Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 0805

 

  Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

Улсын яллагч Б.Ундрах,

Гэрч Д....

Шүүгдэгч Х...., түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнгэн овогт ...гийн ...т холбогдох 1808028950573 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1969 оны 11 сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цэнгэн овогт ...гийн ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

            Х.... нь 2018 оны 06 сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын ...тоотод оршин суух иргэн М....ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг овтиркар хөшиж онгойлгон, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч улмаар 3x4 хэмжээтэй цэнхэр цагаан өнгийн хивс 1 ширхэг, хар цагаан өнгийн аяны хөнжил 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           1.Хохирогч М....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо ...тоот хашааг 2 жилийн өмнө авч зуслангийн байшин барьсан юм. Хамгийн сүүлд 2018 оны 05 сарын 25-ны өдөр ирж байж байгаад бага зэрэг эд зүйлээ байшин дотроо үлдээгээд явсан бөгөөд 2018 оны 06 сарын 08-ны өдөр гэртээ ирэхэд арын цонхыг нээгээд хулгай орсон байхаар нь цагдаад хандсан. Манай гэрээс 3x4 хэмжээтэй цэнхэр өнгийн цэцгэн хээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг, 1 хүний ногоон өнгийн аяны хөнжил зэрэг эд зүйлс алдагдсан. Хулгайд алдсан хивсээ 2012 онд 640.000 төгрөгөөр авч байсан одоо 300.000 төгрөгөөр, 1 хүний аяны хөнжил 2015 онд 120,000 төгрөгөөр авч байсан, одоо 70,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 24-25, 3 хх 69, 82 х/,

 

2.Шүүгдэгч Х....ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би яг хугацааг нь сайн санахгүй байна. 2018 оны 06 сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын эцсийн буудлаас нэлээн дээшээ яваад эзэнгүй айл байхаар нь хойд талын нарны цонхыг өөрийн авч явсан халиваар хөшиж нээгээд дотор нь орж цагаан өнгийн хивс 1 ширхэг, хар өнгийн аяны хөнжил 1 ширхгийг авч гарсан. Тэндээс өөр зүйл аваагүй. Тэгээд хивсийг гэртээ аваачиж, аяны хөнжлийг танихгүй хүнд зарсан. Тэр үед би салхинд гараад улаан өнгийн Хүлэг нэртэй Хятад мотоциклотой явсан. Би гарын хээгээ бүртгүүлэхэд манай аавыг Гонгор гэдэг байсан юм, би ээжээрээ овоглодог, тэгээд гарын хээгээ бүртгүүлэхдээ аавын нэрээр бүртгүүлсэн юм.

... би хулгайлах гэмт хэргийг ... овогтой ... гэх хүнтэй бүлэглэж үйлдсэн байгаа. Тиймээс шүүх хурал дээр бүгдийг ярьсан. Би тухайн байшин луу ороогүй бөгөөд ... ганцаараа орж эд зүйлийг авч гарч ирсэн. Тухайн үед Мустанг маркийн улаан өнгөтэй улсын дугаартай Бүгд найрамдах хятад улсад үйлдвэрлэсэн миний өөрийн эзэмшлийн мотоциклотой явсан. Тэр мотоцикл одоо байхгүй эвдэрсэн бөгөөд төмөрт тушаасан байгаа. Тухайн үед ... бид хоёр Тахилт ороод буцаад явж байсан бөгөөд хулгай хийх гэж яваагүй. Тэгээд замд ... зогсож бай гэхээр нь зогсоход хашаатай хаалга нь онгорхой айл руу цонхоор нь орж эд зүйл авч гарч ирсэн. Тухайн үед би хашааны гадаа байсан. Байшингаас хивс, мешок авч гарч ирсэн бөгөөд хивсийг нь зарах гээд хүн авахгүй болохоор би эхнэрээсээ мөнгө авч өгсөн, мешокыг ... өөрөө аваад явсан. Миний мотоцикл эвдрээд байхгүй болсон гэдгийг манай эхнэр мэднэ. Мотор нь манай хашаанд байгаа. Өөр хүн мэдэхгүй. ... хохирлыг бүрэн барагдуулсан, хөнгөн ял оноож өгнө үү? ...” гэх мэдүүлэг /1 хх 56-57, 118, 3 хх 37-38, 52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Гэрч Д....гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний санаж байгаагаар 2018 оны 06 сард гэж байх хүн зарах гэж байна гээд 20.000 төгрөг надаас аваад том цагаан саарал өнгийн хивс авчирсан байсан. Надад хэлэхдээ хүнээс авсан гэсэн өөр зүйл мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 33-34 х/,

 

4.Гэрч Д....гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 06 сард ... гэх хүн манайд ирж манай нөхөртэй 3 хоног орчим архидаж байгаад надад хөөгдөж явсан. Явах өдрийнхөө орой нь манайд хивс, мешок хоёр байсан, хивсийг нь 20,000 төгрөгөөр зарна гэнээ гэж манай нөхөр хэлэхээр нь авсан ...би хаанаас хэн авсныг нь мэдэхгүй, манай нөхөр тэр хоёр л авчирсан байх ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

5.Шинжээч О.Баттулгын “...Шинжээч томилсон тогтоолын дагуу хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөрийг папилон санд хадгалагдаж байгаа хүмүүсийн гарын дардастай харьцуулах шинжилгээ хийж Г.... гэдэг хүнийх болохыг тогтоож шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хүний гарын мөр давтагдах боломжгүй. Хүн бүрт зөвхөн өөрт нь байдаг гарын хээний хувийн онцлог шинж тэмдгүүд байдаг. Өөр бусад хүмүүстэй давтагддаггүй. Гарын мөрөнд шинэ хуучин гарын мөр гэж байдаг. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь шинэвтэр гарын мөр байсан. Гарын шинэ мөр гэж 1-2 хоног хадгалагдсан мөрийг ойлгодог бөгөөд түүнээс дээш хугацаанд хадгалагдсан гарын мөрийг шинэвтэр, хуучин гэж үзнэ. Анх гарын дардсаа папилон санд өгөхдөө өөрийн овгийг худлаа хэлж хадгалуулсан байх боломжтой. Учир нь бүртгэгдэх үедээ бичиг баримт нь биед нь байгаагүй учраас өөрийнх нь хэлснээр бүртгэж авсан байна. Тэгээд уг хүний гэрэл зургийг авч давхар хадгалагддаг. ...” гэх мэдүүлэг /1 хх 215, 220-222 х/,

 

6.Шинжээчийн 204 дугаар шинжээчийн дүгнэлт:

1.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилт ...тоотод хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж, бэхжүүлэн авсан 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь М1М005010003028 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Х....ын баруун гарын эрхий хурууны хээнүүдтэй тохирч байна.

3.Шинээр илэрсэн нөхцөл үгүй. ... гэх дүгнэлт / 1 хх 43 х/,

 

7.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл “... гэр доторхи цагаан шүүгээнээс гарын мөр илрүүлж бэхжүүлэн авав ...” /1 хх 10-14 х/,

 

8.Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “3х4 хэмжээтэй эрдэнэт хивс 180,000 т, нэг хүний мешок 70,000 т, нийт 250,000 төгрөг /1 хх 38 х/,

9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 64, 67, 214 х/,

10.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1 хх 68 х/

11.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1 хх 70 х/

12.Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 72, 219 х/

13.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 73 х/,

14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 74 х/

15.Хохирол төлсөн баримт /1 хх 79 х/

16.Хохирогчийн хохирол барагдуулсан тухай бичгээр гаргасан баримт /1 хх 80 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

           Шүүгдэгч Х.... нь 2018 оны 06 сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын ...тоотод оршин суух иргэн М....ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг отверкоор хөшиж онгойлгон орж 3x4 хэмжээтэй цэнхэр цагаан өнгийн хивс 1 ширхэг, хар цагаан өнгийн аяны хөнжил 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 250,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          Хохирогч М....ын “... Манай гэрээс 3x4 хэмжээтэй цэнхэр өнгийн цэцгэн хээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг, 1 хүний ногоон өнгийн аяны хөнжил зэрэг эд зүйлс алдсан. Хулгайд алдсан хивсээ 2012 онд 640.000 төгрөгөөр авч байсан одоо 300.000 төгрөгөөр, 1 хүний аяны хөнжил 2015 онд 120,000 төгрөгөөр авч байсан, одоо 70,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 24-25 х/,

Шүүгдэгч Х....ын “…дотор нь орж цагаан өнгийн хивс 1 ширхэг, хар өнгийн аяны хөнжил 1 ширхэгийг авч гарсан. Тэндээс өөр зүйл аваагүй. ... Байшингаас хивс, мешок авч гарч ирсэн бөгөөд хивсийг нь зарах гээд хүн авахгүй болохоор би эхнэрээсээ мөнгө авч ...д өгсөн, ...” гэх мэдүүлэг /1 хх 56-57, 118 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Д....гийн “... 2018 оны 06 сард ... гэх хүн манайд ир манай нөхөртэй 3 хоног орчим архидаж байгаад надад хөөгдөж явсан. Явах өдрийнхөө орой нь манайд хивс, мешок хоёр байсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл “... гэр доторхи цагаан шүүгээнээс гарын мөр илрүүлж бэхжүүлэн авав ...” /1 хх 10-14 х/,

Шинжээчийн 204 дугаар шинжээчийн дүгнэлт:

1.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилт ...тоотод хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж, бэхжүүлэн авсан 1 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь М1М005010003028 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Х....ын баруун гарын эрхий хурууны хээнүүдтэй тохирч байна.

3.Шинээр илэрсэн нөхцөл үгүй. ... гэх дүгнэлт / 1 хх 43 х/,

Шинжээч О.Баттулгын “...Шинжээч томилсон тогтоолын дагуу хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөрийг папилон санд хадгалагдаж байгаа хүмүүсийн гарын дардастай харьцуулах шинжилгээ хийж Г.... гэдэг хүнийх болохыг тогтоож шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хүний гарын мөр давтагдах боломжгүй. Хүн бүрт зөвхөн өөрт нь байдаг гарын хээний хувийн онцлог шинж тэмдгүүд байдаг. Өөр бусад хүмүүстэй давтагддаггүй. Гарын мөрөнд шинэ хуучин гарын мөр гэж байдаг. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь шинэвтэр гарын мөр байсан. Гарын шинэ мөр гэж 1-2 хоног хадгалагдсан мөрийг ойлгодог бөгөөд түүнээс дээш хугацаанд хадгалагдсан гарын мөрийг шинэвтэр, хуучин гэж үзнэ. Анх гарын дардсаа папилон санд өгөхдөө өөрийн овгийг худлаа хэлж хадгалуулсан байх боломжтой. Учир нь бүртгэгдэх үедээ бичиг баримт нь биед нь байгаагүй учраас өөрийнх нь хэлснээр бүртгэж авсан байна. Тэгээд уг хүний гэрэл зургийг авч давхар хадгалагддаг. ...” гэх мэдүүлэг /1 хх 215, 220-222 х/,

Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үэнэлгээний тайлан: “3х4 хэмжээтэй эрдэнэт хивс 180,000 т, нэг хүний мишок 70,000 т, нийт 250,000 төгрөг /хх 38 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

                

Шүүгдэгч Х....ын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалтай орон сууц бөгөөд уг байшин руу нэвтрэхдээ эзэнгүй байх хойгуур цонхыг хөшиж хэн нэгэнд мэдэгдэхгүй нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээрхууль бусаар бусдын эд зүйлсийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч Х.... хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлс авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.   

 

Шүүгдэгч Х.... “би ... гэдэг хүнтэй хамт хулгай хийсэн” гэх мэдүүлгийг өгдөг боловч түүний дээрх мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдоогүй, гэрч Д.... түүнийг ... гэдэг хүнтэй хамтарч хулгай хийсэн эсэх талаар мөн нотлодоггүй харин манай гэрт хамт байж байгаад хөдөө явсан талаар нь мэдүүлдэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь яллах талын нотлох баримтаар тооцох боломжгүй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч М.... 3х4 хэмжээтэй 1 ширхэг хивсээ хүлээн авсан, мөн нэг хүний мешокны төлбөрийг бэлэн мөнгөөр авсан болох нь хохирол төлсөн баримт /хх 79 х/, хохирогчийн хохирол барагдуулсан тухай бичгээр гаргасан баримт /хх 80 х/-аар тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй.

 

Улсын яллагч: Хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож 2 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирлоо төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлаж ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

           Шүүгдэгч Х.... нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шаардлагыг хангаж байгаа тул түүнд хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлж 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Цэнгэн овогт ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Х....ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Х....ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4.Х....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

         5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ