Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 598

 

 

 

 

2020          06           22                                  2020/ШЦТ/598       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,  

Хохирогч О.Ганзориг,

Шүүгдэгч Э.И, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ид холбогдох эрүүгийн 1809000270695 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Би Ти Эф” ХХК-нд кассчин ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо барилгачид 3 гудамж 70 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива ситигийн эс-5-4-04 тоотод оршин суух,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Э.И нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр Шинэ танил.мн сайтаар танилцсан хохирогч О.Ганзоригоос “Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод сурдаг, Монголд очоод уулзана, харих замын зардал хэрэг болоод байна, эмээгийн бие өвдсөн, эмээ минь нас барсан ажил явдлын зардалд мөнгө хэрэг болоод байна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-с 3.290.000 төгрөгийг шилжүүлүүлэн авч бусдыг залилсан,

 

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн Я.Бямбадаржааг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Моннис таур болох ажлын байранд байхад нь өөрийгөө Ж.Паламжав гэж танилцуулан хуурч “би Хятад улсад суралцдаг эмээгийн бие муу байгаа Монгол Улс руу буцах шаардлагатай байна замын зардал зээлээч” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 5 удаагийн гүйлгээгээр өөрийн Хаан банкны 5009633187 тоот дансаар 1.168.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч О.Ганзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 04 дүгээр сараас эхлэн “шинэ танил.мн” сайтаар Ичинхорлоотой танилцсан. Тэрээр “Хятад улсад сурдаг, хоолны мөнгөгүй өлсөөд байна” гэхээр нь 73.000 төгрөг явуулсан. Дараа нь “нутаг буцах гэж байгаа онгоцны зардал” гэх зэргээр мөнгө асууж нийтдээ надаас 10 гаруй удаагийн үйлдлээр 3.290.000 төгрөг авсан. Би гадаад улсад амьдарч байсан хүний хувьд гадаадад ямар хэцүү байдгийг мэддэг. Ингээд өөр шигээ санаж зовсон үед нь тусалъя гэж бодоод итгээд мөнгө өгдөг байсан. 300.000 төгрөгийг өнөөдөр бэлнээр өгсөн. Үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн 1809000270695 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Э.И мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 онд Шинэтанил.мн сайтад Мөсөн Хатан нэртэйгээр хаяг нээж орсон. Уг чатаар Ганзориг гэх хүнтэй танилцсан. Бид хоёр чатаар харьцаж дотносоод шинэтанил.мн-д чат бичихээ болиод Yahoo мессенжэрээр чат бичих болсон. Би түүнээс мөнгө гуйж авах болсон. Мөнгө авахдаа өөрийгөө “Би Бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хотод сурдаг, Монголд очоод уулзана, харих замын зардал хэрэг болоод байна, эмээгийн бие өвдсөн, эмээ нас барсан ажил явдлын зардалд мөнгө хэрэг болоод байна” гэж түүнийг хуурч мөнгө авах болсон. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна... 2018 онд Бямбаа гэх хүнтэй “Шинэ танил.ком” сайтаар дамжуулан танилцсан. Тухайн хүнд худал хэлж мөнгө хэлж байсан нь үнэн. Би одоо мартчихсан байна 1.100.000 орчим төгрөг авсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 144-145, 213-214 дүгээр хуудас/,

 

Хохирогч О.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 4 дүгээр сарын эхээр Паламжав гэх хүнтэй мессежээр танилцаад чаталж эхэлсэн. Тухайн үед Паламжав нь “Бээжинд хэлний сургуульд суралцаж саяхан төгссөн” гэж бичиж байсан. 3 хоногийн дараа мэссэнжерээр “би өлсөөд байна, хоолны мөнгө явуулаач” гэхээр нь 73.000 төгрөг Ичинхорлоо гэх хүний 5009633187 дансаар шилжүүлсэн. 2 хоногийн дараа “нутаг буцах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо, гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байна, очоод өгье” гэхээр нь 721.000 шилжүүлсэн. Дахиад “нутаг буцах гэсэн чинь МИАТ-ын билет дууссан байна, Айр Чайна онгоцны билет авах гэсэн чинь мөнгө дутаад байна” гэхээр нь 526.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь “маргааш ниснэ, нэг өдрийн буудлын мөнгө өгөөч” гэхээр нь Ичинхорлоо гэх хүний данс руу 134.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 99331509 дугаартай утаснаас “би сайн яваад ирсэн...маргаашнаас уулзъя” гэж хэлээд 3 хоног сураггүй болсон. 3 хоногийн дараа “эмээ нас барсан ажил явдлын мөнгө хэрэгтэй байна мөнгө шилжүүлээч” гэхээр нь би 2-3 хоногийн зайтай 300.000, 155.000, 230.000, 82.500 төгрөг 5053318859 дугаарын дансаар шилжүүлсэн. Сүүлд 2017 оны 10 дугаар сарын 20-ноос мессеж бичээд “малаа ачиж хүнд зарах гэсэн юм, мөнгө зээлээч” гэхээр нь 4 удаа нийт 830.000 төгрөг Өнөрмөнх Мөнхгэрэл гэгч хүний 5228074070 дугаартай “Хаан” банкны дансаар шилжүүлсэн. Надад өөрийгөө Жүрмэддоржийн Паламжав гэж хэлсэн. Гомдолтой байна. Мөнгөө олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-129 дүгээр хуудас/,

 

Э.Игийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

 

Б.Тамирын “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-59 дүгээр хуудас/,

 

Б.Дөлгөөний “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60-67 дугаар хуудас/,

 

Ө.Мөнхгэрэлийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 74-79 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Паламжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2015 онд сарыг нь би сайн мэдэхгүй байна. Миний фейсбүүк хаяг руу Hulee Joohon гэсэн хаягнаас “мөнгөө авъя” гэж нэхсэн. “Чи надаас мөнгө авсан” гэж хэлсэн. Тухайн үедээ би гайхсан. Цагдаагийн байгууллагаас нэг ч удаа залгаагүй. Миний нэр дээр өргөдөл бичсэн учраас гайхаад байна. 2017 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэсээс дуудаж намайг залилангийн гэмт хэрэгт холбогдсон талаар хэлсэн. Би маш их гомдолтой байна. Миний нэрийг барьж залилан хийж байгаа эмэгтэйг олж хуулийн дагуу арга хэмжээ авч миний нэр төрийг сэргээж өгөхийг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-116, 130-131 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Тамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний хамтран амьдрагч Ичинхорлоо гэх эмэгтэй Шинэтанил.мн блог хаягаар хүмүүстэй танилцаад танилцсан хүмүүсээс нь түүн рүү шилжүүлсэн мөнгө байсан. Би түүнийг бусдыг залилан мэхлээд байгааг мэддэг байсан. 2-3 жилийн хугацаанд буюу 2015 оноос 2017 оны хооронд үйлдэж байсан. 5059318859 дугаарын данс миний эзэмшлийн данс...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-133 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Дөлгөөн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хаан банкны 5363071507 дугаартай дансыг 10 жилийн хугацаанд ашиглаж байна. 2017 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 17 цаг 04 минутанд 40.000 төгрөг орсон. Энэ мөнгө хэнээс ямар зорилгоор миний дансанд орж ирсэн талаар би сайн мэдэхгүй байна. Энэ мөнгийг миний төрсөн эгч Ичинхорлоо авсан шиг санагдаж байна. Манай эгч дансны дугаараа өгчих гээд над руу залгахаар нь дансаа өгч байсан. Эгч миний картыг аваад явж байсан шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137 дугаар хуудас/,

 

Хохирогч Я.Бямбадаржаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 02 дугаар сард Шинэ танил.мн гэх сайтад өөрөө хаяг нээчихсэн байсан. Тухайн үед Мөсөн хатан гэх хаягнаас над руу найзын хүсэлт илгээхээр нь авсан. Мөсөн хатан гэх хаяг дээрх хүн өөрийгөө “Паламжав гэдэг Бүгд Найрамдах Хятад Ард улсад сурдаг” гэж танилцуулж байсан. Би түүнтэй чатаар харилцаж эхэлсэн. Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Моннис таурт байрлах ажлын өрөөнөөс өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны 415023729 дугаартай данснаас Мost money аппликейшн ашиглаж Ичинхорлоо гэх хүний 5009633187 дугаартай данс руу 5 удаа нийт 1.168.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 195-196, 237-238 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Мөнхгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 5228074070 дугаарын дансыг 5 жилийн хугацаанд ашиглаж байна. Тухайн үед миний эгч Ичинхорлоо намайг “дансныхаа дугаарыг өгчихөөч дансаар чинь мөнгө шилжүүлээдэхье” гэж хэлээд миний дансны дугаар, картыг авч байсан. Өөр зүйл санахгүй байна. Би эгчийнхээ Яармагийн Вива ситид байх гэрт нь амьдардаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 239-240 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Игийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 147 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 146 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 148 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Игийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 150-154, 158-172 дугаар хуудас/, “BTF” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 174 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

                                      

 Шүүгдэгч Э.И нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр Шинэ танил.мн сайтаар танилцсан хохирогч О.Ганзоригтой мессенжер чатаар харилцахдаа өөрийгөө Ж.Паламжав гэж танилцуулан “Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод сурдаг, Монголд очоод уулзана, харих замын зардал хэрэг болоод байна, эмээгийн бие өвдсөн, эмээ минь нас барсан ажил явдлын зардалд мөнгө хэрэг болоод байна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-с 3.290.000 төгрөгийг шилжүүлүүлэн авч бусдыг залилсан,

 

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд иргэн Я.Бямбадаржаатай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Моннис таур болох ажлын байранд байхад нь мессенжер чатаар харилцахдаа өөрийгөө Ж.Паламжав гэж танилцуулан хуурч “би Хятад улсад суралцдаг эмээгийн бие муу байгаа Монгол Улс руу буцах шаардлагатай байна замын зардал зээлээч” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 5 удаагийн гүйлгээгээр өөрийн Хаан банкны 5009633187 тоот дансаар 1.168.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч О.Ганзоригийн “...надаас 10 гаруй удаагийн үйлдлээр 3.290.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Я.Бямбадаржаагийн “...Мost money аппликейшн ашиглаж Ичинхорлоо гэх хүний 5009633187 дугаартай данс руу 5 удаа нийт 1.168.000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Тамир, Б.Дөлгөөн, Ө.Мөнхгэрэл нарын мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Игийн “...Мөнгө авахдаа өөрийгөө “Би Бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хотод сурдаг, Монголд очоод уулзана, харих замын зардал хэрэг болоод байна, эмээгийн бие өвдсөн, эмээ нас барсан ажил явдлын зардалд мөнгө хэрэг болоод байна” гэж түүнийг хуурч мөнгө авах болсон. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна... 2018 онд Бямбаа гэх хүнтэй “Шинэ танил.ком” сайтаар дамжуулан танилцсан. Тухайн хүнд худал хэлж мөнгө хэлж байсан нь үнэн...” мэдүүлсэн мэдүүлэг,

 

Э.И, Б.Тамир, Б.Дөлгөөн, Ө.Мөнхгэрэл нарын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Э.И нь өөрийгөө Ж.Паламжав гэж танилцуулан “Би Бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хотод сурдаг, Монголд очоод уулзана, харих замын зардал хэрэг болоод байна, эмээгийн бие өвдсөн, эмээ нас барсан ажил явдлын зардалд мөнгө хэрэг болоод байна” гэж О.Ганзориг, Я.Бямбадаржаа нарыг төөрөгдүүлэн хуурч тэдгээрийн мөнгийг удаа дараагийн үйлдлээр өөртөө шилжүүлэн авч бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Игийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал шүүгдэгч нь хохирогч нарт цахимаар өөрийгөө худал нэр хэлж танилцуулан дээрх байдлаар худал хэлж ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн мөнгө авч алга болох санаа зорилго агуулж, хохирогч нараас “түүнтэй харилцаа холбоотой байна, түүнд тусалж, мөнгөө буцааж авна” гэсэн хүсэл сонирхлыг нь ашиглаж мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч буй нь гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Иг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас ялласан болон прокурорын яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг зөв зүйлчилж хэрэглэсэн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Бямбадаржаагаас “ хохирол бүрэн төлөгдсөн учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 249 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ганзоригоос “...3.290.000 төгрөгийн хохирлоос 300.000 төгрөгийг өнөөдөр бэлнээр өгсөн. Үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх ба үлдэгдэл 2.990.000 төгрөгийг шүүгдэгч Э.Игоос гаргуулж хохирогч О.Ганзоригт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.И нь өөрийгөө орлого олох боломжтой болон хохирогч Э.Ганзоригт хохирлоо төлөх талаар хүсэлтээ илэрхийлж уг хүсэлтийг хохирогчоос зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.Иг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

            Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хохирогч Я.Бямбадаржаагийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч О.Ганзоригийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

            Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан  гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                              

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.Иг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ид хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Э.Ид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хууль, зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Я.Бямбадаржаад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Игоос 2.990.000 /хоёр сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Ганзоригт олгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар тэнсэгдсэн шүүгдэгч Э.И хохирлын 2.990.000 /хоёр сая есөн зуун ерэн мянга/ төгрөгийг 5 сарын хугацаанд хохирогч О.Ганзоригт төлөхөөр тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН