Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/488

 

 

2020        05          21                                      2020/ШЦТ/488

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.М холбогдох 2009000000623 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Силкроуд пронтерс” ХХК-нд салбар хариуцсан тогооч ажилтай, ам бүл 8, эгч, хүргэн ах, тэдний хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 6-30/1 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Э.М . /РД:/,  

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.М нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар гудамжинд Г.Хонгорзулыг авч явахаас болж маргалдан улмаар Б.Пүрэвсайханы нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “Баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамарт няцарсан шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар гудамжинд Г.Хонгорзулыг авч явахаас болж маргалдан улмаар Б.Пүрэвсайханы нүүрэн тус газар нь цохиж “Баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамарт няцарсан шарх, цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалангаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2009000000623 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Э.Мн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 цагийн орчим найз Хонгорзулыг авахаар очих үед Б.Пүрэвсайхан надтай явсан найзуудыг болон намайг хэл амаар доромжлоод байсан учраас нүүрэн тус газар нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Пүрэвсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө өөрийн найзуудтайгаа хамт Улиастайд шөнийн 2 цагийн үед байж байхад миний найз Хосбаяр руу түүний найз Хонгорзул нь залгаад “Намайг Бэлхээс ирээд авчих” гэж ярьсан юм. Би ...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар гудамжинд очсон юм. Тэнд очиход тэнд 6 орчим эрэгтэй хүн, Хонгорзултай хамт байсан бөгөөд бид нар Хонгорзулыг аваад явах гэхэд тэнд байсан эрэгтэй хүмүүс уурлаад байсан юм. Нэг залуу гүйж гарч ирээд газраас чулуу аваад миний нүүр рүү нэг удаа цохисон бөгөөд би газарт уначихаад босож яваад машиндаа суусан юм. Тэд манай найзуудыг зодож байгаад салаад явсан бөгөөд бид машиндаа суугаад гэмтлийн эмнэлэгт очсон юм. Миний хамар сэтэрсэн байсан учраас оёдол тавиулж эмчлүүлээд цагдаагийн байгууллагад хандсан. ...бид хоёр эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар хуудас/,

Гэрч О.Өнөболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Пүрэвсайхан нь хамар язарсан цус гарсан байдалтай машинд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...замдаа явж байхад Пүрэвсайханы хамраас цус гараад тогтохгүй байна гээд байсан харахад хамар нь  цуурсан байсан учир бид нар шууд гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Пүрэвсүрэн манай найз Мөнгөнцоожийг заамдаж аваад түлхсэн. Хариуд нь манай найз буцаагаад түлхэхэд Пүрэвсайхан газар унасан. Тэр үед манай найз Мөнгөнцоож баруун гараараа хамар руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч М.Эрдэнэзориг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Ж.Хосбаяр /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Н.Золжаргал /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Г.Хонхорзул /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4919 тоот дүгнэлтэд “... Б.Пүрэвсайханы биед баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамарт няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

Хохирогч Б.Пүрэвсайханы “...Э.Мөнгөнцоожтой эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгч Э.Мөнгөнцоожийн иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тогоочоор ажилладаг талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2009000000623 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Мөнгөнцоожийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36 дугаар гудамжинд Г.Хонгорзулыг авч явахаас болж маргалдан улмаар Б.Пүрэвсайханы нүүрэн тус газар нь цохиж “Баруун нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамарт няцарсан шарх, цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

 - Хохирогч Б.Пүрэвсайхан /хх-ийн 11-15 дугаар хуудас/, гэрч О.Өнөболд /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Д.Энхбаяр /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч М.Эрдэнэзориг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,  гэрч Ж.Хосбаяр /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Б.Төгөлдөр /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Н.Золжаргал /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Г.Хонгорзул /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ нарын мөрдөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Э.Мөнгөнцоожийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4919 тоот дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Мөнгөнцоожийг хүний эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Пүрэвсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Мөнгөнцоожийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Э.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э.М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Э.М ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.М мэдэгдсүгэй.

            4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН