| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/0049/и |
| Дугаар | 49 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 49
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 6-14 тоотод оршин суух, Доодойнхон Даржаагийн Баянбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 11-03 тоотод оршин суух, Дамдинсүрэнгийн Цэцэгмаад холбогдох
5.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баянбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даржаа овогтой Баянбат миний бие 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Цэцэгмаад 5.250.000 төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 10 дугаар сард өгнө гээд одоо хүртэл өгөөгүй. Удаа дараа мөнгөө шаардсан боловч байхгүй гээд өгдөггүй. Иймд Д.Цэцэгмаагаас миний 5.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цэцэгмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дамдинсүрэн овогтой Цэцэгмаа нь иргэн Д.Баянбатыг өмнө нь сайн танина, найзууд. Ингээд энэ хүнээс мөнгө зээлсэн нь үнэн, зээлэхдээ би дээд хэмжээ нь 200.000 төгрөг, доод хэмжээ 20.000-30.000 төгрөг зээлээд энэ нь 5.250.000 төгрөг болсон юм. Би өгөхгүй гэж хэлээгүй, намар хашаагаа зараад өгье гэтэл өөрөө хашаа үнэд хүрнэ түр байж л байхгүй юу? миний өрийг тэгэж байгаад өгөхгүй юу гэж хэлсэн. Энэ хүний мөнгийг 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор мөнгийг бүрэн төлж гүйцээнэ. Түүнээс өмнө дансруу нь цувуулаад мөнгө хийе гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Д.Баянбат нь Д.Цэцэгмаагаас 5.250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Д.Цэцэгмаа нь нэхэмжилсэн 5.250.000 төгрөгнөөс 100.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн бөгөөд үлдэгдэл 5.150.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч уг хугацаанд 000496244 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Баянбатад өгч мөнгөө төлж дуусаад гэрчилгээгээ эргүүлж авахаар тохирлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баянбат нь хариуцагч Д.Цэцэгмаад холбогдуулан 5.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Д.Цэцэгмаа нь нэхэмжилсэн 5.250.000 төгрөгнөөс 100.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Д.Баянбатад өгсөн байна. Харин үлдэгдэл 5.150.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний дотор хариуцагч Д.Цэцэгмаа нь нэхэмжлэгч Д.Баянбатад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаараа дурдаагүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 98.950 төгрөгийн тал хувь буюу 49.475 төгрөгийг улсын орлогоос, 49.475 төгрөгийг хариуцагч Д.Цэцэгмаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Баянбатад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 6-14 тоотод оршин суух, Доодойнхон Даржаагийн Баянбатын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 11-03 тоотод оршин суух, Дамдинсүрэнгийн Цэцэгмаад холбогдох 5.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 100.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид өгсөн бөгөөд үлдэгдэл 5.150.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 98.950 төгрөгийн тал хувь буюу 49.475 төгрөгийг улсын орлогоос, 49.475 төгрөгийг хариуцагч Д.Цэцэгмаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Баянбатад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН