэл амаар доромжпоод бичлэг хийгээд байхаар нь нэг цагдаагийн алба хаагч нь бичлэг хийгээд байсан залуугийн утсыг булааж аваад дагаад яв гээд дагуулаад явсан. Хашаанаас гарахын өмнө араас дагаж явж байгаад дахин нэг залуу нь дагаж явж байхдаа араас нь бичлэг хийгээд “чи хэн юм бэ” гээд цагдаагийн албан хаагчийг өдөөд хоргоогоод дахиад бичлэг хийж байна гээд утсаар нэг нь бичлэг хийж байгаа харагдсан. Цагдаагийн албан хаагч бичлэгийг болиулах гээд гар утсыг нь авахад эсэргүүцсэн. Тэгээд нөгөө залуугийн гарыг нь өчөөд гавлах гэтэл эсэргүүцээд гавлуулахгүй байсан. Ноцолдоод газарт унагаагаад гавлаад машин руугаа аваад явсан...Тэр 2 цагдаа ”харьцгаа, харьж амарцгаа” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө 2 залуу “хэзээ хаадаг болсон, би мэдийшдээ онгойлго” гээд олон долоон юм яриад байсан...намайг харахад хоёр цагдаа дагаад яв гээд явж байсан тэгсэнээ л араас хөл рүү өшиглөчихлөө гав аваад ир гээд эхэлсэн тэгээд би харахад зууралдаад авсан байсан тэгэхээр нь би цагдаа руу дайраад байна гээд дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 131-132 дугаар хуудас/,
Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 цагаар авто эргүүл, бичил хэсэгт үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хуваарь, томилгоо /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19, 147 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...хэрэгт 2 СД-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14036 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13967 дугаартай дүгнэлт “...Зовиур...цээжээр амьсгалахад хөндүүр байна. Зүүн хөл өвдөнө гэнэ... ...Дүгнэлт:
СБДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас “...Дуудлагын утга: 2 цагдаа руу дайраад байна...” /хх-ийн 36 дугаар хуудас/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл “...Э.Э согтолт 0,66%, дунд зэрэг согтолттой...” “...Н.Б согтолт 0.61%, дунд зэрэг согтолттой ...” гэжээ /хх-ийн 135-142 дугаар хуудас/,
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын албан тушаалд томилсон алба хаагчдын нэрс /хх-ийн 155-156 дугаар хуудас/,
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан тушаал /ажлын байр/-д томилсон алба хаагчдын нэрс /хх-ийн 157-158 дугаар хуудас/,
Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/619 дугаартай тушаал /хх-ийн 160 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76, 91 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 92 дугаар хуудас/, Татварын ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 93 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77, 114 дүгээр хуудас/, “Интэр стандарт брьюри” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 81 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 86 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогчийн ажлын байрны тодорхойлолт болох 9 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э, Н.Б нар нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 2019 оны 11 дүгээр сарын 16-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны хашаанд үйл ажиллагаа явуулдаг караоке, баарыг хаасан байхад гадаа нь цугларсан хүмүүсийг тараах, тус баар, караокег хаасныг шалгах зэрэг олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс гарахаас урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүл хамгаалалтын офицер Х.Мандахбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Э.Э, Н.Б нарт тухайн газраас явах шаардлага тавьсаныг үл тоож улмаар зохисгүй үг хэллэг хэлж, гар утсаараа бичлэг хийх зэргээр өдөөн хоргоох үед Х.Мандахбаяраас тухайн зохисгүй үйлдлээ зогсоох шаардлага тавьж зогсоохгүй болохоор нь өөрийн зүгээс таслан зогсоох явцад Э.Э нь түүний хөл рүү нь 2 удаа өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн тэдгээрийг эрүүлжүүлэх байранд оруулах явцад Н.Б нь түүний цээж рүү түлхэж, гавлах гэхэд ноцолдож зүүн гарын хуруу бугуй хэсгээс мушгиж тус тус хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Х.Мандахбаярын “...би бичлэг хийгээд байгаа залуу бичлэг хийхээ боль гэж шаардлага тавьсан. Тэр бичлэг хийгээд байсан. Билгүүн гэх залууд шаардлага тавин “хамт явъя” гэхэд явахгүй автомашины зогсоол дээр байсан приус машины хамар дээр хэвтээд шил арчигчаас нь бариад тавихгүй байсан. Тэр үед Билгүүн гэдэг залуу “Энхбаяраа бичлэг хийгээрэй” гэж хэлсэн. Ингээд Энхбаяр гээд бичлэг хийгээд эхэлсэн залуу дээр очоод “ямар учраас бичлэг хийгээд байгаа юм бэ, бичлэг хийхээ боль” гэж хэлсэн. Энхбаяр гэдэг залуу “чамд ямар хамаатай юм, чи татвар төлөгчийн мөнгөөр цалинждаг биз дээ” гээд бичлэгээ үргэлжлүүлээд байхаар нь бичлэг хийхийг болиулах гээд гар утсыг нь авах гэхэд Энхбаяр гэх залуу хоёр удаа миний шилбэ рүү өшиглөсөн. Гүнт 120-ын үүдэнд Билгүүнийг эрүүлжүүлэх байр руу оруулах үед орохгүй гэж намайг 2 удаа цээж хэсэгт цохиж тухайн үед ноцолдож гавлах үед зүүн гарын ядам хурууг мушгиж гэмтээсэн одоо хавдаж хөндүүртэй байна...уг 2 хүнд хууль ёсны шаардлагыг биелүүлэх талаар удаа дараа үгээр хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Э.Баттүвшингийн “...нүдний шилтэй залуу Мандахбаяр ахмадын хөл хэсэгт 2 удаа өшиглөсөн. Мандахбаяр ахмад нүдний шилтэй залууг барьж аваад гавлах гэтэл тэнд зогсож байсан машины хамар дээр хэвтээд байсан. Тэгэхээр нь татаж буулгаад газар хэвтүүлж байгаад гавласан. Гүнт 120-н гадаа очоод би гавласан нүдний шилтэй залууг авч орох үед нөгөө гавгүй явж байсан Билгүүн гэх залуу эрүүлжүүлэх рүү орохгүй гээд Мандахбаяр ахмадын цээж хэсэгт 2 удаа цохисон. Тэгэхээр нь Мандахбаяр ахмад гавлах гэтэл гавлуулахгүй ноцолдож байгаад газарт унагааж гавлаад эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Г.Эрдэнэзаяагийн “...үл таних 2 залуу эргүүлийн 2 цагдаад “та нар энэ газрыг онгойлго та нар хэн бэ чамайг хэн гэдэг юм та нар татварын мөнгөөр татвар төлөгчдийн мөнгөөр амьдарч байгаа” гээд цагдааг хоргоогоод утсаараа бичлэг хийгээд дагаад байсан. Нөгөө цагдаа хаяад явах гэтэл нөгөө бичлэг хийж байгаа араас утсаараа бичлэг хийгээд дагаад “чамайг хэн гэдгийн чи хэн юм бэ” гээд томроод байсан....Тэр 2 цагдаа ”харьцгаа, харьж амарцгаа” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө 2 залуу “хэзээ хаадаг болсон, би мэдийшдээ онгойлго” гээд олон долоон юм яриад байсан...намайг харахад хоёр цагдаа дагаад яв гээд явж байсан тэгсэнээ л араас хөл рүү өшиглөчихлөө гав аваад ир гээд эхэлсэн тэгээд би харахад зууралдаад авсан байсан тэгэхээр нь би цагдаа руу дайраад байна гээд дуудлага өгсөн...”
СБДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13967 дугаартай дүгнэлт,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хэрэг гарсан газрын ерөнхий байдлын талаар/,
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын албан тушаалд томилсон алба хаагчдын нэрс,
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан тушаал /ажлын байр/-д томилсон алба хаагчдын нэрс,
Албан тушаалын тодорхойлолт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Х.Мандахбаяр нь Цагдаагийн албаны тухай хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд буюу хууль сахиулагч болох нь тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл Э.Э, Н.Б нар нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 2019 оны 11 дүгээр сарын 16-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний газраар үйлчлүүлэх гээд ирэхэд тухайн бар, караоке газрууд хаасан нөхцөл байдлыг мэдсэн, улмаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн цагдаа Э.Баттүвшин, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүл хамгаалалтын офицер Х.Мандахбаяр нарыг тухайн газраас тэдгээр болон бусад иргэдийг явах талаар шаардлага тавихад Энхбаяр, Н.Б нар эсэргүүцэн зүй зохисгүй үг хэллэг хэлж, гар утсаар ээлж дарааллан бичлэг хийж өөрсдийн ичгүүр сонжуургүй байдлаа удтал илэрхийлснээс тухайн албан хаагчид тэдгээрийн зүй бус үйлдлээ зогсоох талаар дахин шаардлага тавихад биелүүлээгүйн улмаас тухайн нөхцөл байдлыг зогсоохын тулд Х.Мандахбаяраас Э.Эын гар утсыг авч зүй бус үйлдлийг зогсоох үед хөл рүү нь өшиглөж хүч хэрэглэсэн байна.
Үргэлжлүүлэн Э.Э, Н.Б нараас согтуурч зүй бус үйлдэл гаргасныг таслан зогсоож тэдгээрийг эрүүлжүүлэхээр тус байрны гадаа ирэхэд Н.Бээс уг үйлдлийг эсэргүүцэн хууль сахиулагч Х.Мандахбаярын цээж рүү түлхэх, гарыг нь мушгих үйлдэл хийж санаатайгаар саад учруулж хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогджээ.
Ийнхүү хууль сахиулагч Э.Баттүвшин, Х.Мандахбаяр нарыг олон нийтийн аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ биелүүлэх зорилгоор хэрэг болсон газарт цугларсан иргэдийг тарах шаардлага тавихад Э.Э, Н.Б нараас мэдсээр атлаа зориудаар биелүүлэлгүйгээр зогсохгүй үл ойшоож өдөөн хатгасан үг, үйлдэл гаргасан үйлдлийг дахин болих талаар гаргасан шаардлагыг дахин биелүүлээгүйн улмаас хууль сахиулагч Х.Мандахбаярын зүгээс хуульд заасан эрх хэмжээний дагуу шүүгдэгч нарын үйлдлийг таслан зогсоох явцад тэдгээрээс түүнийг эсэргүүцэн биед нь хүч хэрэглэжээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Цагдаагийн алба хаагч нийтийн эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналтад авах зорилгоор тогтоосон бүсэд байгаа бүлэг хүмүүсийг даруй тарахыг шаардана.” 23 дугаар зүйлийн 23.1-т “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж, 23 дугаар зүйлийн 2-т “...Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно...” гэж, 23.5-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хоёр болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй.” гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтаас үзвэл цагдаагийн албан хаагч Э.Баттүвшин, Х.Мандахбаяр нараас хууль ёсны шаардлагыг шүүгдэгч нарт тавьсан байна.
Цагдаагийн албан хаагчийн ямар ч идэвхитэй үйлдэл хийхгүйгээр тухайн орчноос тарах шаардлагыг шүүгдэгч нараас зөрчиж, зүй зохисгүй үг хэл, үйлдэл хийж зөрчил гаргасан үйлдлээ зогсоох талаар цагдаагийн албан хаагчийн дахин гаргасан шаардлагыг зөрчиж тэдгээр нь эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэх нөхцөл болсон байна.
Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э, Н.Б нар хууль сахиулагчидийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхэд нь саад учруулж, улмаар хууль сахиулагчийн биед халдаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай, санаатай гэмт хэргийн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Э.Э, Н.Б нарыг согтуурсан үедээ хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах хуульзүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Золзаяагаас “...сидинд авагдсан бичлэгээр хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй зөрүүтэй, Х.Мандахбаярын хөл рүү нь өшиглөсөн үйлдэл тогтоогдоогүй, Эрдэнэзаяагийн мэдүүлгээр хохирогчийг шаардлага тавьж байгааг хэлээгүй. Энхбаярыг цагаатгаж өгнө үү...” гэж, өмгөөлөгч Г.Оюунтуяагаас “Билгүүний үйлдлийг нотлож чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналуудыг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь хохирогч Х.Мандахбаяраас өөрийг нь шүүгдэгч нар түүнд хүч хэрэглэсэн үйлдлийг тодорхой мэдүүлснээс гадна гэрч Э.Баттүвшин, гэрч Г.Эрдэнэзаяа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13967 дугаартай дүгнэлтийн “...Зовиур...цээжээр амьсгалахад хөндүүр байна. Зүүн хөл өвдөнө гэнэ...” гэж тусгагдсан байх ба шүүгдэгч нарын тэрхүү үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан байхыг шаардахгүй.
Түүнчлэн цагдаагийн албан хаагч буюу хууль сахиулагчидаас хууль ёсны шаардлага тавьсан болох нь хохирогч Х.Мандахбаяр, гэрч Э.Баттүвшин нарын мэдүүлгээс гадна гэрч Г.Эрдэнэзаяагийн “...Тэр 2 цагдаа ”харьцгаа, харьж амарцгаа” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө 2 залуу “хэзээ хаадаг болсон, би мэдийшдээ онгойлго” гээд олон долоон юм яриад байсан...” гэж мэдүүлсэн болон бусад баримтуудаар нотлогдсон.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэгт хэрэг болсон газрын ерөнхий байдлыг тусгасан байх ба шүүгдэгч нарын үйлдлийг нотолсон гэж дүгнээгүй.
Гэсэн хэдий ч хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бусдад баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж шүүх үзсэн болно.
Өмгөөлөгч нараас шүүгдэгч нарын үйлдлийг цагаатгах ямар баримтаар хэрхэн үгүйсгэгдсэнийг тодорхой дурьдаагүй бөгөөд тэдгээрийн дүгнэлт нь шүүгдэгч нарыг гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Х.Мандахбаяраас “...гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Э, Н.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Э, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр тус бүрийг торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Э, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв авч явах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Э, Н.Б нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Э, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус бүрийг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус бүрт тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Э, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН