| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0600/Э |
| Дугаар | 599 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 599
2020 06 22 2020/ШЦТ/599
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Сд холбогдох эрүүгийн 2009011010607 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбийн 3-7 тоотод оршин суух, урьд:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 336 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.С нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны орой Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Яргайт” гэх нэртэй дэлгүүрээс хохирогч Ч.Баянмөнх 5027480150 дугаартай данс руу андууран 3.500.000 төгрөг шилжүүлснийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009011010607 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний “Хаан” банкны 5027480150 дугаарын данс руу хэнээс гэдэг нь мэдэгдэхгүй 3.500.000 төгрөг орж ирсэн. Тухайн үед 250.000 төгрөгийн өглөгтэй байсан болохоор 250.000 төгрөгийг өртэй хүнийхээ данс руу шилжүүлсэн. Миний карт надтай цуг ажилладаг дүүд байсан болохоор би танил дүү рүүгээ яриад “800.000 төгрөгийг аваад хадгалж байгаарай, хүнд өгөх мөнгө байгаа юм” гэж хэлээд хадгалуулсан. Тэр өдрөө цагдан хорих 461 дүгээр ангид хоригдчихсон. Намайг хоригдож байх хугацаанд Сүхбаатар дүүргийн байцаагч ирж надаас мэдүүлэг авсан. Тэр үед нь би хэнээс орж ирсэн ямар учиртай мөнгө болохыг нь мэдсэн. Би тэр мөнгөнөөс 250.000 өртэй хүн рүүгээ шилжүүлсэн. 800.000 төгрөгийг танил дүүгээ аваад хадгалчих гэсэн. Үлдсэн 2.450.000 төгрөг нь миний дансанд байгаа. Би тэр мөнгийг ямар нэгэн байдлаар үрээгүй. Би Баянмөнх эгчид миний данс руу шилжүүлсэн 3.500.000 төгрөгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгнө. Би гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Манай ээж хохирогчид 250.000 төгрөг өгсөн. Үлдсэн 3.250.000 төгрөгийг би хувьдаа ашигласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-12 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Баянмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 11 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Яргайт” барилгын материалын дэлгүүртээ сууж байхдаа өөрийн 5114217691 гэсэн дугаарын данснаас 3.500.000 төгрөгийг “Хаан” банкны 5059065656 гэсэн Д.Сүхбаатар гэдэг хүн рүү явуулах гэж байгаад гар утаснаасаа Сүхээ гээд хадгалчихсан өөр хүний 5027480150 гэсэн буруу дугаар руу интернэт банк ашиглан 3.500.000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр явуулчихсан. Тухайн буруу явуулсан дансны эзэмшигч нь өмнө нь манай дэлгүүрт туслах ажилтан хийж байсан М.С гэдэг хүн байсныг мэдээд би Сүхбатын 99209619 гэсэн дугаар руу нь залгахад утсаа авахгүй байж байгаад унтраагаад салгачихсан. Би 250.000 төгрөгийг хүлээн авсан. Одоо 3.250.000 төгрөгийг Сүхбатаас авах ёстой. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-40 дүгээр хуудас,
Гэрч Э.Анхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар дугаар сарын 18-ны өдөр ойролцоогоор 13 цагийн үед Сүхбат ах миний 99243431 гэсэн дугаар руу скайтелын дугаараас над руу залгаад “ахынх нь дансанд 3.500.000 төгрөг орчихсон байна уу, үзээдхээч” гэсэн. Би Бүрд худалдааны төвийн Хас банкны АТМ-с шалгатал 3.500.000 төгрөг Сүхээ ахын дансанд байсан. Тэгээд Сүхээ ах намайг “800.000 төгрөгийг нь авчих тэгээд өөртөө байлгаж бай, би орой очоод чамаас авна” гэсэн. Би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Бүрд худалдааны төв дотор байх “Хас” банкны АТМ-с Сүхээ ахын хэлснээр түүний картнаас 800.000 төгрөгийг нь авсан. Тэр мөнгөнөөс Сүхээ ах намайг “5000 төгрөгөөр нь өөрийнхөө 99209619 гэсэн дугаар руу нэгж хийчих” гэхээр нь би хийсэн. “5000 төгрөгөөр нь хоол аваад идчих” гэхээр нь би хоол аваад идчихсэн. Үлдсэн 790.000 төгрөгөөс би 30.000 төгрөг үрчихсэн. Үлдсэн 790.000 төгрөг манай гэрт байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,
Ч.Чулуунсүхийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэлд “...Хөхөтөнгийн Аюушаас хохирлын мөнгө болох 250.000 төгрөгийг хураан авав...” гэжээ /хх-ийн 30 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Хохирогч Ч.Баянмөнхөд 20.000 төгрөг 12 ширхэг, 10.000 төгрөг 1 ширхэг нийт 250.000 төгрөгийг хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 31 дүгээр хуудас/,
М.Сын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 95 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 101 дүгээр хуудас/, гэрч М.Өлзийбаярын мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/, гэрч Х.Аюушийн мэдүүлэг /хх-ийн 51-54 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №2020/ШЦТ/403 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65-68 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.С нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны орой Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Яргайт” гэх нэртэй дэлгүүрээс хохирогч Ч.Баянмөнх 5027480150 дугаартай данс руу андууран 3.500.000 төгрөг шилжүүлснийг авч завшин 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Баянмөнхийг мэдүүлэг, гэрч Э.Анхбаярын мэдүүлэг, хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.С нь бусдаас төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр өөрийн дансанд ирсэн мөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр авч, хувьдаа завшсан болох нь нотлогдсон байх ба түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч М.Сыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Саас учирсан хохирлоос 250.000 төгрөг төлөгдсөн /хх-ийн 31 дүгээр хуудас/ болох нь тогтоогдсон байна.
Иймд М.Саас үлдэгдэл хохирол болох 3.250.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Баянмөнхөд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Сыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Сыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт таваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Саас 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Баянмөнхөд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН