Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 19

 

    Н.Я-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор С.Эрдэнэбаяр,

            нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 274 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Н.Я-д холбогдох 201701080202 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Н-н Я, 19.. оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч болон хүүхдийн хамт ......... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байр ... тоотод оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сар, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 14 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: МР79122419/.

Н.Я нь өөрийн гэр бүлийн хамааралтай хүн болох Х.С-г 2014 оноос хойш зодон, харгис хэрцгий хандсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан ба улмаар 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Н” амралтын газар амарч байхдаа Х.С-г хардалтын улмаас дахин зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Н.Я-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна", "Яллагдагч, шүүгдэгч нь сэтгэцийн өвчний улмаас хэргийн байдлыг ойлгох чадваргүй бол шинжээч томилох шийдвэрийг түүнд танилцуулахгүй байж болно" гэж тус тус заасан ба Н.Я-д сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгээгүй атлаа 2017 оны 6 дугаар сарын 5, 14-ний өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолыг түүнд танилцуулаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна" гэж заасан байхад 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 5733 дугаар, мөн өдрийн 3346 дугаар, 6 дугаар сарын 15-ны өдрийн 5735 дугаар, 6 дугаар сарын 23-ны өдрийн 5734 дүгээр, мөн өдрийн 6024 дүгээр шинжээчийн дүгнэлтүүдийг оролцогчдод танилцуулаагүй нь мөн хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оролцогчид шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг нь хязгаарлаж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт, тайлбар, мэдүүлгийг оролцогчид танилцуулсан, энэ үед оролцогчоос тавьсан хүсэлт, асуулт, хариултын талаар тэмдэглэлд тусгаагүй нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан байна. Түүнчлэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 15 дугаартай яллах дүгнэлтээс үзэхэд:

Яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буюу “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон бол прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзана." гэсэн заалтыг удирдлага болгосон нь уг яллах дүгнэлтийг хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзэн Н.Я-д холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор С.Эрдэнэбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Н.Я-д холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Үүнд:

1. Н.Я-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн болон шүүгчийг томилсон 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/ЕШЗ/176 дугаар, мөн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаартай захирамжаар мөрдөн байцаалтын шатанд Н.Я-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэж байсан шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж нарыг томилж, шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзоригоор даргалуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

2. Шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь дараах байдлаар хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайлбал:

- Эрүүгийн 201701080202 дугаартай хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч Н.Я-д хавтас хэрэгт авагдсан шинжээчийн 5733, 3346, 5735, 5734, 6024 тоот дүгнэлтүүдийг танилцуулахад оролцогчоос гаргах хүсэлтэд “үгүй” гэж бичсэн, шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа гэж гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад заасан "Прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт" гэж хуульд зааснаар хэргийг прокурорт буцаахгүйгээр прокурор яллах дүгнэлтийг засах боломжтой ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байхад шүүгчийн захирамжид дурдаж хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

4.  Түүнчлэн даргалагч шүүгч Д.Чинзориг нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 274 дугаартай захирамжийг уншиж сонсгохдоо хэргийг Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалт зөрчсөн, хэргийг прокурорт ямар үндэслэлээр буцаасныг дурдалгүйгээр захирамж гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус шүүхийн шүүгчийн 274 дугаартай захирамжийг прокурорт ирүүлэхэд ямар үндэслэлээр прокурорт буцаасныг улсын яллагч мэдсэн болно. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр даргалагч шүүгч оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх хэсэгт заасныг асуухад хэн аль нь “санал байхгүй” гэж хэлсэн ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлээр давхар тогтоогдсоор байхад дээрх үндэслэлээр хэрэг буцсан гэж шүүгчийн захирамжид дурдсан нь бодит байдалтай нийцэхгүй байна.

5. Шүүгчийн 274 дугаартай захирамжийн "Үндэслэх нь" хэсэгт "Түүнчлэн Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 15 дугаартай яллах дүгнэлтээс үзэхэд" гэж прокурорын яллах дүгнэлтийн огноо буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Иймд Н.Я-д холбогдох Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 274 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэв.                                                                  

                                                               ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ”, 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.Я-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгч Д.Лувсандорж нь Н.Я-г сэжигтнээр /хх-1-78/, яллагдагчаар /хх-1-81-82/ тус тус, шүүгч Д.Чинзориг нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр /хх-1-249-250/ яллагдагчийн хорьж мөрдөх хугацааг сунгахаар шийдвэр гаргаж байжээ.

Гэтэл Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар /хх-2-42/ Н.Я-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж нарыг томилж, шүүгч Д.Чинзориг тус урьдчилсан шүүх хуралдааныг даргалж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Энэ талаар прокурор С.Эрдэнэбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Я-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Н.Я-ын үйлдэлд хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэхийг тодруулах, мөн яллах дүгнэлтийг хуульд нийцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс тус тус дагаж мөрдсөн байхад прокурор яллах дүгнэлтдээ Н.Я-г 2014 оноос 2017 оны 6 сар хүртэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан мэтээр бичсэн нь ойлгомжгүй нөхцөл байдлууд хэрэгт авагджээ.