Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 39

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаан банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух Даваа Эрдэнэжавын Сэдбазарт холбогдох

Өөрийн өмчлөлөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хаан банкны Говь-Алтай салбарын харьяа Бугат тооцооны төв нь одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа 103.7 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг анх 2005 онд иргэн Эрдэнэжавын Сэдбазар /РД:ДГ68111218/-аас 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр худалдан авч түүнээс хойш өнөөдрийг хүртэл 11 жил тасралтгүй тооцооны төв байрлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Энэ обьектын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь манай банкны нэр дээр гарсан бүртгэлтэй байдаг. Банк обьектийг аль эрт 2005 онд худалдаж авсан ч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь банкны нэр дээр өнөөдрийг хүртэл гараагүй явж ирсэн. Иймд цаашид уг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг Хаан банкны нэр дээр гаргуулахад өөрийн банкны эзэмшлийг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байгаа тул энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч нь Хаан банк мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд манай Бугат тооцооны төв нь Э.Сэдбазар гэх хүнээс үйлвэрлэл, үйлчилгээ явуулах зорилгоор 103.7 метр квадрат объектийг 550.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед газрын гэрчилгээ нь гарсан байсан. Манайх тухайн обьектийн газрын татвар, үл  хөдлөх хөрөнгийн татварыг жил бүр төлж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Хамгийн гол нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Хаан банкны нэр дээр гаргуулахыг хүсэж байгаа гэжээ.

Хариуцагч Э.Сэдбазар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хаан банкны Говь-Алтай салбарын харьяа Бугат тооцооны төвийн одоо үйл ажиллагаагаа явуулж буй обьектын талаарх тодорхойлолт: Миний бие Эрдэнэжав овогтой Сэдбазар нь Бугат сумын Алаг хайрхан хувьцаат компаний агуулах складын зориулалтаар ашиглаж байсан 103,7 мкв үл хөдлөх хөрөнгийг 2005 оны 08 дугаар сард хувьцаанд аваад Бугат сумын Хаан банкны тооцооны төвд 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр худалдаж, зарсан нь үнэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад Хаан банкны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Говь-Алтай аймгийн Бугат сумд байрлах Хаан банкны Говь-Алтай салбарын Бугат тооцооны төвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа 103.7 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь Хаан банкны өмчлөл мөн болох нь зохигчдын харилцан зөрүүгүй тайлбар, Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/04 дугаартай тодорхойлолтод  “...Тус сумд үйл ажиллагаа явуулж байгаа Хаан банкны барилгыг 2005 оны 08 дугаар сард иргэн Э.Сэдбазараас агуулахын зориулалттай барилгыг худалдан авч засварлан өнөөг хүртэл банк санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа нь үнэн болно...” гэсэн, Говь-Алтай аймгийн Бугат сумын татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолтод “...Тус сумд үйл ажиллагаа явуулж байгаа Хаан банк нь 2006 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн татвар төлж байсан  нь үнэн болно...” гэсэн болон Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/03 дугаартай “газар эзэмшүүлэх тухай гэрээ”, №0201445 дугаартай Аж, ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хаан банкийг Говь-Алтай аймгийн Бугат сумд байрлах Хаан банкны Говь-Алтай салбарын Бугат тооцооны төвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа 103.7 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Бугат сумд байрлах Хаан банкны Говь-Алтай салбарын Бугат тооцооны төвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа 0201445 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар дээрх 103.7 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болох барилгын өмчлөгч нь Хаан банк мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                                                                                                 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ц.ҮЙТҮМЭН