Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 0796

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Ц.Урангуа, шүүгч М.Мөнхбаатар  нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

Иргэдийн төлөөлөгч С.Тунгалаг,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Шүүгдэгч Э...., түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ...ийн ...д холбогдох 2008000000605 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 03 угаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 29 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын холбогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хойд эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо Баруун баян уулын ...тоотод оршин суух, урьд

- Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Боржигин овогт ...ийн ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга: 

           Э.... нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо 10 дугаар гудамжинд байрлах “Цолмон" хүнсний дэлгүүрийн урд иргэн Д....ыг “архи авч өгсөнгүй” гэсэн шалтгааны улмаас түүний цээж, мөр, суга, зүүн шуун тус газар нь хүйтэн зэвсэг буюу хутгаар хутгалж “зүүн мөрний гадна, зүүн шуу, цээжний зүүн хэсэг, хэвлийд шарх” бүхий гэмтэл учруулан, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн боловч Э....ын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй ба хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Д....ын мөрдөн шалгах ажиллагаанд анх удаа өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед би гэрээсээ гараад гэрийнхээ хажуу талын дэлгүүр орох гээд явж байсан чинь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо 10 дугаар гудамжны үзүүрт нэг архи уучихсан танихгүй залуутай зөрсөн чинь тухайн танихгүй залуу намайг архи аваад өгчих гэхээр нь би яахаараа чамд архи авч өгдөг юм гээд дэлгүүр лүү алхаад явж байсан чинь араас дагаж байгаа юм шиг харагдахаар нь би эргээд харсан чинь миний гэдэс, мөр, зүүн талын суганы доод тал болон зүүн гарны тохойны тэнд хутгалаад байж байхад дэлгүүрээс хүн гарч ирээд салгасан юм. Тэгээд цагдаа нар дуудсан юм. ...Миний гэдэс мөр, зүүн гарын тохой гарны суга, хавирга хэсэгт хутгалчихсан. Түүнээс нүүр лүү цохиж зодсон асуудал байхгүй. Би тухайн үед архи дарс хэрэглээгүй байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Тухайн залуу /Э..../ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тухайн залуу ганцаараа явж байсан . ...намайг ямар учраас хутгалах болсныг мэдэхгүй байна. Би тэр залуутай маргалдаж барьсан асуудал байхгүй. ...Тухайн залуу хаанаас хутга гаргаж ирснийг мэдэхгүй байна. Гарт нь нэг юм барьчихсан байсан тэгээд би барьж авах гэсэн чинь шууд хутгалчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 14-15 х/,

 

2.Хохирогч Д....ын мөрдөн шалгах ажиллагаанд 2 дахь удаа өгсөн: “... намайг хутгалж байхад миний хажууд хүн байгаагүй бид хоёр байж байсан. Харин дараа нь хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. ... дээрх гэмтлүүдийг ... гэдэг залуу учруулсан. ...Надад эмчилгээний зардал гэж 210,000 төгрөг өгсөн. ...Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. ...би шүүх хуралд суухгүй. ...надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 17 х/,

 

3.Шүүгдэгч Э....ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2020 оны 03 сарын 23-ны өдөр 15 цаг өнгөрч байхад хойд аав ...ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын ...тоотод 0,75-ийн “Шим” нэртэй архи хоёрыг хувааж уусан юм тэгээд хойд аав ... нь архи уучихаад намайг шорон оронд явж байсан гээд элдвээр хэпээд доромжилоод байсан. Бид хоёр хоорондоо маргалдаж намайг гэрээс гар зайл гээд хөөхөөр нь би уурандаа гэрээс хутга авч гараад гудамжны үзүүрт би нэг хүнтэй мөргөлдөж таарсан. Тэгээд л би цаашаа юу болсноо санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа нар ирчихсэн намайг аваад явж байсан. Түүнээс ямар хүнтэй юунаас болж маргалдаж хутгалсанаа хүртэл санахгүй байна. Би тухайн үед архи уугаад тасарчихсан байсан болохоор ямар учраас хутга авч гарсныг мэдэхгүй байна. ... би өөрийн үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг  /хх 101-102 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

             4.Гэрч Б....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ... гэдэг хүнийг танина, би хойд аав нь байгаа юм. 2020 оны 03 сарын 23-ны өдөр би ...тай хамт нийлж 0,75-ийн Шим нэртэй архи хоёрыг аваад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын ...тоотод ... бид хоёр хоёр шил архи хувааж ууж байгаад бид хоёр жаахан маргалдаж би архиныхаа халуунд чи шорон оронд явж байсан гэлүү гээд хэлсэн. Тэгээд ... уурлаад гэрээс гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би жаахан байж байгаад орж ирэх байх гэж бодоод байж байсан чинь орж ирэхгүй удаад байсан. Тэгсэн би нэг мэдсэн орон дээр унтаад өгсөн байсан. Тэгээд манай эхнэр орж ирснээ гадаа түргэний машин ирчихсэн байна гэж байсан. Би ...ыг гэрээс хутга авч гарахыг хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх 28-29 х/,

 

            5.Гэрч О....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 23-ны өдөр би гадуур явж байгаад өдөр гэртээ ирсэн. Манай хойд аав ..., ах ... нар архи уучихсан согтуу хэрэлдээд байхаар нь би чимээгүй бай гээд хэлсэн. Тэгсэн ... ах уурлаад гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би ах орж ирэхгүй байхаар араас нь гараад явсан чинь ... ах гудамжны үзүүрт нэг танихгүй ахтай маргалдаад байж байсан. Тэгээд би гэрийнхээ тэндээс хараад байж байсан чинь ... ах нөгөө танихгүй ахтай Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цолмон хүнсний дэлгүүрийн үүдэнд муудалцаад барилцаж аваад зогсож байсан, тэгэхээр нь би очсон чинь манай ах ... нөгөө ахыг хутгалчихсан байсан. Тэгсэн дэлгүүрийн худалдагч эгч гарч ирээд салгасан юм. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

            6.Гэрч Д....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 03 дугаар сарын 23-ны орой 18 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян-Уулын 9-15 тоот хашаанд “Цолмон” гэх дэлгүүрт сууж байсан чинь гаднаас хоёр танихгүй охин орж ирсэнээ танай дэлгүүрийн үүдэнд гадаа хоёр хүн муудалцаад цаасны хутгаар нэгнээ зүсэх гээд байна гэхээр нь манай дүү ... түрүүлж гарахад нөгөө хоёр залуу нэгнээ цохих гээд өрөлт аваад зогсож байсан гэсэн. ...би очоод хоёр тийш нь салгасан чинь нэгнээ хутгалчихсан байсан. ...Тэгээд нэг өндөр залуу нь цаашаа зугтах гээд байхаар нь хөөе чи наашаа яваад ир битгий зугтаарай гэж хэлсэн чинь нөгөө залуу би зугтахгүй гэж хэлсэн. ...Би хутгалуулсан гэх хөгшин ахыг танина манай гудамжинд байдаг юм. Харин нөгөө өндөр залуу болохоор манайхаар үйлчлүүлдэг эгчийн хүүхэд нь байсан юм. ...Тухайн хоёр хүн нэг нэгэнтэйгээ зууралдаад барьцалдаж авсан байдалтай байсан. Харин намхан махлагдуу хүний гэдэс болон гарнаас нь цус гарч байсан. ...махлагдуу ахыг улаан иштэй хутгаар зүсэж гэмтээсэн байсан. Тухайн залуу хутгаа шидэхээр нь би тэр хутгаа очиж ав гэж хэлээд хутгыг нь авчруулсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 24-25 х/8

                 7.Гэрч Б....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 03 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Нутаг дэвсгэрт байрдах “Цолмон” хүнсний дэлгүүрт ажил дээрээ байхад гаднаас танихгүй 1 хүн орж ирсэнээ танай дэлгүүрийн гадаа хоёр залуу зодолдоод байна нэг залуу нь хутгатай байна лээ шүү гэхээр нь би дэлгүүрээс гараад дэлгүүрийн үүднээс та хоёр болиоч гэж хэлсэн чинь салахгүй байхаар нь би буцаж дэлгүүр лүү ороод эгч ...ыг дуудаад гадаа Улаанаа ах /.../ танихгүй хүнтэй зодолдоод байна гэж хэлсэн. Би тэгээд Улаанаа ахын гэр лүү очиж гэрээс нь хүүхдийг нь дуудаад хамт очсон чинь Улаанаа ахыг хутгалчихсан байсан. ...Улаанаа ах /.../ хэвлийн хэсэгтээ хутгалуулчихсан цус гараад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 32-33 х/,

 

            8.Шинжээчийн 4091 дугаар дүгнэлт:

          1.Д....ын биед зүүн мөрний гадна, зүүн шуу, цээжний зүүн хэсэг, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид щрөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 41 х/

 

           9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65 х/

            10.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 67-72 х/

            11.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 75 х/

            12.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 77 х/

            13.Хохирлын баримтууд /хх 90 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

            Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч Э....ыг хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутай гэх саналыг гаргасан.

Прокуророос шүүгдэгч Э....ыг хүнийг алахыг завдсан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн хэргийн нотлох баримтууд болох:

Хохирогч Д....ын 2 дахь удаа өгсөн: “... намайг хутгалж байхад миний хажууд хүн байгаагүй бид хоёр байж байсан. Харин дараа нь хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 17 х/,

            Гэрч О....ын “... би очсон чинь манай ах ... нөгөө ахыг хутгалчихсан байсан. Тэгсэн дэлгүүрийн худалдагч эгч гарч ирээд салгасан юм. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

            Гэрч Д....ын “... манай дүү ... түрүүлж гарахад нөгөө хоёр залуу нэгнээ цохих гээд өрөлт аваад зогсож байсан гэсэн. ...би очоод хоёр тийш нь салгасан чинь нэгнээ хутгалчихсан байсан. ... махлагдуу ахыг улаан иштэй хутгаар зүсэж гэмтээсэн байсан. Тухайн залуу хутгаа шидэхээр нь би тэр хутгаа очиж ав гэж хэлээд хутгыг нь авчируулсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 24-25 х/,

                 Гэрч Б....гийн “... Улаанаа ахын гэр лүү очиж гэрээс нь хүүхдийг нь дуудаад хамт очсон чинь Улаанаа ахыг хутгалчихсан байсан. ...Улаанаа ах /.../ хэвлийн хэсэгтээ хутгалуулчихсан цус гараад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 32-33 х/,

             Шинжээчийн 4091 дугаар дүгнэлт:

            1.Д....ын биед зүүн мөрний гадна, зүүн шуу, цээжний зүүн хэсэг, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид щрөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 41 х/ зэрэг үйл баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийг хутгалахад хажууд нь өөр хүн байгаагүй, харин хутгалсны дараа гэрч О.... харсан, мөн гэрч Д....а ирж шүүгдэгчийг холдуулсан, хохирогчийн биед учирсан гэмтлүүд өнгөцхөн шарх төдий гэмтлүүд учирсан, шүүгдэгч өөрийн үйлдлээ санахгүй согтуу байсан гэх мэдүүлгийг өгдөг, шүүгдэгчийн субьектив талын санаа зорилгыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, өөрөөр хэлбэл түүний хутга аваад гэрээс гараад гудамжинд тааралдсан хүнийг хутгалсан үйлдлээр нь хүнийг санаатай алахыг завдсан гэж үзэх боломжгүй, улсын яллагчаас гэрч Д....а очиж салгасан гэж тайлбарлаж буй боловч Д....а нь хутгалсны дараа очсон, түүнийг очиход шүүгдэгч хутгаа газар луу шидсэнийг буцааж авчируулсан талаар гэрч нотлож мэдүүлдэг тул  шүүгдэгчийн хохирогчийг хутгалсан үйлдлийг хэн нэгэн хөндлөнгийн хүний үйлдлийн улмаас таслан зогсоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь бусдыг санаатай алахаар урьдаас төлөвлөсөн, хохирогчийг зориуд сонгож очсон гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргээс дүгнэхэд улсын яллагчийн Э....ыг хүнийг санаатай алахыг завдсан гэх зүйл заалтаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэргийн үйл баримтуудаар бүрэн гүйцэд тогтоогдоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хутгалах үйл явц дуусаад гараараа зууралдсан байхад хүмүүс очсон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.

            Завдах гэмт хэргийн обьектив талын гол шинж бол шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхыг шаардах бөгөөд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй тул уг гэмт хэргийг хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргээр нь хөнгөрүүлэн өөрчилж хэргийн зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй.

Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хэргийн үйл баримт нэг, шүүгдэгчид хөнгөн ялтай хууль хэрэглэж эрх зүйн байдал нь дээрдэж байгаа тул Прокуророос Э....д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, иргэдийн төлөөлөгчийн хүнийг алахыг завдсан гэм буруутай болон улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

            

            Э.... нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо 10 дугаар гудамжинд байрлах “Цолмон" хүнсний дэлгүүрийн урд иргэн Д....ыг архидан согтуурсан үедээ түүний цээж, мөр, суга, зүүн шуун тус газар нь хутгаар хутгалж “зүүн мөрний гадна, зүүн шуу, цээжний зүүн хэсэг, хэвлийд шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь болох нь:

Хохирогч Д....ын “... би гудамжинд таарсан чинь намайг шууд архи авч өг гэхээр нь би яахаараа чамд архи авч өгдөг юм гээд дэлгүүр лүү алхаад явж байсан чинь араас дагаж байгаа юм шиг харагдахаар нь би эргээд харсан чинь миний гэдэс, мөр, зүүн талын суганы доод тал болон зүүн гарны тохойны тэнд хутгалсан ...” гэх мэдүүлэг /хх 14-15, 17 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Э....ын “...би уурандаа гэрээс хутга авч гараад гудамжины үзүүрт би нэг хүнтэй мөргөлдөж таарсан. Тэгээд л би цаашаа юу болсноо санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа нар ирчихсэн намайг аваад явж байсан. Түүнээс ямар хүнтэй юунаас болж маргалдаж хутгалсанаа хүртэл санахгүй байна. ...” гэх мэдүүлэг  /хх 101-102 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Гэрч О....ын “...Цолмон хүнсний дэлгүүрийн үүдэнд муудалцаад барилцаж аваад зогсож байсан, тэгэхээр нь би очсон чинь манай ах ... нөгөө ахыг хутгалчихсан байсан. Тэгсэн дэлгүүрийн худалдагч эгч гарч ирээд салгасан юм. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

            Гэрч Д....ын “... манай дүү ... түрүүлж гарахад нөгөө хоёр залуу нэгнээ цохих гээд өрөлт аваад зогсож байсан гэсэн. ...би очоод хоёр тийш нь салгасан чинь нэгнээ хутгалчихсан байсан. ... махлагдуу ахыг улаан иштэй хутгаар зүсэж гэмтээсэн байсан. Тухайн залуу хутгаа шидэхээр нь би тэр хутгаа очиж ав гэж хэлээд хутгыг нь авчируулсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 24-25 х/,

                 Гэрч Б....гийн “... Улаанаа ахын гэр лүү очиж гэрээс нь хүүхдийг нь дуудаад хамт очсон чинь Улаанаа ахыг хутгалчихсан байсан. ...Улаанаа ах /.../ хэвлийн хэсэгтээ хутгалуулчихсан цус гараад байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 32-33 х/,

          Шинжээчийн 4091 дугаар дүгнэлт:

          1.Д....ын биед зүүн мөрний гадна, зүүн шуу, цээжний зүүн хэсэг, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг бболсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид щрөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 41 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Э.... нь хохирогч Д....ын биед зүүн мөрний гадна, зүүн шуу, цээжний зүүн хэсэг, хэвлийд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Э.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Э....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хохирогч Д....ын нэхэмжилсэн 210,000 төгрөг төлөгдсөн болох нь  түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “надад цаашид нэхэмжлэй зүйл байхгүй, ...санал гомдол гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 17 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

          Улсын яллагч: Э....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан, гэм буруу дээр маргаагүй, хувиараа ажил эрхэлдэг зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

          Шүүгдэгч Э....д холбогдох гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирол, хор уршгийг арилгасан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж байгаа, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч согтуурсан үедээ, зэвсэг хэрэглэн үйлдсэн, хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс 660 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж, Э....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 01 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст хариуцуулах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э....д холбогдох 2008000000605 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

          2.Боржигин овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э....ыг 660 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э....д мэдэгдсүгэй.

 

          5.Э....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 210,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ

          ШҮҮГЧИД                                Ц.УРАНГУА

                                                                    М.МӨНХБААТАР