Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэжидмаа,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Х.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.М-д холбогдох эрүүгийн 1938007240027 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Х.М-,

Шүүгдэгч Х.М- нь хохирогч С.С-ыг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Центер дэлгүүрээс Алаг-36 дугаар байранд хүргэж өгөхдөө машинд нь унагааж гээгдүүлсэн HUAWEI маркийн гар утсыг олж авч, ашиглан 2 завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Х.М- нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогч С.С-ын гээгдүүлсэн HUAWEI маркийн гар утсыг завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938007240027 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Титэм дэлгүүрээр үйлчлүүлэхдээ гар утаснаасаа мөнгө шилжүүлээд өөрийн өмсөж явсан гадуур хувцасны баруун талын халаасанд хийсэн. Тэгээд Титэм дэлгүүрийн гаднаас цагаан өнгийн суудлын машинд сууж Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 5 дугаар байрны гадаа хүргүүлсэн. Би энэ үед өөрийн ээж, хүүхдийн хамт явсан. Ингээд гэртээ ороод орой 20 цагийн үед гар утсаа хэрэглэх гэсэн чинь миний гар утас байхгүй байхаар нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад өөрийн гар утсаа гээгдүүлсэн юм уу хулгайд алдсан байж магадгүй гээд гомдол гаргасан. Миний гар утас HUAWEI Ү6 маркийн хар өнгөтэй, 2019 оны 08 дугаар сард шинээр нь 559.000 төгрөгөөр худалдаж авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...БиХ.М- гэдэг хүнийг танихгүй. Ямар ч харьцаа хамаарал байхгүй. 2019 оны 10 дугаар сарын эхээр би Мөрөн сумын Цагаан-Уул захын үүднээс цагаан өнгийн суудлын машины /улсын дугаар, маркийн нь санахгүй байна/ ар талд суугаад гэртээ буюу ... тоотод хүргүүлсэн юм. Тэр үед машины ар талын суудал дээр ухаалаг хар өнгийн гар утас байхаар нь таксины жолооч ахад авч өгсөн. Би тухайн үед машины суудал дээр байсан гар утасны маркийг анзаарч хараагүй. Таксины жолооч ах хүн унагасан юм байна гэж хэлээд надаас авсан. Өнөөдөр цагаан өнгийн машинтай ах манай гэрт ирээд чамайг олон хоног хайж байж оллоо цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөч гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хүргэн Х.М- нь 1981 онд төрсөн. Эхнэр 2 хүүхдийн хамт Мөрөн сумын ... тоотод оршин суудаг. Хувиараа такси үйлчилгээнд эхнэр Ц.М-ын тээврийн хэрэгслээр явдаг. Зан чанарын хувьд даруухан, дуу цөөнтэй, байшин барьж, мужааны ажил хийдэг гарын уртай хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй... Би Х.М-ы такси үйлчилгээнд явж байгаад хүний гар утас олоод ашигласан хэргээр шалгагдаж байна гэж өөрөө надад хэлсэн. Уг хүний хувьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй гэж би бодож явдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...Х.М- надад хэлэхдээ гар утас олсон чинь гэмт хэрэг болсон байна гэсэн. 2019 оны 10 дугаар сард /өдрийн нь мэдэхгүй/ такси үйлчилгээнд явж байгаад нэг гар утас олсон гэж надад хэлж байсан. Гар утасны эзэнд нь өгөх гэсэн чинь гэрийг нь мэдэхгүй байсан гээд гэрт нь хар өнгийн утас унтарсан байгаад байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын эхээр миний бие өвдөөд Х.М-тай хамт Улаанбаатар хотод эмчлүүлэх гээд явсан. Х.М- олсон гээд байгаа гар утсыг ер нь ашиглаагүй байсан. Ингээд намайг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад нөгөө олсон гээд байгаа гар утсандаа ... дугаарыг хийж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орчим байх 1-2 хоног ашигласан юм шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/

Шүүгдэгч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би2019 оны 10 дугаар сарын эхээр байхаа өдрийн санахгүй байна. Мөрөн сумын 5 дугаар багт байрлах захын үүдэнд эхнэр Ц.М-ын нэр дээр байдаг ... улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явах гээд зогсож байтал 2 эмэгтэй хүн, нэг хүүхэд машины маань ар талын суудал дээр суугаад Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Алаг-36 дугаар байрны гадаа буусан. Тэгээд Цагаан-Уул захын үүдэнд тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байтал 1 эмэгтэй хүн ар талын суудалд суугаад 4-р хороо руу явсан. Тэр эмэгтэй замд явж байхдаа энэ суудал дээр утас байна гээд хар өнгийн ухаалаг гар утас унтарсан байсныг надад өгсөн. Тэгээд маргааш нь Алаг-36 дугаар байрны гадаа очиж нөгөө хүнд гар утсыг нь өгөх гэж байрны гадаа хүлээгээд миний машинд суусан зүс таних эмэгтэй гарч ирээгүй. Би урд өдөр нь Алаг-36 дугаар байрны аль орцонд орсныг анзаарч хараагүй. Ингээд нөгөө гар утсыг гэртээ байлгаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот руу эхнэр Ц.М-ын хамт явахдаа скайтелын сим уншдаг болгож 1 өдөр өөрийн ... дугаараа хийж ашигласан. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас дуудаж HUAWEI Ү6 маркийн олсон гар утасны талаар асуусан. Би 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С.С- гэдэг хүнтэй уулзаж гар утсыг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р тал/ Эрэн сурвалжлалтын бүртгэл /хх-ийн 8-10-р тал/ Мобиком корпораци ХХК-ийн албан тоот /хх-ийн 12-р тал/ Юнител ХХК-ийн албан тоот /хх-ийн 14-р тал/ Зөрчил шалгагчийн тэмдэглэл /хх-ийн 16-р тал/ Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуулас, /хх-ийн 46-47-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд Х.М- нь 2019оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогч С.С-ын гээгдүүлсэн HUAWEI маркийн гар утсыг олж авч, завшсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнмэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалдүндэслэн шүүгдэгч Х.М-ы гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Хохирогчийн хайнга байдал, шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагзэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Х.М- ньхохирогч С.С-ад 527.945 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй болсон тухай мэдүүлэг, эвлэрлийн гэрээ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанааршинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Х.М-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Х.М- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн 1938007240027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт Хы Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Х-д овогт Хы Х.Мыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938007240027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР