Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/596

 

 

    2020        06          19                                   2020/ШЦТ/596  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Төрмөнх,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч А.Х, М.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт А.Х, Хуасай овогт М.мнарт холбогдох эрүүгийн 1909036440776 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ҮБХИС-ийн инженерийн ангийн 2 дугаар курсын оюутан, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар баг Элст гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарайд овогт А.Х. /РД: /,
  2. Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУБИС-ын Газар зүйн багшийн 3 дугаар курсын оюутан, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар баг Хөөвөр гэх газарт оршин суух хаягтай, урьд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 121 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хуасай овогт М.м. /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч М.М, А.Х нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Мийтинг баарны гадна шалтгаангүйгээр Т.Түвшинбаяр, О.Билгүүн, Д.Шинэбаяр нарыг цохиж, өшиглөх зэргээр зодож М.Түвшинсанаагийн эрүүл мэндэд “Дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, хамар, баруун доод зовхи, дээд уруулын дээр, эрүү, хоёр сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол, Д.Шинэбаярын эрүүл мэндэд “Тархи доргилт, 2 нүдний доод зовхи, дотор булан хамар, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор булан хамар, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доор уруулын дотор салстын язрал, дух, хамар, хоёр өвдөг зулгаралт” бүхий хөнгөн хохирол, Т.Түвшинбаярын эрүүл мэндэд “эрүү, хамрын нуруунд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж, хоёр, түүнээс олон хүнд гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М, А.Х нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Мийтинг баарны гадна шалтгаангүйгээр Т.Түвшинбаяр, О.Билгүүн, Д.Шинэбаяр, М.Түвшинсайхан нарыг цохиж, өшиглөх зэргээр зодож

М.Түвшинсанаагийн биед “Дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, хамар, баруун доод зовхи, дээд уруулын дээр, эрүү, хоёр сарвуунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол,

Д.Шинэбаярын биед “Тархи доргилт, 2 нүдний доод зовхи, дотор булан хамар, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор булан хамар, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доор уруулын дотор салстын язрал, дух, хамар, хоёр өвдөг зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол,

О.Билгүүний биед “Тархи доргилт, баруун чамархайн хуйх, зүүн чих, хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дээд, доод 4 дүгээр шүдний ирмэг эмтрэл, зүүн завжны салстын язрал, чамархай, дагз, баруун шанаа, хүзүү, зүүн хөхлөг, эрүү, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт, 2 чих, эрүү, баруун гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол,

Т.Түвшинбаярын биед “эрүү, хамрын нуруунд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэнд тус тус холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1909036440776 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

    

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр найз Батмагнай, Хатансайхан нарын хамт Мийтинг бааранд ороод би тамхилахаар гараад нэг танихгүй залуутай шалтгаангүйгээр маргалдсан. Ингээд тэр залуу намайг гараараа нүүр рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би өөдөөс нь нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл араас Баярмагнай, Хатансайхан нар араас гарч ирээд Батмагнай голоор орж ирээд боль гэж хориглосон. Энэ үед надтай маргалдсан залуугийн найзууд гэх олон залуучууд гарч ирээд Батмагнай руу дайраад цохиод байсан. Тэгэхээр нь би Батмагнайг өмөөрч тэр залуучуудтай зодолдож эхэлсэн ба энэ хооронд Хатансайхан бас орж ирээд тэр залуучуудтай зодолдсон. Бужигнасан зодоон болсон учраас хэн хэнийг яаж цохиж зодсонг хэлж мэдэхгүй байна. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...бусдад төлөх төлбргүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Хы мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Мөнхтүвшин, Батмагнай нарын хамт Мийтинг бааранд орж пиво уугаад сууж байтал найзууд тамхи татахаар гадагшаа гарсан. Ингээд би ганцаараа сууж байтал Батмагнай намайг дуудаад Мөнхтүвшин дуудаад байна гэхээр нь хамт гартал баарны үүдэнд Мөнхтүвшин үл таних залуучуудтай барьцалдаад байж байсан. Тэгэхээр нь би салгах гэж ортол зодоон эхэлсэн. Тухайн үед Мөнхтүвшин бид хоёр уг маргаан зодоонд оролцсон ба бид хоёртой маргалдсан залуучууд 4-5-лаа байсан. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...хохирол төлбөөргүй байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Хохирогч О.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Мийтинг бааранд өөрийн найз нарын хамт орж үйлчлүүлсэн. Би шил пиво уучихаад гадаа гараад тамхи татах гээд зогсож байсан чинь намхан биетэй дээгүүрээ хувцасаа тайлчихсан залуу манай найз Шинээг цохиод авсан. Би яаж байна аа гээд нэгийг нь бариад авсан чинь намайг газар унагаагаад 4-5 хүн нийлээд зодсон. ...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бааран дотроос танихгүй залуучууд гарч ирээд Шинэбаярыг чи сая дотор муудалцаад байсан уу гээд нүүр рүү нь цохиод газар унагааж нүүрэнд нь өшиглөж байсан. Түвшинсанаа, Билгүүн бид 3 салгах гээд очтол араас цамцнаас дараад толгой руу өшиглөөд газар унагаасан. ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, 

Хохирогч М.Түвшинсанаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шинээтэй цуг зогсож байсан чинь үл таних намхан биетэй нүцгэн залуу манай найз Шинээг цохиод авсан. Би болиулах гэсэн чинь намайг савхи өмсчихсөн байсан залуу шууд цохиод газар унагасан. ...өөр хүн намайг цохиж зодоогүй ...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь энэ мөн байна гээд намайг нэг залуу цохиод авсан. Намайг газар унагааж байгаад дээрээс зодсон. ...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Б.Батмагнайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхтүвшин миний хажууд ирээд “гараад ир” гээд дуудсан. Түүнийг дагаад баарнаас гарахад гадаа үүдэнд олон залуучууд маргалдаж байсан. Гэтэл нэг өндөр нуруутай, хар өнгийн саравчтай малгайтай залуу гэнэт миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Цохиход нь би газарт унахад миний дээрээс энд тэндгүй хүмүүс өшиглөж дэвсэлдэн зодож эхэлсэн. Би нүүрээ хамгаалаад хэвтэж ухаан балартсан, ямар шалтгааны улмаас ямар хүмүүс зодоод байгааг мэдээгүй, ойлгоогүй. Хүмүүстэй андуурсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас, 52-53 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11408 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...М.Түвшинсанаагийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, хамар, баруун доод зовхи, дээд уруулын дээр, эрүү, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11406 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Д.Шинэбаярын биед тархи доргилт, 2 нүдний доод зовхи, дотор булан хамар, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доор уруулын дотор салстын язрал, дух, хамар, хоёр өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11407 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...О.Билгүүний биед тархи доргилт, баруун чамархайн хуйх, зүүн чих, хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун дээд, доод 4 дүгээр шүдний ирмэг эмтрэл, зүүн завжны салстын язрал, чамархай, дагз, баруун шанаа, хүзүү, зүүн хөхлөг, эрүү, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт, 2 чих, эрүү, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11435 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Т.Түвшинбаярын биед эрүү, хамрын нуруунд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,                                                                                                

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч М.М иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90 дугаар хуудас/, өр төлбөргүй тухай тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/,  

Шүүгдэгч А.Хы оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 104 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 107 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/,  

Хохиогч О.Билгүүн, Т.Түвшинбаяр, Д.Шинэбаяр, М.Түвшинсанаа нарын шүүгдэгч нартай эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1909036440776 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Мөнхтүвшин, А.Х нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Шарайд овогт А.Х, Хуасай овогт М.мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.МА.Х нар нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

         

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.МА.Х нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.М, А.Х нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Мийтинг баарны гадна шалтгаангүйгээр Т.Түвшинбаяр, О.Билгүүн, Д.Шинэбаяр нарыг цохиж, өшиглөх зэргээр зодож М.Түвшинсанаагийн биед “Дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1,2 дугаар шүдний сулрал, буйланд цус хуралт, хамар, баруун доод зовхи, дээд уруулын дээр, эрүү, хоёр сарвуунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Шинэбаярын биед “Тархи доргилт, 2 нүдний доод зовхи, дотор булан хамар, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор булан хамар, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доор уруулын дотор салстын язрал, дух, хамар, хоёр өвдөг зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Түвшинбаярын биед “эрүү, хамрын нуруунд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус  тус санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн үйл баримт нь:

 

Хохирогч О.Билгүүний “...2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Мийтинг баарны гадаа гараад тамхи татах гээд зогсож байсан чинь намхан биетэй дээгүүр хувцасаа тайлчихсан залуу манай найз Шинээг цохиод авсан. Би яаж байна аа гээд нэгийг нь бариад авсан чинь намайг газар унагаагаад 4-5 хүн нийлээд зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч Т.Түвшинбаярын “...баарнаас танихгүй залуучууд гарч ирээд Шинэбаярыг чи сая дотор муудалцаад байсан уу гээд нүүр рүү нь цохиод газар унагааж нүүрэнд нь өшиглөж байсан. Түвшинсанаа, Билгүүн бид 3 салгах гээд очтол араас цамцнаас дараад толгой руу өшиглөөд газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, 

Хохирогч Д.Шинэбаярын “...гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь энэ мөн байна гээд намайг нэг залуу цохиод авсан. Намайг газар унагааж байгаад дээрээс зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Хохирогч М.Түвшинсанаагийн “...Шинээтэй цуг зогсож байсан чинь үл таних намхан биетэй нүцэглэсэн залуу манай найз Шинээг цохиод авсан. Би болиулах гэсэн чинь намайг савхи өмсчихсөн байсан залуу шууд цохиод газар унагасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Батмагнайгийн “...М миний хажууд ирээд “гараад ир” гээд дуудсан. Түүнийг дагаад баарнаас гарахад гадаа үүдэнд олон залуучууд маргалдаж байсан. Гэтэл нэг өндөр нуруутай, хар өнгийн саравчтай малгайтай залуу гэнэт миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Цохиход нь би газарт унахад миний дээрээс энд тэндгүй хүмүүс өшиглөж дэвсэлдэн зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас, 52-53 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11408, 11406, 11407, 11435 тоот дүгнэлтүүд болон шүүгдэгч М.М, А.Х нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг зэрэг  бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч М.М, А.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.  

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.М, А.Х нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Х, М.М нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хүндрүүлэх шинж болгон заасан байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ....прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч А.Х, М.Мнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч А.Х, М.мнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхтүвшин, А.Х нарын орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөөр торгох ялыг тус бүрт 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Шарайд овогт А.Х, Хуасай овогт М.мнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шарайд овогт А.Х, Хуасай овогт М.мнарыг тус бүр долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, А.Х нарын орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөөр торгох ялыг тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй. 
  4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч
    А.Х, М.Мнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.БАТСАЙХАН