Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 53

 

МАГАДЛАЛ

 

2016.12.26                                                     Дугаар 53                                  Улаанбаатар хот

Н.Батмандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00953 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Батмандахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, үнэлгээ хийлгэсэн хөлс 160 000 төгрөгийг төлбөрөөс хасуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэнд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Баянгол,   Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21455 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Батмандах нь Их ирээдүй капитал ББСБ-д 45 786 750 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байна. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03045 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 22 000 000 төгрөгийн төлөлт хийсэн боловч шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш буцаагаад авчихсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь дараах байдлаар миний хууль ёсны эрх ашгийг хөндөөд байна. Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас Сонгиохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байрны 213 м.кв талбай бүхий зоорийн давхарын үл хөдлөх хөрөнгө дээр үнийн санал авахад талууд тохиролцон 532 500 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд 70 хувиар буюу 372 750 000 төгрөг, хоёр дах дуудлага худалдаанд 50 хувиар буюу 266 250 000 төгрөгөөр тус тус үнэ бууран дуудлага худалдаанд орсон боловч сонирхогч этгээд гарч ирээгүй, худалдан борлогдоогүй болно. Нийслэлийн шүийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Д.Анхтуяагийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 3/4404 албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэ болох 138 836 280 төгрөгийн 70 хувь болох 97 185 539 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ тогтоох болохыг мэдэгдсэн байдаг. Энэ мэдэгдлээс үзэхэд талууд 532 500 000 төгрөг гээд үнийг тохирсон байхад үндэслэлгүйгээр хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж үнэлгээ хийлгэсэн хөлс болох 160 000 төгрөгийн зардал гарсан гээд төлбөр төлөгч надад нэмэлт дарамт учруулж төлбөрийн хэмжээг ихэсгэж байна. Анхны болон хоёр дах дуудлага худалдааг явуулсны дараа 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/20907 дугаартай мэдэгдлээр үл хөдлөх эд хөрнгийг маань 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр комиссын хурлаар оруулж төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ-д шилжүүлэн өгөхөөр болсон тул 6 дугаар сарын 06-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхийг шаардсан. Гэтэл үүний цаана үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүүтэй асуудал үүсч, миний эрх ашиг хөндөгдөж байна. Иймд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, үнэлгээ хийлгэсэн хөлс 160 000 төгрөгийг төлбөрөөс хасуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21455 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Батмандахаас      45 786 750 төгрөг гаргуулж Их ирээдүй капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Батмандахын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байрны 213 м.кв талбайтай зоорийн давхрыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Батмандах, төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ харилцан тохиролцоогүй бөгөөд Их ирээдүй капитал ББСБ-нь хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гарган Бэсгэ ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилоход барьцаа хөрөнгийг 138 836 280 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч Н.Батмандахад 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 3/4404 тоот албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 532500 төгрөгөөр тогтоосон тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу тэдний тогтсон үнийн 70 хувь буюу 372750 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг төлбөр төлөгч Н.Батмандахад 2016 оны 2 дугаар сарын 26-ны 3/7196 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Анхны дуудлага худалдаагаар борлогдоогүй тул 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2 дах албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ-д санал болгож 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцсон бөгөөд энэ талаар төлбөр төлөгч Н.Батмандахад 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/7196 дугаар мэдэгдэл, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааны 3/7973 дугаар мэдэгдэл, 3/82 дугаар тогтоол 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2/12206 дугаар мэдэгдэл, 4/106 дугаар тогтоолоор тус тус мэдэгдэж байсан. Мөн төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь хуульд заасан хугацаанд үнэлгээний талаар гомдол гаргаж байгаагүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

              Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, үнэлгээ хийлгэсэн хөлс 160 000 төгрөгийг төлбөрөөс хасуулах тухай Н.Батмандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн102/Ш32015/21455 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Н.Батмандах миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж буй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хурлын шийдвэр болох Их Ирээдүй Капитал ББСБ-д Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 21-р хороолол, Москвагийн гудамж, 60-р байрны зоорийн давхрын үйлчилгээний талбайг шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэг болох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Батмандах нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, үнэлгээ хийлгэсэн хөлс 160 000 төгрөгийг төлбөрөөс хасуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/21455 тоот захирамжаар “Их ирээдүй капитал” ББСБ болон Н.Батмандах нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба нэхэмжлэгч нь 45 786 750 төгрөгийг мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлбөр авагчид төлөхөөр тохиролцжээ.

Дээрх захирамжинд үндэслэн Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг талууд 535 500 000 төгрөг гэж тохиролцсон үнэлгээнээс тооцон, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр анхны, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад тус тус үнийн санал ирээгүй тул барьцааны зүйл болох, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байрны 213 м.кв талбайтай зоорийн давхрыг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх хуралд нэхэмжлэгч Н.Батмандах оролцсон байх ба комиссын шийдвэрийг тэрээр зөвшөөрсөн байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

                                  ШҮҮГЧИД                                                  Т.ТУЯА

 

                                                                              М.НАРАНЦЭЦЭГ