Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 620

 

 

“Силкрөүт трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01284 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Ариунбаярт холбогдох

 

Эд хөрөнгийн хохиролд 4 720 340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ажилгүй байсан хугацааны олговор 6 500 00 төгрөг, цалингаас үндэслэлгүй суутгасан 1 200 000 төгрөг, 2015 оны 8, 9 дүгээр сарын олгогдоогүй цалинд 1 000 000 төгрөг нийт 8 700 000 төгрөг болон баримт бичиг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани ОХУ болон Европын орнуудаас бараа бүтээгдэхүүн оруулж ирж бусад худалдааны компаниудад нийлүүлдэг дистрибьютер компани юм. Хариуцагч Э.Ариунбаяр нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажилд орж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээг тус тус байгуулсан. Худалдааны төлөөлөгч нь бараа бүтээгдэхүүнийг харилцагч нарт зарж борлуулдаг албан тушаалтан бөгөөд Э.Ариунбаяр нь өөрийн ажил үүргийн дагуу бараа худалдан авах гэсэн харилцагчдаас захиалга авч, захиалгын дагуу харилцагчдад бэлнээр эсвэл дараа төлбөрт нөхцөлтэйгөөр барааг нийлүүлдэг. Харилцагч компани болон хувь хүн барааг зээлээр авсан тохиолдолд төлбөрийг дараа нь компанид төлж, харин бэлэн мөнгөөр авсан үед төлбөрийг худалдааны төлөөлөгчид шууд төлдөг. Худалдааны төлөөлөгч Э.Ариунбаяр нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хариуцсан 7 харилцагч газраас авсан мөнгөө компанид тушаагаагүй хувьдаа авсан, компанийн бус өөрийн хувийн дансаар мөнгийг авсан, мөн харилцагч нар захиалга өгөөгүй байхад захиалга өгч өөрөө аван гадагш зарах зэргээр мөнгийг хувьдаа авч завьших замаар компанид нийт 4 720 340 төгрөгийн хохирол учруулсан нь “Аудитын зөвлөмж” болон прокурорын тогтоолоор нотлогдож байна.

Бид зөрчлийг анх 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн даруйд түүнийг энэ асуудлаа зохицуулах, компанийг хохиролгүй болгохыг өөрт нь мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Улмаар “Силкрөүт трейдинг” ХХК-иас 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган түүнийг шалгуулахад, компанид хохирол учруулсан нь тогтоогдсон ч “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 294 дугаартай прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэхийг дурдсан байдаг. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан үйлдэл гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байдаг тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр цуцалж, түүнд танилцуулсан. Худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилго, үндсэн чиг үүрэгт бүтээгдэхүүн борлуулах үүргийг тусгасан байдаг тул худалдааны төлөөлөгч нь зөвхөн захиалга авдаг, бараа бүтээгдэхүүнийг борлуулах эрхгүй, эд хөрөнгө мөнгөтэй харьцах этгээд биш гэсэн хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй байна. Мөн хохирлын хэмжээг санхүүгийн анхан шатны баримтад тулгуурлан “Сүлд-Аудит” ХХК-ийн аудитын тайлангаар тогтоосон.

Иймд хариуцагч Э.Ариунбаяраас компанид учруулсан бодит хохирол 4 720 340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ариунбаяр нь “Силкрөүт трейдинг” ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр худалдааны төлөөлөгчөөр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцын гэрээг байгуулсан нь үнэн. Тэрээр гэрээний дагуу ажлаа гүйцэтгэдэг байсан бөгөөд ажиллах хугацаанд ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. Худалдааны төлөөлөгч гэдэг бол эд хөрөнгө борлуулах буюу бараа мөнгөтэй шууд харьцдаг ажилтан биш зөвхөн захиалагч нараас захиалга авах үүргийг гүйцэтгэдэг байсан. Энэ нь түүний ажлын байрны тодорхойлолтоос харагдана. Э.Ариунбаяр нь өөрөө барааг хүлээн авч, хүргэж өгдөг этгээд биш юм. Гэтэл компаниас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр компанид хохирол учруулсан тул ажлаас чөлөөллөө гэж мэдэгдсэн бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор танилцуулаагүй, гардуулаагүй. Мөн аудитын зөвлөмж нь зөвхөн Э.Ариунбаярт холбогдуулан хэсэгчлэн хийгдсэн дүгнэлт байдаг.

Иймд Э.Ариунбаяр нь эд хөрөнгө буюу мөнгөтэй шууд харьцдаг этгээд биш, мөн учирсан хохирол нь баримтгүй, бодит хохирол биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь ажилтнуудаасаа сар бүр барьцаа гэж цалингаас 50 000 төгрөг суутгадаг. Э.Ариунбаярыг ажиллаж байх хугацаанд буюу 2013 оны 9 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сарын хооронд түүний цалингаас нийтдээ 1 200 000 төгрөг хууль бусаар суутгасан байна. Мөн Э.Ариунбаярын ажилласан 2015 оны 8, 9 дүгээр сарын цалинг олгоогүй бөгөөд тэрээр бүх татвар шимтгэлийг суутгаж нэг сард 500 000 төгрөг авдаг байсан тул 2 сарын цалин 1 000 000 төгрөгийг гаргуулна.

“Силкрөүт трейдинг” ХХК нь Э.Ариунбаярт ажлаас халсан тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй, бичиг баримтыг буцаан олгоогүйгээс тэрээр өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Иймд 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг сарын 650 000 төгрөгөөр тооцон 6 500 000 төгрөг нийтдээ 8 700 000 төгрөгийг нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК-иас гаргуулж өгнө үү. Э.Ариунбаярын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, бакалаврын диплом зэргийг эх хувиар өнөөг хүртэл буцааж өгөөгүй тул компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Э.Ариунбаярыг ажиллах хугацаанд сар бүр цалингаас 50 000 төгрөг суутгадаг байсан, нийт 1 200 000 төгрөг суутгасан гэдэгт маргахгүй ч тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар өөрийн эрхийг зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш 3 сарын дотор гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Э.Ариунбаярын 2015 оны 8, 9 дүгээр сарын цалинг олгосон болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байгаа.

Харин 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 6 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон, ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалын тэр даруйд хариуцагчид утсаар мэдэгдэж, танилцуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тушаалд гомдол гаргаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Харин бичиг баримтын тухайд компани дээр очоод авах боломжтой, буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар Э.Ариунбаяраас 4 720 340 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Силкрөүт трейдинг” ХХК-иас 1 200 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Э.Ариунбаярт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Э.Ариунбаярын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, бакалаврын диплом зэрэг бичиг баримтыг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 476 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 90 476 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 33 350 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж буй үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд "Сүлд-Аудит" ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн аудитын тайланд дурдагдсан нэр бүхий 7 харилцагчийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан /тодорхойлолт/ баримтуудыг эх хувиар өгсөн байдаг. Уг баримтууд нь тухайн аудитын дүгнэлтийг үгүйсгэж, Э.Ариунбаярыг буруутай мэтээр харуулах гэж оролдсон, зөвхөн нэхэмжлэгч байгууллагын зохиомлоор гаргаж өгсөн баримтын үндсэн дээр гаргасан болохыг нотолсон баримт бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтыг шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй нэг үндэслэл болгон тайлбарласан байдаг. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнээгүй атлаа хариуцагч нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүргийг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсаны дагуу хариуцагч буюу худалдааны төлөөлөгч нь бараа бүтээгдэхүүнийг өөрийн гар дээр хүлээн авч, захиалагчид өөрийн биеэр хүлээлгэн өгдөг албан тушаалтан биш талаар маргасан байдаг. Шүүхийн шийдвэрт нэг ширхэг үг, үсэг ч дурдаагүй нь шүүгч хэт нэг талыг баримталж, аудитын дүгнэлт болон прокурорын тогтоолыг хөдөлбөргүй үнэн зөв баримт гэж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн байна гэж үзэж байна.

Хариуцагч Э.Ариунбаяр нь тухайн аудитын дүгнэлтийг цагдаагийн байгууллагад шалгагдах явцад мэдсэн бөгөөд тухайн аудитын дүгнэлтэд гомдол гаргах боломжтой эсэх, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 294 дугаар тогтоолын үр дагаврыг мэдээгүйн улмаас дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаагүй байдаг. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 294 дугаар тогтоол нь туйлын үнэн гэх үндэслэлгүй, прокурор нь хууль тогтоомжид заасны дагуу яллах л чиг үүрэгтэй байдаг бөгөөд хариуцагч Э.Ариунбаярын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэх туйлын шийдвэр буюу анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гараагүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар байгууллагад өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй ба хариуцагчийн туйлын буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нотолж тогтоосон үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй, цагдаагийн байгууллага болон прокурор шалгаж тогтоогоогүй байна.

Э.Ариунбаярыг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 02/542 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь өөрийн эрх, ашгийг зөрчигдсөнийг мэдсэн буюу хариуцагч Э.Ариунбаярыг ажлаас чөлөөлсөн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 3 cap буюу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл эрхтэй байжээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолоос үзэхэд цагдаагийн байгууллагад хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, тасалдуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан нь мөн л хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь тодорхой харагдаж байна.

Иймд нэхэмжлэгч "Силкрөүт трейдинг" ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК нь хариуцагч Э.Ариунбаярт холбогдуулан байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохиролд 4 720 340 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажилгүй байсан хугацааны олговор 6 500 00 төгрөг, цалингаас үндэслэлгүй суутгасан 1 200 000 төгрөг, 2015 оны 8, 9 дүгээр сарын олгогдоогүй цалинд 1 000 000 төгрөг нийт 8 700 000 төгрөг болон баримт бичиг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

 

            Талууд 2014 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж “Силкрөүт трейдинг” ХХК-д Э.Ариунбаяр худалдааны төлөөлөгчөөр ажиллажээ.

                                                                                                            /хэргийн 12-16 дугаар тал/

 

Худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл Э.Ариунбаяр нь ”бараа бүтээгдэхүүний борлуулалт хийх” үүрэг хүлээсэн тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх этгээд гэж шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.                           /хэргийн 19-22 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК нь хариуцагч Э.Ариунбаяртай 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр ажилтан бараа бүтээгдэхүүний дутагдал гаргасанд буруутай болох нь тогтоогдвол хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахаар талууд тохиролцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хөдөлмөрлөх явцдаа байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлыг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор “Сүлд-Аудит” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Аудитын зөвлөмж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 294 тоот тогтоолыг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

 

“Сүлд-Аудит” ХХК нь аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг зөвлөмжийг тус компанийн аудитын баг эсхүл эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

  /хэргийн 23-25 дугаар тал/

 

 Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 294 тоот тогтоолоор хариуцагч Э.Ариунбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчид учирсан хохирол болон түүний хэмжээг тогтоох баримт болохгүй юм.                                              /хэргийн 30-31дүгээр тал/

 

Дээрх баримтуудаар Э.Ариунбаяр нь “Силкрөүт трейдинг” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иймээс хариуцагч Э.Ариунбаяраас 4 720 340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Э.Ариунбаяр нь нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 500 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

 Ажилтан нь ажилгүй байсан хугацааны олговор шаардахад хуульд заасан урьдчилсан нөхцөл болох ажлаас үндэслэлгүй халагдсан байх ёстой. Гэтэл Э.Ариунбаяр нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу олговрыг шаардах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч 2015 оны 8, 9 дүгээр сарын цалин дутуу олгосон 1 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч талуудын тайлбар болон түүний нийгмийн даатгалын дэвтрийн цалингийн бичилтээс үзвэл цалин дутуу олгогдсон байдал баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байв.

 

Мөн “Силкрөүт трейдинг” ХХК ажилчдын цалингаас сар бүр 50 000 төгрөг хуримтлалд суутгадаг нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд суутгал хийх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хариуцагчаас 1 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч Э.Ариунбаярын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, бакалаврын диплом зэрэг бичиг баримтыг нэхэмжлэгч буцаан өгөхийг хүлээн зөвшөөрснийг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн 7 иргэний тодорхойлолтыг үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь эдгээр дээрх тодорхойлолт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэхгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагчаас хөдөлмөрлөх явцдаа байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирол гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргахад баримтлах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01284 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.Ариунбаяраас 4 720 340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “хариуцагчаас 90 476 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ