| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0335/Э |
| Дугаар | 0798 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 0798
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
Улсын яллагч Б.Энэрэл /томилолтоор/,
Шүүгдэгч С...., түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овогт ...гийн ...т холбогдох 1908056060305 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хүний мал малладаг ажилтай, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо ...тоотод оршин суух, урьд
- Архангай аймгийн шүүхээр 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Архангай аймгийн шүүхээр 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Халзан овогт ...гийн ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
С.... нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 15 дугаар ... тоот хашааны гадна иргэн А....ыг “өгсөн утас хаялаа, олж ир” гэх шалтгаанаар нүүр лүү нь нэг удаа цохиж газар унаган баруун гуянд 2 удаа өшиглөсний улмаас бүсэлхий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч А....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бид 2 тэр архийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх сайжруулсан түлш зардаг газрын арын гудманд орж уусан. Тэгсэн ... “чи надаас авсан гар утсаа яасан. Би гар утасгүй болсон. Би чамд өгсөн гар утсаа авмаар байна” гэсэн. Тэгэхээр нь би ... ахад “би таниас авсан гар утсаа архи ууж байгаад хаясан байна лээ” гэж хэлсэн чинь ... “чи олж ир” гээд намайг цохиод газар унагаад миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд ... ах цааш яваад өгсөн. Би босоод гэр лүүгээ явсан. Намайг зүс танидаг ... ах гараараа цохиод газар унагасан. ... бид хоёрыг маргалдаж байхад хажууд хүн байхгүй байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний баримт байхгүй. ... Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо болон Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь хаагуураа заагладаг талаар сайн мэдэхгүй учраас өмнө өгсөн мэдүүлэг дээрээ “хэрэг учрал Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутагт болсон” гэж хэлсэн юм. Хэрэг учрал болсон гэх газрыг хүмүүс “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их наран хуучин эцэс” гэж нэрлээд байдаг юм. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хэрэг учрал болсон газрыг буруу хэлсэн байна. Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 15 дугаар ... тоот гэсэн хаягтай хашааны ертөнцийн зүгээр хойд талд болсон юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний гэх 500,000 төгрөгийг С.... гэх хүнээс бэлнээр авсан. ...” гэх мэдүүлэг /хх 13, 97 х/,
2.Шүүгдэгч С....ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би ...а гэх залуутай Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их наран хуучин эцэс гэх газар таарсан юм. ...а архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгсэн ...а дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авч гарч ирсэн. ...ын авсан архийг нь ...а бид 2 хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их наран хуучин эцэс гэх газарт байх сайжруулсан түлш зардаг гудамжны арын гудманд орж ...а бид 2 хувааж уусан юм. Би ...аас “би чамд өгсөн гар утас хаана байна. Би гар утасгүй болсон. Чамаас авмаар байна” гэсэн чинь ...а надад “би тэр гар утсыг хэнд өгсөн талаар мэдэхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би ...ыг нэг удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон чинь газар унасан. Газар унасан байхад нь би хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд би ...ыг татаж босгоод хоорондоо ярилцаад байж байсан чинь ... гэх залуу ирээд намайг гэрт хүргэж өгсөн юм. Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би ...а гэх залуутай 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Би ...а гэх залууг нэг удаа гараараа нүүр хэсэгт нь алгадаад, газар унахаар нь баруун гуя хэсэгт нь 2 удаа өшиглөсөн юм. Би ...аас “чи надаас авсан гар утсаа яасан юм. Би гар утсаа авмаар байна” гэсэн чинь ...а “би тэр гар утсыг яасан талаар санахгүй байна” гээд бид 2 хоорондоо маргалдсан юм. ...а бид хоёрыг маргалдаж байхад хажууд хүн байхгүй байсан. ... гэх залуу сүүлд нь буюу би ...ыг цохисны дараа буюу ...ыг бид 2 хоорондоо ярилцаад сууж байхад ирсэн. ...а бид хоёр хоорондоо өс хонзон, мөнгө төгрөгний асуудал байхгүй. ...а намайг цохиж зодоогүй. Миний биед гэмтэл учраагүй. ... Би 1976 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуульд анх нэгдүгээр ангид орж байсан. Тэгээд 1977 онд нэгдүгээр ангиа төгсөөд намар нь 2 дугаар ангид ороод, 2 дугаар ангиа төгсөөгүй. Сургуулиас гарсан юм. Би нэрээ бичиж чадна. Тэрнээс өөр уншиж, бичиж чадахгүй. Би боловсролгүй. Хэрэг учрал нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутагт байх Их наран хуучин эцэс гэх автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд байх зам дагуу Агар нэртэй хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд талын 15 дугаар гудамж буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал ...тоот хаягтай хашааны ертөнцийн зүгээр хойд талд нь болсон юм. Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар болон Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь хаагуураа заагладаг талаар сайн мэдэхгүй байсан учраас өмнө нь мэдүүлэгтээ андуурч Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо гэж хэлсэн байна лээ. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 31, 93 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шинжээчийн 12947 тоот дүгнэлт
1.А....ын биед бүсэлхий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр буюу унах, цохих хүчний аль алинд, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 17-18 х/,
4.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 36 х/
5.Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх 37 х/
6.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 38 х/
7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 39 х/
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 х/
9.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 41 х/
10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43 х/
11.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 45-54, 96-100 х/
12.Хохирогчийн хохиролд 500,000 төгрөг авсан, гомдолгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 101 х/ зэрэг болно.
Шүүгдэгч С.... нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 15 дугаар ... тоот хашааны гадна иргэн А....ыг “өгсөн утас хаялаа, олж ир” гэх шалтгаанаар нүүр лүү нь нэг удаа цохиж газар унаган баруун гуянд 2 удаа өшиглөсний улмаас бүсэлхий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч А....ын “...... “чи утас олж ир” гээд намайг цохиод газар унагаад миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд ... ах цааш яваад өгсөн. Би босоод гэрлүүгээ явсан. Намайг зүс танидаг ... ах гараараа цохиод газар унагасан. ...” гэх мэдүүлэг /хх 13, 97 х/,
Шүүгдэгч С....ын “... би ...ыг нэг удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон чинь газар унасан. Газар унасан байхад нь би хөлөөрөө өшиглөсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 31, 93 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээчийн 12947 тоот дүгнэлт
1.А....ын биед бүсэлхий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр буюу унах, цохих хүчний аль алинд, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 17-18 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.
Шүүгдэгч С.... нь хохирогч А....ын биед бүсэлхий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч С.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд “санаатай” хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Улсын Их Хурлын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэх нэмэлт орсон, уг хууль 2020 оны 02 сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан, уг гэмт хэрэг 2019 оны 10 сард үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө үйлдсэн хэрэгт дээрх хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.
Хохирогч А....а гомдол саналгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 101 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.
Улсын яллагч: С....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Шүүгдэгч гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирол төлсөн, хувиараа мал малладаг тул торгуулийн хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэсэн.
С....ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг мөнгөөр нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцогдож байгаа, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 3 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирол төлөгдсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Халзан овогт ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С....ыг 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б....т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....т мэдэгдсүгэй.
5.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирлын 500,000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ