Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 254

 

Иргэн А.Туяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0303 дугаар магадлалтай, иргэн А.Туяагийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би 2003 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаад 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс тус хэлтсийн Үйлчилгээний албаны даргаар ажиллах болсон. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс “Сайн дурын даатгалын байцаагчаар томилогдон ажиллахаар болсон боловч Н.Энхтөр тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ирээд хуучин ажиллаж байсан хүмүүсийг хавчин гадуурхаж, надтай хамтран ажиллаж чадахгүй хэмээн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөхийг шаардах болсон. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б/35 дугаар тушаал гарган Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн намайг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж Орлого бүрдүүлэлт шимтгэлийн албаны Сайн дурын даатгалын байцаагчийн албан тушаалаас халсан. Үүнийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Би удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргаагүй, харин 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс Сайн дурын даатгалын улсын байцаагчаар томилсноос хойш 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн улмаас эмнэлгийн листээр чөлөөтэй байсан бөгөөд ажил тасалсан зүйл огт байхгүй юм. Миний эмнэлгийн лист 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дуусаж тухайн өдөр ажилдаа очиход Н.Энхтөр дарга байгаагүй, ар гэрт нь гачигдал гарсан байсан, 17-ны өдөр мөн ажилдаа ирээгүй байсан. Харин дараагийн 1 дэх өдөр буюу 20-нд ажилдаа ирэхэд “ажлаас халахаар болсон, тушаалаа гарахаар ирж ав” гэсэн. Иргэн Хишигдоржийн тахир дутуугийн тэтгэврийг актгүйгээр сунгасан улсын байцаагч Навчаагийн үйлдэлд намайг буруутган, Үйлчилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Сайн дурын даатгалын байцаагчийн албан тушаалд томилж, албан тушаал бууруулсан атлаа энэ зөрчлийг дахин оролцуулж, удаа дараа зөрчил гаргасан хэмээн тайлбарлан ажлаас халж байгаа нь хууль бус юм. Мөн иргэн н.Цэндсүрэнгийн материалыг хуурамчаар бүрдүүлэн группт оруулсан гэх асуудалд А.Туяа би ямар ч хамааралгүй бөгөөд үндэслэлгүйгээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “А.Туяаг ажлаас халах тухай” Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн албаны Сайн дурын даатгалын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа хариу тайлбартаа: “А.Туяа нь биеийн эрүүл мэндийн байдал муудсан гэсэн үндэслэлээр сайн дурын даатгалын байцаагчийн үүрэгт ажлыг гурван сар хийгээгүй ба 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажилд орохоор байсан. Гэтэл тэрээр Н.Энхтөр дарга байгаагүй гэсэн үндэслэлээр ажил тасалсан нь Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн. Мөн А.Туяа нь байцаагч Навчааг дарамталж иргэн Хишигдоржийн группыг 2 удаа хууль бусаар сунгуулан, тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон, мөн хууль бус ЭХМК-ийн 2 актад өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж тамга дарсан зэрэг үйлдэл нь төрийн албанаас халагдах хангалттай үндэслэл юм. Түүнчлэн Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.4.7 “Нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн дүрэм зөрчих” гэснийг зөрчсөн, 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.3.5 “бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардан үүрэг даалгавар өгөхийг хориглохгэснийг зөрчсөн болох нь хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, фэйсбүүкээр байцаагч Я.Баярмаатай холбогдож бичсэн зүйлээр нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан А.Туяагийн “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0303 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн буюу эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн хэмээн үзэж шүүхэд хандсан этгээдийн гэм бурууг тогтоох үүрэггүй ба тийнхүү тогтоох нь эрх зүйт төрийн суурь зарчмыг зөрчихөөс гадна нэхэмжлэгчийн хүсэлт зоригийг үгүйсгэж байгаа хууль бус үйлдэл болно. Гэтэл давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ч бусад зөрчлүүдэд нэхэмжлэгч гэм буруутай эсэхийг шалгаж тогтоогоогүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар А.Туяаг Үйлчилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Сайн дурын даатгалын байцаагчаар томилсон атлаа тухайн ажлыг хүлээлцүүлээгүй буюу нэхэмжлэгч тус ажлыг хүлээн аваагүй байх тул ажил тасалсан байх боломжгүй юм. Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан журамд заасны дагуу “зөрчил гаргагчид зөрчлийн талаарх баримттай танилцуулж, эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах журмаар гомдол гаргах” заалтыг огт хэрэгжүүлээгүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний албаны дарга А.Туяаг иргэн н.Хишигдоржийн Хөдөлмөрийн чадварын хувь, хугацаа тогтоосон актын хугацаа дуусаагүй байхад байцаагч Ё.Навчаад өгч сунгуулсан зөрчил гаргасан гэж тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар Үйлчилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Сайн дурын даатгалын байцаагчаар томилсон байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр А.Туяаг Сайн дурын байцаагчийн албан тушаалаас халсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “нэхэмжлэгч албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагч гомдол гаргаж маргаагүй тул тухайн үйл баримтад хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлийн тухайд:

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар Сайн дурын даатгалын байцаагчаар томилогдсон А.Туяа мөн сарын 15-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээ гүйцэтгээгүй, тухайн ажил, албан тушаалыг хүлээлцээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

А.Туяа 2015 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдөр ажилдаа ирэхэд удирдах эрх бүхий албан тушаалтан байгаагүй буюу Сайн дурын даатгалын байцаагчийн албан тушаалыг түүнд хүлээлгэн өгөх ажиллагаа хийгдээгүй, 20-ны өдөр ажлаас халах болсноо мэдэгдэж, ажиллах нөхцөлөөр хангаагүй атлаа нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч томилсон ажил, албан тушаалаа төрийн албан хаагчид хүлээлгэн өгөөгүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй атлаа түүнийг ажил тасалсан зөрчил гаргасан гэж буруутган, төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцэхгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн төрийн алба эрхлэх эрхийг зөрчсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална: 25.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заажээ.

А.Туяаг төрийн албанаас халах үндэслэл болсон “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн” гэх зөрчлүүдээс “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн” нөхцөл байдал нотлогдохгүй байхад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдөр ажил тасалсан” үйл баримт тогтоогдсон гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасантай нийцэхгүй байна.

Дээрх нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр “16, 17, 20-ны өдрүүдэд ажил тасалсан талаарх зөрүүтэй тайлбарын үнэн зөвийг тогтоох шаардлагатай” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Түүнчлэн, иргэн Ц.Цэндсүрэн, Б.Энхжаргал нарын комиссын актад тамга дарсан гэж А.Туяаг буруутгаж байх боловч энэхүү зөрчил хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй, хангалттай нотлогдоогүй ба комиссын актыг хуурамчаар үйлдсэн гэх зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь уг захиргааны хэрэгт хамааралгүй, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: 25.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.Туяа нэгэнт Сайн дурын даатгалын байцаагчийн ажлыг хүлээж аваагүй, тухайн албан тушаалыг эрхлээгүй, бодитойгоор ажиллаагүй байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглэн, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох үндэслэлгүй байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Туяаг Сайн дурын даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0303 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Туяагийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Туяаг Сайн дурын даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, бичилт хийхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                   ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН