Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0042

 

Л.Сгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, П.О

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр 52 тоот байрыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээний барьцаанд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 629 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, П.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2020/0554/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.С-гээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр 52 тоот байрыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээний барьцаанд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 629 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан Л.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017887 дугаартай Л.С, Д.Д нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр, 52А тоот орон сууцны бүртгэлд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн баталгаат ипотекийн гэрээний бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэсэн явдал юм.

3.2. Л.С, Д.Д нараас У.Б-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь банк, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм. Гэрээ хүчин төгөлдөр эсэхтэй холбоотой маргаан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасны дагуу иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамаарах бөгөөд нэхэмжлэгчээс иргэний шүүхэд уг үндэслэлээр хандаж, маргааныг шийдвэрлүүлээгүй байхад анхан шатны шүүх иргэний хэрэгт дүгнэлт өгч, итгэмжлэл хүчингүй болсноор барьцааны гэрээ, цаашлаад барьцааны бүртгэл хүчин төгөлдөр бус болох шууд үндэслэл мөн мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нотариатаар гэрчлэгдсэн итгэмжлэлийн хувьд банк хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүрэг хүлээхгүй бөгөөд гарын үсгийг үнэн зөв гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

3.3. Л.С-гийн зөвшөөрөлгүйгээр бүртгэл хийгдсэн гэж үзвэл Л.С нь бүртгэлд нэр нь байгаа этгээд буюу энэ тохиолдолд барьцаалагч болох “Х б” ХХК-д улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардаж, банк зөвшөөрсөн тохиолдолд бүртгэл хийх талаар хуульчилсан бөгөөд уг хуулийн 6.3-д дурдаж буй шүүхийн шийдвэр нь бүртгэл хууль бус эсхүл бүртгүүлж буй барьцааны гэрээ хууль бус талаар шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага бүртгэлд өөрчлөлт оруулах талаар хуульчилсан нь илт байхад шүүхээс хуулийг хэрэглэхдээ хэт нэг талыг барьж, ямар ч шүүхийн шийдвэр гарсан бүртгэлийг шууд өөрчлөх ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.4. “Х б” ХХК-аас анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт итгэмжлэл хүчин төгөлдөр бус болох нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх шууд үндэслэл болохгүй талаар тайлбарлан мэтгэлцсээр байхад банк Л.С, Д.Д нарын хороонд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх талаар ямар дүгнэлт хийлгүйгээр шууд бүртгэлийг хүчингүйд тооцож байгаа нь үндэслэлгүй юм.

3.5. Барьцааны зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.С, Д.Д нарын гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан бөгөөд энэ нь барьцааны зүйлээс татгалзсан гэж үзэх шууд үндэслэл болохгүй. Барьцааны зүйлээс татгалзах тохиолдолд хөрөнгийг буцаан олгож байгаа тал болох барьцаалагч нь барьцаалуулагч эсхүл улсын бүртгэлийн байгууллагад энэ талаар хүсэл зоригоо бодитоор илэрхийлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд банкнаас тухайн хөрөнгөөс татгалзаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул банкыг барьцааны зүйлээс татгалзаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх эсэхийг банк бие даан шийдвэрлэх эрхтэй байхад захиргааны хэргийн шүүхээс хэрэгт хамааралгүй үйл баримт болох банк барьцаа хөрөнгөөс татгалзсан, барьцааны эрх дуусгавар болсонтой холбоотой дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            3.6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хяналаа.

 

2.1. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.2. Нэхэмжлэгч Л.Сгээс “Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр 52 тоот байрыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээний барьцаанд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...намайг байхгүй байхад миний өмчлөлийн байрыг бусдад шилжүүлэн өгөх хууль бус итгэмжлэлийг батлан намайг хохироосон ... иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тус олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан ... ” гэж тайлбарласан байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр Л.С-гээс Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 52А тоот орон сууцыг “зээлийн барьцаанд тавих, барьцаалбар төлөөлөх, үүргийн гүйцэтгэл хангуулах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах” бүрэн эрхийг У.Б-д олгосны дагуу “Х б” ХХК-аас “Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгэлийг дээрх үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №БИ1790001880-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээнд Л.С-гийн өмнөөс У.Б гарын үсэг зурж, уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

2.4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийн 6.2-т /бүртгэлд нэр нь байгаа этгээд хүлээн зөвшөөрсөн/ заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж, 6.6-д “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заажээ.

2.5. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1403 дугаар захирамжаар “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК, Ч.Д нарт холбогдох, “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нараас 100 сая төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд хэд хэдэн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд уг үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн жагсаалтад нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц багтаагүй байна.

2.6. Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5267 дугаар шинжээчийн дүгнэлтээр “2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Итгэмжлэл” гэсэн баримтад зурагдсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн Л.С-гийн гэх гарын үсгийн загваруудтай, С гэсэн бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй” болох нь тогтоогдсон. Улмаар Л.С-гээс нотариатч Д.Б-д холбогдуулж “нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1093 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн нотариатч Д.Б-ын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрчилсэн төлөөлүүлэгч Л.С, Д.Д нараас төлөөлөгч У.Б-д олгосон “Итгэмжлэл”-ийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.7. Ийнхүү дээрх шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэлийн байгууллага маргаан бүхий байрыг барьцаанд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох ёстой байтал ““Х б” ХХК нь “Б” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан байна” гэх үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

2.8. Нэгэнт нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, барьцаалбар төлөөлөх, үүргийн гүйцэтгэл хангуулах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг У.Б-д олгоогүй нь тогтоогдсон байх төдийгүй дээрх эрхийг олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... итгэмжлэл хүчингүй болсноор барьцааны гэрээ, цаашлаад барьцааны бүртгэл хүчин төгөлдөр бус болох шууд үндэслэл мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.9. Харин анхан шатны шүүх “...өмчлөгчөөс олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүйг улсын бүртгэлийн байгууллага мэдэхгүй боломжгүй, шалгах үүрэг байгаагүй, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тухайн үедээ тогтоогдоогүй байсан нөхцөл байдлыг харгалзан улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу байна.

2.10. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж тодорхой заасны дагуу шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж буй тохиолдолд нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

Иймээс шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 629 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН