| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0027/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/26 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй 2 хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1938009320014 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Б-,
Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт хохирогч Г.Э-тай маргалдаж, хөл, гар хэсэгт нь гутлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт хохирогч Г.Э-тай маргалдсаны улмаас хөл, гар хэсэгт нь гутлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн 4 Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938009320014 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдрийн орой 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Намайг гэртээ очиход хоёр хүүхэд маань л байсан. Тэгээд би хоол цайгаа хийгээд байж байхад гаднаас Дармаа, Мандахаа болон Жагаа ах нар 2 ширхэг том пивотой ирсэн. Би тэд нарыг орж ирэхээр нь хийсэн хоол цайнаасаа өгөөд авчирсан пивыг нь задлаад байж байхад гаднаас нөхөр Д.Б- маань орж ирсэн. Орж ирэхдээ дуу цөөтэй, жоохон ууртай орж ирсэн. Тэгээд нөхөр маань тухайн хүмүүстэй мэнд ус мэдээд, хоол цайгаа идээд бид нарын ууж байсан пивоноос уусан. Архи, пиво уугаад дууссаны дараа нөгөө хүмүүсээ явуулсан. Би ирсэн хүмүүсийг гаргаж өгөөд буцаад гэртээ орсон. Гэрт ороход нөхөр Д.Б- маань нилээн ууртай, чи муу энергитэй хүмүүс дуудаж авчирлаа гээд над руу уурласан. Тэгэхээр нь би энэ хүмүүсийг дуудаж авчирсан юм уу, эд нар чинь чиний найзууд биздээ гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр маань уурлаад миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Би цохиулчихаад хойд талынхаа өрөө рүү ороод хэвтэх гэж байхад Д.Б- орж ирээд надтай хэрүүл хийсэн. Тэгж хэрүүл хийж байхдаа өөрийнхөө түрийтэй өвлийн гутлаараа миний гар, хөл, гуя, шилбэ, нуруу руу хэд хэдэн удаа цохисон...Нөхөртөө зодуулсанаас хойш миний толгой байнгын өвдөж зовиурлаж байгаа. Үүнээсээ болоод байнгын өвчин намдаах эм хэрэглэж байгаа...Нөхөр Д.Б- маань одоогоос 3 жилийн өмнө намайг зодож байсан. Тэгж зодуулж байхдаа би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би хөдөө яваад орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд манай гэрт Жагаа, Дармаа, Дармаагийн эхнэр Мандах, миний эхнэр Г.Э- болон хоёр хүүхэд байсан. Тухайн үед тэд нар архи ууж байхаар нь би мэнд ус мэдээд, хоол цайгаа идээд тэд нарын ууж байсан пивоноос нь хамт уусан. 2019 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 02 цагийн үед манай гэрт ирсэн хүмүүс явсан. Хүмүүс явсны дараа эхнэр Г.Э- маань намайг Дармаагийн эхнэртэй хардаж, надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Би түүнтэй маргалдаж байхдаа түүнийг дуугүй бай, хүүхдүүд айлаа гэж хэлээд өөрийнхөө өмсөж явсан гутлаараа хөл болон гар руу нь 3-4 удаа цохисон. Г.Э- надад цохиулчихаад уйлаад байхаар нь би нөгөө өрөө рүү дээлээ нөмрөөд унтаж 5 амарсан. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 33-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай: Г.Э-ын биед зүүн шуу, зүүн өвдгөнд зулгаралт, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой, Г.Э-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7- р тал/ Зөрчил шалгагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-46-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 12дугаар сарын 09-10-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт хохирогч Г.Э-тай маргалдаж, хөл, гар хэсэгт нь гутлаар цохиж эрүүл мэндэд нь зүүн шуу, зүүн өвдгөнд зулгаралт, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан.
Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж 6 байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ. Хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд халдсан шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалдүндэслэн шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалгэр бүлийн үл ойлголцсон маргаан, таарамжгүй байдал, шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Б- нь хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 47-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыгүндэслэн шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 7 Шүүгдэгч Д.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн 1938009320014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Дгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Дгийн Бг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938009320014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР