Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00928

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02897 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 401 дүгээр магадлалтай

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н.Б-, Г.Н-, Ц.М- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 306 795 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийгбаа

Хариуцагч Н.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Уламбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Н.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Н.Б-той 300 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сар бүр 0,324 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан бөгөөд ”Н” ХХК-иас 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100 000 000 төгрөгийг, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 150 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 95 700 000 төгрөгийг тус тус Н.Б-од өгсөн ба үүнээс 300 000 000 төгрөг нь зээлдүүлсэн мөнгө, 45 700 000 төгрөг урьд нь тохиролцсон ажлын хөлс юм. 

Н.Б- нь зээлийн барьцаанд Ц.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039423 дугаартай, 000148698 тоот гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, Нарлаг хотхон, Ард Аюушийн өргөн чөлөө, 105 дугаар байрны 52 тоотод байршилтай 55 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Зоорийн 15 м.кв талбайтай зогсоол, Г.Н-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204005743 дугаартай, 000062664 тоот гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12 дугаар хороолол 4-А байр, 42 тоотод байршилтай 42 м.кв 3 өрөө байр, Г.Н-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн 2204003348 дугаартай, 0028462 тоот гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 1 дүгээр байрны 184 тоотод байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө байрыг барьцаалсан.

Зээл ашиглалтын хугацаанд хариуцагч Н.Б- нь үндсэн зээлийн төлбөр 95 470 000 төгрөг, зээлийн хүүнд 34 942 000 төгрөг буюу нийт 130 412 000 төгрөг төлсөн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дууссан боловч зээлдэгч Н.Б- нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн хугацаа дууссанаас хойш зээл төлөх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргээ биелүүлэх шаардлагыг зээлдэгчид удаа дараа тавьсан.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 204 530 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу алданги 102 265 000 төгрөг буюу нийт 306 795 000 төгрөгийг Н.Б-оос гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Н” ХХК-ийн захирал Н.Уламбаяраас 300 000 000 төгрөгийг зээлэхийг хүссэн бөгөөд Н.Уламбаяр нь компанийн мөнгө учраас зээлийн гэрээ байгуулсны дараа мөнгөө өгнө гэж хэлсэн. Ингээд зээлийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулаад дансаар 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 150 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 95 700 000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 245 700 000 төгрөгийг өгсөн.

2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр надад 100 000 000 төгрөг өгөөгүй. Харин би үндсэн зээлийн мөнгөнөөсөө дутуу авсан ч гэсэн зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээд сар бүр зээлийн хүүг 300 000 000 төгрөгөөс тооцсон хэмжээгээр төлсөн. Миний төлсөн мөнгө гэвэл 130 000 000 төгрөг байгаа бөгөөд зээлж авсан 245 700 000 төгрөгөөс сарын 0,324 хувийн хүүг тооцоход сарын хүү нь 796 068 төгрөг болж байгаа тул хүүнд илүү төлсөн мөнгөө үндсэн зээлээс хасч тооцох ёстой. Илүү төлсөн мөнгөө үндсэн зээлээсээ хасаад хүүг тооцоход нийт хүү нь 24 529 036 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс төлсөн хүү 20 412 000 төгрөгийг хасахад төлөгдөөгүй үлдсэн хүү нь 4 117 036 төгрөг болж байна. Үндсэн зээл 245 700 000 төгрөгөөс төлсөн 110 000 000 төгрөгийг хасахад 135 700 000 төгрөг үлдсэн. Нийт үндсэн зээл хүүнд 139 817 036 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алдангийг төлөхгүй. Учир нь өөрөө зээлийн гэрээнд заасан 300 000 000 төгрөгөө хүлээлгэж өгөөгүй бөгөөд өөрөө ч үүргээ зөрчсөн гэжээ.

Хариуцагч Ц.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Ах Н.Б-ын хүсэлтээр орон сууцаа барьцаалсан. П.Уламбаяр, Н.Б- нарын хооронд мөнгөний тооцоо байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Орон сууцыг ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд өгөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: Нөхөр Н.Б-ын хүсэлтээр орон сууцаа П.Уламбаярт барьцаалсан. Энэ хоёрын хооронд мөнгөний тооцоо байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Орон сууцыг ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд өгөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02897 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Н.Б-оос 207 475 000 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 99 320 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Н.Б- зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол Ц.М-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039423 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 7-р хороо, Нарлаг хотхон, Ард Аюушийн өргөн чөлөө, 105 дугаар байрны 52 тоот, 55 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Зоорийн давхрын 15 м.кв талбайтай авто зогсоол, Г.Н-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204005743 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12 хороолол 4-А байр, 42 тоот, 42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Г.Н-, Н.Б- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 2204003348 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 7-р хороо, 15 хороолол, 1-р байрны 184 тоот, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэргийг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ”Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 762 125 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-оос 1 195 325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 401 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02897 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 496 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02897 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 401 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Н.Б- миний бие “Н” ХХК-ийн захирал П.Уламбаяртай ажил хэрэг бүтээж өгөх тохиролцоо хийж, түүний хариуд би 300 000 000 төгрөгийг 0,324 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Харин “Н” ХХК-ийн захирал П.Уламбаяр нь 150 000 000 төгрөг, 95 700 000 төгрөг, нийт 245 700 000 төгрөгийг манай эхнэрийн данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл мөнгөө өгөх байх гээд тохиролцсон ёсоор эргэн төлөлтөө төлж байсан. 100 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн гэж П.Уламбаяр нь хэлж тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь худал, ойлгомжгүй үүнийг ч шүүх хүлээж аваагүй.

Харин 245 700 000 төгрөгөөс би 110 000 000 төгрөг төлсөн. Нийт үндсэн зээл хүүнд 139 817 036 төгрөг үлдэж байгаа үүнийг төлөхийг зөвшөөрч байгаа. Гэтэл надаас 207 475 000 төгрөг гаргуулж шийдсэн. Зээлийн гэрээнд заасан мөнгийг тоо ёсоор өгөөгүй байж алданги нэхэмжилж байгаа нь шаардах эрхгүй гэж үзэж байна, шүүх алдангийг гаргуулж шийдсэнд гомдолтой байна. Энэ алданги тооцсон хэмжээ нь илт их бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгах эрх нь байсан ч үүнийг хэрэглээгүйд гомдолтой байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаан завсарлаад шүүх хуралдаан дахин үргэлжилж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг шүүх хуралдаан даргалагч уншиж сонсгосон, ингэхдээ бичигдсэн шийдвэрийн 2 дахь заалтыг уншиж сонсгоогүй харин танхим дахь зохигчдыг суудалд суулгасны дараа шийдвэрээ тайлбарлах явцдаа барьцаа хөрөнгөөс гаргуулсан гэж хэлсэн. Шүүх хуралдаан даргалагчийн энэ үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь Н.Б-, Г.Н-, Ц.М- нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 306 795 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Н” ХХК, иргэн Н.Б- нарын хооронд “Зээлийн гэрээ” байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр зээлдүүлэгч “Н” ХХК нь 300 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сар бүр 0.324%-ийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгийг хүүгийн хамт төлөх, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Г.Н-, Ц.М- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээний дагуу зээлдүүлэгч 245 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч зээлийн төлбөрт нийт 130 412 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтад үндэслэн зээлийн тооцоог гаргаж, гүйцэтгээгүй үүргийг үндсэн зээл 135 700 000 төгрөг, хүүд 3 925 000, гэрээгээр тохирсон алдангид 67 850 000 төгрөг, нийт 207 475 000 төгрөгийг хариуцагчаас гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас 99 320 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6., 216 дугаар зүйлийн 216.4., 175 дугаар зүйлийн 175.1. дэх заалтад нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон 300 000 000 төгрөгийг өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байхад алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Алдангийн хэмжээ илт их бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгах эрх нь байхад түүнийг хэрэглээгүйд гомдолтой байна, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Зохигчид төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор “Зээлийн гэрээ”-гээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.,232.3., 232.6. дахь заалтыг зөрчөөгүй тул хоёр шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь буруу биш юм.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар “Н” ХХК нь зээлдэгчид 300 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр үүрэг хүлээсэн боловч 245 000 000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, үүргээ зөрчсөн, мөн зээлдэгч нь 2016 оны 04 дүгээр сараас хойш зээлийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй байхад зээлдүүлэгч 2017 оны 08 сар хүртэл хугацаа алдаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдэгчээс төлөх алдангийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогджээ.

Хэргийн дээрх байдлыг болон зээлдэгч нь эхний нэг жил 5 сарын хугацаанд гэрээгээр тохирсон 300 000 000 төгрөгт тооцож зээлийн хүүг тогтмол төлж байсан, зээлдүүлэгч нь зээлийн эргэн төлөлтийг буруу тооцож, зээлдэгчийн итгэлийг алдаж, тооцооны алдаа гаргаснаас зээлдэгч зээлийн төлөлтөө зогсоосон зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан хариуцагчаас төлөх алдангийн хэмжээг 50%-иар багасгаж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 207 475 000 төгрөгөөс алдангид тооцсон 67 850 000 төгрөгийн 50% болох 33 925 000 төгрөгийг хасч 173 550 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 401 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02897 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...232.6.” гэсний дараа “232.8.” гэж нэмж, “...207 475 000 /хоёр зуун долоон сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг...” гэснийг “...173 550 000 төгрөгийг...” гэж, “...99 320 000 төгрөгийн...” гэснийг “...133 245 000 төгрөгийн...” гэж, 3 дахь заалтын “...1 195 325 төгрөгийг...” гэснийг “...1 025 700 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 496 240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

               ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД