Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 02

 

 А.Нд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Г.Эрдэнэбат

            Прокурор                                           Л.Мөнхбаяр

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                    М.Энхтуяа нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлоор А.Нд холбогдох эрүүгийн 1721001480062 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1994 оны 9 сарын 01-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Шинь Шинь” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын  дугаар баг .... тоотод оршин түр суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:/ Ц овогт Аын Н.

А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Политехник коллежийн урд талд хохирогч О.Нын гар цүнх, машины түлхүүр, сувдан түрийвч, Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас банкнуудын виза карт, номин карт, iphone-6 маркийн гар утас нийт 855000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ц овогт Аын Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Аын Нд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.Нд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 , 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Нээс 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Нд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь 3 хоногийн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин 240000 төгрөгийн талаархи нотлох баримт байхгүй тул энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн 50000 төгрөгийн үнэ бүхий 21 инчийн зурагтын түүний хувьд ногдох хэсгээс албадан гаргуулан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс 21 инчийн БНХАУлсад үйлдвэрлэсэн 1 ширхэг хуучин зурагтыг битүүмжилсэн 2017 оны 9 сарын 22-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Нийн ЖД94090136 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг  2017 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч миний бие А.Нийн хүсэлтээр тус шүүхэд хандан гомдол гаргаж байна. ... Анхан шатны хуралд өмгөөлөгч аваагүй, шүүх хурлын процесс болон ямар нөхцөл бүрдүүлж орвол өөрт ашигтай болох талаар мэдлэггүй, өмгөөлөгч авч болно, авахгүй ч байж болно гэхээр өмгөөлөгчгүй орсон гэдэг. Ингээд өмгөөлөгч авч хохирлоо төлж барагдуулаад шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу ялыг хөнгөрүүлж 1 жилийн ялыг хасч шийдвэрлэж өгнө үү. Бага залуу хүн анх удаа хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг харгалзан боломж олгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч А.Н давж заалдах гомдолдоо: “Миний бие төлбөрийн чадваргүй байдлаасаа болж өмгөөлөгчгүй хүнд хэрэгт орсон ба хэргийн талаар болон эрх ашгаа хэрхэн хамгаалах, шүүхийн аль шатанд яах ёстойгоо ч мэдэхгүй байсны улмаас одоо давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч авч байна. Би хийсэн хэргийн талаар маргахгүй буруугаа хүлээн зөвшөөрсөн. Харин хууль мэдэхгүйгээс анхан шатны шүүх хурлын өмнө хохирлоо төлөх арга хэмжээ авч чадаагүй, гайгүй гарах байх гэж бодон ээжийнхээ санааг зовоохгүй гэж нууж явсан. Одоо хохирлыг төлж барагдуулаад байна. Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би залуу хүн, дахин хэзээ ч ийм тэнэг үйлдэл гаргахгүй өөрийгөө зөв авч явж чадах болно. Ажил төрлөө шударгаар хийж нэр төрөө хугалахгүй, та бүхний итгэлийг алдахгүй байх болно. Иймд надад оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх А.Нд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Политехник коллежийн урд талд хохирогч О.Нын гар цүнх, машины түлхүүр, сувдан түрийвч, Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас банкнуудын виза карт, номин карт, iphone-6 маркийн гар утас нийт 855000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Н, хохирогч О.Н нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ж, Л.Э, С.А, Б.П нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 29-ний өдрийн 508 тоот дүгнэлт зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

А.Нд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “…Ял хасаж хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2, 39.10 дугаар зүйлийн 3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дүгээр заалтад:  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Аын Нд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Аын Нг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, 

3 дугаар заалтад: “... 2 жилийн ...” гэснийг “…1 жилийн …” гэж тус тус өөрчилсүгэй.

 2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 3.  Шүүгдэгч А.Нгийн 2017 оны 11 сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР                         

                      ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ

                                                                                  Ж.ДОЛГОРМАА