Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэжидмаа,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 2038000040031 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ж.Б-,

Шүүгдэгч Ж.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.П-ийн зүүн мөрөн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.П-ийн зүүн мөрөн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000040031 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч А.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г- миний урд, би араас нь дагаад бүжиг болж байсан клуб рүү орж явахад миний зүүн талын мөрөн дээр ширт хийх шиг л болсон. Би эргээд хартал цаашаагаа нэг хүн явж харагдсан. Гадаа харанхуй байсан болохоор би хэн байсан гэдгийг таниагүй. Тэгээд юу ч болсныг мэдээгүй клуб орж ирэхэд ханцуй дагаад бүлээн оргиод байхаар нь хартал цус гоожиж байсан. Тэгээд би цусаа хараад ухаан алдсан байсан ба нэг мэдэхэд бүжиг болж байсан газраас холгүй байдаг Д-гийн гэрт ухаан орсон. Тэр шөнөө сумын эмнэлэгт 4 цагийн үед Г-оор хүргүүлж, эмчид үзүүлж гарандаа оёо хийлгэсэн. Тухайн үед эмнэлэг дээр хоносон. Маргааш өглөө нь би эмнэлгээс гараад сумын цагдаад хэлэхээр очиход байгаагүй. Тэгэхээр нь Мандахбаяр ахын гэрт очсон...Ар гэрийнхэн маань намайг хутгалуулсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байсан...Манай суманд цагдаагийн албан хаагчид шалгалт хийхээр ирсэн байх үед Ж.Б- эмнэлэг дээр надтай уулзаад найз нь архинаас болоод ийм зүйл хийчихлээ. Найзыгаа уучлаарай гээд уучлалт гуйж байгаад явсан...Би гомдолгүй. Ж.Б- миний эмчилгээндээ гарсан зардлыг төлж барагдуулахаар болсон байгаа. Тийм учраас нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

Гэрч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Шөнөбүжиг болж байхад манай багийн иргэн А.П- гаднаас хутгалуулсан орж ирсэн...Тэнд байсан хүмүүс багийн эмч Мөнхцэцэгийг дуудаж А.П-ийг үзүүлээд айл руу авч явсан...Маргааш өглөө нь Ж.Б- би урд шөнө Бааскааг хутгалсан гэж надад хэлсэн. Тэгэхэд энэ хэргийн талаар надад манай нөхөр хэлсэн. Энэ талаар өөр мэдэж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Битухайн үед А.П-той машин дотор найр хийхдээ урилга өгөөгүй гэсэн 3 шалтгааны улмаас маргалдсан. Тэгж маргалдаж байгаад бид хоёр машинаас салаад явсан. А.П- надаас салаад клуб рүү орох гээд явахаар нь би араас нь очоод түүний гар руу биедээ авч явсан хутгаараа хутгалчихаад холдоод явсан. Тэгээд намайг гадаа байж байхад А.П-ийн гарнаас цус гараад хамт явсан найз нь болох Г- аваад явсан...Уг өдрийн дараа сумын төв ороход аймгийн төвөөс цагдаа нар ирчихсэн байхаар нь очиж уулзаад хэргээ хүлээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай: А.П-ийн биед зүүн мөрөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. А.П-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 21-р тал/ Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/ Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.П-ийн зүүн мөрөн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч А.П- мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/, гэрч Д.Ц-гийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Хохирогч А.П-ийн эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор хутга зориуд ашиглан, түүний зүүн мөр үү хатгаж байгаа шүүгдэгч Ж.Б-ын гэмт үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгч Ж.Б-ын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны хэрэглэж нийгэмд тогтсонхэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ж.Б- нь хохирогч А.П-ийн эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон тухай түүний мэдүүлэг, хохирол төлсөн тухай Хаан банкны орлогын мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 49-р тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыгүндэслэн шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал 5 бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Ж.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

2038000040031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт Жийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Жийн Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 2038000040031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд

шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР