Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 57

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 9-8 тоотод оршин суух, Улаан суунаг Лхаажавын Баттулгын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Баттулга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Улаан суунаг овогтой Лхаажавын Баттулга нь 1957 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн. 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилга засварт ноормчноор 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг  хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл барилга засварт барилгын ноормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ноормчноор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ноормчноор ажиллаж байсан болох нь БНМАУ Говь-Алтай аймгийн архивын 1989 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаанд “...Тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 144 тоот тушаалаар Л.Баттулгыг 10 дугаар сарын 25-наас эхлэн тус барилгын ноормчноор авч ажиллуулсугай. Дарга Ө.Равдан гэжээ...” гэсэн, Говь-Алтай аймгийн Алтан гадас одонт ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 дугаартай “хөдөлмөр зохион байгуулалтын тухай” тушаалд “...Л.Баттулга...” гэсэн, Говь-Алтай аймгийн Алтангадас одонт ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 92 дугаартай “цалинжуулах тухай” тушаалын хавсралтад “..Баттулга...” гэсэн байгаа болон Лхаажавын Баттулгын 1978 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нээлгэсэн №256406 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, №518753 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэхэд 1982 оны 08 дугаар сараас 1991 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд татвар төлсөн бичилттэй байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Харин 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал нь шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Улаан суунаг Лхаажавын Баттулгыг 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ноормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Улаан суунаг Лхаажавын Баттулгыг 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ноормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН