Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 46

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Монос-Алтай БГБХ нөхөрлөлд холбогдох 

Нийгмийн даатгалын шимтгэлд 3.331.500 төгрөг, алданги 1.665.750 төгрөг, нийт 4.997.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гунгаажав, хариуцагчийн төлөөлөгч Ц.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монос-Алтай БГБХ" нөхөрлөл нь 2014 оны 04 дүгээр сараас нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсгэж эхэлсэн ба 2014 онд 1.063.500 төгрөг, 2015 онд 1.858.500 төгрөг, 2016 онд 409.500 төгрөгийн тус тус шимтгэлийн авлага үүсч, нийт 3.331.500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсч "Нийгмийн даатгалын тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтын дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлд 1.665.750 төгрөгийн алданги тооцож, нийт шимтгэл, алдангийн төлбөр 4.997.250 төгрөг болсон. Төлбөрийг барагдуулахаар нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллахаар тус компаний удирдлагад албан шаардлага, улсын байцаагчийн акт, өр төлбөрөө барагдуулах гэрээ, санал хүсэлт, хэлцлийг удаа дараа өгсөн боловч үр дүн гараагүй болно. Тухайн байгуулагад ажиллаж буй ажилтан даатгуулагч нар нийгмийн даатгалын сангаас хуулийн дагуу авах тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг авах боломжгүй болж даатгуулагч иргэд болон нийгмийн даатгалын санд хохирол үүсэх нөхцөл бүрдсэн тул дээрхи өр төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргав гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гунгаажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гунгаажав байна. Монос-Алтай нөхөрлөл нь манай заавал даатгуулагчийн нэг. Нийгмийн даатгалын тухай хуулйин 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж заавал даатгуулагч байдаг. Энэ хуулийн хүрээнд заавал даатгуулагчаар бүртгэж үйл ажиллагаа явуулж байсан болно. 2014 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаандаа удаа дараа төлөхгүй байсан. Ажил олгогч нь даатгуулагчдынхаа эрхийг удаа дараа зөрчсөн. Энэ нь 2016 он хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх талаар нийгмийн даатгалын улсын байцаагчийн хүрээнд тодорхой хэмжээнд албан шаардлага, актыг бичиж, хүргүүлж байсан. Нийгмийн даатгалын ажилтны зүгээс хууль ёсны дагуу удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас шүүхэд хандаж нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх арга хэмжээ авахаар болсон. 2014-2016 оны хооронд 3-6 ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан. 2014 онд 6 хүн, 2015 онд 5 хүн, 2016 онд 3 хүн болж даатгуулагчдын тоо цөөрч төлөх шимтгэлийн хэмжээ буурсан. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл маань өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй удаа дараа хойшилсоор байгаад буюу 2014 онд 1.063.500 төгрөг, 2015 онд 1.858.500 төгрөг, 2016 онд 409.500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн. Нийт 3.331.500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй. Ийм учраас нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс хуульд заасан арга хэмжээг авч Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн акт бичин 1.665.750 төгрөгийн алданги тооцож нийт 4.997.250 төгрөгийн 25 тоот бүхий актыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 25 тоот актын биелэлтийг хангуулж өгнө үү гэв. 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Баянмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэвэгсүрэн овогтой Баянмөнх миний хариуцдаг “Монос-Алтай” БГБХ нөхөрлөлд ирсэн нэхэмжлэлд байгаа миний гарын үсэг болон аж ахуйн нэгжийн тамга тэмдэгтэй шимтгэлийн тооцоог манайх хариуцна. Манайх алданги ба гарын үсэг тамга тэмдэггүй тайлангийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан зохигчдын тайлбар, татгалзал, тэдгээрийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Монос-Алтай БГБХ нөхөрлөлд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 2014 оны 1.063.500 төгрөг, 2015 оны 1.858.500 төгрөг, 2016 оны 409.500 төгрөг нийт 3.331.500 төгрөг, алданги 1.665.750 төгрөг, нийт 4.997.250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байна.

Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Монос-Алтай БГБХ нөхөрлөлийн нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтийн 2014-2016 оны Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан тооцооны мэдээллийг үндэслэн шалгаж, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай 25 дугаартай улсын байцаагчийн акт тогтоосон байна.

Хариуцагч Монос-Алтай БГБХ нөхөрлөл нь 2014 оны 04 дүгээр сараас нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөлгүй, авлага үүсгэж эхэлсэн бөгөөд 2014 онд 1.063.500 төгрөг, 2015 онд 1.858.500 төгрөг, 2016 онд 409.500 төгрөг, нийт 3.331.500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн болох нь Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай улсын байцаагчийн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 12 дугаар сарын тайлан, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байх тул алданги гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Монос-Алтай БГБХ нөхөрлөлөөс 3.331.500  төгрөгийн 50 хувь буюу 1.665.750 төгрөгийн алдангийг гаргуулахаар нэхэмжилсэн байгааг хувийн хэвшлийн байгууллагын санхүүгийн хүндрэлтэй байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг багасгаж, алдангид 500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Иймд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Монос-Алтай БГБХ нөхөрлөлөөс хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 3.331.500 төгрөг, алданги 500.000 төгрөг, нийт 3.831.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 1.165.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн хангагдсан дүн буюу 3.831.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 76.254 /далан зургаан мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Монос-Алтай БГБХ нөхөрлөлөөс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Монос-Алтай БГБХ нөхөрлөлөөс хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 3.331.500 төгрөг, алданги 500.000 төгрөг, нийт 3.831.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 1.165.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн хангагдсан дүн буюу 3.831.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 76.254 /далан зургаан мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Монос-Алтай БГБХ нөхөрлөлөөс гаргуулж улсын орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН