Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 40

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1 дүгээр баг, Чандмань-Уулд оршин суух, Бэсүд бумба зургаа, Далхжавын Сэлэнгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Сэлэнгэ, гэрч Ө.Алимаа, гэрч Н.Авидсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Сэлэнгэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Бэсүд бумба зургаа овогтой Далхжавын Сэлэнгэ нь 1982 онд Говь-Алтай аймгийн Чандмань сумд 8 дугаар анги төгссөн. Ингээд 1983 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний харьяа Чандмань сумын нийтийн ахуйн үйлчилгээний гуталчнаар 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. Тус ахуйн үйлчилгээний нотлох баримт байхгүй учир 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан жилийг энд байгаа баримтуудаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан болох нь 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын намын үүрийн товчоо, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн хорооноос шагнасан “Баярын бичиг”, 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдөр НАА, АҮ-ний захиргаанаас шагнасан “Баярын бичиг”, 1991 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр Чандмань сумын ахуйн үйлчилгээний төвөөс шагнасан “Баярын бичиг”, гэрэл зургууд болон гэрч Ө.Алимаагийн “...би 1986 оноос Чандмань сумын нийтийн аж ахуйн үйлчилгээнд гуталчин хийж байсан. 1990 оны хувьчлалаар хөдөө гарч байгаад тэндээс аймагт шилжин ирсэн. Намайг ахуйн үйлчилгээнд гуталчнаар ороход тэнд гуталчин хийж байсан. Бид хоёр хамт нийтийн аж ахуйд 1990 он хүртэл тасралтгүй ажиллаж, 1990 оны хувьчлалаар тус тусдаа гарсан...” гэсэн, гэрч Н.Авидсүрэнгийн “...би 1983 оноос Говь-Алтай аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний газарт оёдолчин хийж байгаад 1986 онд Говь-Алтай аймгийн Чандмань сумын ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор очсон. Тэр үед Д.Сэлэнгэ нь намайг ахуйн үйчилгээнд ажиллаж байхад ахуйн үйлчилгээний гуталчнаар хамт ажиллаж байсан. 1990 онд ахуйн үйлчилгээнээс би хувийн шалтгаанаар гарсан бөгөөд тэр хүртэл хамт ажиллаж байсан...” гэсэн гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Харин хүсэлтээс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсэг шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Бэсүд бумба зургаа Далхжавын Сэлэнгийг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бэсүд бумба зургаа Далхжавын Сэлэнгийг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН