Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 20

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах “ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Гуравдагч этгээд “Дулаан шарын гол” ТӨХК

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолуудын “ЧЧБТ” ХХК-ийн MV-006006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч            А.Энхгэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                      Ж.Оюунболд

Хариуцагч                                                                 Б.Лхамсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч                                         Д.Оюунчимэг

Гуравдагч этгээд                                                      Б.Энхцэцэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч: “ЧЧБТ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэлээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- “ЧЧБТ” ХХК нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт байрлах Буянтын хөндийд байрлах MV-006006 дугаар бүхий алтны шороон ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг болно. Тус тусгай зөвшөөрөл нь 2003 онд анх олгогдсон бөгөөд аж ахуйн үйл ажиллагаанаас шалтгаалан тогтмол үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд холбогдох татвар хураамж, Ашигт малтмалын газраас тавигдах шаардлага тус бүрийг биелүүлэн бичиг баримтаа бүрдүүлэн ажиллаж ирсэн.

            2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 12, 13 дугаар тогтоолууд гарсан бөгөөд тус тогтоолуудаар тусгай хэрэгцээнд авах, орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэсэн,  дээрх 2 тогтоолын аль аль нь манай компаний ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай орсон байна. Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолыг бидэнд огт мэдэгдээгүй 10 сар гаруй болсон. Тогтоолын хуулбарыг Шарын гол сумын Засаг даргаас хуулбар байдлаар хүлээн авсан болно. Хариуцагч байгууллагаас дээрх 2 тогтоолыг өнөөдрийг хүртэл албан ёсоор мэдэгдээгүй болно.       

            Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар эрх ашиг хөндөгдөж буй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй ба компаний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах шаардлага болон шийдвэр гаргах журмыг зөрчсөн. Хуулийн 40 дүгээр зүйлийг хангаагүй, захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хэлбэр, захиргааны актыг зөвшөөрөхгүй бол гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг зааж өгөөгүй. Газрыг тусгай хэрэгцээнд авсаны дараа хамгаалалтанд авах байтал эсрэгээр нь шийдвэрлэсэн.

           Эдгээр захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар Газрын тухай хуульд заасан журмын дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авах байтал Газрын тухай хуульд заасан журмыг баримталгүй, газар эзэмшигчидтэй тохиролцоогүй, нөхөн олговорын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн зохицуулалтыг орхигдуулж иргэдийн Хурал тогтоол гаргасан. Сумын Засаг даргын саналаар шийдвэрлэсэн гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д зааснаар газар эзэмшигчтэй тохиролцоогүй, зөвхөн Засаг даргын албан бичгийг үндэслэн шийдвэрлэсэн.

            Манай компани “Эрдэс холдинг” ХХК-аас  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ажиллагааг 2016 оноос эхлэн 2017 онд  худалдах, худалдан авах гэрээ байгуулж дуусгасан. Хариуцагч “ЧЧБТ” ХХК-д мэдэгдэх шаардлага байгаагүй гэсэн боловч манай компанийн гүйцэтгэх захирлыг дуудан хуралдаанд оруулсан байдаг ба захирал Оюунтуяа нь уг хуралдаанд оролцож саналаа хэлсэн байдаг. Энэ асуудлыг бид сонсох ажиллагаа гэж ойлгож байна. Тэгээд асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй, хурлаас шийдвэр гаргасан байдаг. Манай компани ашигт малтмалын ашиглалтын МV-006006 дугаартай тусгай зөвшөөрлөөр 105.37 га газарт ашигт малтмал ашиглах зөвшөөрөлтэй бөгөөд Шарын гол суманд 85.6 га талбайд тусгай зөвшөөрөлтэй. Тусгай хэрэгцээ буюу эрүүл ахуйн бүстэй давхцалтай гээд зөвхөн 55.08 газарт газар эзэмших гэрчилгээ, гэрээ байгуулсан, үлдсэн 30.5 га тусгай зөвшөөрөлтэй газрыг ямар ч эрхийн актгүйгээр хассан. Эрүүл ахуйн бүс тогтоосон газартай давхцалтай гэрээ хийхгүй гэсэн тул бид ажлаа эхлүүлэхийн тулд гэрээ байгуулсан ба энэ талаар тусд нь маргаан үүсгэх болно. Хариуцагч 5 шинжээчдийн дүгнэлтээр эрүүл ахуйн бүс тогтоохын тулд газрыг тусгай хамгаалалтанд, тусгай хэрэгцээнд авсан гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  шинжээчдийн дүгнэлт гараагүй, шинжээчдийн багийн судалгаа явуулсан ажлын  гүйцэтгэлийн тайлан байна.

            Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах  журмын 4.8 дугаар зүйлд зааснаар 1994 оны Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар нөхөн олговорыг бүрэн төлж дууссаны дараа газрыг хамгаалалтанд авах журамтай байдаг бөгөөд энэ журам одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж болох ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д тусгай  хэрэгцээнд авч байгаа бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговорыг бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдахаар зохицуулагдсан байгаа.

Иймд   Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолууд нь “ЧЧБТ” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хууль хэрэглээний алдаатай тогтоолууд гарсан байх тул Хурлын 2017 оны 12,13 дугаар тогтоолуудын “ЧЧБТ” ХХК-ийн МV- 006006 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас болон Хурлын дарга Б.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- “ЧЧБТ” ХХК нь Буянтын хөндийн MV-006006 дугаар бүхий алтны зөвшөөрлийг “Эрдэс холдинг” ХХК-иас 2017 оны 07 дугаар сарын 21-нд “ЧЧБТ” ХХК шилжүүлж авсан.

Тусгай зөвшөөрөл нь 2003 онд анх олгогдсон бөгөөд аж ахуйн үйл ажиллагаанаас шалтгаалан тогтмол үйл ажиллагаа явуулж байгаагүй боловч холбогдох татвар хураамж, ашигт малтмалын газраас тавигдах шаардлага бус бүрийг биелүүлж ажиллаж ирсэн гэсэн байна. “Эрдэс холдинг” ХХК нь талбайд “ДЦХ” ХХК гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2015 оны 08 дугаар сард Шарын гол сумын хил давж 100 гаруй метр газарт зөвшөөрөлгүй, уулын ажлын төлөвлөгөө байхгүй олборлолт явуулсан. Мөн 2016-2017 онд зөвшөөрөлгүй, уулын ажлын төлөвлөгөө байхгүй олборлолт явуулсан. Зөвхөн лиценз сунгуулах төлбөрийг Ашигт малтмалын газар төлсөн, орон нутагт ус ашиглалтын болон газрын төлбөр төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтыг зөрчсөн, газар, ус ашиглах тухай гэрээний дагуу 2017 оны газрын гэрээгээр ногдуулсан 8.812.800 төгрөгийг төлөөгүй байна.

Тухайн тогтоол нь хууль бус үйл ажллагааны улмаас тус сумын ундны цэвэр усны нөөц бохирдох, хомсдол үүсэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан нутгийн удирдлагын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд таслан зогсоох арга хэмжээг авч холбогдох хууль тогтоомжийн дагуу уг тогтоолуудыг гаргасан болно.

Нэхэмжлэгч дээрх 2 тогтоолыг бидэнд огт мэдэгдээгүй 10 сар болсон байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Засаг даргаас хуулбар байдлаар хүлээж авсан гэжээ. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр уг тогтоол батлагдан гарсан бөгөөд тусгай зөвшөөрлийг “Эрдэс холдинг” ХХК-иас 2017 оны 07 дугаар сарын 21-нд “ЧЧБТ” ХХК шилжүүлж авсан учраас “ЧЧБТ” ХХК-д мэдэгдэх шаардлагагүй гэж үзэн асуудлыг оруулсан Засаг даргын Тамгын газарт Хурлаас гарсан тогтоолоо хүргүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтын дагуу “Захиргааны акт ... хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсний дагуу Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V хуралдаан буюу 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралд “Эрдэс холдинг” ХХК-с оролцуулах байсан боловч “ЧЧБТ” ХХК-ийн захирал гэх Оюунтуяа оролцон түүний саналыг сонссон нь тухайн үеийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа учир мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй юм.

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/3540 дугаар албан бичигт ... “ДЦХ” /Эрдэс холдинг/ ХХК төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй давхцалтай байгаа ашиглалтын талбайгаа хасуулах арга хэмжээ авч ... хүлээлгэн өгөх гэж тусгагдсан учраас Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12, 13 дугаар тогтоолд нөхөн олговрын тухай асуудлыг тусгаагүй.

Иймд Шарын гол сумын 8300 гаруй иргэдийн ундны усны нөөц 8 худгийн асуудал буюу иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас “ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нхэмжлэл гаргах эрхтэй эсэх асуудлыг ярих хэрэгтэй. “”ЧЧБТ” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан учир энэ өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд гүйцэтгэх захирал Оюунтуяа гэгч хүн оролцсон, иймээс шийдвэрийг мэдэгдээгүй гэж үзэхгүй учир захиргааны актыг сонсгоогүй, мэдэгдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд учир шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд “Дулаан Шарын гол ТӨХК-аас шүүхэд болон шүүх хуралдаанд  компанийн захирал Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- “Дулаан Шарын гол” ТӨХК нь Шарын гол сумын Буянтын хөндий гэдэг газар байршилтай ус хангамжийн худгуудыг ажиллуулж Шарын гол сумын нутаг дэвсгэр дээр оршин суудаг 8300 гаруй иргэд, 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангах ажил үйлчилгээ явуулдаг билээ.

Шарын гол сумын иргэдийг усаар хангах үйл ажиллагааг “Шарын гол” ХК явуулж байгаад 2003 онд УИХ-аас батлагдсан 93 дугаар тогтоол болон Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 57 дугаар тогтоол зэрэг эрх зүйн актуудыг үндэслэн “Дулаан Шарын гол” ОНӨҮГ-ыг байгуулсантай холбогдуулан төрийн мэдлийн хөрөнгөнд бүртгэлтэй 2819313.7 мянган төгрөгийн баланс бүхий иж бүрэн обьектыг тэнд ажиллагсдынх нь хамжт шилжүүлж өгөхөд Буянтын тоосгон барилга, Буянтын торон хашаа, 5, 6, 7, 8, 12 дугаар худгийн барилга, 11 дүгээр худгийн барилга, 4 дүгээр худгийн барилга зэрэг худгууд нь тоног төхөөрөмжийн хамт байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэгдснээс хойш одоо болтол төрийн өмчийн болон компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа юм. Уг худгууд нь анх 1964-1987 онуудад ашиглалтанд оруулсан бөгөөд улмаар 5, 6, 7, 8, 12 дугаар худгуудыг 1974-1975 онуудад ашиглалтанд оруулсан байдаг.

2005 оноос эхлэн “Дулаан Шарын гол” ОНӨҮГ нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулан аж ахуйн зориулалтаар 10 га газрыг Шарын гол сумын Засаг даргын захирамжаар эзэмшиж байгаад Шарын гол сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 172 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтаар “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн албан контор, авто машины гарааш, дулааны пункт, цэвэрлэх байгууламж, ус бэлтгэл, БНС, усан сан, уурын зуух, Буянтын 8 худаг, КНС, шугам хоолойн зориулалтаар эзэмшиж байсан 117585 м.кв газар, 8 км шугам хоолойн газрын эрхийг 15 жилээр сунгаж хавсралтаар баталсугай гэж заасны дагуу уг газрыг эзэмшин үйл ажиллагаа хүн амын цэвэр усаар хангах үйл ажиллагааг явуулж байх хугацаанд цэвэр усны эх үүсвэрүүд түвшин буурч доголдох, хоногт хангаж нийлүүлэх усны нөөц багасаж шөнийн 00.00-06.00 цагуудад хэрэглэгчдийн усны хэрэглээг хязгаарлаж өдрийн хэрэглээний усыг нөөцлөх зэрэг бэрхшээлүүд гарч байсан. Буянтын худгуудын ойр орчим нэр бүхий алтны компаниуд ашигт малтмал ашиглах болсноос цэвэр усны нөөц багасах, усны эх үүсвэрт нөлөөлж болзошгүй зэрэг асуудлууд гарах болсон тул ус хангамжийн цаашдын төлвийн талаар судалгаа хийлгэх, арга хэмжээ авч өгөхийг холбогдох төрийн байгууллагад удаа дараа санал хүсэлт явуулж байсан билээ.

Эдгээр байдлуудыг үндэслэн 2016 онд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын нутаг орших Буянтын голын хөндий, Бууртын хөндийд мэргэжлийн шинжээчдийн баг ажиллаж Буянтын голын хөндийн газрын доорх усыг ашиглах дараах зөвлөмжийг гаргасан юм. Үүнд:

Буянтын өнөөгийн усан хангамжийн эх үүсвэр /ашиглалтын 8 худгаас/-ээс нийт авч ашиглах усны хэрэглээг 1582.55 мкуб хон-оос хэтрүүлэн ашиглахгүй байх

Эрдэс холдинг ХХК, ДЦХ-ын талаар өгөх дүгнэлт

Уурхайн олборлолтыг төвлөрсөн ус хангамжийн худгуудын хамгаалтын эрүүл ахуйн хязгаарлалтын бүсээр тогтоож ажиллахыг сануулах, тэмдэгжүүлэлт хийх

“Эрдэс холдинг” ХХК нь ДЦХ ХХК-иар 2016 оноос алт олборлуулж байгаа учраас 2017 оноос эхлэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбайг хасуулах, нөхөн сэргээлт хийх шийдвэрийг холбогдох газарт тавих зэрэг зөвлөмжийг тусгайлан гаргасан байдаг.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хүн ам иргэдийг цэвэр ус, ундны усаар хангах, эрүүл ахуйн бүсийг тогтоож ажиллахад төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудад зорилго нэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид ч үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллах болно.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг удирлага болгон төрийн удирдах дээд байгууллагуудаас ирүүлсэн үүргийн дагуу гарсан эрх зүйн акт гэж үзэж байгаа тул хариуцагч байгууллагын гаргасан тайлбартай санал нэг байна.

Иймд нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-иас гаргасан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12. 13 дугаар тогтоол холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12,13 дугаар тогтоолын “ЧЧБТ” ХХК-ийн MV-006006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах” тухай  12 дугаар тогтоол гаргаж,  Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-ийн 3/ “байгалийн нөөц газар”, 2-ын “Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно”, 20 дугаар зүйлийн 5/-д “Мөрөн, гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар”, 21 дүгээр зүйлийн 2-т  “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 28 дугаар зүйлийн 3-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, 29 дүгээр зүйлийн  2-т “өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах” гэж тус тус заасныг үндэслэн тус сумын Буянтын хөндийд байрлах хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийг нийт 271.5 га газрыг  байгалийн нөөц ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ.

Мөн өдрийн хуралдаанаас “тусгай хэрэгцээнд авах тухай” 13 дугаар тогтоол гаргаж, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “з”-д “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах”, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно”, 20 дугаар зүйлийн 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 14.2-т “Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна” гэж тус тус заасныг үндэслэн 12 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан Буянтын хөндийн төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн орчмын хамгаалалтын бүсийн 271.5 га талбайг 5 жилийн хугацаатайгаар тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг Буянтын хөндийн адаг нэртэй газарт 105.37 га талбайд ашигт малтмалыг ашиглах зөвшөөрөлтэй бөгөөд үүнээс 85.6 га талбайг Шарын гол сумын нутагт ашигладаг болох нь  Ашигт малтмалын  МV-006006 дугаар  ашиглалтын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1,2 дугаар хавсралт,  компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот худалдах, худалдан авах гэрээ, Шарын гол сумын газрын даамал Д.Болорцэцэгийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Дээрх маргаан бүхий акт болох 12,13 дугаар тогтоолоор орон нутгийн хамгаалалтад болон тусгай хэрэгцээнд авсан газартай нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын МV-006006 дугаар тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбай нь 30.5 га талбайгаар давхцаж байгаа болох нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын зураг, кадастрын зураг, газрын даамалын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

 Хариуцагчид Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-ийн 3/ “байгалийн нөөц газар”, 2-ын “Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно”,  28 дугаар зүйлийн 3-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно”, 20 дугаар зүйлийн 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж заасан эрх хэмжээ хуулиар олгогдсон байна.

 Хариуцагч нь сумынхаа газар нутгийн тодорхой хэсгийг орон нутгийн  хамгаалалтад авах болон тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ”, 25.1.5-д “ …тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, …байгуулахтай холбогдсон схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төслүүд”, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 9-д “Газар зохион байгуулалтыг дараахь харъяалалын дагуу  эрхлэн гүйцэтгэнэ” гээд 2/-д “ ...орон нутгийн тусгай хэрэгцээнд тодорхой газар нутгийг авахтай холбогдсон газар зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн Газрын алба хариуцна” гэж тус тус заасны дагуу  тусгай хэрэгцээний газар нутгийг бий болгохтой холбогдсон газар зохион байгуулалтыг аймгийн Газрын алба журмын 11/-д “Газар зохион байгуулалтыг дор дурдсан үе шатаар гүйцэтгэнэ” гэж  зааснаар аймгийн Газрын албанаас газрыг тусгай хэрэгцээнд авах бэлтгэл ажлыг хангаж, судалгааны ажлыг хийж гүйцэтгэн газар зохион байгуулалтын баримт бичгийг бүрдүүлж боловсруулах, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дараа сумын Засаг даргын саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Мөн хариуцагч Газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөнөөс гадна Байгаль орчны яамны сайдын 2000 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журам”, Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ын дагуу орон нутгийн хамгаалалтын бүсэд тогтоох дэглэм, санхүүжилт, хяналт, газрыг тусгай хэрэгцээнд авах үндэслэл, судалгаа, ашиглах журмыг тогтоох зэрэг ажиллагаг орхигдуулсан, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр ...ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ...хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар ...ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговорыг нэг жилийн дотор төлнө” гэж зааснаар нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын талбайтай давхцалтай болох нь кадастрын зураглалаар тогтоогдож байхад нөхөн олговорын талаар шийдвэрлээгүй зэрэг  холбогдох хууль, журамд заасан нөхцлүүдийг бүрэн хангаагүй асуудлыг шийдвэрлэсэн  болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч “Байгаль орчин аялал жуулчлалын Яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн дагуу ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргасан” гэж тайлбарлаж, мөн тогтоолдоо Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг баримталсан боловч дээрх хуулийн 16.1.1,16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан 4 үндэслэлийн аль зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авч байгаа тухай хариуцагчаас тодорхой тайлбар өгөөгүй бөгөөд хариуцагчийн тайлбарт дурдсан дүгнэлт нь газар нутгийг орон нутгийн хамгаалалт, орон нутгийн тусгай хэрэгцээнд авахтай холбоогүй, Буянтын хөндийн усны эх үүсвэрийн байдалд судалгаа явуулсан ажлын тайлан байх тул хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс үзэхэд 271.5 га газрыг  орон нутгийн хамгаалалтад болон тусгай хэрэгцээнд авахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, Газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн, зөвхөн Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын нутагт орших Буянтын голын хөндий, Бууртын хөндийд усны эх үүсвэрийн талаар судалгаа явуулсан мэргэжлийн шинжээчдийн багийн тайланд үндэслэн гаргасан Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12, 13 дугаар тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.4-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцэхгүй, хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2017 оны 13 дугаар тогтоолыг сумын Засаг дарга хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж зааснаар хүргүүлсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/4066 тоот албан бичгээр, мөн Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/1212 тоот албан бичгээр “газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго нь тодорхой бус, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасантай нийцэхгүй байгаа” талаар мэдэгдсэн байх бөгөөд Хурал нь шийдвэрээ хуульд нийцүүлж зөвтгөх арга хэмжээ аваагүй, өнөөг хүртэл  тусгай хэрэгцээнд авсан газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар кадастрын зураг зүйн бүртгэлд бүртгэгдээгүй байх тул захиргааны акт зорилгодоо нийцсэн байх, үр нөлөөтэй байх, бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг алдагдуулж байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс “ЧЧБТ” ХХК нь”Эрдэс холдинг” ХХК-аас эрхийг 2017 оны 07 дугаар сарын 21-нд шилжүүлэн авсан нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй” гэх тайлбарын тухайд нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК нь “Эрдэс холдинг” ХХК-аас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот  худалдах, худалдан авах гэрээгээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмаар шилжүүлэн авсан болох нь 2017 оны 02 тоот гэрээ, ашигт малтмалын ашиглалтын MV-006006 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, газар эзэмших гэрчилгээ, гэрээ зэргээр нотлогдож байх тул “ЧЧБТ” ХХК-ийг  2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр эрхээ шилжүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байна. Учир нэхэмжлэгчийн шилжүүлсэн авсан хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайнаас 30.5 га газар нь орон нутгийн хамгаалалтад болон тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж ашиглаж болохгүй байгаа болох нь шүүх хуралдааны явцад гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, кадастрын зураглал, газрын даамалын тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд  гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолын “ЧЧБТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”, Тусгай хамгаалалттай нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.5-д зааснаар нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолын нэхэмжлэгч “ЧЧБТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шүүгчийн захирамж нь хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатанд гомдол гаргасан тохиолдолд эцсийн шийдвэр гартал хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА