Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 593

 

 

 

 

 

 

 

2020           06           19                                 2020/ШЦТ/593   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тд холбогдох эрүүгийн 1809014060543 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн 1-23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 511 дүгээр байрны 13 давхарт зүс таних Л.Чанцалмаагийн “Ай фоне 5 эс” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ “...Би тухайн үед өөрийн найзын утсыг аваад ломбарданд тавьсан байсан учир надаас нэхсэн. Ингээд би Чанцалмаагийн утсыг оронд нь ломбарданд тавьсан. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809014060543 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Э.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би мөнгөний хэрэг гараад гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед хохирогчтой танилцаад удаагүй байсан. Найзууд юм. Би Ай фоне 5 эс загварын гар утсыг авсан. Гар утсаа би явуулын хүнд зарсан. Хэдэн төгрөгөөр зарсанаа одоо сайн санахгүй байна. Гар утас зарсан мөнгөөрөө би хүүхдийн гар утсыг авч өгсөн. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Чанцалмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Тамираа гэх залуутай фейсбүүкээр танилцсан. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр уулзсан. Тухайн үед намайг “хоёулаа хамт яваад манай эгчийнд очоод гар утас аваадхая” гэж хэлээд Сүхбаатар дүүргийн Хангай хотхоны 511 дүгээр байранд очсон. Орцонд ороод “13 давхарт манай эгчийнх рүү ороё” гээд дээшээ гарсан. 12 давхарт явж байтал Тамираа “миний зүрх өвдөөд байна” гээд амьсгаадаад цээжин дээрээ цохиод байсан. Хэсэг хугацааны дараа дээшээ яваад 13 давхарт ирэх үед миний утсанд дуудлага ирсэн. Би халааснаасаа гар утсаа гаргаж ирээд ярих гэтэл Тамираа гэнэт миний гар утсыг булаагаад доошоо маш хурдтайгаар гүйгээд зугтаачихсан. Би араас нь гүйгээд гүйцээгүй. Би өөрийн 88180657 дугаарын утас руу удаа дараа залгахад таслаад байсан. Гомдолтой байна. Гар утсаа олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-44 дүгээр хуудас/,

 

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-34 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь iphone 5s маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 232.000 /хоёр зуун гучин хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 77-80 дугаар хуудас/, гэрч Б.Амритагын мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Ц.Урантуяагийн мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/, хохирол барагдуулсан баримтууд /хх-ийн 81-82 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 511 дүгээр байрны 13 давхарт зүс таних Л.Чанцалмаагийн “Ай фоне 5 эс” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Чанцалмаагийн мэдүүлэг, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаар шүүгдэгчээс хохирогчийн гар утсыг илээр хүч хэрэглэлгүйгээр булаан авч буй үйлдэл Эрүүгийн хуульд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Тыг бусдыг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 81-82/, гомдол, саналгүй талаарх хохирогч Л.Чанцалмаагаас хүсэлтээ /хх-ийн 84/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.Тыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

            Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан  нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.Тг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Э.Тд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН