Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 22

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Нэхэмжлэгч Д.Амаржаргалын нэхэмжлэлтэй

   Хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

 

   Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Б.Амаржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                    Л.Цуурай,

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                          Ц.Чулуунцэцэг,

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч     Б.Содболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасны үндсэн дээр надад аймгийн даргын А/135 тоот захирамжийн дагуу Дархан сумын 11-р багийн 13-р хороололд амины орон сууцны зориулалтаар 4506102569 нэгж талбарын дугаар бүхий 680м2 (0.06га) газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болж 000556068 дугаартай гэрчилгээ авсан юм.

Ингээд газар дээр блокоор хашаа барьж орон сууцаа барих гэтэл газрыг эзэмшүүлэх эрх олгосон Засаг дарга байсан А.Энхболдын А/135 тоот захирамж нь одоогийн Засаг дарга С Насанбат даргын 2016.11.29-ны өдрийн А/441 тоот захирамжаар хүчингүй болсон газрыг чинь хураана гэлээ.

Би явуулын ажил, бизнес эрхэлдэг байхаасаа байхгүйн их байсан. Манай ойр орчны айлууд бүгд л хашаа хувийн орон сууцаа бариад орчихсон байна. Сураг сонсоход энэ А/441 тоот захирамж шүүхээр хүчингүй болсон юм байна.

Энэ учрыг хэлж засаг даргад хандахад 2018.05.10-ны 4-10/394 тоотоор Д. Амаржаргал намайг 2016.12.08-нд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон тухай мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан гэжээ.

Гэтэл энэ 2016.12.08-нд А/441-р захирамжийг мэдэгдэж жагсаалтын 8 дугаарт Б. Амаржаргал гэх нэртэй 10-р багийн 5-р хорооллын 1в-38 тоотод оршин суугч байх бөгөөд би биш юм. Гарын үсэг нь ч минийх биш байна.

Би энэ хаягт оршин суудаггүй тэгээд ч миний овог биш байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын 2016.11.29-ны өдрийн А/441 тоот захирамжийн Д.Амаржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/441 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохих ёсоор захиргааны байгууллагад хандаж газар эзэмших өргөдөл гаргаж, цохолт хийгдэж, газрын зураг хийгдээд, Засаг дарга захирамжаа гаргаж, газар олгохоор гарын үсэг зурагдаж 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлэх гэрчилгээг Д.Амаржаргалд олгосон. Тус газрыг нэхэмжлэгч өөртөө олгож, өөрөө захирамж шийдвэр гаргаж аваагүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь өөрөө өөртөө газар олгосон юм шиг яриад байх юм. Иргэн өөртөө газар олгохоор хууль бус шийдвэр гаргаагүй, Засаг дарга нь өөрөө хууль зөрчиж шийдвэр гаргасан юм бол үүнд нэхэмжлэгч Д.Амаржаргал ямар буруутай вэ.  Д.Амаржаргал нь газар авахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд авсан газартаа хашаа барьж, хууль ёсны дагуу эзэмшиж байсан.

Засаг дарга солигдох нь хамаагүй тэдний баримталдаг хууль нэг байх ёстой. Д.Амаржаргалд түүний эрх ашгийг зөрчих захирамж гарч байгаа талаар мэдэгдээгүй. Д.Амаржаргал гэдэг хүний овгийг Засаг даргын А/441 дүгээр захирамж дээр Б.Амаржаргал гэж сольж бичээд Дархан сумын 10 дугаар багийн 5-4 дүгээр байрны 1В байрны 38  тоотод оршин суух Б.Амаржаргал гэдэг хүнд мэдэгдэл өгсөн болсон. Гэтэл нөгөө хүнийг гэрчээр асуухад бүр Ц.Амаржаргал гэдэг хүн болж таарсан. Тус Ц.Амаржаргал нь газар авч байгаагүй бөгөөд гараашийн газар авсан байсан талаараа мэдүүлэг өгсөн байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар Д.Амаржаргалд мэдэгдэх ёстой. Д.Амаржаргалын нэр хаяг нь тодорхой, өргөдөл нь газрын албаны хувийн хэрэгт байхад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг гаргасан. Захиргааны актыг гаргахдаа тухайн акт нь хэн нэгний эрх ашгийг хөндөж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар эрх ашиг нь хөндөгдөж байга хүнд мэдэгдэх, мэдэгдлийг өөрт нь гардуулах, бүр болохгүй бол цахим хэлбэрээр мэдэгдэж болох байсан. Харин мэдэгдсэн талаараа баримтжуулж болно гэж байгаа. Гэтэл Д.Амаржаргалын гар утас, гэрийн хаяг нь  байсаар байхад мэдэгдээгүй байна. Д.Амаржаргал нь өөрийн газар дээр байшин барихаар Газрын албанд очиход таны газар эзэмших эрхийн гэрчилгээ А/441 дүгээр захирамжаар хүчингүй болсон гэж хэлэхэд нь эрх нь зөрчигдсөн болохыг мэдсэн байна. Д.Амаржаргалд А/441 дүгээр захирамжийг албан ёсоор мэдэгдээгүй, яг аль Амаржаргалд мэдэгдлийг гардуулсан нь тодорхой биш байна, хариуцагчаас сонсоод Д.Амаржаргал нь А/441 дүгээр захирамжийн талаар мэдэж, гомдол гаргахад Засаг даргаас танд захирамжийн талаар мэдэгдсэн байна, шүүхэд ханд гэсэн хариу өгсөн гэж хэлж байсан.

Захиргааны актыг эрх нь зөрчигдөж  байгаа этгээд мэдэгдсэн гэж байгаа боловч мэдэгдсэнээ хариуцагч талаас нотолж чадахгүй байна. Д.Амаржаргал нь өөрийн эрх ашиг хөндөгдсөн цагаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргасан учир гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй.

Д.Амаржаргал нь иргэн хүн Газрын тухай хуулийн дагуу өргөдөл гаргаж, газар олгогдож, гэрчилгээ гарсан байна. Хэрэв хууль бус байсан юм бол яагаад газрын гэрчилгээ олгосон юм бэ. Газар олгох шийдвэрийг хэн гаргадаг юм бэ? Д.Амаржаргал өөртөө хууль зөрчиж газар олгоогүй.

Хариуцагч нь Д.Амаржаргалын овгийн үсгийг “Б” гэж бичсэнээ хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдэгдэж, А/441 дүгээр захирамжаар таны газар эзэмших эрх хүчингүй болсон гэдгийг мэдэж байсан шүү дээ. Б.Амаржаргал гэдэг хүн өргөдөл өгсөн нь тодорхойгүй Амаржаргалын “Д” гэдэг овгийн эхний үсгийг “Б” гэж биччихээд Б.Амаржаргалын эрхийг зөрчсөн Д.Амаржаргалын эрхийг зөрчөөгүй гэж хачин тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Засаг даргын 2016 оны А/441 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор явж байсан. Харин одоо яагаад тус захирамжийг хүчингүй болгохгүй гээд хууль зөрчөөгүй гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд гэр бүлийн хэрэгцээнд олгохоор тусгаагүй байсан юм бол яагаад тус газрыг олгож, нэхэмжлэгчийг хөрөнгө мөнгөө зарцуулахад хүргэсэн юм бэ. Засаг дарга нь газар олголоо гэж шийдвэр гаргачхаад, тус шийдвэрээ хууль зөрчсөн байна гэж хүчингүй болгоод байгаа нь ямар учиртай юм бэ. Одоогийн Засаг дарга нь өмнөх Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосныг нэхэмжлэгч нар шүүхэд гомдол гарахад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч улмаар 81 дүгээр захирамжийг гаргаж, иргэд хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг  сэргээсэн байдаг. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн Б.Амаржаргалд холбогдох хэсгийг  хүчингүй болгож өгнө үү гэжээ.                    

                                                                     

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.05.06-ны өдрийн А/135 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Дархан сумын 11-р баг, 13-р хороололд амины орон сууцны зориулалтаар 680м.кв газрыг Б.Амаржаргалд 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлэх захирамж гарч, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ олгогдсон нь дараах үндэслэлээр хууль бус шийдвэр юм. Үүнд:

1. Газрын тухай хуулийн 40-р дүгээр зүйлийн 40.3-т эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухай шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй эрхтэй гэж заасан байдаг.

Гэтэл 2018.05.14-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн заалтыг зөрчиж 1 жил 6 сарын дараа шүүхэд гомдол гаргасан байна.

2. Аймгийн Засаг даргын 2016.05.06-ны өдрийн А/135 дугаар захирамжийн хавсралтын 14 дэх хэсэгт Дархан сумын 11-р баг, 13-р хороололд 680м.кв газрыг Б.Амаржаргалд эзэмшүүлэхээр шийдвэр гарсан байна.

Гэтэл Даваадонж овогтой Амаржаргалтай газар эзэмшүүлэх  гэрээ байгуулжээ. Газар эзэмшүүлэх гэрээг байгуулахдаа инженерийн шугам сүлжээний байгууллагуудын зөвшөөрсөн гарын үсэгтэй, газрын байршлын зургийг үндэслэж газрын кадастрын мэдээллийн санд оруулдаг. Тус байршлын зургийг аймгийн Ерөнхий архитектор Д.Эрдэнэбаяр баталж, ГХБХБГ-ын дарга Г. Сүхбаатар зөвшөөрч Д.Амаржаргалд амины орон сууцны зориулалтаар олгосон газрын байршлын зураг хийгдсэн нь Д.Амаржаргалтай ямар ч холбоогүй болно.

3. Аймгийн Засаг даргын 2016 оны А/441 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг Б.Амаржаргалд 2018.12.08-ны өдөр мэдэгдсэний дагуу тус захирамжийн хавсралтын 8 дахь хэсэг Д.Амаржаргал, 26 дахь хэсэг Б. Батхөлөг нарын мэдэгдлийг нэг хүний гарын үсэг зурж, хамт хүлээн авсан байна.

4. Аймгийн Засаг даргын 2016 оны А/135 дугаар газар эзэмшүүлэх захирамжийн үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т төрийн байгууллагын; 28.1.3-т аж ахуйн нэгж байгууллагын гэж газар эзэмших эрхийн гэрчилгээний төрлийг зааж захирамжилсан байна.

Гэтэл Д.Амаржаргалд эзэмшүүлсэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь дээрх 2 зүйл заалттай нийцэхгүй байна.

5. Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж , байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэсэн заалтыг зөрчиж төлөвлөгөөнд тусгаагүй газарт хүсэлт ирүүлсэн, хуулийн33 дугаар зүйлийн 33.12-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг Дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 10-р тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан “газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах” журам-ыг зөрчин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олон нийтэд нээлттэйгээр биш бусад оролцогчдыг оролцох боломжийг олгоогүй эзэмшүүлэх захирамж гаргасан байна.

6. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж хуульчилсны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаагүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй байхад аймгийн засаг даргын захирамж шууд гарган, газар эзэмшүүлэх гэрээ хийхээр ирүүлсэн, хуулийн 33.4-т ''Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж, төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлэх захирамж гаргасан.

7. Газрын харилцаа ,геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан "Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журам" -ын 5 дугаар зүйлийн 5.8-т "Өргөдлийн явцын дагуу суурин судалгаа, хээрийн судалгаа, кадастрын өөрчлөлт хийгдэж дууссан тохиолдолд тухайн өргөдлийг Засаг даргын захирамжийн төсөлд явуулах, хариу мэдэгдэх болон холбогдох материалуудыг тоон хэлбэрт шилжүүлэн мэдээллийн санд бүртгэж баталгаажуулна" гэсэн заалтыг зөрчиж өргөдлийн дагуу судалгаа хийгээгүй, захирамж гарсны дараа мэдээллийн санд бүртгэсэн , 8 дугаар зүйл 8.4-т "Нэгж талбарт өөрчлөлт болон шинэчлэлт хийх тохиолдолд кадастрын хэмжилт, зураглалын ажил хийхгүйгээр мэдээллийн санд оруулахыг хориглоно" заалтыг зөрчиж мэдээллийн санд оруулж баталгаажуулсан байна.

8. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх , ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд ухайн сумын Засаг даргын саналыг авсан байна" гэсэн заалтыг зөрчин Дархан сумын Засар даргын саналыг авахгүйгээр аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт газрын асуудлыг шийдвэрлэсэн байна.  

9. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар төрийн албан хаагч, аймгийн  ИТХ-ын тэргүүлэгч нарыг оролцуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан Дархан-Уул аймгийн засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлөх болон бусад чиглэлээр гарсан захирамжуудын хууль , эрх зүйн үндэслэлийг нягтлан шалгаж зөрчил дутагдлуудыг илрүүлэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар шалгалтын дүнг танилцуулан, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлэл хийн хууль зүйн үндэслэлгүйгээр газар олгогдсон иргэдийн шийдвэрүүдийг хүчингүй болгохыг 2016.10.24-нд Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, 2016.11.15-нд аймгийн Засаг дарга,  2016.11.25-нд ГХБХГБ-ын дарга, мэргэжилтнүүд тус тус 3 удаа орон нутгийн мэдээллийн хэрэгслээр, мөн ГХБХГБ-ын цахим , фейсбүүк хуудас /www.darkhan.gazar.gov.mn, www.facebook.com/dakhanuul.landoffice/-д 2016.11.18-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 46, 48, 64 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон мэдээлэл , 2016.11.24-нд хууль бус шийдвэрээр газар эзэмшиж, өмчилсөн иргэн , хуулийн этгээдийн газрыг хүчингүй болгохоор болсныг урьдчилан хэлж байгууллагын мэдээллийн самбарт тус тус байршуулсан байна.

Шалгалтаар олон ноцтой зөрчил дутагдлууд гарсан. Үүнд:2016 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шаардлагын төвшинд, аргачлалын төвшинд боловсруулаагүй , газрыг нэгж талбар тус бүрээр биш баг тус бүрээр нийтэд нь багцалж , ойлгомжгүйгээр хаана юу,хэдэн м.кв газар , ямар зориулалтаар дуудлага худалдаа ,  төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгох эсэх нь тодорхой бус , батлагдсан зураг төсөлгүй хангаагүйн улмаас хууль бус газар олголтууд хийгдэх суурь үндэс нь болсон . Уг ажлын хэсгийн дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016.10.26-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, Газрын тухай хууль болон бусад дүрэм журмын агуу олгогдоогүй иргэн , хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авсан. Дээрх зөрчил дутагдал гарсан тул Монгол улсын засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т " Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцгүй бол өөрөө, эсхүл сум , дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг нийслэлийн Засаг дарга , аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно" , Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т "Төрийн эрх бүхий байгууллага , албан тушаалтан өөрийн шийдвэр , үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч , ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан , эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно" гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Дархан Уул аймгийн Засаг даргын 2016.11.29-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн Б.Амаржаргалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон болно. Иймд аймгийн  Засаг даргын 2016 оны А/441 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж Д.Амаржаргалын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө миний хувьд Засаг даргын А/441 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан хүмүүсийн өмгөөлөгчөөр оролцож байсан. Өнөөдөр эсрэг байр суурьтай оролцож байгаа нь хуульд харшлахгүй гэж бодож байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжид Д.Амаржаргалын гэрчилгээг хүчингүй болгоогүй бөгөөд Б.Амаржаргал гэдэг хүний гэрчилгээг хүчингүй болгосон гэж бичсэн байна. Тус захирамжаар хүчингүй болгосон Амаржаргалын овгийн үсгийн ялгааг гаргасны эцэст энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс өөрийн Субьектив эрхэд халдсан бол тус шийдвэртэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. 2016 оны 11 дүгээр захирамжид 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжид Д.Амаржаргалын гэрчилгээг хүчингүй болгосон зүйл байхгүй бөгөөд Засаг даргын А/135 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон иргэн Б.Амаржаргалын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Д.Амаржаргалын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гараагүй байгаа харагдаж байна.  Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо өмнөх Засаг даргын А/135 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан хүмүүсийн газар ззэмших эрхийг хүчингүй болгосон байгаа. А/135 дугаар захирамжийн 8 дугаар хавсралтад Б.Амаржаргалд газар эзэмших эрхийг олгосон шийдвэрийг хүчингүй болгож А/441 дүгээр захирамжийг гаргасан бөгөөд уг А/441 дүгээр захирамжаар Д.Амаржаргалын эрх ашиг хөндөгдөөгүй байна. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт зааснаар Д.Амаржаргалд аж ахуйн нэгж байгууллагын зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон бол тус зориулалтын дагуу газрын гэрчилгээг олгох ёстой болохоос гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох ёсгүй бөгөөд газар олгож байгаа шийдвэр нь хууль зөрчиж гарсан байна. Засаг даргын А/135 дугаар захирамжийг үндэслэн Д.Амаржаргалд 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр гэрчилгээ гарсан байна. Гэтэл захирамж дээр Б.Амаржаргал гэсэн нэр байна. Д.Амаржаргал болон Б.Амаржаргал гэж байгаа овгийн үсгийн ялгааг гаргахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т зааснаар захиргааны актын илэрхий алдааг засах эрх нь уг актыг гаргаж байгаа эрх бүхий этгээдэд байдаг ба тус шийдвэрээр эерэг нөлөөлөл үзүүлж байгаа иргэн нь хүсэлт гаргаж засуулах боломжтой байдаг. Нэхэмжлэгч нь тус захиргааны актыг засварлуулан Д.Амаржаргал болгож нэрийг нь өөрчлүүлж бичилтийн алдааг утга агуулгыг өөрчлөхгүйгээр засварлуулсны дараа нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэж байна. Уг алдааг захиргааны байгууллага гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Д.Амаржаргал нь овгийн үсгийн ялгааг засварлуулаад өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Энэ хэрэгт нэхэмжлэгч гэгдэж байгаа Д.Амаржаргал нь жинхэнэ нэхэмжлэгч болох Б.Амаржаргалыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бөгөөд Засаг даргын А/135 дугаар захирамжаар газар олгогдсон, А/441 дүгээр захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон этгээд мөн болохоо нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдэж байна.

Хэрэв дээрх захирамжуудад дурдагдсан этгээд нь Д.Амаржаргал мөн гэж үзээд түүний эрх ашгийг зөрчсөн гэж үзвэл Засаг даргын 441 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийг шийдвэрлэхэд захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Б.Амаржаргалд 441 дүгээр захирамж гарсан талаар мэдэгдсэн үү гэвэл мэдэгдсэн байна. Захиргааны акт гаргаж байгаа этгээд нь Д.Амаржаргалд мэдэгдэх албагүй, Б.Амаржаргал гэдэг хүнд мэдэгдсэн байна. Б.Амаржаргал гэдэг хүнд мэдэгдсэн өдрөөс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Д.Амаржаргал нь 441 дүгээр захирамжид гомдож шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Д.Амаржаргал нь Б.Амаржаргалаас төлөөлөл аваагүй байна. Засаг даргын 441 дүгээр захирамжаар Д.Амаржаргалын эрх ашиг хөндөгдөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 51.1.5-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

   1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Б.Амаржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

   Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7, 47 дугаар зүйлийн 47.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч  Б.Амаржаргалд аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дугаар баг,13 дугаар хороололд, аймгийн 680 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар олгосон газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

          Шүүхээс нэгж талбарын 4506102569 дугаар хувийн хэрэгт болон газар дээр нь очиж үзлэг хийхэд Даваадонжийн Амаржаргал 11 дүгээр баг 13 дугаар хороололд амины орон сууцны газар хүсэж  аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан байхад хариуцагч Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/135 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр  захирамж, түүний хавсралтад  Амаржаргалын овгийн эхний үсгийг “Б” гэж буруу бичсэн болох нь нэхэмжлэгчийн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн 000556068 дугаар гэрчилгээ, газар дээрээ хашаа барьсан зураг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.Амаржаргалд Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/135 дугаараар захирамжаар газар олгохдоо Газрын тухай хуулийн... заалтуудыг зөрчиж олгосон байсан...”,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... дүүгийнхээ нэр дээр шилжүүлье гээд очиход болон газар дээр хүмүүс очоод 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр  захирамжаар Д.Амаржаргалын газар хүчингүй болсон хурааж авна гэсэн..” гэх тайлбарууд, Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 392 тоот албан бичиг зэргээр тус тус нотлогдож байна.

Хариуцагчаас Даваадонжийн Амаржаргалд Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон  тухай мэдэгдлийг  жагсаалтын 8-аар  мэдэгдсэн гэж тайлбарлах боловч уг жагсаалтад Б.Амаржаргал гэдэг хүний нэрийг бичсэн, жагсаалтад байгаа хаягт  Цэрэн-Очир овогтой Амаржаргал гэгч хүн оршин суудаг бөгөөд амины орон сууцны газар хүсэж аль ч Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй, гарын үсэг нь биш, харин гараашийн зориулалтаар газар эзэмшдэг болох нь өөрийнх нь шүүхэд өгсөн тайлбар, гэрээ, гэрчилгээ зэргээр тогтоогдож байгаа, жагсаалтад гарын үсэг зурсан хүний гарын үсгийн тайлал байхгүй зэргээс үзэхэд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 -т заасны дагуу Даваадонжийн Амаржаргалд Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг мэдэгдэх, хүргүүлэх  ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй, улмаар нэхэмжлэгчийг мэдсэнээс хойш 1 жил 6 сарын дараа нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн тайлбарууд нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байгаа болно.

Хариуцагч маргаан бүхий захиргааны шийдвэртээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” заасныг баримтлахдаа газар эзэмшүүлсэн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7-д заасан захиргааны акт илт хууль бус болох ямар шинжийг агуулж байгаа, ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаагаа тодорхой дурдаагүй, мөн хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр нь Д.Амаржаргал, Б.Амаржаргал болон бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн талаар үйл баримт тогтоогдоогүй байхад  дээрх хуулийн зүйл заалтыг баримталсан нь Засаг дарга бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг нь газар эзэмшигч, ашиглагчийн газар эзэмших, ашиглах эрхийг хамгаалсан зүйлчлэл болохыг дурдах нь зүйтэй.

Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” А/81 дүгээр захирамжаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 2016 оны А/441 дүгээр захирамжийн иргэн, хуулийн этгээдүүдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож газар эзэмших эрхийг нь сэргээсэн атлаа нэхэмжлэгч Д.Амаржаргалын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын дарга 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 392 тоот албан бичгээр “...Д.Амаржаргалын ...А/135 дугаар захирамжаар Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол амины орон сууцны 680 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрх нь хүчингүй хэвээр байгаа, Д.Амаржаргал А/441дүгээр захирамжаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тухай мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан байна” гэж тус иргэний газар эзэмших эрхийг сэргээхгүй байгаа нь  Монгол Улсын үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1 “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх хуулийн заалттай нийцээгүй байна.

Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/135, 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамж түүний хавсралтад Даваадонжийн Амаржаргалын овгийн эхний үсгийг “Б” гэж буруу бичсэний улмаас болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан үндэслэлүүд тогтоодоогүй байхад хариуцагчийн буруугаас хууль зөрчин газар олгосон гэж нэхэмжлэгчийг буруутган А/441 дүгээр захирамж түүний хавсралтаар нэхэмжлэгч Д.Амаржаргалын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн нэхэмжлэгч Б.Амаржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Амаржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн  Б.Амаржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Амаржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНЧИМЭГ