| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00431/и |
| Дугаар | 38 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 38
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-09 тоотод оршин суух Сосорын Батмөнхөд холбогдох
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа, хариуцагч С.Батмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Шагдархүү овогтой Цэдэнбал нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5001211620 тоот зээлийн шугамын гэрээгээр 40.000.000 сая төгрөгийн зээл авсан. 5001211620-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сосор овогтой Батмөнхийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлээ төлөхгүй байсан учир шүүхэд хандсан. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ш.Цэдэнбал, С.Сарангэрэл нар нь манай банкинд 54.373.597,23 /тавин дөрвөн сая гурван зуун далан гурван мянга таван зуун ерэн долоон төгрөг, хорин гурван мөнгө/ төгрөг төлөх тухай №271 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Ш.Цэдэнбал нь өнөөг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул С.Батмөнхийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Шүүхийн тэмдэгтийн хураамж 429.817,99 төгрөг, гэрээ нотариатаар батлуулсаны хөлс 50.000 төгрөг, нийт 479.817,99 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Батмөнхтэй холбогдох банкны шаардлага байгаа. Энэ бол Шагдархүүгийн Цэдэнбал нь манайхаас 2014 оны 10 дугаар сарын 15-нд манайхаас 40.000.000 төгрөгийн зээл авсан. Өөрийнх нь хөрөнгө хүрэлцэхгүй байсан учраас С.Батмөнхийн орон сууцыг барьцаалсан байгаа. Хас банкны хувьд баталгаат ипотекийн гэрээ хийгдсэн. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангахаар барьцаалуулагч Ш.Цэдэнбал, С.Батмөнх нартай хавсралтад заасан үл хөдлөх эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн гэрээ байгуулсан. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан үүрэг буюу зээлдэгч үндсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийг барьцаагаар хангуулах шаардах эрх банкинд үүссэн тохиолдолд барьцаалуулагч нь энэ гэрээний 2.1-д заасан барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах талаар Баталгаат ипотекийн гэрээнд гарын үсэг зурж 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын бүртгэлд бүртгүүлж, Хас банкинд орон сууцны гэрчилгээний эх хувь байгаагаар нотлогдож байгаа. Тийм учраас С.Батмөнхийн барьцааны хөрөнгөөр барьцааны үүргийг хангуулахыг банк шаардаж байна гэв.
Хариуцагч С.Батмөнх шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн энэ шүүх хуралдаанд Хас банкны нэхэмжлэлийн дагуу миний бие шүүх хуралд оролцож байна. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай баз болох Ш.Цэдэнбал нь бизнесийн 40.000.000 төгрөгийн зээл авах гэсэн чинь миний барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа учраас барьцаагаар орон сууцаа тавиад өгөөч би бизнес эрхэлж, хавар ноолуур авч эргэлдүүлэх гэсэн юм гэх хүсэлтийн дагуу надад хандсан. Бид хэдийн хувьд миний эхнэр болох Б.Бат-Өлзийгийн төрсөн эгч Б.Сарангэрэлийн нөхөр бөгөөд ураг төрлийн холбоотой хүмүүс байгаа. Уг мөнгийг Ш.Цэдэнбал нь аваад тухайн бизнесээ хийсэн. Уг авсан зээлээс би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Энэ талаар Ш.Цэдэнбалыг өөрөө төлөөд явж байгаа гэсэн ойлголттой байсан. Тэгээд Хас банк нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсанаар 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүх анхан шатны шийдвэр гарч уг зээлийг авсан Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар нь уг мөнгийг төлөхөөр болж миний барьцаа хөрөнгөөр, зээл төлөхийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Хас банкнаас тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол гомдол гаргах эрх нь байсан. Энэ шийдвэрт гомдол гаргаагүй, энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Одоо энэ зээлийг миний барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн байна. Энэ Ш.Цэдэнбал нь өөрөө бизнес хийдэг, зээлээ төлөх бүрэн бололцоотой хүн. Зээлээ сар бүр зохих хэмжээний мөнгийг хийж байгаа гэсэн. Энэ нь шүүхийн шийдвэрээр гарсан. Тийм учраас Хас банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүс зээлээ төлөөд явж байгаа, үндсэн 54.000.000 төгрөгийн нэхэмжлэл дээр одоогоор 9 сая гаруй төгрөгийг хийчихсэн байгаа гэсэн. Цаашид үргэлжлүүлээд хийгээд явах бололцоотой учраас заавал миний хөрөнгөөр энэ мөнгийг хангуулах шаардлагагүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Батмөнхөд холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар нь Хас банкнаас 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 40.000.000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр №5001211620 дугаартай зээлийн шугамын гэрээ, №5001211620 дугаартай барьцааны гэрээ, №5001211620-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулан авсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хас банк нь банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэг болон зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу зээлийн гэрээг цуцалж барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 271 дугаартай шийдвэр гарч “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Таванбогд Шагдархүүгийн Цэдэнбал /РД:ДЛ65121710/, Хайрхан хан Баатарын Сарангэрэл /РД:ДЭ69021600/ нараас үндсэн зээл, 40.000.000 төгрөг, хүү 13.970.235,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403.362,32 нийт 54.373.597,23 төгрөгийг гаргуулан Хас банкны Говь-Алтай салбарт олгож, нэхэмжлэлээс хариуцагч С.Батмөнхөд холбогдох хэсэг болон зээлийн гэрээг нотариатаар батлуулсны хураамж 50.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Хас банк нь “...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ш.Цэдэнбал, С.Сарангэрэл нар нь манай банкинд 54.373.597,23 /тавин дөрвөн сая гурван зуун далан гурван мянга таван зуун ерэн долоон төгрөг, хорин гурван мөнгө/ төгрөг төлөх тухай №271 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Ш.Цэдэнбал нь өнөөг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул С.Батмөнхийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэсэн шаардлагыг гаргасан ба хариуцагч С.Батмөнх нь “...Уг мөнгийг Ш.Цэдэнбал нь аваад тухайн бизнесээ хийсэн. Уг авсан зээлээс би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Энэ талаар Ш.Цэдэнбалыг өөрөө төлөөд явж байгаа гэсэн ойлголттой байсан. Тэгээд Хас банк нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсанаар 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарч уг зээлийг авсан Ш.Цэдэнбал, Б.Сарангэрэл нар нь уг мөнгийг төлөхөөр болж миний барьцаа хөрөнгөөр, зээл төлөхийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Хас банкнаас тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол гомдол гаргах эрх нь байсан. Энэ шийдвэрт гомдол гаргаагүй, энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа...” гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардага нь Ш.Цэдэнбал нарын банкны зээлийн гэрээний үүргийг С.Батмөнхийн өмчлөлийн орон сууцаар хангуулах шаардлагыг гаргасан байна.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж, хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д ...үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус тодорхойлсон байгаагаар энэ нь хууль зүйн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа буюу ипотек байх ба Иргэний хуулийн арвангуравдугаар бүлгийн гуравдугаар дэд бүлэгт зохицуулжээ.
Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д ипотекийн гэрээний харилцаанд үндсэн гэрээний хувьд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй гэж заасан нь үндсэн гэрээний буюу энэ хэргийн хувьд банкны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байна. Энэ үүргийг гүйцэтгүүлэхийн тулд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна. Энэхүү шаардлагыг гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргахаар хуульчилсан байна.
Энэ нь Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тусгай зохицуулалт юм. Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага нь банкны зээлийн гэрээний үүргийг ипотекийн гэрээний зүйл буюу үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцаар хангуулах шаардлага нь үгийн шууд утгаараа ч, агуулгын хувьд ч хуулийн дээрх тусгай зохицуулалтад нийцээгүй буюу хуульд үүрэг гүйцэтгүүлэгчид ийм шаардах эрх олгогдоогүй байна.
Иймд Хас банкны нэхэмжлэлтэй хариуцагч С.Батмөнхөд холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Харин хуульд заасан журмыг баримтлан ипотекийн зүйлийг албадан худалдах талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.817,99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн Хас банкны нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-09 тоотод оршин суух Сосорын Батмөнхөд холбогдох ипотекийн гэрээний зүйл болох орон сууцаар банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.817,99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН