Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Хохирогч З.Р-,

Шүүгдэгч З.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Э-т холбогдох эрүүгийн 1938007400486 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, З.Э-,

Шүүгдэгч З.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт хохирогч З.Р-тэй “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч З.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Мөрөн сумын 1 дүгээр багт манай эгчийн хүү болох Ж.Х--гийн хүүхдийн үсний найр болсон. Би өдөр 12 цагийн үед хашаанд цуг байдаг дүү Ж.Э-ыг дагуулаад явсан юм. Найран дээр очоод 2-3 цаг орчим сууж байгаад өөрийн төрсөн дүү З.Э-тэй маргалдсан. Тухайн үед найран дээр 10 орчим настай хүмүүс ургийн баяр ярьж байсан. Би тэр үед өөрийгөө 90 наслах болно гэж хэлтэл манай дүү З.Э- та ингэж их архи ууж байгаа юм чинь яаж 90 наслах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрч бид хоёр муудалцсан юм. Тэгтэл манай эгч З.Б- бид хоёрыг гэрээс гарцгаа гэсэн. Бид хоёр гэрээс гараад барилцаж аваад зогсож байхад З.Э- миний хөл рүү өшиглөөд нүүр рүү цохиж унагаасан. Би өшиглүүлээд газар унаад босож чадахгүй баруун хөл маань хөдөлгөж чадахгүй байсан. Тэр үед манай дүү Ж.Х--, Ж.Э- хоёр намайг хоёр талаас өргөж машинд суулгаад гэрт маань хүргэж өгсөн. Түүнээс нэг хоногийн дараа хөл маань зүгээр болохгүй болохоор эмнэлэг очиж үзүүлтэл миний баруун хөлийг шилбээрээ 3 хэсэг хугарсан байна гэж хэлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж 15 хоног эмчлүүлж байхад манай дүү З.Э- санаа зовохгүй, нэг ч удаа эргэж очихгүй болохоор нь цагдаад хандсан юм...би З.Э-ээс 1.540.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 9, 21-р тал/

Гэрч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тэр өдөр 11цаг 40 минутаас хүүгийн үсний найр эхлээд 13 цагийн үед манай төрсөн дүү нар болох Ренчин, З.Э- нар ирсэн. Найр эхлээд удаагүй байтал хоорондоо ярьж байсан ярианаасаа болж маргалдсан. Тухайн үед З.Р- агсам тавих үйлдэл хийгээд байсан. Тэгтэл З.Э- энд маргалдаж болохгүй, гэрээс гарья гээд гадаа гарсан. Би энэ хоёрыг гарсны дараа санаа зовоод араас нь гартал З.Р- гэрийн урд талд газарт уначихсан сууж байсан. Тэгтэл манай өнгөрдөг дүүгийн хүүхэд болох Ж.Э- З.Р-г энд суугаад яах вэ? Танай үүдэнд очье гээд манай гэр рүү аваад явсан...Би тэр хоёрыг яаж зодолдсон талаар хараагүй. Харин З.Э-ийн эхнэр Алимаа цонхоор харсан байсан. Би тэр хоёрыг гараад явахаар нь араас нь гарсан. Намайг гарах үед энэ хоёр зодолдоод өнгөрчихсөн байсан. Манай бэр Алимаа надад хэлэхдээ гэрээс гарч ирээд З.Р- ах эхлээд З.Э-ийн нүүр рүү цохиж авсан. Тэгтэл З.Э- зөрүүлээд нүүр рүү нь цохиж унагаасан гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/

Гэрч Д.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... З.Р- бид хоёр амьдраад 7 жил болж байна. Апбан ёсны гэр бүл биш, хамтран амьдарч байгаа. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн үед манай нөхөр З.Р- хамаатны 3 Ж.Х-- гэх айлын хүүгийн үсны найранд явсан. Тэгээд удаагүй тэр өдрийн 16 цагийн үед гэртээ ирэхдээ хөл нь гишгэж болохгүй гэмтсэн, Ж.Э-, Ж.Х-- гэдэг хоёр дүүгээрээ сугадуулсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад З.Р- ахын шагай нь дуугарсан л гэж хэлсэн. Тухайн үед Ж.Э-, Ж.Х-- хоёр яагаад хөл нь гэмтсэн талаар хэлээгүй гараад явсан. Дараа нь Ж.Э- буцаж орж ирээд З.Р- ах З.Э- ахтай айлын найран дээр маргалдаж, муудалцаад гэрээс гарч З.Э- ах З.Р- ахын нүүр рүү нь гараа цохиж, хөл рүү нь өшиглөөд зодсон. Тэгээд хөл нь гишгэж болохгүй болсон гэж хэлсэн. Би өөрөө тухайн үед байхгүй байсан болохоор нарийн зүйлийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/

Гэрч Ж.Х--гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 10 дугаар сарын 15-ны билэгт сайн өдөр манайх бага хүүхдийнхээ үсний найрыг хийсэн юм. Тэр өдөр манай ээжийн төрсөн дүү болох З.Э- ах өглөө 10 цагийн үед ирээд найранд бэлдэж, гэрт юм хийлцээд байж байсан. Тэгээд 11 цаг өнгөрч найр эхлээд удаагүй байхад З.Р- ах гаднаас Ж.Э-ын хамт орж ирсэн. Тэгээд манайд нэг шил архи тойруулж байх зуураа өөрсдийн насыг ярилцаж байгаад З.Р- ахыг Ж.Э- ах та архи бага уугаач та ингэж их архи ууж байгаа юм чинь яаж урт наслах юм бэ? гэж хэлэхэд З.Р- ах уурлаж ширээ цохиж босож ирээд чамаар би заалгахгүй, гэрээс гарья гээд агсрах шинжтэй болоход нь З.Э- ах хүүхдийн үсний найран дээр ингэж болохгүй гэрээс гарья гээд тэр хоёр манай гэрээс гарцгаасан юм. Тэгэхээр нь би тэр хоёрт санаа зовоод араас нь гарсан. Намайг гарахад З.Р- ах З.Э- ахыг цохих гээд дайрсан байдалтай байсан. З.Э- ах ухарч зугтааж байгаад цээж рүү нь түлхэж унагаасан. Тэгтэл З.Р- ах дахин босож ирээд З.Э- ахыг цохих гэж дайрч байгаад хий цохиж газарт унасан. Түүнээс хойш дахин цохих гэж хичээж улайран дайраад байхаар нь дахин түлхээд газарт унагаасан. Тэр үед З.Э- ахыг салгаад одоо болно гээд гэр рүү оруулсан. Тэгээд буцаад гараад иртэл З.Р- ах Ж.Э-ын хамт хамар хашаанд байдаг манай ээжийн байшингийн гадаа довжоон дээр сууж байсан. Намайг очтол тэр хоёр гэрт хүргээд өгөөч гэсэн тэгэхээр нь би өөрийнхөө машинаар 3 дугаар хороонд байдаг гэрт нь хүргэж өгсөн. Түүнээс хойш уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/

Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Бид нар хэд наслах талаар яриа өрнүүлээд сууж байтал З.Р- ах өөрийгөө 75 нас хүрнэ гэж хэлтэл З.Э- ах та ингэж их архи уухаар яаж хүрдэг юм. Энэ байдлаараа өвлийг ч давах юм уу? гэсэн аястай үг ярихад З.Р- ах уурлаад тэр хоёр муудалцсан гэрээс гарцгаасан. Би хэсэг хугацааны дараа З.Э- ах буцаад гэрт орж ирэхэд зөрж гарсан. Намайг гарахад З.Р- ах гэрийн үүдэнд байсан машины цаана сууж байсан...гэх мэдүүлэг хх-ийн /хх-ийн 24-р тал/ Гэрч М.Батмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би З.Р-гийн биед 4 үзлэг хийгээд дүгнэлтээ гаргасан. Мөрдөгчөөс иргэн Ренчингийн биед үзлэг хийлгэхээр тогтоолд 5 асуулт асуусан бөгөөд уг дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчөөс асуусан 1 болон 2 дугаар асуултууд нь нэг утгатай байсан тул дүгнэлтийг нэгтгэж 1 гэсэн дугаарт хариултыг оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

Шүүгдэгч З.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчимд төрсөн эгчийн хүү болох Ж.Х--гийн хүүхдийн үсний найранд очсон. Энэ өдрийн урьд өдөр Ж.Х--гийн хүүхдийн үсний найрны бэлтгэл ажлыг хийгээд шөнө гэртээ харьсан. Бид нар ярьж байгаад үсний найранд их архи дарсаар яахав гээд 2 шил архи авсан байсан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн морин цагт цуглараад сэвлэг үргэх цайллага нэлээд хожуу эхэлсэн. З.Р- ах найранд ирэхдээ халамцуу ирсэн. Тэгээд сууж байтал З.Б- эгч өөрийгөө зурхай дээр үзсэн чинь 73 хүрнэ гэсэн гэж ярихад хажуугаас З.Р- ах эгчийг 73 хүрэх юм бол би 75 хүрнэ гэхэр нь Би З.Р- ахад хандаж “Та энэ янзаараа архи уугаад байх юм бол энэ өвлийг ч давахгүй “гэж “Архи уухаа боль" гэх утгатай зүйл хэлсэн. Эхний авсан 1 архи нь дуусаад дараагийн 1 шил архи үлдсэн болохоор би одоо нэг нэг татаад больё гэхэд З.Р- ах уурлаж ширээ цохиод өвдөгөө нүдээд босож ирээд агсарах маягтай болохоор нь шинэ айл ингэж болохгүй гадаа гарья гээд гарсан. Гарсны дараа намайг З.Р- ах цохиод авсан. Тэгтэл би хариуд нь нэг цохиод автал З.Р- ах уначихсан юм. Гэр дотроос Ж.Х-- гарч ирээд З.Р- ахыг Ж.Х-- тэврээд автал Ж.Х--гээс мултарч ирээд дахин над руу дайрсан. З.Р- ах над руу дайраад намайг цохиод эхлэхэд би дахин цохитол бас унасан...гэх мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 23- ны өдрийн 555 дугаартай шинжээчийн: З.Р-гийнг биед хамар болон зүүн тавхайн бүдүүн шивлүүр ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 30-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-46-р тал/ болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар 5 эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч З.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт хохирогч З.Р-тэй “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч З.Р-гийн мэдүүлэг /хх-ийн 7-9-р тал/, гэрч З.Б-ын мэдүүлэг /хх-ийн 13-р тал/, гэрч Д.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/, гэрч Ж.Х--гийн мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/, гэрч М.Батмөнх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Хохирогч З.Р-гийн эрүүл мэндэд халдсан шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч З.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал, шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч З.Р- нь шүүгдэгч З.Э-ээс эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтуудаа шүүхэд ирүүлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч З.Р- нь эмчилгээний зардал болох 1.540.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүлэн иргэний журмаар шүүгдэгч З.Э-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч З.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч З.Э- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч З.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938007400486 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Згийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Згийн Эийг таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч З.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Хохирогч З.Р нь эмчилгээний зардал 1.540.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч З.Эээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн 1938007400486  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ЭРДЭНЭ-ОЧИР