| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00463/и |
| Дугаар | 56 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 56
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1 дүгээр баг, Баян-Өндөр багт оршин суух, Норовтойн Цэдэнгийн Наранцэцэгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Норовтойн Цэдэнгийн Наранцэцэг 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн. 1978 оны Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын дунд сургууль төгсөөд, 1980 онд Хөвсгөл аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгссөн. 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал модны аж үйлдвэрийн харьяанд ажилласан. Мебель картоны комбинатад мужаанаар ажиллаж байсан. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал модны аж үйлдвэрийн харьяанд мебель картоны комбинатад мужаанаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд БНМАУ-ын Ой, модны аж үйлдвэрийн яамны харьяа мебель-картоны комбинатад мужаанаар ажиллаж байсан болох нь БНМАУ-ын Ой, Модны Аж Үйлдвэрийн яамны харьяа Мебель-картоны комбинатын даргын 1982 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 131 дугаартай “ажилд томилж, тэтгэмж олгох тухай” тушаалд “...Хөвсгөлийн ойн ТМС төгсч ОМАҮЯ-ны томилолтоор ирсэн мужаан доорх 35 хүмүүсийг 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс үндсэн ажилтнаар элсүүлж..., ...батлагдсан зэргийн тарифт цалингаар цалинжуулахыг санхүү бүртгэлийн хэлтэс /Ж.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй. 10. Цэдэн Наранцэцэг...” гэсэн байгаагаар тогтоогдож байна.
Харин хүсэлтээс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал нь шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд Норовтойн Цэдэнгийн Наранцэцэгийг 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд БНМАУ-ын Ой, модны аж үйлдвэрийн яамны харьяа мебель-картоны комбинатад мужаанаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Норовтойн Цэдэнгийн Наранцэцэгийг 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд БНМАУ-ын Ой, модны аж үйлдвэрийн яамны харьяа мебель-картоны комбинатад мужаанаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН