Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 21

 

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

             Нэхэмжлэгч  Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 14 дүгээр хороолол Хүслийн хотхоны 4-7 тоотод оршин суух Гармаагийн Гандигмаагийн нэхэмжлэлтэй

             Хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхбатад холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор, хохирлыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд:

             Нэхэмжлэгч:                                                         Г.Гандигмаа

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                   Л.Алтанчимэг  нар оролцов.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Гандигмаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол соёл, урлаг шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан, ээлжийн амралтын хугацаа 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан бөгөөд тухайн өдрөөс хойш 1 сар 15 хоногийн чөлөө авах хүсэлтийг Засаг даргын орлогч н.Түвшинбатад гаргаж хүргэн ах Хавсаметээр хүргүүлсэн. Миний хувьд байгууллагын дотоод журамд заасны дагуу 3 сар цалингүй чөлөө авах эрхтэй бөгөөд тус журмын дагуу чөлөө олгосон гэж үзээд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр чөлөөний хугацааг дуусгаж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орохоор ирэхэд миний чөлөө хүссэн хүсэлтийн талаар н.Түшинбат нь ямар нэгэн шийдвэр гаргаагүй, надад чөлөө олгосон эсэх нь тодорхойгүй  байсан. Миний чөлөө авах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй байсан ба энэ талаар асуухад надад тодорхой хариу өгөөгүй. Миний чөлөө олгох тухай хүсэлтийг Засаг даргын орлогч А.Түвшинбатад цохолт хийсэн байсан. Миний хувьд хүний нөөцийн мэргэжилтэн н.Орхонтой цахим сүлжээгээр холбогдож чөлөө олгосон эсэх талаар асуухад надад чөлөө олгож байгаа юм байна гэсэн ойлголтыг өгч байсан боловч сүүлд надтай холбогдохдоо 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөө олгосон талаар Орхон надад фейсбүүкээр мэдэгдээд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Цасчихэртэй холбогдож тодруулаарай гэсэн. Би хэлтсийн дарга Н.Цасчихэртэй холбогдож асуухад чиний чөлөө олгох тушаал тойрч байна би энэ талаар мэдээгүй байдаг гэсэн мэдээлэл өгсөн. Яагаад миний чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг мэдээгүй юм болоо гэж бодоод өөрийн хүргэн ах н.Хавсаметийг дахин Засаг даргын орлогч А.Түвшинбаттай уудзаад чөлөө олгосон тушаал хэзээ гарсан юм бэ, тодруулаарай гэж хэлсэн. Миний хувьд 1 сар 15 хоногийн чөлөө хүссэн, манай байгууллагын дотоод журамд тамгын газрын ажилтан нь жилд 3 сар хүртэл цалингүй чөлөө олгож болохоор заасан байдаг, тэр эрхээ эдлэхээр хүсэлт өгсөн юм.

Манай хүргэн ах н.Хавсатет нь 2017 оны 11 дүгээр сарын эхээр Тамгын газрын дарга Ч.Энхбаттай уулзаж надад чөлөө олгосон эсэх талаар тодруулахаар очиход Ч.Энхбат дарга удирдлагын академид сурахаар явсан байсан тул чөлөө хүссэн А.Түвшинбат даргатай уулзахад нь чөлөө олгохоор гарын үсэг зурагдаад явж байгаа, дарга нараар тойрч байгаа гэж хэлсэн байсан надад чөлөө олгож байгаа юм байна гэдэг ойлголтыг өгсөн. Чөлөө олгох хугацааны талаар намайг ирэхэд тодорхой хариу өгнө гэж хэлсэн тул би ирэнгүүтээ А.Түвшинбат даргатай уулзаж чөлөө олгосон эсэх талаар асуухад би чамд чөлөө өгөөгүй гэдэг хариуг надад өгсөн. Ч.Энхбат даргатай уулзаж асуухад би чамд чөлөө олгох талаар шийдвэр гаргаагүй гэсэн таны асуудлыг н.Орхон мэдэж байгаа түүнтэй, уулзаж тодруул гэсэн боловч н.Орхон танд чөлөө олгох шийдвэр гаргаагүй, энэ асуудлыг дарга мэдэж байгаа гэж тайлбарласан. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэлтсийн дарга н.Цасчихэр намайг хурал хийнэ гэж дуудаж Г.Гандигмаагийн ажил тасалсан асуудлыг хэлэлцэнэ гээд хурал хийж байцаалт маягаар тайлбар авсан. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр намайг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд дуудаж, сонсох ажиллагаа явуулна Г.Гандигмаагийн асуудлыг шийдвэрлэнэ гээд надаас тайлбар авсан. Тухайн үед надад ямар акт гаргах гэж байгаа, ямар хуулийн заалтаар арга хэмжээ авах гэж байгаа талаар хэлээгүй. Тухайн хурал дээр миний чөлөө авах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар асуухад өргөдийн хариуг хэнд өргөдөл гаргасан тэр газраасаа ав гэсэн. Ингээд би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөөд, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би тушаалаа авахад тушаалд миний чөлөө хүссэн өргөдлийг хэн хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хавсаргасан байсан.

Хүний нөөцийн мэргэжилтэн н.Орхонд өргөдлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн байхад 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 306 тоот бүртгэлийн карттай өргөдлийн хариуг надад өгсөн бөгөөд иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хангаагүй, томилох эрх бүхий албан тушаалтанд хандаж өргөдлөө гаргаагүй, өргөдөл гаргагч этгээдийн хаяг тодорхойгүй, гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр өргөдлийг хүлээн авах боломжгүй учир өргөдөл гаргагчид буцаав гэсэн тайлбартайгаар Орхон надад өгсөн. Засаг даргын тамгын газар нь дотроо ажиллаж байгаа мэргэжилтнийхээ гаргасан хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүйгээр барахгүй намайг ажлаас халах нөхцлийг бий болгосонд гомдолтой байгаа.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бол 3 хоногийн дотор өргөдөл гомдлыг буцааж өгөх ёстой байтал надад хариуг 50 гаруй хоногийн дараа өгсөн.

Нийгмийн бодлогын хэлтэс нь Засаг даргын орлогч А.Түвшинбатын харьяанд үйл ажиллагаа явуулдаг тул чөлөө хүсэж өргөдөл гаргах эрхтэй, миний хүсэлтийг шийдвэрлэж өгөх үүрэгтэй хүн нь Засаг даргын орлогч А.Түвшинбат гэж үзэж байгаа.

Өргөдөл гомдлын тухай хуульд өргөдлийг шийдвэрлэх гэж байгаа бол 30 хоногийн дотор шийдвэрлэх, хэрэв 30 хоногийн хугацаанд амжихгүй гэж хугацаа сунгаж байгаа бол хугацаа сунгах талаар тайлбар хийх ёстой боловч ямар нэгэн тайлбар байхгүй. Өргөдлийн карт дээр Засаг даргын орлогч А.Түвшинбатад даалгасан мөртлөө өргөдлийг хэнд шилжүүлсэн талаар байхгүй байна. Манай тамгын газар хууль хэрэгжүүлэхдээ хариуцлагагүй хандаж байгаад нь харамсаж байна. Би хүсэлтээ шийдвэрлүүлж чадаагүй учир ажлаас халагдсан гэж үзэж байна.

Миний өргөдлийг хэн хэрхэн шийдсэнийг надад мэдэгдэхгүй байгаа. Өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой ба өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар надтай холбоо барьж хэлэхийг нь хүлээсээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би ажилдаа ирсэн. Хэрэв өргөдөл нь хуулийн шаардлага хангаагүй байсан бол картад тэмдэглэгээ хийсэн байх ёстой, хэн хэрхэн миний хүсэлтийг шидвэрлэсэн талаар нотлох баримт байхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтыг барьж намайг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд аймгийн Засаг дарга болон төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хуулийн хугацаанд хандаж гомдлоо гаргасан.Дээрх заалтыг барьж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийн аль нэгийг заавал зөрчсөн байхыг шаарддаг ба ямар заалтыг зөрчсөнийг тодорхой заагаагүй. Иймд тус тушаал нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дүгээр зүйлийг зөрчсөн, нэг талыг барьсан шийдвэр,Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар намайг ажлаас халах үндэслэл байгаагүй, дээд шүүхийн 2007  оны зөвлөмж, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолуудад сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй гэж заасныг зөрчсөн.

Намайг ажлаа тасалсан гэж үзэж ажлаас халж байгаа юм бол 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажил тасалсан зөрчлийг илрүүлсэн байна, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бүхэл бүтэн 30 хоногоос хэтэрсний дараа захиргааны акт гаргаж байгаа юм. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г.Гандигмаа намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гандигмаа нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад 10 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа орох байсан боловч 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа  ирсэн.Гандигмаа нь цалингүй чөлөө авах тухай хүсэлтээ Засаг даргын  орлогчид хүргүүлсэн гэж тайлбарлаж байх ба гарын үсэггүй, хаяг тодорхойгүй орлогч дарга Түвшинбатад гэж хаяглан бичээчид өгсөн байсныг бичээч хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Орхонд өгсөн байсан.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, томилох эрх бүхий албан тушаалтанд өргөдлөө гаргаагүй байхад бичиг хэргийн ажилтан хариуцлагагүй хандаж  гарын үсэггүй, буцах хаяггүй өргөдлийг хүлээн авч бүртгэсэн байсан.

Засаг даргын орлогч А.Түвшинбат нь улс төрийн албан тушаалтан бөгөөд чөлөө олгох эрх байхгүй бөгөөд чөлөө олгох асуудал нь түүний шийдвэрлэх асуудал биш. Тухайн үед Тамгын газрын дарга чөлөөтэй байсан боловч түүний үүргийг Төрийн захиргаа, удирдлагын дарга н.Баярсайхан гүйцэтгэж байсан. Тамгын газрын даргыг орлож байгаа хүнд л өргөдөл гаргах ёстой, өргөдөл хүлээж авсан бол хуулийн дагуу шийдвэрлэх байсан байх.

Нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 1 сар илрүүлснээс хойш 6 сарын дотор сахилгын арга хэмжээ авах ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд  “захиргааны акт гаргахад эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломжийг олгоно” гэж зааснаар Г.Гандигмааг ирэхээр нь ажил тасалсан талаарх саналыг сонсож, нотлох баримтуудыг гаргуулах шаардлагатай байсан ба Гандигмаа нь эндээ байгаагүй Солонгос улсад ажиллаж байсан тул энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй Солонгос улсаас ирэхээр нь сонсох ажиллагааг явуулах шаардлага гарсан юм.

Г.Гандигмаа нь ээлжийн амралтаа  аваад хугацаандаа ажилдаа ирээгүй, мөн хуульд нийцсэн өргөдөл гаргаагүй, гадаад улс руу явсан байх бөгөөд өргөдөл өгснөөс хойш холбогдох албан тушаалтнуудтай холбогдож мэдэгдээгүй, манай ажилтан цахим сүлжээгээр зурвас илгээсэн боловч харсан мөртлөө хариу өгөөгүй байдаг. Г.Гандигмааг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирэхэд нь захиргааны шийдвэр гаргах процессийн үйл ажиллагаа явуулж, өөрийг нь оролцуулан тэмдэглэл хөтөлж шийдвэр гаргасан байгаа. Тамгын газрын даргын Б/92 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар 1 жил төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасан.

 Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны А/83 дугаар тушаал батлагдсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.8в, 9.2б, 9.3г заалтыг зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах хзртэл сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг заасан байдаг бөгөөд 13.1.5 дахь хэсэгт “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэх дээдлэх” гэснийг зөрчсөн ба байгууллагын дотоод журамд хөдөлмөрийн сахилга гэдэгт хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан тохиолдолд ажлаас халахаар заасан, байгууллагын дотоод журмыг баримталж ажиллах ёстой, дотоод журмын холбогдох заалтуудыг Г.Гандигмаа зөрчсөн нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/92 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дугаар зүйлд заасан шаардлага хангаж байвал захиргааны акт нь илт хууль бус захиргааны акт болдог. Гэтэл энэ шийдвэр нь тус хуулийн заалтыг зөрчөөгүй  байгаа тул илт хууль бус захиргааны акт биш юм.

Засаг даргын Тамгын газрын харьяа 6 хэлтэс байдаг бөгөөд тус хэлтсийн ажилтнуудыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрх нь Засаг даргын Тамгын газрын даргад байдаг тул Г.Гандигмааг ажлаас халах шийдвэр гаргасан нь хуулийн үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Л.Оюунтунгалагаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02-Б/07 дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Нэхэмжлэгч Г.Гандигмаагийн хувьд ямар шалтгаан, үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг сайн мэдэхгүй билээ.Миний бие тус ажлыг хүлээн аваад холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж байгаа болно. Нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гандигмаагаас Дархан-Уул аймгийн  Засаг даргад холбогдуулан  “Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор, хохирлыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхбат нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалт, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/83 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.8 В, 9.2Б, 9.3Г дэх заалтуудыг тус тус баримтлан Г.Гандигмааг 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагчаас энэхүү сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлээ Г.Гандигмаа нь 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүй, албан ёсны чөлөө авалгүйгээр ажил тасалсан нь Хөдөлмөрийн дотоод журам болон Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-ийг зөрчсөн гэж үзэн сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Г.Гандигмаа нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтнээр түр, мөн оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдсон байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийг хүртлэх хугацаанд ажлын 20 хоногоор ээлжийн амралттай байх ёстойгоос амралтаа хэтрүүлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 сар 15 хоног Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирсэн болох нь цагийн бүртгэлийн жагсаалтын тайлан, цалингийн карт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн “би ээлжийн амралтаа аваад Солонгос улсад дүү дээрээ очиж амьдралын шаардлагын улмаас ажил хийсэн, хүндэтгэн үзэх тодорхой шалтгаан байхгүй, буцах билетээ 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөр авсан” гэсэн нэхэмжлэгчийн тайлбаруудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.8.В-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр захиргааны чөлөө, ээлжийн амралт, албан томилолтын хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ажил тасалсанд тооцно”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “...төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлүүдийг давтан үйлдсэнийг харгалзан үзэж... Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн захирамж, тушаал гаргаж ногдуулна”, 9.2-д ...ажлаас шууд халах сахилгын ноцтой зөрчил гэж үзнэ”, 9.2Б-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар ажил тасалсан тохиолдолд төрийн захиргааны албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 26.1, 26.1.3-ыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна”, 9.3Г-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдрийн ажил тасалсан албан хаагчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэнд тооцно” гэж зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журмын дээрх холбогдох заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн  албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтыг баримтлан сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цалингүй чөлөө хүссэн тухай өргөдлөө Дархан-Уул аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбатад хаяглан хүргүүлсэн, байгууллагын дотоод журамд тамгын газрын ажилтан нь жилд 3 сар хүртэл цалингүй чөлөө олгож болохоор заасан байдаг учир эрхээ эдлэхээр өргөдөл гаргасныг минь шийдвэрлээгүйгээс  ажлаас халах нөхцлийг бий болгосон, мөн төрийн албаны тухай хуулийн 26.4-д заасныг зөрчиж сахилгын шийтгэлийг ногдуулсан, Захиргааны актыг гаргахын өмнө надаас тайлбар авч, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Г.Гандигмаа нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цалингүй чөлөө хүссэн тухай өргөдлөө Дархан-Уул аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбатад хаяглан хүргүүлснийг өргөдөл гомдлын дэвтэр болон бүртгэл хяналтын карт ө-306-д бүртгэгдсэн байх боловч  тухайн өргөдөлд оршин суугаа газрын хаягаа бичиж гарын үсгээ зураагүй, эрхэлж буй албан тушаалаа тодорхой бичээгүй, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хандаж гаргаагүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд “бичгээр гаргасан өргөдөл гомолд овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна.Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлүүлэн зурж болно”, Хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд өөрөө болон хэлтсийн даргаараа дамжуулж Тамгын газрын даргад нэг хоногийн дотор мэдэгдэнэ”, 6.1-д “албан хаагчдын ... ажлын 3-аас дээш өдрийн цалинтай чөлөөг Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар тус тус олгоно” гэж  заасантай нийцээгүй, хэдийгээр албан хаагч нар нь журмын 6.2-д “цалингүй чөлөө олгох дээд хугацаа 3 сараас хэтрэхгүй” гэснээр цалинтай чөлөө авах эрхтэй байх боловч тухайн үед чөлөө хүссэн өргөдлөө эрх бүхий албан тушаалтанд буюу тамгын газрын даргад журмын дагуу  албан ёсоор мэдэгдэж гаргаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа мөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “...шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”, 24.2-т “...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй...”, 25 дугаар зүйлийн 25.1-д “...шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна,  26 дугаар зүйлийн 26.1-д “...захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж  хуульчилжээ.

Захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн  шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд  нэхэмжлэгчийг ажилдаа ирэх хүртлэх хугацаанд дээрх ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т  “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн хариуцагч байгууллагаас нотлох баримтаар ирүүлсэн сонсох үйл ажиллагааны тэмдэглэл, эрх, үүрэг танилцуулсан тухай баримт, Аймгийн засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн хурлын тэмдэглэл, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл, захиргааны актыг урьдчилан мэдэгдэх хуудас зэргээс үзэхэд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нотлох баримт цуглуулах замаар бодит нөхцөл байдлыг шинжлэн судлах,  нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг  тогтоох, нэхэмжлэгчийн оролцоог хангаж, түүнээс  санал, тайлбар авах сонсох үйл ажиллагааг явуулж  Г.Гандигмааг оролцуулсан, нэхэмжлэгч өөрөө хуралдаанд биечлэн орж тайлбараа гаргасан болох нь нотлогдож байх тул тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгчийн “миний чөлөө олгохыг хүссэн  хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, Захиргааны байгууллага Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 3, 12, 13, 14, 15 19 дүгээр зүйлүүдэд  заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй, миний эрх ашгийг зөрчсөн гэх тайлбарын хувьд нэхэмжлэгчээс холбогдох албан тушаалтанд хандаж өргөдлөө гаргаагүй нь тогтоогдсон тул хариуцагчийг хуульд заасны дагуу өргөдлийг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор, хохирлыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

           

            1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гандигмаагийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор, хохирлыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх“ шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

 

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.НАРАНТУЯА