Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 47

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 6 дугаар гудамж 50 тоотод оршин суух, Хантайшир Ойдовын Атарцэцэгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Атарцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: 1981 оны хавар Говь-Алтай аймаг дахь Хөдөө, аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн тэжээлийн санитарын ангийг төгсөөд Тайшир сумын Рашаант багийн Сүхбаатарын зам нэгдэлд малчин байсан аав, ээж дээрээ очиж, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл аав 150, ээж 150, би 150 толгой бог нийт 3 хүнээр тооцон 450 толгой мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Рашаант багийн Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байсан бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багийн Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багийн Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Ойдовын Атарцэцэгийн МХЗЭ-ийн гишүүний №255197 дугаартай бат илэрхийлэхэд 1982 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг дуустал хугацаанд татвар төлсөн бичилттэй байгаа, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлээс Ойдовын Атарцэцэгт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1985 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон байгаа болон гэрч Н.Чанцалын “...О.Атарцэцэг нь 1982 оноос эхлээд нэгдэл тарж хувьчлагдах хүртэл буюу 1991 он хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багийн Сүхбаатарын зам нэгдэлд мал маллаж байгаад, түүнээс хойш О.Атарцэцэг нь гэр бүлийн хамтаар хувийн малаа маллаж байгаад 2000 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум аймгийн төвд шилжиж ирсэн...”, гэсэн, гэрч А.Дашдоржийн “...О.Атарцэцэг хуучнаар Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багийн Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан...” гэсэн гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд Хантайшир Ойдовын Атарцэцэгийг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багийн Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хантайшир Ойдовын Атарцэцэгийг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багийн Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН