Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 50

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1-50 тоотод оршин суух, Боржигон Нямрагчаагийн Сосорбурамын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Сосорбурам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Боржигон овогтой Нямрагчаагийн Сосорбурам нь 1966 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумд төрсөн. 1974 онд Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж төгссөн. 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл МХЗЭ-ийн эвлэлийн илгээлтээр Зүүнхараагийн сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Зүүнхараагийн сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан болох нь БНМАУ-ын Сангийн аж яам Сэлэнгэ аймгийн Зүүн хараа дахь сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай тушаалд “...Н.Сосорбурам..”, 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаалд “....саальчин Н.Сосорбурам...”, 1987 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 276 дугаартай “нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалд “...саальчин Нямрагчаагийн Сосорбурамд нярай хүүхдээ асрахад зориулж 9/IX-15/XII цалингүй нэмэгдэл чөлөө олгосугай...”, 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 187 дугаартай тушаалд “...СМФ-д саальчнаар ажиллаж байсан Нямрагчаа овогтой Сосорбурамыг I/VIII-нээс СМФ-д түр харуулаар ажиллуулсугай…”, 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаалд “...СМФ саальчин Н.Сосорбурам...”, 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай “хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалд “...СМФ-ийн саальчин Нямрагчаагийн Сосорбурамд 1992 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 02 хүртэл...” гэсэн байгаа болон Нямрагчаагийн Сосорбурамын Монголын үйлдвэрчний Эвлэлийн гишүүний №526295 дугаартай бат илэрхийлэхэд 1982 оны 06 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд татвар төлсөн бичилттэй байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Боржигон Нямрагчаагийн Сосорбурамыг 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон Нямрагчаагийн Сосорбурамыг 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН